| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04746/И |
| Дугаар | 181/ШШ2024/03514 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/03514
2024 09 25 181/ШШ2024/03514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... хаягт оршин суух, Б овогт Б.Б /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. оршин байх, Г ХХК /РД:6007864/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ........... төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.З
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н оролцож, тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Г ХХК-д холбогдуулан ........... төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Т /Г ХХК/ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-тай харилцан тохирч, .............. тоот Зээлийн гэрээ байгуулан 38,000,000 төгрөгийг зээлж, мөн өдөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрийн өмчлөлийн үүрэн холбооны ............ дугаарыг барьцаалан .............. тоот Фидуцийн гэрээ-г байгуулсан.
Тус гэрээнд зааснаар сар бүр гэрээнд тохирсон хүүг төлж, гэрээний хугацаа дууссаны дараа үндсэн төлөлтөө төлж, уг дугаарыг буцааж авах талаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан өдрөөс хойш сар бүрийн төлөлтөнд графикийн дагуу нийт 11,373,501.04 төгрөгийг төлсөн.
Зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнд зааснаар хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 41 дэх хоногоос тус дугаарыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Гэтэл дээрх хугацаа дуусаагүй байхад буюу зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр дугаарыг худалдах гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссанаас хойш 37 дахь хоног дээр худалдан борлуулсан байдаг. Хариуцагч нь гэрээнд заасны дагуу дугаарыг худалдан борлуулах талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй ч энэ үүргээ зөрчиж, тус дугаарыг 90,000,000 төгрөгөөр О.У-д худалдан борлуулсан байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Г ХХК нь О.У-тай худалдах худалдан авах гэрээ байгуулаад 64,500,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг бэлэн өгсөн гэж үзвэл уг дугаарыг 39,500,000 төгрөгөөр зарсан болж таараад байна. Зээлийн гэрээний хугацаа дуусахад нэхэмжлэгч 38,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Иймээс хариуцагчийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.
Иймд хариуцагч Г ХХК нь Б.Бтай байгуулсан гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг тооцож, зөрүүг нэхэмжлэгчид олгох ёстой тул .......... дугаарыг худалдан борлуулсан 90,000,000 төгрөгийн үлдэгдэл ........... төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Б.Бтай зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Б.Б нь энэхүү гэрээгээр 38,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусахад Б.Б нь үндсэн зээлээ төлөөгүй байдаг. Үндсэн зээлийн төлбөр төлөгдөөгүй 37 хоног өнгөрсний дараа хариуцагч Г ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр уг дугаарыг худалдан борлуулсан.
Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.7 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн банк бус санхүүгийн байгууллагад барьцаа хөрөнгийг гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүссэнээр Г ХХК нь гэрээний хугацаа дууссанаас хойш 37 хоногийн турш нэхэмжлэгч Б.Бийг үндсэн гэрээний төлбөрөө төлөхийг хүлээсэн. Гэхдээ энэ хугацаанд ямар ч төлөлт хийгдээгүй учраас зээлийн гэрээ болон зээлийн гэрээг дагаж байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулах, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу тухайн дугаарыг О.У гэдэг хүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээний төлбөр 64,500,000 төгрөгийн 39,500,000 төгрөгт тооцон шилжүүлж, үлдэх 25,000,000 төгрөгийг нь О.Уд бэлнээр төлсөн.
Өөрөөр хэлбэл, .......... дугаарыг 39,500,000 төгрөгт тооцож О.Уд шилжүүлсэн гэсэн үг. Нэхэмжлэгч тал уг дугаарыг 90,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн мэдээллийг хаанаас аваад манай компаниас зөрүүг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна.
Хариуцагч талаас уг дугаарыг 39,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаад өгчихсөн.
Нэхэмжлэгч тал манай компанийг 1,500,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байна. Зээлдэгч 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үүрэг болох 38,000,000 төгрөгөө төлөөгүй учраас зээлдүүлэгч нь гэрээнд зааснаар үүрэг биелэгдэх хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү бодож тооцох эрхтэй байдаг. Зээлдэгч 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөрөө төлөөгүй учир зээлдүүлэгч 38,000,000 төгрөгийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох бүрэн эрхтэй. Нэхэмжлэгч зөрүү төлбөр гэж ........... төгрөг нэхэмжилсэн. Бид тухайн дугаарыг 39,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 379,950 төгрөг төлсөн баримт, Г.З-д олгосон итгэмжлэл, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .............. тоот Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .............. тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Хаан банкны шилжүүлгийн баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Х-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа, зээлийн дансны хуулга, Г ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0 тоот албан бичгийн хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .............. тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний хуулбар, Барьцаа хөрөнгө чөлөөлөх хуудас, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн .............. тоот Зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, М.Э, Б.Ц нарт олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М ХХК-иас 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх ............ дугаарын эзэмшигчийн түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж, О.Уас гэрчийн мэдүүлэг авсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар хариуцагч Г ХХК-иас .......... дугаарыг ямар гэрээ хэлцлийн үндсэн дээр бусдад шилжүүлсэн талаарх баримт, дугаарын төлбөрийг хэрхэн авсан талаарх баримтыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Г ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 41 хоногийн дараа барьцааны зүйлийг худалдан борлуулахаар тохиролцсон боловч зээлийн гэрээ дууссан өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр .......... дугаарыг худалдан борлуулах гэрээг О.Утай байгуулж, 37 хоногийн дараа О.Уд уг дугаарыг 90,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдээгүй, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Иймд Г ХХК-иас зээлийн гэрээний үүргийг хасаад үлдсэн ........... төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Б.Б нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн төлбөр 38,000,000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч Б.Бид зээлээ төлөхийг мэдэгдэж, 37 хоног хүлээсэн боловч ямар нэгэн төлөлт хийгдээгүй учраас Г ХХК нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр фидуцийн зүйлийг О.Уд 39,500,000 төгрөгт тооцон шилжүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Нэхэмжлэгч уг дугаарыг 90,000,000 төгрөгөөр худалдсан гэсэн мэдээллийг хаанаас аваад манай компаниас зөрүүг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г ХХК /өмнөх нэр Т ХХК/-тай 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр №.............. дугаартай Зээлийн гэрээ байгуулан 38,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж, мөн өдрөө уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Бийн эзэмшлийн .......... дугаарыг барьцаалан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулжээ. /хх4-7, 30/
4.2. Нэхэмжлэгч Б.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нийт 49,306,301 төгрөг төлөх үүрэгтэйгээс 11,373,501.04 төгрөгийг төлж, 37,932,800 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх6, 8-18, 31-32/
4.3. Хариуцагч Г ХХК нь О.Утай 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр .... дугаартай Худалдах худалдан авах гэрээ байгуулж, О.У нь үүрэн холбооны .......... дугаарыг Г ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, Г ХХК нь дугаарын төлбөр 64,500,000 төгрөгийн 25,000,000 төгрөгийг бэлнээр, үлдэх 39,500,000 төгрөгт .......... дугаарыг О.У-ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх100-101/
Г ХХК нь дээрх гэрээний дагуу 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр .......... дугаарыг О.У-ын нэр дээр шилжүүлж, 25,000,000 төгрөгийг О.Уд төлсөн болох нь Г ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн .... тоот албан бичиг, М ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/1197 тоот албан бичиг, гэрч О.У-ын ...Миний хувьд 90,000,000 төгрөг аваагүй. 20,000,000 төгрөгөөс 25,000,000 орчим төгрөг авсан. Тэгээд .......... дугаарыг шилжүүлж өгөөд .......... дугаарыг авсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хх33, 53-54, 92/
4.4. Хариуцагч Г ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэгч Б.Бид зээлийн гэрээний хугацаа дууссан талаар цахим шуудан илгээсэн үйл баримтад талууд маргаагүй. /хх28-29/
5. Талуудын хооронд зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Б.Бид 38,000,000 төгрөгийн зээл олгосон, нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшлийн .......... дугаарыг барьцаалсан үйл баримтад маргаагүй.
Харин хариуцагч Г ХХК-д зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээний үүргийг фидуцийн зүйлээр хангуулах эрх үүссэн эсэх, гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд маргав.
6. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Фидуцийн зүйл нь хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна. гэж, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 37,932,800 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, хариуцагчаас 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан болох нь тогтоогдсон.
Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 6.7-д Гэрээний хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн ББСБ барьцаа хөрөнгийг гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүснэ. гэж, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 5.1.1, 5.3-т зааснаар зээлийн гэрээний хугацаа дуусахад үүрэг бүрэн биелэгдээгүй байх тохиолдолд ББСБ нь фидуцийн зүйлийн өмчлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн биет байдлаар шилжүүлэн авч, худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах тохиолдолд энэ тухай 7 хоногийн өмнө үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэнэ гэж заасан байна.
Хариуцагч Г ХХК нь 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд нэхэмжлэгчид зээлийн гэрээний хугацаа дууссан талаар цахим шуудан илгээсэн үйл баримтад талууд маргаагүй. Гэвч уг баримтаар нэхэмжлэгч Б.Бид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах буюу .......... дугаарын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх талаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэвч, талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргын хувьд фидуцийн гэрээ байгуулсан тул үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар дуусгавар болно.
Хариуцагч Г ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр фидуцийн зүйл болох .......... дугаарыг О.У-ын нэр дээр 39,500,000 төгрөгт тооцон шилжүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 41,705,310.78 төгрөгөөр Б.Бтай байгуулсан зээлийг хааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч Б.Бтай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний 5.3-т заасан үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон боловч энэ үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид ........... төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Иймд хариуцагч Г ХХК-иас ........... төгрөг гаргуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Г ХХК-иас ........... төгрөг гаргуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ