Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 577

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.С, өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Г.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010065 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа морин хуур хийдэг гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Ггийн С /РД:.../.

Г.С нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 06 цаг 45 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2. Жолоочийн үүрэг. 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хөтөлийн замд “Хьюндай Аксент” маркийн ... УНУ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин “Hyundai Clic” маркийн ... УНГ улсын дугаартай, “Honda fit” маркийн ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөснөөс зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Эы “Hyundai Clic” эзэмшлийн маркийн ... УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 705.000 төгрөгийн шууд хохирол, Ж.Мийн эзэмшлийн “Honda fit” маркийн ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.680.000 төгрөгийн шууд хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө унтаж байтал Б ах дуудсан. Машин бариад дэлгүүр яваад өгөөч гэхэд нь би үнэмлэхгүй болохгүй гэхэд 2 буудал газар гэхээр нь бариад явсан. Зөвшөөрөлгүй барьж яваагүй. Дэлгүүр орчихоод буцаж явж байгаад осол гаргасан. Хийсэн хэргээ маш сайн ухаарч гэмшиж байна. Хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Эрүүгийн 1703000010065 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Бийн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд гэртээ ах Ц.Д, Ц.Г бид 3 хоёр шил архиа хувааж уугаад унтацгаасан. Маргааш өглөө 06 цагийн орчим сэрээд ...Цэрэнтогтохыг сэрээгээд “хоёулаа архинд явъя” гэж хэлээд Сынд очиж түүнийг дуудаж машин бариулаад Хөтөлийн замд ...буцаад явж байтал нэлээн ширүүн бороо орж байсан. Нэгдүгээр эгнээгээр явж байхад усан дээгүүр нэлээн ширүүн гарах шиг болсон чинь түс тас чимээ гараад зогссон. Би нэг ухаан орсон чинь баруун гар хөдөлж болохгүй, нөгөө хоёр маань байхгүй байсан. Улмаар түргэн тусламж ирж намайг нөгөө хоёр машины жолоочтой Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд явсан. Зүүн хөл бага зэргийн хавдартай, баруун гар хугарсан, нүүр шалбарсан байсан, өөр ил харагдах гэмтэлгүй. Гэмтлийн эмнэлэг дээр баруун гараа гипсдүүлээд харьсан. Одоогоор гэртээ эм тариа уугаад байж байна. Эмчилгээний зардалд нээх мөнгө төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Надад гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-28-29, 31/,

Иргэний нэхэмжлэгч М.Эы: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Хөтлийн ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг орчим 40км/ц-ийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн “Хьюндай верна Аксент” маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөндлөн орж ирээд машины зүүн урд хэсэг рүү мөргөөд зогссон. Тэгэхээр нь би машинаас буугаад очтол баруун хойд талын хаалгаар нэг согтуу байрын хүн гарч ирээд урагшаа яваад өгсөн. Дараа нь зүүн урд талын хаалганаас буюу жолооч талаас нэг залуу гарч ирсэн. Жолоочийн хажуу талын буюу баруун урд талын суудал дээр нэг эрэгтэй хүн хөмсөг нь задарчихсан байдалтай орилоод байсан. Жолооч болон жолоочийн хажуу суудал дээр байсан хүн хоёулаа согтуу байсан. Тэгтэл улаан машины жолооч бууж хүрч ирсэн. Би өөрийн дугаараас 102 болон 103-т дуудлага өгсөн. Эхлээд алаг машинтай цагдаа ирсэн чинь ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч алга болчихсон байсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Сонгдо” эмнэлгээр би 23000 төгрөгөөр аарцагны зураг, 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Сонгдо” эмнэлэгээр би 35000 төгрөгөөр хэвлийн зураг тус тус авахуулсан. Өөрийн эзэмшлийн машинд эвдрэл хохирлын үнэлгээг 45000 төгрөгөөр хийлгэсэн. Өмнө нь нэг машин мөргөчихөөд дараа нь миний машиныг мөргөсөн юм байна лээ. Би гомдолтой байна. Хохирлыг бүрэн барагдуулсан тохиолдолд гомдол санал гэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /хх-33-34, 37/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Мийн: “2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 06 цаг 45 минут орчимд би “Хур Аамаа ХХК”-ийн эзэмшилд байдаг улаан өнгийн “Хонда Фит” маркийн 13- УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хөтлийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай явж байтал 30 орчим метрийн зайнд эсрэг урсгалын нэгдүгээр эгнээнд байсан цагаан өнгийн “Хьюндай Верна Аксент” маркийн тээврийн хэрэгсэл нь хоёрдугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгслээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд миний явж эгнээнд хөндлөн орж ирэхэд нь тоормоз гишгэсэн боловч машины урд хэсэг рүү мөргөсөн. Би машинаас буусан чинь тухайн тээврийн хэрэгсэл миний хажуу талын буюу нэгдүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн машиныг мөн мөргөөд зогссон байсан. “Хьюндай Верна Аксент” маркийн машинаас хоёр согтуу хүн бууж ирсэн. Харин жолоочийн хажуу талын суудалд нэг эрэгтэй мөн согтуу байсан бөгөөд ёолоод гарч чадахгүй байсан. Тэгтэл “Хьюндай Верна Аксент” маркийн машиныг жолоодож явсан жолооч нэг зорчигчтойгоо хамт байж байгаад нэг харахад яваад өгсөн байсан. Машины урд хэсэг авах юмгүй болсон байгаа. Машины хохирлыг барагдуулаад өөрийгөө эмнэлэгт үзүүлчих юм бол надад гомдол санал гэх зүйл байхгүй. Хохирлоо бүрэн дүүрэн барагдуулж авмаар байна. Иймд хэргийг яаралтай шийдэж өгнө үү”...гэх мэдүүлэг /хх-40-41, 43/,

Иргэний хариуцагч Ц.Гийн: “2017 оны 8 дугаар сарын 17-ны орой 21 орчимд би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн “Хьюндай Верна Аксент” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Баянхошуунд амьдрах Б ахынд очсон. ...Улмаар би уг хоёр архиа Б болон түүний ахын хамт гурвуулаа хувааж уусан. ...Би өглөө 09 цагийн үед сэрээд харих гэсэн боловч машин байхгүй болохоор нь таньдаг хүмүүс рүүгээ ярьж байгаад машиныхаа сургыг гаргатал Хөтөлийн замд осол гаргасан гэж дуулсан. Би хэн нэгэнд машиныхаа түлхүүрийг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-42/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Гийн: “...Миний хувьд ослоос хойш 10 хоногийн дараа машинаа очиж үзэхэд урд хоёр их гэрэл, урд гуфер хагарсан, ражетор хагарсан, салхины шил хагарсан, копуд хунигдсан, баруун хойд талын гэрэл хагарсан, хойд гупер хагарсан, баруун талын крелан хонхойсон гэмтэл учирсан байсан. Би машиндаа эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-48/,

Гэрч Ж.Мийн: “...Миний урдаас урсгал сөрөөд ... УНУ улсын дугаартай “Верна Аксент” маркийн автомашин мөргөөд, ...жолооч нь согтуу байсан. Би 30 орчим км цагийн хурдтай явж байсан юм. Би осол болох үед ганцаараа явж байсан. Миний ард явж байсан машиныг ... УНУ улсын дугаартай автомашин бас мөргөсөн. Миний автомашиныг мөргөсөн жолооч залуутай уулзаад “яаж байгаа юм бэ” гэхэд “харин ахаа гулгаж очоод мөргөчихлөө” гэсэн. Би “чи одоо согтуу байна шүү дээ” гэхэд “харин тиймээ ахаа жоохон уусан байгаа ...би хохирлыг хурдан шийдье гэсэн” юм. Зохицуулж өгнө гээд зугтаагаад яваад өгсөн. Миний автомашины урд хэсэг болон ард талын эд анги гупер керлан, гэрэл дохио гээд бараг бүгд эвдэрсэн. Одоо миний автомашин явахгүй байгаа бөгөөд осол болсноос хойш журмын хашаанд байгаа” ...” гэсэн мэдүүлэг /хх-58-59/,

Гэрч Б.Цэрэнтогтохын: “...2017 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 05 цагаас 06 цагийн хооронд гаднаас С Б ахын хамт орж ирээд намайг сэрээгээд цуг явъя гэж хэлэхэд би дагаад гартал гадаа цагаан өнгийн “Хьюндай Верна Аксент” маркийн машин зогсож байсан. С машиныг жолоодон би Б ахын хамт сууж ...архи худалдаж авч чадалгүй буцаад харих гээд явж байтал гэнэт машин дайвалзаж ирээд бүтэн эргэх шиг болоод зогссон. Би машинаас буусан чинь хоёр машин мөргөчихсөн, тухайн хоёр машины жолооч нь гарч ирээд яаж яваад байна гэхээр нь би жолооч нь биш, уг машины хойно нь сууж явсан болохоор сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл С машинаас гарч ирэхээр нь явлаа гэж хэлээд гэр лүүгээ харьсан. Осол болох үед С машин жолоодож явсан. С согтуу эсвэл эрүүл байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-62-63/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.28-ны өдрийн 10838 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ц.Бийн биед баруун гарын атгаал /бугалга/ болон дунд чөмөгт ясны хугарал, духанд хөмсөгний хооронд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-69/,

Шинжээчийн 2017.10.05-ны өдрийн 406 дугаар дүгнэлтэд: “1.“Хьюндэй аксент” маркийн ... УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.С нь Монгол улсын Замын хедөлгөөний дүрмийн 8.4 дэх хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй 4 буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 дахь хэсэгт заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. “а. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон бусад холбогдох эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх. б.Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байрлах эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх: в. Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн харсан хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх зэргийг зөрчсөн байх үндэстэй гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэстэй гэж үзэж байна. 2.“Хьюндэй-Клик” маркийн ... УБГ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан М.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. 3.“Хонда-Фит” маркийн автомашиныг жолоодож явсан Ж.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх зүйл тогтоогдохгүй байна. 4.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх зүйл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-79-80/,

“...” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 10125 дугаар тайланд: “М.Эы эзэмшлийн Hyundai Click маркийн ... УБГ улсын дугаартай автомашинд шууд 705000 төгрөгийн, нийт 967500 төгрөгийн хохирол учирсан” гэжээ /хх-87-88/,

“...” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 10232 дугаар тайланд: “Ж.Мийн эзэмшлийн Honda Fit маркийн ... УНЕ улсын дугаартай автомашинд 1680000 төгрөгийн шууд, нийт 2175000 төгрөгийн хохирол учирсан” гэжээ /хх-90-91/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-17/, явган зорчигч Ц.Бийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-18/, жолоочийн /Ж.М, М.Э/ согтуурал шалгасан тэмдэглэл /хх-19, 20/, Ц.Гийн хүсэлт /хх-93/, шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-108/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-130, 131/, Г.Сын жолоочийн лавлагаа /хх-105, 143/,  гэрч Ц.Гийн мэдүүлэг /хх-146/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.С 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 06 цаг 45 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн замд “Hyundai Accent Verna маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 2.5 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ... УБГ улсын дугаартай Hyundai Accent verna маркийн М.Эы эзэмшлийн тээврийн хэрэгсэл, ... УНЕ улсын дугаартай Honda Fit маркийн Ж.Мийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийг мөргөж зорчигч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, дээрх тээврийн хэрэгслүүдэд нийт 2385000 төгрөгийн хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, ... УБГ улсын дугаартай Hyundai Accent verna маркийн М.Эы эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 705000 төгрөгийн шууд, ... УНЕ улсын дугаартай Honda Fit маркийн Ж.Мийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1680000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан,

дээрх зүйлд заасан гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтууд, түүнчлэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Сыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч тэрээр “Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлсөн /хх-130, 131/ нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 05 сарын хугацаагаар хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг харгалзан үзнэ үү. 27.11 дүгээр зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдлыг /тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2014.12.11-ний өдөр 1 жилийн хугацаагаар, 2016.10.28-ны өдөр 2 жилийн хугацаагаар хасуулсан/ харгалзан Г.Сд тухайн зүйл, хэсэг, заалтуудад тус тус заасан хорих болон торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Сд оногдуулсан 6 сарын хорих ял, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож, улмаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэвэл /6 сарын хорих ял дээр 1 сарын хорих ялыг/ 7 сарын хугацаагаар хорих ял эдлэхээр байгааг харгалзан тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй юм. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг харгалзан үзнэ үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага бО

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч О овогт Ггийн Сыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг жолоодох эрхгүй хүн үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 6 сар хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.С 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Сд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Сын эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР