Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/03513

 

 

 

 

 

 

 

2024 09 25 181/ШШ2024/03513

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ........... тоот хаягт оршин суух Ц овогт А.З /РД:............/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, ............ овогт Б.С /РД:.........../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.С

Хариуцагч: Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Н оролцож, тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай дүү А.З надаар дамжуулан өмгөөлөгч Б.С-тэй харилцан тохиролцож, Г гэх хүнд 86,000,000 төгрөг залилуулсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулахаар тохиролцож, 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Би өмгөөлөгч Б.С-тэй түүний туслах Д.М-аар дамжуулан танилцсан. Өмгөөлөгч Б.С, түүний туслах Л.М нар өмнө нь манай дүү И.С, А.З нарын нэхэмжлэлтэй, С.Э-ээс 30,000,000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт оролцсон. Энэ хэргийн ажлын хөлс тусдаа хийгдсэн.

Харин Гаас 86,000,000 төгрөг гаргуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлын хөлсийг 8,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан атлаа өмгөөлөгч Б.С, туслах Д.М-тай хамт Эрдэнэт рүү 3 удаа явснаас өөр ажил хийгээгүй. Эрдэнэтэд очиход нь манай дүү И.С, А.З нар бүх зардлыг нь төлж байсан. Гэвч энэ ажил эхлээгүй, 2,000,000 төгрөгтөө ямар ч ажил хийгээгүй учраас 2,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Тиймээс хариуцагч Б.Сэс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.З, И.С хоёрыг манай туслах Д.М дагуулж ирсэн. Бид нэг газар уулзаад гэрээ хийж байсныг санаж байна. Би ер нь гэрээгүй ажил хийдэггүй.

Нэхэмжлэгч А.З нь Г гэх хүнд 86,000,000 төгрөг залилуулж, хохирсон хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулахаар 2,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний дансанд мөнгө орж ирмэгц би туслах Д.Мын данс руу 1,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн.

Би туслах Д.Мт тогтмол цалин өгч чадахгүй, ажлын хөлсийг 50, 50 хувиар авч байя гэж тохиролцсоны дагуу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Туслах Т.М өмгөөлөгч миний нэрийг барьж, хүмүүсээс мөнгө авсан асуудал байдаг. Би залилан хийсэн гэх Г гэдэг эмэгтэйтэй маш олон удаа утсаар ярьж, хэл амаар доромжлуулсан. Тэр байтугай миний өвчтэй хүүхдийг хүртэл янз бүрээр хэлээд дарамталж байсан тохиолдол байдаг. Мөн энэ ажлаар хоёр удаа Эрдэнэт рүү явсан. Нэг удаа туслах Д.Мын хамт явсан. Дараагийн удаа өөрийн дүү болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ авч явсан. Эрдэнэт рүү галт тэргээр явж, зочид буудалд байрлаж байсан бүх зардлыг би өөрөө гаргасан.

Үүний хажуугаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.С нь өөрийн хувийн ажилд маш олон удаа намайг оролцуулж байсан. Түц ажиллуулдаг хүн дээр очно гээд хайгаад явсан. Дараа нь Н ББСБ ХХК-д өртэй байгаа очоод уулзаад өгөөч гэсэн. Би очиж уулзсан. Барс зах дээр түрээсийн маргаантай асуудал байгаа гээд очиж уулзсан.

А.Згаас авсан 1,000,000 төгрөгт би маш олон ажлыг хийж өгсөн. Миний хувь хүн бол хүнд тусч, амьдралдаа маш олон зүйл үзэж байсан туулсан болохоор энэ хүнд тусалчихъя гэж явсан. Энэ байдлыг манай өмгөөлөгч нар сонсвол Та юу яриад байгаа юм бэ гэх байх. Өнөөдөр өмгөөлөгч нар маш өндөр үнээр өмгөөлөл хийж байна. Би амьдралдаа тийм их мөнгө хүнээс авч үзээгүй. миний бас нэг зарчим бол хуучин цагийн хүн учраас бүх юм өөрийн гэсэн төлөөстэй өөрийн гэсэн төлбөртэй байдаг. Хүнээс 1,000,000 төгрөг аваад хэрэглэчихсэн юм чинь ажлыг нь хийнэ гээд хийсэн. Миний хувьд ажлаа хийгээд байж байсан, нэхэмжлэгч өөрөө алга болсон.

Одоо бол би өмгөөллийн ажлаа бараг хийхгүй, гэртээ байдаг. Миний түрээсэлж байсан байрыг Монгол ардын намын байр аваад бичиг баримтуудыг маань алга болгосон учраас гэрээгээ шүүхэд гаргаж өгч чадаагүй.

Хуульч нарын цаг үнэтэй гэдгийг нэхэмжлэгч ойлгохгүй байна. Миний хувьд авсан хөлсөнд тохирох ажлаа хийсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг төлсөн баримт, И.Сын иргэний үнэмлэхний хуулбар, А.Згаас И.Сд олгосон итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа, өмгөөлөл үзүүлэн хамтран ажиллах гэрээ, А.Згийн дансны хуулгыг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгчийн үнэмлэхний хуулбар, Б.С-ийн дансны хуулгыг ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Хариуцагч Б.С-ийн хүсэлтээр Д.Маас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Өмгөөлөгч Б.Сд өмгөөллийн үйлчилгээний хөлсний урьдчилгаа төлбөрт 2,000,000 төгрөг шилжүүлсэн боловч өмгөөлөгч ямар ч ажил хийгээгүй тул 2,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч А.Згаас ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг авсан, 1,000,000 төгрөгийг туслах Д.Мын дансанд шилжүүлсэн. Уг ажлын хүрээнд залилсан гэх иргэнтэй нь утсаар холбогдож, Эрдэнэт рүү хоёр удаа өөрийн зардлаар явсан боловч тухайн иргэн нь олдоогүй. Ажлын хөлсөнд авсан 1,000,000 төгрөгт тохирох ажлыг хийсэн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч А.З, хариуцагч Б.С нар харилцан тохиролцож, нэхэмжлэгч А.Згийн Г гэх иргэнд 86,000,000 төгрөг залилуулсан гэх хэрэгт өмгөөлөгч Б.С хууль зүйн туслалцаа үзүүлэхээр харилцан тохиролцож, А.З нь хариуцагч Б.С-ийн Хаан банк дахь ...... тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлын хөлсний урьдчилгаанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх6, 41/

4.2. Хариуцагч Б.С нь өөрийн туслах Д.Мын .......... тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг Z-gaas гэх утгатай шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх41/

5. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг ойлгохоор заажээ.

Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч А.Зтай 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хүрээнд нэхэмжлэгчид хууль зүйн зөвлөгөө өгч, Г гэх иргэнтэй утсаар холбогдож, уг ажлын хүрээнд Орхон аймагт хоёр удаа очиж ажилласан болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч А.З нь хариуцагч Б.Сэс 2,000,000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн үндэслэлээ өмгөөлөгч гэрээний дагуу ямар ч ажил хийгээгүй учраас мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлсноос дүгнэхэд гэрээнээс татгалзсан агуулгатай байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч Б.С нь уг гэрээний дагуу нэхэмжлэгч А.Зд хууль зүйн зөвлөгөө өгсөн, Г гэх иргэнтэй утсаар холбогдсон, туслах Т.Мын хамт Орхон аймаг руу 2 удаа дээрх ажлын хүрээнд явсан гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 1,000,000 төгрөгт тооцож, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.С нь Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Сд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. гэх тайлбар гаргасан боловч тухайн үзүүлсэн хууль зүйн туслалцаа нь энэ хэрэгт хамааралгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч А.Згийн зүгээс өмгөөлөгч Б.Сэс хууль зүйн туслалцаа авахаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн, Иргэний хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1-т ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэхээр заасан тул туслах Д.Мт шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг хариуцахгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Сэс 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Сэс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ