Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

Ц.Хүрэлчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Прокурор                                                                     Б.Сарантуяа

Хохирогч                                                                      А.Бат

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмгөөлөгч                   Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Д.Дашсүрэнгийн өмгөөлөгч                        Б.Солонго

Шүүгдэгч Г.Баяраагийн өмгөөлөгч                             М.Энхтуяа, Т.Энхболд

Шүүгдэгч       Ц.Хүрэлчулуун,  Д.Эрдэнэжаргал,  Д.Дашсүрэн,  Г.Баяраа      

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Бат, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Г.Цэрэндолгор, шүүгдэгч Г.Баяраа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд, шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, түүний өмгөөлөгч Д.Урансувд,  шүүгдэгч Д.Дашсүрэнгийн өмгөөлөгч Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нарт холбогдох эрүүгийн 2121000000394 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Баруунхуасай овогт Цэдэндашийн Хүрэлчулуун, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖВ92011332/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан. /1хх 121-127/

2. Еншөөв овогт Дугарборын Эрдэнэжаргал, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1994 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Хар чулуут” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖВ94091319/ Урьд:

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил хойшлуулсан, /1хх105-110/

мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан./1хх 111-120/

3. Баруунхуасай овогт Дашзэвэгийн Дашсүрэн, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1995 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖВ95080912/ Урьд:

 Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан./1хх 111-120/

4. Хуацай овогт Ганцэцэгийн Баяраа, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1987 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Хараа” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖМ87110770/.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Номгон” гэх газраас иргэн Б.Төмөртогоогийн 72 хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны мал буюу олон тооны малыг машин механизм /Dayun маркийн мотоцикл/ ашиглан хулгайлж,  бусдад 10 410 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Дашсүрэн нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Далай ам” гэх газраас иргэн Б.Батхуягийн 1 тооны үхрийг машин механизм /Хайрхан мотоцикл/ ашиглан хулгайлж, бусдад 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нар нь бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Ар шанд” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл /Dayun маркийн мотоцикл/ ашиглан иргэн Ж.Баярсайханы 3 тооны үхрийг хулгайлж, 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нар нь бүлэглэн Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хуст” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл /Dayun маркийн мотоцикл/ ашиглан иргэн А.Батын 2 тооны адууг хулгайлж, 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Баруунхуасай овогт Цэдэндашийн Хүрэлчулуун, Еншөөв овогт Дугарборын Эрдэнэжаргал, Баруунхуасай овогт Дашзэвэгийн Дашсүрэн, Хуацай овогт Ганцэцэгийн Баяраа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Дугарборын Эрдэнэжаргал, Дашзэвэгийн Дашсүрэн нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Цэдэндашийн Хүрэлчулуунд 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ганцэцэгийн Баяраад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нарт оногдуулсан тус бүр 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Хүрэлчулуунд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Г.Баяраад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хүрэлчулууны цагдан хоригдсон 105 /нэг зуун тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Ц.Хүрэлчулуунаас 1 673 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөгийг, хохирогч Б.Төмөртогоод 1 073 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Дашсүрэнгээс 875 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөгийг, хохирогч А.Батад 275 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалаас 1 275 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батад тус тус олгохоор тогтоож, хохирогч А.Батын нэхэмжлэлээс 8 928 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 500 000 төгрөгийн үнэлгээтэй, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг хураан авч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 200 000 төгрөгийг шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1 050 000 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тус тус нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 88 000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 44 000 төгрөгийг гаргуулж “Вендо” ХХК-д олгохоор тогтоож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг түр хүлээсэн Г.Баяраад буцаан олгож, Д.Эрдэнэжаргалын өмчлөлийн улсын дугааргүй Dayun маркийн мотоциклыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Баяраа нь бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрт хохирогч Ж.Баярсайхан нь 4 000 000 төгрөг болон нэг үхрийг, хохирогч Б.Төмөртогоо нь 42 тооны бог малаа буцаан авч, 2 887 000 төгрөгийг, хохирогч А.Бат нь 1 000 000 төгрөгийг тус тус авсан болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Баяраагийн өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд нар давж заалдах гомдолдоо:

“Г.Баярааг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оногдуулсан. Г.Баяраа нь анхнаасаа би хулгайн хэрэгт оролцохгүй гэж татгалзаад, Дашсүрэн, Эрдэнэжаргал нарыг орхиод гэртээ ирсэн байдаг. Энэ талаараа мэдүүлсээр байсан боловч прокуророос малын хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, бүлэглэн, машин механизм хэрэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан гэх Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Яллах дүгнэлт үйлдэгдэх үед буюу прокурорын хяналтад байх үед өмгөөлөгч миний бие байгаагүй болохоор тэнд санал гаргаж чадаагүй шүүхэд хэрэг шилжиж ирсэн байсан.

Нэгэнт бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа бол тухайн хэрэгт ямар оролцоотой болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Гуравдугаар бүлэгт заасан хамтран оролцогчийн аль нөхцөл шинжээр оролцсон болохыг нарийвчлан судалж гүйцэтгэгч үү, хатгагч, хамжигчийн аль нь болох, ямар үйлдлээр хамтран бүлэглэсэн гэж байгаа талаар шүүхээс дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гүйцэтгэгч гэж хэн байхыг тодорхойлохдоо объектив шинж талаас нь үйлдэлд оролцсон шинж байдлаас нь тодорхойлсон. Тухайлбал уг зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг гэсэн байдаг. Энэ нь нэг талаас эрх зүйн онолын хувьд ойлгомжгүйгээс гадна объектив шинжтэй үйлдэл, үйл ажиллагааг огт ойлгоогүй хүн үйлдэлд оролцсон байх шинжийг агуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлд гэмт хэргийн хатгагчийн тухай, түүний оролцооны хэлбэрийг тодорхойлсон. Г.Баяраад хатгагчийн шинж бүхий оролцоо байхгүй. Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн хамжигчийн шинж, оролцоог тодорхойлсон Г.Баяраа нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлээгүй. Харин ч бүр татгалзсан байдаг. Бусадтай хулгай хийх талаар ярилцаж тохироогүй. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т үйлдлээрээ нэгдсэн байхыг хамтран оролцсонд тооцно.” гэсэн.

Үүнтэй холбоотойгоор хулгайлах гэмт хэргийн шинжийг авч үзэх ёстой. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авсан бол гэж тодорхойлсон. Энэ нь 17.12 дугаар зүйлд хамааралтай ерөнхий ойлголт юм. Бусдын эд хөрөнгийг авснаар бусдын өмчлөлөөс өөрийн мэдэлд авснаар хулгайчид эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хууль бусаар шилжиж байгаа. Тиймээс Дашсүрэн, Эрдэнэжаргал хоёр бусдын үхрүүдийг хууль бусаар хулгайлаад хөөгөөд явсан. Ингээд хулгайн хэргийн үйлдэл төгссөн. Дээд шүүхээс хулгайн хэргийн талаар тодорхой хэрэгт дүгнэлт хийхдээ “...гэмт хэрэг үйлдэж эхэлж, төгсгөж буй цагийг нарийн тогтоох, тодорхой сэдэл бий болсон үеийг тодорхойлох нь хэргийг зөв зүйлчлэхэд шууд нөлөөлнө.” гэжээ.

Г.Баярааг бид огт буруугүй гэж үзээгүй. Харин хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэлийн хувьд өмгөөлөгч нарын хувьд мэтгэлцэж байгаа. Г.Баяраа дээр үхэр хөөгөөд ирэхэд хулгайлаад ирлээ гэдгийг мэдэж байсан. Тэгсээр байж нөгөө хоёрын гуйлтаар борлуулж өгөх үе шатны ажлыг өөрөө гүйцэтгэж, өөрийн нэрийн өмнөөс бүртгүүлж, бичиг авч аймаг руу авчирч борлуулж өгсөн. Энэ үйлдлийг авсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн. Борлуулж өгөөд мөнгийг нь өөрсдөд нь өгч, 936 000 төгрөг үлдсэнийг зөвшөөрлийн бичиг авсан, аймгийн төвд тээвэрлэж авчирсан бензин тос, жолоочийн ажлын хөлс зэрэгтээ тооцож авсан.

Эрүүгийн хуульд хулгайн зүйлийг авч ашиг хүртсэн бол хулгайн гэмт хэрэг болно гэсэн тайлбар байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйл ангийг өөрчлөх нь зөв гэж үзэж гомдол гаргаж байна. Шүүгдэгч Баяраа бол бичиг үсэг мэдэхгүй, хуулийг ч ойлгохгүй учир буруутай гэдгээ зөвшөөрч, хохирлыг төлөлцсөн. Өмгөөлөгч нарын хувьд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэж байгаа нь шүүгдэгчийн санаа биш юм.

Гэтэл гэм буруугаа хүлээгээгүй гэх үндэслэлээр тухайн зүйл ангийн ялын доод хэмжээнээс доош татаж болох Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид байгаа ойлгомжгүй, төвөгтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгож хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нийгмийн аюулыг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хянан үзэж гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Г.Баяраа давж заалдах гомдолдоо: “Шүүхээс намайг Дашцэрэн, Эрдэнэжаргал нартай бүлэглэн Баярсайханы үхрийг хулгайлсан гэж хоёр жилийн хорих ялаар шийдвэрлэсэн. Тэр хоёр намайг энэ хэрэгт чирч анхнаасаа цуг явж хулгайлсан гэж гүтгэж байснаа сүүлд нь буруу ярьсан гэж үнэн зөвөөр нь хэлсэн. Миний хувьд хулгайлах гэхэд нь би тийм юманд оролцохгүй, боль гэж салаад гэрт маань хүү минь ганцаараа байсан болохоор гэртээ ирсэн.

Тэгтэл нэлээн удсаны дараа манай гэрээс урагш байдаг хогийн урд гурван үхэр хөөгөөд ирчихсэн байсан. Намайг гуйж бид малын А дансгүй та өөр дээрээ бичиг аваад өгөөч гэсэн ба өр ширтэй аргагүй тусал, танд ямар ч хамаагүй гэж гуйгаад байсан болохоор нь зөвшөөрч малын бичиг авч өгөхөөр болсон. Махаа ачаад сумын төвд үзүүлж, малын бичиг авч өгсөн. Аймаг орж зарвал арай үнэ хүрнэ гээд миний машинд ачсан мах байсан болохоор аймаг яваад өгчих гэсэн. Тэгээд би явж, махаа зараад бензин тосны мөнгөө өгье гэсэн учир явж өгсөн. Тэд цуг явж Доржоо гэдэг хүний захад өгсөн. Тэд мобайлгүй гээд тэр өдрөө мөнгөө миний данс руу хийсэн. Нөгөө хоёрт тус бүр 1 200 000 төгрөг өгөөд, мөн Дашцэрэн надаас өмнө нь хоёр хургатай хонь өгнө гээд мөнгө авсан байсан ба тэрийгээ авсан. Үлдсэн нь бензин тос, жолоочийн хөлсөөрөө тооцож авсан.

Мэдсээр байгаад ийм юм хийсэндээ би үнэхээр харамсаж байна. Нэгэнт тэр хоёрт тусалж, борлуулахад нь оролцсон болохоор би буруугаа хүлээж байгаа. Хэргийн хуулийнх нь зүйл зөв эсэхийг мэдэхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй, өөрөө ном, хууль уншдаггүй зүйл анги нь буруу байна гэж өмгөөлөгч хэлсэн. Тэгээд Энхтуяа өмгөөлөгч, Энхболд өмгөөлөгч нар хурал дээр тэр талаараа ярьсан. Уг нь анх хохирлыг барагдуулчихвал доогуур ял авч хөнгөрнө гэсэн. Би бүх зүйлийг анхнаасаа үнэн байдлаар хэлэх байсан. Би сайн мэдэхгүй учир хэргийг гайгүй шийдэж, ялыг нь хөнгөлж өгнө үү.

Би ар гэртээ 0-13 насны 4 хүүхэдтэй, 13 настай хүү маань ганцаараа мал дээрээ байгаа. 1, 3 дугаар ангийн хоёр охин маань харах хүнгүй сургуулиас завсардсан. Учир нь эхнэр маань унадаг өвчтэй. Намайг ингээд яваад өгөхөөр ар гэр, эхнэр хүүхдийг минь харж хандах хүн байхгүй. Миний амьдралын нөхцөл байдлыг харж үзээч гэж гуйж байна.” гэжээ.

Шүүгдэгч Г.Баяраагийн өмгөөлөгч Т.Энхболд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргасан үндэслэл нь шүүх шүүгдэгч Г.Баяраагийн хийсэн хэргийн талаар бодитой дүгнэлт хийгээгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Учир нь миний үйлчлүүлэгч Г.Баяраа 3 үхэр хулгайлах үйлдэлд оролцоогүй үхэр хулгайлах талаар санал тавихад хулгай хийхгүй гэдгээ хэлж хулгайн хэргээс татгалзаж гэртээ ирсэн байдаг. Түүнийг гэртээ ирснээс хойш 2-3 цагийн дараа Эрдэнэжаргал, Дашсүрэн нар 3 үхэр тууж ирэхэд нь гэрээсээ яв гэж хэлсэн боловч дээрх нэр бүхий хүмүүс гуйсаар байгаад гэрээс нь холгүйхэн 3 үхрээ ажиллая гэхэд нь зөвшөөрсөн байдаг. Мөн түүнээс машинаараа аймаг сум оруулж зарж борлуулж өгч туслаач гэхэд нь 3 үхрийг зарж борлуулан өөртөө 936 000 төгрөг авсан байдаг. Энэ нь Дашсүрэн, Эрдэнэжаргал нарын шүүх хуралд өгсөн мэдүүлгээр нотлогддог.

Мөрдөн байцаалтын шатанд Эрдэнэжаргал, Дашсүрэн, Баяраа нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно. Г.Баяраа нь хулгай хийхэд оролцоогүй хулгайн гэмт хэргээс сайн дураараа татгалзсан байхад шүүхээс түүнийг бусадтай бүлэглэн машин механизм ашиглан хулгай хийсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилнө үү. Учир нь Г.Баяраа нь хулгайн үхэр гэдгийг мэдсэн, бусдын гуйлтаар 3 үхрийн махыг өөрийн нэрийн өмнөөс бүртгүүлж бичиг авч, борлуулж ашиг олсон байдаг. Өөрийн нэр дээр малын бичиг авч байгаа нь уг 3 тооны үхрийн эх үүсвэр нь хууль бус болохыг мэдсээр байж эх үүсвэрийг нуун далдлаж байгаа идэвхтэй үйлдэл юм.

Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж авсан Д.Дашсүрэнгийн мэдүүлэг /1хх 218-220/, Г.Баяраагийн мэдүүлэг /1хх 220-224/, Д.Эрдэнэжаргалын мэдүүлэг /1хх 225-226, 2хх 17-21/ зэргийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тогтоолд дурдсан байдаг.

2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Г.Баяраа, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нарыг мотоцикл ашиглан иргэн Ж.Баярсайханы 3 үхрийг хулгайлж 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ дээрх хүмүүсээс хууль зөрчиж мэдүүлэг авсан нь тогтоогддог.

Г.Баяраа өөрөө хулгайн мал гэдгийг мэдсээр байж зарж борлуулан ашиг олсон гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Харин түүнийг бусадтай бүлэглэн мотоцикл ашиглан хулгай хийгээгүй, хулгай хийхгүй гээд яваад өгсөн гэдгийг Д.Дашсүрэн, Д.Эрдэнэжаргал нар шүүх хурал дээр тодорхой мэдүүлдэг. Хавтаст хэрэгт авагдсан Д.Дашсүрэн, Д.Эрдэнэжаргал, Г.Баяраа нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй бусад нотлох баримтаар нотлогдоогүй үнэлэхэд эргэлзээ төрүүлэхээр байдаг. Иймд малын хулгайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгдэгч Г.Баяраа хулгайн малыг мэдсээр байж авсан зарж борлуулсан эх үүсвэрийг нуун дарагдуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн улмаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. Учир нь тэрээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа чин сэтгэлээсээ ойлгож хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нийгмийн хор уршгийг бүрэн арилгасан болно.

Гэмт хэргийн талаар онолын хувьд мэтгэлцсэн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзвэл шүүгдэгч Г.Баяраагаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийгмийн хор уршгийг арилгасан, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч А.Бат давж заалдах гомдолдоо: “Бат миний хоёр соёолон азаргыг **********Ж.Баярсахайн,А.Бат, нар хулгайлан аваад одоо ял эдэлж байна. Цагдаа нар таны адууг хулгайлаад алсан байна. Та аймаг очиж уулзаарай гэхэд би 10 дугаар сарын 20-ны үед аймаг руу шуудангаар ирэхэд тухайн цагдаа байхгүй, хөдөө явсан байхад нь хэд хоног хүлээж байгаад буцсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ирээд буудалд 7 хоноод, буудлын хөлс 245000 төгрөг төлсөн ба буудалд байхад хэцүү байсан тул тухайн хэрэг шийдэгдэх шүүх хурал болтол байр хөлслөн суухаар шийдсэн. Байрыг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр болтол хөлсөлж суусан.  Би яагаад байр хөлсөлсөн бэ гэвэл би нэг ойтой хүүхэдтэй эхнэрээ хөдөө гэртээ орхиод ирэхэд эхнэр мод түлээ, ус зэрэг ажлаа хийж гарч ороход хүүхэд харах хүнгүй хүндрэлтэй хэцүү учир эхнэр хүүхдээ авч ирсэн юм. Би хоосон байранд яаж байх вэ гээд холбооноос зурагтын суваг тавиулсан. Энэ хугацаанд надад хоёр адууны үнэлгээг оруулахгүйгээр 3478000 төгрөгийн хохирол учирсан.

Би урьд нь адуугаа хурдны угшлаар хотын компанитай гэрээ байгуулан зардаг байсан. Баримтаа бусад энэ адууныхаа азарга, ах, адуунуудынх нь зургуудын материалыг хавсарган өгсөн. Миний хохирлыг шүүх хулгайн хэрэгтэй хамааралгүй гэж үзээд хохирол гаргуулах боломжгүй гэж үзсэн байна. Би хурдны адуугаа хулгайд алдаагүй бол ингэж нааш цааш явж илүү зардал гаргахгүй, хөдөө гэртээ амар жимэр сууж байх байсан гэдэг нь ойлгомжтой. Одоо би хулгайчуудаас 10 478 000 төгрөгийг хохирлоо гаргуулж авмаар байна. Би хоёр соёолон хурдны азаргануудаа нийт 8 сая төгрөгөөр үнэлж байна. Хавтаст хэргийн материал дотор энэ хоёр соёолон азарганы эцэг болох ухаа азарга маань даагандаа түрүүлж ирсэн зургийг нь мөн ах хоёр адууных нь худалдсан зургуудыг хавсарган өгсөн байгаа. Ийм учраас бүлэг хулгайчуудаас миний хохирлыг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Дашсүрэнгийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдолдоо: “Д.Дашсүрэнгийн хувьд хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн тухайд маргадаггүй. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргийн талаар үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлдэг хохирол төлбөрийг өөрийн боломжийн хэмжээнд буюу хохирогч ******нд 2 сая төгрөг, хохирогч *****д 1 сая төгрөг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус заасан.

Д.Дашсүрэнгийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалт зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.

Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Г.Цэрэндолгор давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь өөрийн үйлдлийг анхнаасаа хүлээн зөвшөөрч, мэдүүлж ирсэн. Анхан шатны шүүх хурлаар орох үед хохирогч А.Батын хохирол төлбөрийг барагдуулж чадалгүй орсон боловч одоо давж заалдах шатны шүүх хурлаас өмнө төлж барагдуулна. Мөн шүүгдэгч нь эхнэр хүүхдүүдийн хамт айлын мал маллан амьдардаг. 4 хүүхэд нь 5, 3, 2 нас, 2 сартай бага насны хүүхдүүдтэй, амьжиргааны түвшин доогуур орлоготой өрх гэр. Ганц хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээж тэтгэж байсан хүн нь хэрэгт холбогдон хорих ял эдлэх болсон нь ар гэрт нь их хүндээр тусаж, шүүгдэгч ийм хэрэг хийсэндээ үнэн сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Иймд шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын ялыг багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулууны өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл оногдуулсан ялын талаар маргахгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 200 000 төгрөгийг шүүгдэгч ************ нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1 050 000 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тус тус нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож шийдвэрлэсэн энэхүү заалт нь *******ны эрх зүйн байдлыг дордуулж өөрт хамааралгүй төлбөрийг төлөх болсон тул залруулан зөвтгөх шаардлагатай гэж үзэж байна.

******** нь ****************** нартай бүлэглэн машин, механизм ашиглан бусдын олон тооны малгайг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Номгон” гэх газраас иргэн Б.Төмөртогоогийн 72 хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны мал буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 10 410 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Д.Дашсүрэнтэй бүлэглэн 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Далай ам” гэх газраас иргэн Б.Батхуягийн 1 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Эдгээр гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикл ашигласан байдаг ба эд зүйлийн үнэлгээгээр 100 000 – 200 000 төгрөг гэж тогтоогдсон.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд байсан тул хураан авах ... улсын төсөвт шилжүүлнэ гэснээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах үндэслэлтэй. Гэтэл бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдоогүй, гэм буруутайд тооцоогүй байхад бусад этгээдийн үйлдсэн гэмт үйлдлийн улмаас ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувааж төлөх ёсгүй юм. Иймд дээрх саналыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, залруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун давж заалдах гомдолдоо: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байгаа. ****тэй бүлэглэн *******гийн нэг тооны үхрийг хулгайлсан үйлдэл маань 2019 оны 12 дугаар сард болсон хэрэг юм. Би бусдад учруулсан хохирлоос өөрт ногдох хувийг төлж барагдуулсан. Миний харж байгаагаар энэ нэг тооны үхэр хулгайлсан хэрэг маань 2021 оны 7 дугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой харагдаж байна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас нэг үхэр хулгай хийсэн үйлдэлд оногдуулсан ялын зарим хэсгийг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.

Мөн **************нарын хулгайн үйлдэл хийхдээ ашигласан 9380 УБР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг дөрөв хувааж, Хүрэлчулуун надад 1 сая төгрөг оногдуулсан нь алдаатай байна. Миний бие дээрх тээврийн хэрэгсэл, хулгайн үйлдэлд огт хамааралгүй билээ. Эрхэм шүүгчид минь Хүрэлчулуун миний дээрх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хохирогч А.Бат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Энэ хүмүүсээс хохирлоо гаргуулж авмаар байна.” гэв.                             

Шүүгдэгч Г.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хулгайн хэрэгт хамтран оролцоогүй, зарж борлуулахад оролцсон. Надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү.” гэв.            

Шүүгдэгч Г.Баяраагийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Баяраа хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, зарж борлуулахад оролцсон байдаг. Үйлдсэн хэрэгтээ тохирсон ял шийтгэл эдлэхийг зөвшөөрч байгаа. Ял оногдуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд зүйл ангийг өөрчилж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Баяраагийн өмгөөлөгч Т.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Баяраа нь хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй, зарж борлуулахад оролцсон байдаг. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар өөрчлөх ёстой байсан. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хурлын өмнө хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Иймд хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Дашсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Дашсүрэнгийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирлоо нэмж төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний үйлдсэн нэг хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах байх. Үүнийг шалгаж өгнө үү. Тээврийн хэрэгслийн асуудал надад хамаагүй.” гэв.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Баяраагийн хувьд зүйлчлэлийг өөрчлөх боломжгүй. Ц.Хүрэлчулууны хувьд тус тусдаа гэмт хэрэг биш нэг үргэлжилсэн үйлдэл учир Өршөөлийн хуулийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Портерийн үнийг шүүгдэгч Баяраа, Дашсүрэн, Эрдэнэжаргал нараас гаргуулах нь зүйтэй. Хохирогч А.Батын гомдлын хувьд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг, “Номгон” гэх газраас иргэн Б.Төмөртогоогийн 72 хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны мал буюу олон тооны малыг машин механизм /Dayun маркийн мотоцикл/ ашиглан хулгайлж,  бусдад 10 410 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Дашсүрэн нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Далай ам” гэх газраас иргэн Б.Батхуягийн 1 тооны үхрийг машин механизм /Хайрхан мотоцикл/ ашиглан хулгайлж, бусдад 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нар нь бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Ар шанд” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл /Dayun маркийн мотоцикл/ ашиглан иргэн Ж.Баярсайханы 3 тооны үхрийг хулгайлж, 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нар нь бүлэглэн Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хуст” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл /Dayun маркийн мотоцикл/ ашиглан иргэн А.Батын 2 тооны адууг хулгайлж, 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Хүрэлчулууны мэдүүлсэн: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын мэдүүлсэн: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Дашсүрэнгийн мэдүүлсэн: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт Баяраа ах хамааралгүй.” гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Г.Баяраагийн мэдүүлсэн: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлгүүд,

Хохирогч Б.Төмөртогоогийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр миний төрсөн ээж ****** ... дугаарын утсаар залгаж “хонь тасарсан бололтой дутуу байна.” гэж хэлсэн. Ингээд би эхнэр ******* хамт очих үед манай аав ****, малчин ****н хамт алдсан бог малаа хайхаар явсан байсан. Манай ээж намайг тосож авсан бөгөөд хотноос авсан юм шиг байна гэж хэлсэн. Би юу болсон талаар сайтар асуухад “2021 оны 10 дугаар сарын 22-ны өглөө аав чинь хонио гаргах гээд очих үед хамгийн эхэнд хашаандаа ордог ямаа, нэг ишигний хамт хашааны гадаа байж байсан. Хашааг тойруулан мөр үзэх үед машин тэрэгний мөр бол байгаагүй.” гэж хэлсэн. Ингээд малаа алдсаныг мэдээд хайж эхэлсэн. Манай аав Балжинням, малчин Боролдойн хамт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө тоолох үед бүрэн байсан. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өглөө хонио тоолох үед 72 тооны хонь, 3 тооны ямаа нийт 75 тооны бог мал дутсан тооцоо гарсан. Ерөнхийдөө бол 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тооллого хийж малаа алдсан талаар мэдэж, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө алдагдсан байна гэх тооцоолол төрсөн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 18-19/

Гэрч Д.Боролдойн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 сарын 21-ний өдөр хонь, ямаагаа тоолоход 585 хонь, ямаа 57 байсан юм. 2021 оны 10 сарын 23-ны өдөр мал цөөхөн харагдаад байхаар нь тоолсон чинь 4 том ямаа, 72 тооны хонь алга болсон байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 21-22/

Гэрч Д.Балцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2021 оны 10 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим Эрдэнэжаргал, Хүрэлчулуун нар улсын дугаартай Эрдэнэжаргалын эзэмшлийн мотоциклтой гэрээс урагш айл руу яваад ирье гэж гарсан. Надад хэнийх гэдэг айл руу ямар зорилгоор явж байгаагаа хэлээгүй. Тэгээд орой 01 цагийн орчим мотоциклоороо хонь туугаад ирсэн. Тухайн тууж ирсэн хонь, ямаагаа хашаандаа хашиж имнэсэн. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой тухайн авчирсан хонь, ямааг хашиж байгаад Хүрэлчулууны ээж, аав, дүү нар нь 22-35 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн машинтай ирж хамтдаа эхний удаа 16 ширхэг төлөг хонь нийлснийг машиндаа ачиж авч явсан. Дараагийн 16 ширхэг хонийг хэзээ ачсаныг мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 23-25/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Хүрэлчулуун надад хандан “дүү нь Баян-Уул сумын 2 дугаар баг, Номгон гэх газарт оршин суух Балжинням гэх айлаас 70 орчим тооны хонь хулгай хийгээд хургыг нь үлдээгээд хонийг нь нядалж мөнгө болгосон. Цуг хулгай хийсэн дүү маань баригдчихлаа, би одоо Улаанбаатар хот руу очиж найз охин дээрээ хоноод ирж хэргээ хүлээнэ.” гэж хэлэхээр нь ... би Хүрэлчулууныг хүргэж өгөхөд Гэрлээ цагаан өнгийн Приус-20 маркийн 04-88 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхаар нь Хүрэлчулууныг суулгаад явуулсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 29-30/

Гэрч Г.Цэдэндашийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн 22-35 ДОР улсын дугаартай Цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Алтанцэцэг, охин Хүрэлчимэг, хүү Хүрэлчулуун нарын хамт Баян-Уул сумын 2 дугаар баг, Баруун хуст гэх газарт байх Бүдүүнээ гэх хочтой залуу руу очиж Хүрэлчулууны авлага гээд 32 тооны хонийг хувааж эхний удаад 16 тооны хонийг Портертоо ачаад Баян-Уул сумын төвд байх гэрийнхээ үүдний амбаарт хийж орхиод буцаж Бүдүүнээгийн гэр рүү очиж дахин 16 тооны хонь ачиж сумын төвд очиход орой болсон байсан учир 32 тооны хонийг үүдний амбаартаа хийж цоожилж хоноод маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас 01 цаг өнгөртөл Хүрэлчулуун бид хоёр дээрх 32 тооны хонийг гулуузалж дуусаад тус 32 тооны хонины арьс, толгой, гэдэс шийр зэргийг Баян-Уул сумын хогийн цэг рүү өөрийн Портерт ачиж авч очоод хаясан. Ингээд тус шөнө Хүрэлчулуун бид хоёр унтахгүй хонио ажиллаж дуусаад 2021 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 22-35 ДОР улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд 29 тооны хонио ачаад, эхнэр Алтанцэцэг, охин Хүрэлчимэг нарыг суулгаад аймаг руу хөдөлж хүү Хүрэлчулуун араас Musso маркийн тээврийн хэрэгсэлтэй дагаж хөдлөөд 09 цагийн орчим Дорнод аймгийн төвд очиж Зангиат хороололд байх Кирра солонго дэлгүүрийн баруун талд байх эхнэр Алтанцэцэгийн эгч Нямсүрэнгийн гэрт Портероо орхиод “Хаан хүнс” ХХК-д мах өгч байсан Бонго-3 маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг хөлсөлж Кирра Солонго дэлгүүрийн урд талаас Хаан хүнс рүү 29 гулууз хүргүүлж 20 000 төгрөг өгсөн. Ингээд Хаан хүнс махны бөөний төвд 29 тооны хонио борлуулахад 4 700 000 орчим мянган төгрөг болсон. Үлдсэн 3 тооны хонины гулууз Баян-Уул суманд үүдний амбаарт байгаа. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 31-32/

Гэрч Г.Алтанбаганын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... үл таних 40 гаруй насны эмэгтэй хүн 10 орчим насны 1 хүүхэдтэйгээ ирээд “эгч нь Баян-Уул сумаас 20 гаруй тооны хонины гулууз мах ачаад ирсэн одоо унаа олдохгүй байна, миний дүү хэдээр ачих вэ, одоо хойно Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын Кирра-Солонго гэдэг хүнсний урд талын хашаанаас зөөнө.” гэхэд нь би зөвшөөрч “20 000 төгрөг болно.” гэхэд мах ачуулах эгч хөлсөлж ирсэн цагаан өнгийн Приус-20 маркийн таксигаа явуулаад миний машинд хүүхэдтэйгээ суусан. Тухайн хүний зааж өгсөн хаяг руу очиход Хэрлэн сумын 4 дүгээр баг, 18 дугаар эгнээнд байх Кирра-Солонго гэх хүнсний дэлгүүрийн урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан будаггүй хүрэн өнгийн дээгүүрээ сараалжин төмөр дайман хаалгатай хашаанд ороход тухайн хашаанд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэр өнгийн Портер машины хажууд зогсоолгоод тухайн машины тэвшин дээр байх гулууз махнуудыг зөөж миний Портер машины тэвшин дээр зөөх гэхэд нь би “та хэд өөрсдийнхөө энэ Портер машинаар нэг мөсөн зөөгөөд өгөхгүй яасан юм бэ” гэхэд тухайн машин дотроос 40 гаруй насны, дундын махлаг, 170 орчим см өндөртэй залуу бууж ирээд “манай машин хөдөө модонд явдаг болохоор ямар ч бичиг баримт байхгүй. Аймгийн төв рүү ороход цагдаад баригдаад шууд л журмын хашаа руу орно. Түүний оронд 20 000 төгрөгөөр ачаад явсан нь дээр” гэхэд нь би юм бодолгүй тухайн хонины гулууз махнуудыг машин дээрээ ачуулаад Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хаан хүнс махны бөөний цэг рүү зөөж буулгасан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 33-36/

Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Манай нөхөр Цэрэндаш машинаа Бүдүүнээгийн хонины хажууд зогсоогоод машинаасаа буугаад манай хүү Хүрэлчулуун, Бүдүүнээ нарын хамт машиныхаа тэвшин дээр хонь ачиж байсан. Миний мэдэж байгаагаар нөхөр, охин бид гурвыг Хаан хүнс ХХК-д тухайн хонины гулуузнуудыг өгөхөд 29 ширхэг гулууз байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 37-40/

Хохирогч Б.Батхуягийн  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2019 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд манай үхрээс хязаалан насны 1 тооны эр үхэр дутсан байсан. Манайх 200 гаруй тооны үхэртэй болохоор яг зүсээр нь хэлж мэдэхгүй байна. Үхрээ алдсан цагаас хойш гэрийнхээ ойр орчмоор үхрээ хайгаад олоогүй. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 142-143/

Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2019 оны 12 дугаар сард би цагаан өнгийн Приус-10 маркийн 94-41 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Баян-Уул сумын 2 дугаар баг, Паршингийн ар гэх газарт байх адуу руу бор зүсмийн морийг мөнгө болгох зорилгоор очиж Хүрэлчулуунаар морио бариулах гээд очиход Хүрэлчулуун надад хандаж “ахаа надад унааны морь хэрэгтэй байна. Би танд 1 үхэр өгье.” гэж хэлэхээр нь би зөвшөөрч Хүрэлчулуун гэрийнхээ амбаараас бүтэн үхрийн мах бяруу шүдлэнгээс том үхэр гаргаж өгсөн. Тэгээд би Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлдээ ачиж Дорнод аймгийн төв рүү очиж Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Баянмөнх гэх хүнд дээрх үхрийн махыг өрөндөө өгсөн. Хүрэлчулуунтай өөр ямар нэгэн мал махны наймаа хийж байгаагүй удалгүй миний солионд өгсөн бор морийг мөнгө болгосон гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 152-153/

Хохирогч Ж.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Цагаан-Овоо сумын 2 дугаар баг, Энгэр шанд гэх газарт 75 тооны үхэр маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчимд мал маллаж амьдардаг Энгэр шанд гэх газраас хойд зүгт 2 км зайд Ар шанд гэх газар өөрийн 75 тооны үхрээ бүртгээд орхисон. Би малаа тоолоод тэр өдөр хөрш айлд ирсэн малыг нь хараад үлдэх залууд манай малыг бүртгэж байгаарай гэж захиж үлдээгээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой 21 цагийн орчимд эхнэр Туяа, охин Жаргалмаа нарын хамт Цагаан-Овоо сумын төвд ирсэн. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд хөдөө гэртээ очоод малаа бүртгэхэд улаан зүсмийн сувай үнээ, улаан манхан халзан зүсмийн гунжин үнээ, эрээн нүүртэй улаан зүсмийн бяруу алдагдсан байсан. Ойр орчмоор хайгаад олдохгүй байгаа учир цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 214-217/

Гэрч Г.Пүрэвцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би Баяраагаас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд Завхан Доржоогийн хашаан дотор үхрийн мах 435 килограммыг авсан. Энэ мах 3 үхрийн мах байсан. Ингээд 2 том үхрийн мах болох 339 килограммын нэг килограммыг 8 000 төгрөгөөр, нэг жижиг үхрийн мах болох 96 килограмм махны нэг килограмм махыг 6 500 төгрөгөөр үнэлж авсан юм. Нийт махны үнэ болох 3 336 000 төгрөгийг Баяраа гэх залуугийн Хаан банкны данс руу явуулсан. Явуулсан дансыг нь би арилгачихсан болохоор хэлж мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 227-228/

Хохирогч А.Батын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би 120 тооны адуутай, миний эзэмшлийн адуунуудын 3 азарга адуу Баян-Уул сумын хойд хэсэг буюу 6 дугаар баг, Эрээн, Битүү, Үйсэн гэх газруудаар бэлчдэг. Харин үлдсэн 2 азарга адуу сум тойроод бэлчдэг. Би сүүлд Бумбатад байсан 1 азарга адуугаа сумын төв рүү 2021 оны 10 дугаар сарын 10-ны орчим татаж тамгалсан. Харин 2 адууг тамгалж чадаагүй, татаж авчрах хугацаанд алга болсон байсан. Тэгээд тухайн хүрэн шарга зүсмийн адуунууд татаж авчирсан хугацаанаас хойш харагдахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ... Би өөрийн алдсан адуу, учирч байгаа хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 52-53/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Хүрэлчулууны яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “... Эрдэнэжаргалтай гэрт нь очсон цагаас эхлээд буюу 2021 оны 10 сарын 19-ний өдрөөс эхлээд төлөвлөж байгаад 2021 оны 10 сарын 21-ны орой хулгай хийхээр гарч яваад айлын хашаатай байсан хонь, ямаанаас 75-ыг таслаж авсан. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 70-72/

“... 2020 оны 12 дугаар сард шиг санагдаж байна. Гэртээ байж байгаад мөнгөний хэрэг гараад нутгийн танил дүү болох Дашсүрэнгийн  гэрт нь очиж уулзаад ахад нь 1 тооны үхэр хэрэгтэй байна гэж хэлэхэд сумаас баруун хойд зүгт олон тооны үхэртэй айл байгаа гээд тийшээ явья гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Баян-Уул сумын төвөөс баруун хойд зүг рүү 20 орчим км яваад нилээн хэдэн тооны үхэр хэвтэж байхаар нь дундаас нь хязаалан насны эр халзан үхрийг тууж, сүргээс нь салгаад сумын төв рүү чиглээд хөөж явсан. ... гэртээ очиж үхрийг ганцаараа нядлаад пиндээ хийж хонуулаад маргааш нь билүү нөгөөдөр нь Лхагваа ахад адууны өртэй байсан, оронд нь хулгайлсан үхрийн махаа өгсөн. ...” гэсэн мэдүүлэг,/1хх 177-180/

мөрдөн шалгах ажиллагаанд Д.Эрдэнэжаргалын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүрэлчулуун ах манай гэрт ирээд 2 хоносон. Манай гэрт хонох хугацаанд бид хоёр хулгай хийхээр тохиролцоод 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цаг өнгөрч байхад миний өөрийн Dauyn маркийн улсын дугааргүй мотоциклтой Номуун гэх газар руу явсан. ... Хүрэлчулуун ах бид хоёр хашсан байсан хонь, ямааг бүгдийг нь гаргаад 71 хонь, 4 ямааг ялгаж, үлдсэнийг хашаанд хашсан. Ингээд хулгайлсан нийт 75 тооны бог малаа туугаад шөнө 02 цагийн орчим манай гэрт ирсэн. ...” гэсэн мэдүүлэг, /1хх 62-65/

... 2021 оны 10 сарын 12-ны өдөр Дашсүрэн бид хоёр Баян-Уул сумын төв дээр Баяраа ахын гэрт нь очсон. Ингээд бид гурав хоорондоо Цагаан-Овоо сумаас үхэр хулгайлж махалж зарья гэж ярилцаад Баяраа ах хөдөө гэр лүүгээ явлаа, та хоёр араас ирээрэй гэж хэлсэн. ... Дашсүрэн бид хоёр орой хөдөө гэрт нь очоод Баяраа ах өөрийн мотоциклоо унаад, би өөрийн мотоциклоо Дашсүрэнтэй хамт унаад Баяраа ахын гэрээс урагш Цагаан-Овоо сумын нутаг “Ар шанд” гэх газарт очиход 70 орчим тооны үхэр бэлчиж байсан. Тэгээд бид гурав, гурвыг таслаж аваад мотоциклоороо туугаад Баяраа ахын гэрт очсон.Тэгээд гэрийнх нь ойролцоо хонхор газарт тууж аваачиж байгаад нядлаад Баяраа ахын Портер машин дээр махыг нь ачаад би гэр рүүгээ, Баяраа ах Дашсүрэн хоёр сумын төв рүү махаа зарна гээд явсан. ... маргааш нь буюу 2021 оны 10 сарын 14-ний өдөр Дашсүрэн утсаар яриад нөгөө махаа зарсан, дансаа явуул гэхээр эхнэр Балцэцэгийн ХААН банкны дансыг явуулахад 1 200 000 төгрөг хийчихлээ, өмнө хулгайлсан адууны 400 000 төгрөг, сая хулгайлсан үхрийн 800 000 төгрөг, нийлээд 1 200 000 төгрөг явуулсан гэж хэлсэн. ... гэсэн мэдүүлэг, /2хх 19-21, 88-92, 217-221/

мөрдөн шалгах ажиллагаанд Д.Дашсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “... 2019 оны 12 дугаар сард /яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна./ гэртээ байж байсан чинь нутгийн ах Хүрэлчулуун манай гэрт ирсэн. Ирээд ахад нь мөнгөний хэрэг байна, ахдаа мал барихад туслаач гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд өөрийн улаан Хайрхан мотоциклыг Хүрэлчулуун унаад би ард нь суугаад Баян-Уул сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 20 орчим км яваад “Далай ам” гэх нэртэй газарт очиход зам дагуу 100 орчим тооны үхэр байхаар нь нэгийг авахаар болоод халзан хар өнгийн нэг тооны эр үхрийг Хүрэлчулуун ах бид хоёр хөөгөөд Баян-Уул сумын төвийн хойд голын эрэг дээр аваачаад Хүрэлчулуун ах уг үхрийг авч яваад, би гэр рүүгээ явсан. ...” гэсэн мэдүүлэг,  /1хх 171-173/

“... Би 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баян-Уул сумын төвд гэртээ байж байсан чинь найз Эрдэнэжаргал манай гэрт ирээд хөдөө явья гэж хэлж гараад Баяраа ахын сумын төвд байрлах гэрт нь очиж Баяраа ах, Эрдэнэжаргал бид гурав уулзахад Эрдэнэжаргал “би хүнээс мотоцикл худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй, мөнгө нь нэхэгдээд хэцүү байна, гурвуулаа Цагаан-Овоо сум руу явж хэдэн тооны мал хулгайлья гэж ярилцахад Баяраа ах түрүүлж хөдөө гэртээ очоод байж байя, та хоёр араас хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэжаргал бид хоёр орой араас нь хөдөө гэрт нь очоод харанхуй болгоод Баяраа ах, Эрдэнэжаргал бид гурав урагшаа мотоциклтой 30 орчим км яваад “Ар шанд” гэх газар очиход үхэр бэлчиж байхаар нь Эрдэнэжаргал дундуур нь явж гурван тооны үхэр ялгаж гаргаж ирэхээр нь Баяраа ах, Эрдэнэжаргал бид гурав Баяраа ахын гэр рүү мотоциклоороо туугаад гэрийнх нь урд байрлах хонхор хэсэгт үхрүүдийг нядлаад Баяраа ахын Портер машин дээр ачаад Эрдэнэжаргал өөрийн мотоциклоороо гэр рүүгээ, Баяраа ах бид хоёр сумын төв рүү явсан. ... Маргааш нь махаа зарах гэж Баяраа ах бид хоёр аймгийн төвд ирээд 3 300 000 төгрөгөөр зарсан. Тэгээд Эрдэнэжаргалын данс руу 1 200 000 төгрөг, би өөрийн дансандаа 1 200 000 төгрөг тус тус аваад үлдсэнийг нь Баяраа ах авсан. ...” гэсэн мэдүүлэг,/2хх 7-9, 82-86, 222-225/

   мөрдөн шалгах ажиллагаанд Г.Баяраагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “... 2021 оны 10 сарын 12-ны орой нутгийн дүү нар болох Дашсүрэн, Эрдэнэжаргал нар манай гэрт ирээд “зээрэнд явах уу” гэхээр нь зөвшөөрөөд “миний мотоцикл муу байгаа шүү дээ” гэхэд “зүгээр, та үргээгээд өгөөч, бид хоёр мотоциклтой явж байгаа.” гэсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд би өөрийн мотоциклоо унаад Дашсүрэн, Эрдэнэжаргал нар өөрсдийн унаж ирсэн мотоциклтой гэрээс гараад урагшаа тал руу 13 км орчим явахад зээр тааралдахгүй болохоор нь буцах гэж байтал Эрдэнэжаргал “ахаа, энд хэдэн үхэр хэвтэж байна, эд нараас аваад явья.” гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлэхэд ... би хүнээс мотоцикл авсан байгаа, хүнд өрөнд ороод байна гэж хэлсэн. ... Тэгээд гэртээ очоод байж байтал 1 цаг орчмын дараа Дашсүрэн, Эрдэнэжаргал нар нь гурван тооны үхэр тууж ирээд үхэр нядлаад өгөөч гэж Эрдэнэжаргал хэлэхээр нь ... гэрээс урагш хонхорт үхрийг нь тууж аваачаад Дашсүрэн, Эрдэнэжаргал бид гурав ажиллаад хүргэн ах М.Ганзоригийн эзэмшлийн Портер 93-80 УБР дугаартай машин дээр ачаад сумын төв орсон. ... маргааш нь ... малын А данс байхгүй гэхээр нь зөвшөөрөөд би малын бичиг авч, махыг нь ачаад аймгийн төвд ирээд Завхан Доржоогийн малын бойны цэгт 3 336 000 төгрөгөөр зараад Дашсүрэн, Эрдэнэжаргал нарт тус бүр 1 200 000 төгрөг өөрсдийнх нь данс руу шилжүүлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 13-15, 93-96, 212-216/

    гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /1хх 11,136,192, 2хх 33/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх12-15, 194-195, 2хх 35-39/  эд зүйлийг хүлээлгэн өгсөн, хураан авсан тэмдэглэл, /1хх 16, 26/ Ц.Хүрэлчулууны биед үзлэг хийж эд зүйл түр хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, /1хх 45/ Баян-Уул сумын хогийн цэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1хх 50-51/ эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 52-54, 197-200/ эд зүйлийн үнэлгээнүүд, /1хх 55, 81, 154,155-156, 203, 230, 2хх 65/ хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн тайлан, /2хх 230-237/ гэрч И.Бямбацэрэнгийн мэдүүлэг, /1хх 27-28/ гэрч Ч.Анаржингийн мэдүүлэг, /1хх 46-49/  гэрч Б.Батсайханы мэдүүлэг, /2хх 227-228/ хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /1хх 128-129, 181-182/  Б.Төмөртогоогийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /1хх 82-84/ 93-80 УБР улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, /1хх 201-202/ Г.Баяраагийн ХААН банкны 5417096908 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх 204-206, 2хх 40-42/ Д.Дашсүрэнгийн ХААН банкны 5407070447 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх 207-209, 2хх 43-46/ Д.Балцэцэгийн ХААН банкны 5417051694 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, /1хх 210-212, 2хх 47-50/ мал эмнэлгийн гэрчилгээний хуулбар, /1хх 229/ Ц.Хүрэлчулууны гэрчээр өгсөн мэдүүлэг, /1хх148-151/ Д.Эрдэнэжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг, /1хх 225-226, 2хх 59-60/ Д.Дашсүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, /1хх 144-147, 218-220, 2хх 54-56/ Г.Баяраагийн гэрчээр өгсөн мэдүүлэг, /1хх 220-224, 2хх 57-58, 62-64/ хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн нэхэмжлэх /2хх 229/ болон шүүх хуралдаанд улсын яллагчийн шинээр гаргаж өгсөн эд зүйлийн үнэлгээ /1 хуудас/, өмгөөлөгч Б.Солонгын өгсөн шүүгдэгч Д.Дашсүрэнгээс хохирогч А.Батад 1 сая төгрөг төлсөн баримт,/1 хуудас/ Баян-Уул сумын Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, Д.Оюундарийн ХААН банкны дансны хуулга /1 хуудас/, хохирогч А.Бат шүүхэд гаргасан нэхэмжлэл /1 хуудас/, түүнд хавсаргасан хохирол, адууны гарал үүсэлтэй холбоотой баримт /17 хуудас/, банкны мөнгөн шилжүүлгийн баримт /5 ширхэг/, кассын орлогын ордер /3 ширхэг/, орон нутаг хоорондын зорчих тасалбар /16 ширхэг/, шатахууны баримт /5 ширхэг/, зочид буудлын баримт /1 ширхэг/, фото зураг /4 ширхэг/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Баруунхуасай овогт Цэдэндашийн Хүрэлчулуун, Еншөөв овогт Дугарборын Эрдэнэжаргал, Баруунхуасай овогт Дашзэвэгийн Дашсүрэн, Хуацай овогт Ганцэцэгийн Баяраа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нарт тус бүр 3 жилийн хорих ял, шүүгдэгч Ц.Хүрэлчулуунд 2 жил 6  сарын  хорих ял, шүүгдэгч Г.Баяраад 2  жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Хүрэлчулуунд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Г.Баяраад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Баяраа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд нарын “шүүгдэгч Г.Баяраад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Г.Баяраа нь шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нартай бүлэглэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Ар шанд” гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мотоцикл буюу тээврийн хэрэгсэл / Dayun маркийн мотоцикл/ ашиглан иргэн Ж.Баярсайханы 3 тооны үхрийг хулгайлж, 6 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар мэдүүлсэн Д.Эрдэнэжаргалын “... Дашсүрэн бид хоёр орой хөдөө гэрт нь очоод Баяраа ах өөрийн мотоциклоо унаад, би өөрийн мотоциклоо Дашсүрэнтэй хамт унаад Баяраа ахын гэрээс урагш Цагаан-Овоо сумын нутаг “Ар шанд” гэх газарт очиход 70 орчим тооны үхэр бэлчиж байсан.Тэгээд бид гурав, гурвыг таслаж аваад мотоциклоороо туугаад Баяраа ахын гэрт очсон. Тэгээд гэрийнх нь ойролцоо хонхор газарт тууж аваачиж байгаад нядлаад Баяраа ахын Портер машин дээр махыг нь ачаад би гэр рүүгээ, Баяраа ах Дашсүрэн хоёр сумын төв рүү махаа зарна гээд явсан. ... маргааш нь буюу 2021 оны 10 сарын 14-ний өдөр Дашсүрэн утсаар яриад нөгөө махаа зарсан, дансаа явуул гэхээр нь эхнэр Балцэцэгийн ХААН банкны дансыг явуулахад 1 200 000 төгрөг хийчихлээ, өмнө хулгайлсан адууны 400 000 төгрөг, сая хулгайлсан үхрийн 800 000 төгрөг, нийлээд 1 200 000 төгрөг явуулсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг, /2хх 19-21, 88-92, 217-221/

Д.Дашсүрэнгийн “... Эрдэнэжаргал бид хоёр орой араас нь хөдөө гэрт нь очоод харанхуй болгоод Баяраа ах, Эрдэнэжаргал бид гурав урагшаа мотоциклтой 30 орчим км яваад “Ар шанд” гэх газар очиход үхэр бэлчиж байхаар нь Эрдэнэжаргал дундуур нь явж гурван тооны үхэр ялгаж гаргаж ирэхээр нь Баяраа ах, Эрдэнэжаргал бид гурав Баяраа ахын гэр рүү мотоциклоороо туугаад гэрийнх нь урд байрлах хонхор хэсэгт үхрүүдийг нядлаад Баяраа ахын Портер машин дээр ачаад Эрдэнэжаргал өөрийн мотоциклоороо гэр рүүгээ, Баяраа ах бид хоёр сумын төв рүү явсан. ... Маргааш махаа зарах гэж Баяраа ах бид хоёр аймгийн төвд ирээд 3 300 000 төгрөгөөр зарсан. Тэгээд Эрдэнэжаргалын данс руу 1 200 000 төгрөг, би өөрийн дансандаа 1 200 000 төгрөг тус тус аваад үлдсэнийг нь Баяраа ах авсан. ...” гэсэн мэдүүлгүүд, /2хх 7-9, 82-86, 222-225/ мөн уг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдлээрээ /тухайлбал шүүгдэгч Г.Баяраагийн мэдүүлгээр зээрэнд хамт явсан, үхэр туугаад ирэхэд гэрийнхээ урд байх хонхорт аваачиж нядлахад оролцсон байдал, өөрийн малын А дансаар 3 үхрийн гарал үүслийн бичиг авсан байдал, улмаар 3 үхрийн махыг аймгийн төвд авчирч борлуулаад мөнгийг авч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нарын ХААН банкны дансанд тус бүр 1 200 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг өөртөө авсан байдал/ шүүгдэгч Г.Баярааг хохирогч Ж.Баярсайханы 3 тооны үхрийг хулгайлахад оролцоогүй гэж дүгнэх боломжгүй байна.

 Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

Хохирогч А.Бат  “Миний хоёр соёолон азаргыг Д.Дашсүрэн, Д.Эрдэнэжаргал нар хулгайлан аваад одоо ял эдэлж байна. ... Би хурдны адуугаа хулгайд алдаагүй бол ингэж нааш цааш явж илүү зардал гаргахгүй, хөдөө гэртээ амар жимэр сууж байх байсан. ... Одоо би хулгайчуудаас 10 478 000 төгрөгийг хохирлоо гаргуулж авмаар байна. Би хоёр соёолон хурдны азаргануудаа нийт 8 сая төгрөгөөр үнэлж байна. ... Ийм учраас бүлэг хулгайчуудаас миний хохирлыг гаргуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан бөгөөд хохирогч А.Бат нь 2021 оны 10 дугаар сард соёолон насны 2 адуугаа алдсаны улмаас аймгийн төвөөс Баян-Уул сум руу, Баян-Уул сумаас аймгийн төв рүү удаа дараа ирж буцахдаа замын зардалд 360,000 төгрөг, шатахууны зардалд 321,000 төгрөг, буудлын хөлсөнд 245,000 төгрөг тус тус зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул дээрх зардал болох 926 000 төгрөг дээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан унааны зардал 50 000 төгрөгийг нэмж, нийт 976 000 төгрөгийг шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нараас хувь тэнцүүлэн тус бүр 488 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батад олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Харин хохирогч А.Батын хулгайд алдсан соёолон насны 2 адууг хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээгээр нийт 2 550 000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэхүү үнэлгээг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хохирогч А.Батын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Баяраа “ Миний ялыг  хөнгөрүүлж өгнө үү.” гэж, шүүгдэгч Д.Дашсүрэн, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь “шүүхээс оногдуулсан ялыг 2 жил болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэж, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Г.Цэрэндолгор “... шүүгдэгчийн ар гэрийн байдал, амьдралын нөхцөл байдлыг харгалзан Д.Эрдэнэжаргалын ялыг багасгаж өгнө үү”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй тул тэдний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь ”...Ц.Хүрэлчулуун нь Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нартай бүлэглэн машин, механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй байхад тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч тус бүрт хувааж 1 050 000 төгрөг гаргуулсан нь  шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, өөрт хамааралгүй төлбөрийг төлөх болж байна.” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нарын мэдүүлгээр “2021 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Цагаан-Овоо сумын “Ар шанд” гэх газраас бэлчээрт байсан хохирогч Ж.Баярсайханы 3 тооны үхрийг хулгайлахдаа шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын эзэмшлийн Dayun маркийн мотоциклийг ашигласан болох нь тогтоогддог тул М.Ганзоригийн эзэмшлийн 9380 УБР улсын дугаартай Портер маркийн авто машины үнэ болох 4,0 сая төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун “... Д.Дашсүрэнтэй бүлэглэн Батхуягийн нэг тооны үхрийг хулгайлсан үйлдэл маань 2019 оны 12 дугаар сард болсон хэрэг ... тул 2021 оны 7 дугаар сард батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой, “надад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас нэг үхэр хулгай хийсэн үйлдэлд оногдуулсан ялын зарим хэсгийг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч Ц.Хүрэлчулуун нь хохирогч Б.Батхуягт төлөх 600 000  төгрөгийн төлбөртөө банз өгсөн, шүүгдэгч Д.Дашсүрэн хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөг, хохирогч А.Батад 275 000 төгрөг, шүүгдэгч Д.Эрдэнэжаргал хохирогч А.Батад 1 275 000 төгрөгийг тус тус төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул энэ тухай магадлалд дурдах нь зүйтэй.

Шүүдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нарын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 133 хоногийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Баруунхуасай овогт Дашзэвэгийн Дашсүрэн нь Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ялаар /1хх 111-120/ шийтгүүлсэн байхад шийтгэх тогтоолын биеийн байцаалтад 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан гэж алдаатай бичсэнийг залруулж, зөвтгөх нь зүйтэй байна. Цаашид ийм алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Хүрэлчулуун түүний өмгөөлөгч Д.Урансувд, хохирогч А.Бат нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Г.Баяраа, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд, шүүгдэгч Д.Дашсүрэн, түүний өмгөөлөгч Б.Солонго, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалын өмгөөлөгч Г.Цэрэндолгор нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсанаар өөрчлөлт оруулсугай. Үүнд:

 5 дахь заалтын “ ... шүүгдэгч Д.Дашсүрэнгээс 875 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөгийг, хохирогч А.Батад 275 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалаас 1 275 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батад тус тус олгохоор...” гэснийг “... шүүгдэгч Д.Дашсүрэнгээс 1 363 000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөгийг, хохирогч А.Батад 763 000 төгрөгийг, шүүгдэгч Д.Эрдэнэжаргалаас 1 763 000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Батад тус тус олгож, ”хохирогч А.Батын нэхэмжлэлээс 8 002 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

7 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4 200 000 төгрөгийг шүүгдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 1 050 000 төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тус тус нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ /Хайрхан мотоциклийн үнэ/ 200 000 төгрөгийг Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн нараас тус бүр 100 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас өмнө гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд шүүгдэгч Ц.Хүрэлчулуун нь хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөг, шүүгдэгч Д.Дашсүрэн нь хохирогч Б.Батхуягт 600 000 төгрөг, хохирогч А.Батад 275 000 төгрөг, шүүгдэгч Д.Эрдэнэжаргал нь хохирогч А.Батад 1 275 000 төгрөгийг  тус тус төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Ц.Хүрэлчулуун, Д.Эрдэнэжаргал, Д.Дашсүрэн, Г.Баяраа нарын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 133 хоногийг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДОЛГОРМАА

         ШҮҮГЧИД                                             С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       З.ЭНХЦЭЦЭГ