Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 40

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 269 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Ш.Бын нэхэмжлэлтэй Баяндулаан уул ХХК-д холбогдох дутуу олгосон цалингийн зөрүү 11.929.605 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ш.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-аас малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11.929.605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, ойлгомжгүй гэж үзэж байна. ...Манай компаниас Ш.Бын 2019 оны цалингийн тооцооллыг санхүүгийн баримтаас нэг бүрчлэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Эндээс харахад Ш.Бд үндсэн болон нэмэгдэл цалинг сар бүр олгож байсан нь харагддаг. Нэхэмжлэгч Ш.Б нь 2019 онд 3,200,000 төгрөгийн өр авлага үүссэнээс гадна гар чийдэн, гар утас, гурил, хүнсний хонь, ямаа, морины төлбөр гэх мэт цалингаасаа суутгуулах байдлаар хэрэглээний төлбөрт тооцуулсан байдаг. ...Ш.Б нь 2019 оныхоо бүх цалингаа авсан. Цалинг бодоход өөрөө биечлэн оролцож байсан. ...Баяндулаан-Уул ХХК нь Хөдөлмөрийн гэрээ болон холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй, малын тоо толгойд тохирсон урамшууллыг Хөдөлмөрийн гэрээ-ний 1.7-д заасны дагуу олгож, ээлжийн амралтын мөнгийг жил бүр олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 269 дугаартай шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-аас Ш.Бд дутуу олгогдсон үндсэн цалин 1.258.960 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.671.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Баяндулаан-Уул ХХК-аас 34.765 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан хэлэлцэн 1.258.960 төгрөгийг гаргуулахаар, үлдэгдэл 10.671.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 269 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд үүнийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл нь:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: нэхэмжлэгч нэмэгдэл цалингийн тооцоолборыг хийхдээ сар бүр хэдэн толгой болон бага мал хариуцан ажиллаж байсан талаараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь зөрүү цалинг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэх боломжгүй байна гэсэн үндэслэл зааж 10.671.005 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг туйлаас буруу дүгнэлт боллоо гэж үзэж байна.

2017 оны 05 сарын 07-ны өдөр Ш.Б нь Баяндулаан-Уул ХХК-д малчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байдаг. Анх ажилд ороход малчны үндсэн цалин 400.000 төгрөг, түүн дээр малын тоо толгой нас хүйсээс шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж тохирч гэрээ байгуулсан боловч цалингаа тогтоосон хугацаандаа, бүрэн гүйцэд өгдөггүйгээс маргаан үүссэн. Үндсэн цалин 400.000 төгрөг гэдэг дээр маргаан үүсгээгүй. Харин үндсэн цалин, нэмэгдэл цалинг аль алийг нь тогтоосон хугацаандаа өгөөгүй бөгөөд түүний харилцах данс руу шилжүүлсэн цалинг үндсэн болон нэмэгдэл цалингийн аль нь болохыг хариуцагч талаас тодорхой тайлбар хэлдэггүй.

...Балжинням нь 2018 оны 11 сард мал тооллогын дараа 246 толгой том мал, 182 толгой тугал хариуцан ажилласан үүнийгээ нотлох үүднээс хариуцагч талаас хүсэлт гарган нотлох баримт татуулан хэргийн 31-р талд түүний 2019 оны цалингийн тооцоолбор авагдсан байгаа. 1-р сард түүний маллаж байсан тоо толгой малд зөрүү гарч байгаагаас бусад нь маллаж байсан малын нь тоо толгойтой тохирч байгаа талаараа нэг бүрчлэн тоон үзүүлэлтээрээ гаргаж түүнийгээ 170, 40 төгрөгөөрөө бодож авах ёстой цалингаа нэхэмжилж тайлбар өгсөн билээ. Хэдийгээр зөвхөн 2019 оны 1-р сарын малласан малын тоо зөрж байгаа хэдийд ч шүүх хэргийн 31-р талд байгаа хариуцагч талаас гаргаж өгсөн санхүүгийн баримтыг үндэслэн Балжинням хэдэн мал маллаж байсан бэ гэдгийг тогтоох бүрэн боломжтой байсан.

...Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн. Хэрэгт нэхэмжлэгч өөрийн ХААН банкин дахь харилцах дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Үүнийг хариуцагч тал санхүүчтэйгээ хамт үзэж танилцан миний шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрх цалингийн тоон үзүүлэлтэй таарч байгаа. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 269 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Баяндулаан-Уул ХХК-нд холбогдуулан малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11.929.605 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд малчдын зөрүү цалин тооцох журмын дагуу цалин хөлс олгосон эсэх талаар маргаан үүссэн ба нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баяндулаан уул ХХК-ны санхүүгийн албанаас Малчдын зөрүү цалин тооцох журам болон цалин хэрхэн тооцож олгосон тухай санхүүгийн баримтуудыг гаргуулах тухай хүсэлт гаргасан байна.

Тухайн хүсэлт гаргасны дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн байгууллагын санхүүгийн материалаас хуулбарласан эсэх нь тодорхойгүй малчин Ш.Бын цалингийн бодолт гэсэн 16 хуудас материал болон Гацуурт ХХК-ийн мал аж ахуй салбарын ажилчдын цалин хөлс тооцох систем гэдгийг ирүүлж, тус цалин хөлс тооцох системийн дагуу цалинг тооцдог гэсэн тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх бөгөөд хариуцагчаас тухайн хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Гацуурт ХХК нь тухайн компанитай ямар хамааралтай, өөр компанид мөрддөг журмыг ямар үндэслэлээр хэрэглэдэг болон гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлжээ.

Зохигчид өөрсдийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлж, шүүхээр нотлох баримт бүрдүүлүүлж, хүсэлт гаргаж хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд хэргийг шийдвэрлүүлэх нь үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөдөг. Шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй байхад нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 185.686 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН