Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 578

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Л,  

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1708021280296 дугаар эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 5, хоёр хүүхэд, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лийн Э /РД:.../.

Яллагдагч Л.Э нь 2017 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй баарны үүдэнд иргэн Г.Аийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 20-нд “...” баарны нээлт болсон. Г.Аийг уриагүй байхад ирсэн. Тэрээр нэлээн согтсон байсан. Баараа 03.30 цагт хаасан. Дүү найзыгаа явуул гэхээр нь Г.Аийг явуулсан. Тэрээр буцаж ирээд надтай маргалдаад үсдэлцээд би цохисон. Гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 1708021280296 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Аийн: “Найз Э дүүтэйгээ нийлээд 1 дүгээр хороололд баар ажиллуулах гэж байгаа, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нээлтээ хийнэ ирээрэй гэсэн. Орой 19 цагийн үед очсон. ...Шөнө 04 цагийн үед би “явлаа” гээд такси бариад явсан. Гар утсаа үлдээчихсэн байснаа санаад буцаж очсон. Баарны хаалгыг тогштол онгойлгож өгөхгүй байсан, би нэлээн удаан нүдсэн. Тэгсэн Э гарч ирээд “хараагаад хаалга юундаа нүдээд байгаа юм” гээд намайг үсдэж газар унагааж үснээс чирсэн. Тэгээд нүүр рүү өшиглөсөн. Би өшиглүүлээд хэсэг шоконд орсон. Хохирлын мөнгө 200000 төгрөг хүлээн авсан. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-9-10, 11, 12/,

Гэрч Л.Энхтүвшингийн: “...А бааранд ирсэн хүмүүсийг хэл амаар доромжлоод хэрүүл өдөөд байсан. ...Баарны гадаа үүдэнд Э эгч А эгч хоёр маргалдаад зогсож байсан. Манай эгч Аийг цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-6/,

Гэрч У.Мөнх-Эрдэнийн: “...А гэх эмэгтэй согтуурхаад тэнд байсан хүмүүс рүү агсраад Энхмаа, Э хоёрыг хэл амаар доромжилж байсан. Баарны гадаа А цус гарчихсан, хамаг хувцас нь норчихсон байдалтай байсан. Би зодоон болохыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-14/,

Гэрч Л.Энхмаагийн: “...Эгчийн найз А хүн болгоныг өдөөд үг хэлээр хэлээд уурыг нь хүргээд байсан. Агсан согтуу тавиад хүн болгон уруу уурлаад дайраад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Оргил Аийг гарахгүй болохоор нь тэврээд баарнаас гаргаад хаалгаа хаасан. Баарны хаалга нилээн нүдсэн. Нилээн байж байгаад гарахад явчихсан байсан. А такси барьж ирээд Э эгчийг учир зүггүй үсдээд авсан. Хоорондоо маргалдаж байсан. Тэр хоёрыг зодолдож байхыг би хараагүй” гэх мэдүүлэг /хх-15/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.10.24-ний өдрийн 13366 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.А-н биед баруун нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, шанаа, духны хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвуу, баруун гарын сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд зулгаралт, баруун дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/,

Шүүгдэгч Л.Эын яллагдагчаар өгсөн: “Би дүү Энхмаатай хамт “...” баарыг нээсэн. Таньдаг хүмүүсээ нээлтэн дээр дуудсан. Гэтэл А согтчихоод хүн болгоныг хэл амаар өдөөд байсан. Бид нар Аийг явуулах санаатай “одоо дуусгаад тарцгаая” гээд Аийг гаргаад хаалгаа түгжсэн. Тэрээр хаалга нүдээд байсан. Хэсэг байж байгаад бид гарахад А такситай ирчихсэн байсан. Намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдсэн. Би түүний нүүр рүү гараараа цохиод газар унахаар нь нүүр рүү өшиглөсөн. Хамт байсан хүмүүс салгасан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-27/,             

Гэрч Г.Халиуны мэдүүлэг /хх-14/, шинжээч М.Энхтайваны мэдүүлэг /хх-22-23/ зэрэг авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Э нь 2017 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “...” баарны үүдэнд хоорондын таарамжгүй харилцааны улмаас Г.Атэй маргалдан гараараа цохиж, хөлөөр өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь дээрх шинжлэн судлагдсан буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд “200000 төгрөг өгсөн, хохирогч гомдол саналгүй” гэснийг /хх-58, 67/ тус тус харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэж, шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Э урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Э 450000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Э урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

           

 

                   ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР