Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 41

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Оролцогчид

Хариуцагч Б.А /онлайн/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор БОО ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ад холбогдох гэм хорын хохиролд 2.784.449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч БОО ХХК-ний захирал С.Отгонбаяр анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг юм. Манай компанийн улаан буудайн тариалсан талбайд 2018 оны 08 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө 2-р багийн иргэн Б.Аийн 23 толгой адуу орж 2,784,449 төгрөгийн хохирол учруулсан юм.

...Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчин Алтангэрэлд 2018 оны 09 сарын 28-нд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаад 10 дугаар сарын 2-нд хаасан материалыг хуулбарлан ирүүлээд байна. Хариуцагч Алтангэрэл нь адуугаа өөрөө талбайгаас гарган авсан, адуу малаа оруулснаа хүлээж хохирол тооцсон акттай танилцаж хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсгээ зурсан, түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгсөн байна. Иймд Алтангэрэлийн шөнийн цагаар тариан талбай руу адуугаа оруулж учруулсан хохирол 2,784,449 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 1,035,000 төгрөгийн торгууль оногдуулсан. Мөн тариан талбайд мал оруулсантай холбогдуулан сумаас авах арга хэмжээ гэж 300,000 төгрөгийн торгууль тавьсан. ...Манай адууг Идэрээ гэдэг хүн 120-ын фермийн хашаа гэдэг газар хашсан байхад нь очиж ялгаж авсан. Тэгээд би хэлэхдээ Та нар миний адууг талбайд орсон гэж байгаа бол бичлэг болон зураг эд мөрийн баримтаа үзүүл гэдэг шаардлага тавьсан. Миний тавьсан шаардлагын дагуу ямар нэгэн бичлэг болон зураг баримт үзүүлээгүй. Иймд би энэ мөнгийг өгөх боломжгүй гэж үзэж байгаа. Адууг тариан талбайд оруулсан гэх үндэслэлээр сум орон нутаг 300,000 төгрөгийн торгууль тавихад буруугаа хүлээн зөвшөөрч 300,000 төгрөгийн торгуулийг төлсөн гэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хүчин төгөлдөр шийтгэлийн хуудсаар тогтоогдсон 1,035,000 төгрөгийг Б.Аээс гаргуулан БОО ХХК-ны захирал С.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,749,449 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч БОО ХХК-ны захирал С.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 29,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.... гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сумын нутагт тариа тарьдаг БОО ХХК-ийн захирал С.Отгонбаяр нь миний 23 тооны адууг тарианд орж тариа сүйтгэсэн хэмээн ор үндэслэлгүй худлаа ярьж байна. Миний адуу Амаржаргал хэмээх хүний пойлинд орсон тэр үндэслэлээр намайг сумын захиргаа 300.000 төгрөгөөр торгосон юм. Намайг пойлиноос өөрөө адуугаа гаргаж авсан гэдэг нь бас худлаа би 120-н хашаанд Идрээ гэдэг хүн хашсан байсан 400 гаруй адуунаас адуугаа ялгаж авсан. Миний адууг Идрээ, Эрдэнэцогт нар тоолж хүлээлгэж өгсөн.

Ийм С.Отгонбаярын тариан талбайд миний адуу орж сүйтгэсэн тухай хэрэгт ямар ч баримт байхгүй наанадаж бичлэг, зураг ч огт байхгүй учир намайг гүтгэж байна. Тийм учраас би энэ хүний нэхэмжилж буй 1035000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 76 дугаартай шүүх хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энийг зөв үнэн мөрөөр нь шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 76 дугаартай шийдвэрийн хариуцагч Б.А нь үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргасантай танилцлаа. Хариуцагч нь Бүрэн- Оргил Од ХХК-ийн тариан талбай руу адуугаа оруулаагүй гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна Бүрэн-Оргил од ХХК-ийн улаан буудай тариалсан талбайд 2018 оны 08 дугаар сарын 31-ээс 9 дүгээр сарын 1-нд шилжих шөнө Баруунбүрэн сумын 2-р багийн малчин Б.Аийн 23 толгой адуу орж ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр тооцсоноор 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан юм Тухайн үед нэр бүхий 6 малчны адуу тариан талбай руу орсон даруйд сумын Засаг даргын орлогч Ж .Ширчмаа даргатай комисс ирж хохирлыг газар дээр нь шалган тогтоож малын тоонд нь харьцуулж малчин тус нэг бүрээр нь Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орж учруулсан хохирлыг тооцсон акт -ыг ургац тогтоолтын урьдчилсан дүнгээр буюу нэг га-гаас 7 тн ургац авна гэж тооцон акт тавьсан бөгөөд Алтангэрэлийн нэр дээр ч мөн акт тавигдсан болно. Малчин Б.Аийн 23 толгой адуу тариан талбай руу орж тариалсан улаан буудайг сүйтгэсэн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж шалган түүнд 300000 төгрөгийн торгууль оногдуулсныг тэрээр төлсөн боловч гэм хорын хохирлоо төлөөгүй, төлөх талаар санаачилга гаргахгүй байгаа учир шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Б.А нь тариан талбай руу адуугаа оруулж тариалсан улаан буудайг устгаж сүйтгэсэн зөрчил гаргасан нь нотлон тогтоогдож байгаа тул анхан шатны шүүх түүнээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч БОО ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг ба 2018 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө тухайн компаний тариан талбайд адуу орж, идэж сүйтгэснээр зохигчдын хооронд хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаан гарсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заажээ.

Энэхүү гэм хорыг хариуцах үүрэг үүсэхийн тулд хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруу учирсан гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай.

 

Хэргийн үйл баримтаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тариалангийн газрын эзэмшигчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр мал оруулах, бэлчээхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцагч Б.Аийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 0172345 тоот шийтгэлийн хуудсаар 300.000 төгрөгөөр торгож, хохирол 1.035.000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийтгэл ногдуулжээ.

Зөрчил гэдэг хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэлдэг бөгөөд зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг. Тиймээс хариуцагч Б.Аийг адуугаа зохих хариулгагүй байлгаснаар тариалангийн талбайд малаа оруулж Тариалангийн тухай хуулийг зөрчсөн үйлдэлд нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 0172345 тоот шийтгэлийн хуудсаар зохих шийтгэл ногдуулсан гэж үзэх ба харин түүний үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 1.035.000 төгрөгийн хохирол учирсан эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

БОО ХХК-ий тариан талбайд 2018 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө тухайн сумын нэр бүхий 8 иргэдийн 400 гаруй адуу орсон үйл баримт тогтоогддог бөгөөд адуу талбайд орсноор нэхэмжлэгчид хэдий хэмжээний хохирол учирсан, тухайн хохирлыг хэрхэн тооцон гаргасан болон хохирлыг малчдад хэрхэн хуваарилсан талаар маргаантай байхад зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаагаар хариуцагчийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг тогтоосон гэж шүүх тодорхойлсон үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар зохигчид нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орж учруулсан хохирлыг тооцсон 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай акт нотолно гэж тайлбарладаг бол хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...адуу тариан талбайд орсон нь үнэн боловч нэхэмжлэгчийн талбайд манай адуу орсон гэдгийг нэхэмжлэгч тогтоогоогүй, Идэрээ гэдэг хүнээс 120-ийн фермийн хашаанд хашигдсан 400 гаруй адуунаас өөрийн 23 тооны адууг ялган авсан, нэхэмжлэгчийн талбайд 7-8 айлын 800 гаруй адуу орсон гэсэн гэтэл хохирлыг зөвхөн манай адуу учруулсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна гэж үзлээ. .

Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар БОО ХХК-ны хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.784.449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч БОО ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Аээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.390 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

Г.ДАВААРЕНЧИН