Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/03512

 

 

 

 

 

 

 

2024 09 25 181/ШШ2024/03512

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:.......... тоотод оршин суух Б овогт А.О /РД:............./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. тоотод оршин суух, Б овогт Б.Э /РД:............./-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,944,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.А хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар талуудын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Э-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.О миний бие А.Н-иар дамжуулан Т.Л гэж хүнээс зээл авсан ба 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Т.Лаас авсан зээлээ төлөхөөр 13,944,000 төгрөгийг Н хийгээрэй гэж өгсөн данс болох Б.Э гэж хүний Хаан банкны .......... дугаарын данс руу өөрийн Хаан банкны .......... дугаарын данснаас 13,944,000 төгрөгийг шилжүүлсэн.

Миний хувьд Б.Э гэж хүнийг огт танихгүй, хараагүй. Бид хоёрын хооронд хууль болон гэрээнд зааснаар ямар нэгэн үүрэг үүсээгүй, өглөг авлага байхгүй, ямар нэгэн харилцаа холбоо огт байхгүй.

Би Н-иар дамжуулан зээл авсан учраас зээлээ буцаан төлөхдөө Н өгсөн Б.Э гэх хүний данс руу 13,944,000 төгрөгийг шилжүүлэн өгч, Т.Лаас авсан зээлийг бүрэн төлж дууссан.

Гэтэл Т.Л нь надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр, хүү, алдангид нийт 31,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд миний төлсөн Б.Э гэж хүний дансанд шилжүүлсэн 13,944,000 төгрөгийг Т.Лд өгөөгүйг мэдсэн.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй. гэж зааснаар эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд болох Б.Эаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,944,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Н эгч над руу залгаад О гэх хүнээс 13,944,000 төгрөг орно. Миний данс руу хийгээд өгөөд гэсэн хүсэлтийн дагуу Хаан банкны тоот Н дансанд хэлсний дагуу шилжүүлсэн. Миний хувьд А.О гэж хүнийг огт танихгүй, хараагүй. Бид хоёрын хооронд хууль болон гэрээнд заасан ямар нэг үүрэг үүсээгүй, өглөг авлага, харилцаа холбоо огт байхгүй. Тухайн мөнгийг би хувийн ашиг сонирхолд зарцуулаагүй нь үнэн болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгч А.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие А овогтой О нь Б.Эаас 13,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Б.Э нь мөнгийг Н данс руу шилжүүлэн өгсөн байгаа тул А.О миний бие Б.Э-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Э-т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу хариуцагч Б.Эаас гаргуулахаар нэхэмжилсэн 13,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар гаргав.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Э-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 13,944,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Б.Э-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ