Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/34

 

Ж.Энхбатад холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                         Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Ө.Батболд, Г.Алтанчимэг, Н.Нарантуяа

Шүүгдэгч                                          Ж.Энхбат     

Нарийн бичгийн дарга                        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Энхбат, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Н.Нарантуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Энхбатад холбогдох эрүүгийн 2221000000057 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрээд овогт Жамсрангийн Энхбат, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг, “Улаан өндөр” гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: ЖК83063017/

Шүүгдэгч Ж.Энхбат нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө согтуугаар хохирогч Б.Нямдоржтой маргалдаж, нуруун тус газар нь хутгаар нэг удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Энхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч Хэрээд овогт Жамсрангийн Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Жамсрангийн Энхбатад 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбатад оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбатын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.Энхбат нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Нямдорж нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖК83063017 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Энхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг давж заалдах гомдолдоо: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой талаас нь гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ж.Энхбат нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, түүнийг санаатайгаар гэмтээгээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй байдлаар үйлдсэн гэдээ мэдүүлж, хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч цаашид гомдол саналгүй гэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн байдаг.

Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч нар хууль зүйн хувьд хэргийн процесс ажиллагаанд маргаж мэтгэлцсэнийг шүүгдэгч гэм буруу дээр маргасан гэж адилтган үзэх боломжгүй ба шүүгдэгч Ж.Энхбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруу дээр огт маргаагүй гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ж.Энхбатад 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэм буруудаа гэмшиж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчоос уучлалт гуйсан мөн хохирогчийн зүгээс шүүгдэгч Ж.Энхбатаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг хэрэглэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Ж.Энхбат нь хохирогчид учруулсан хохирол, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, түүнийг санаатайгаар гэмтээгээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй үйлдсэн гэдгээ мэдүүлж, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол барагдуулсан, хохирогч нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Харин анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хууль зүйн хувьд процесс ажиллагаан дээр маргаж мэтгэлцсэнийг шүүгдэгч гэм буруу дээр маргасан гэдэгтэй адилтган үзэж болохгүй юм. Шүүгдэгчийн хувьд анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруу дээр огт маргаагүй гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Энхбатад эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал байгааг харгалзаж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой байсан ч хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалтуудыг ашиглаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Энхбат давж заалдах гомдолдоо: “Миний хувьд тухайн үед их архи уусан байсан. Би хохирогчтой ямар ч хэрүүл маргаан хийгээгүй. Түүнийг яаж хутгалснаа ч мэдэхгүй байна. Би мах авах гэж яваад түүний дээр дараад унасан уу, үнэхээр бөөгийн хорлол болсон уу гэдэг хоёр л асуудал надад байна. Би мөрдөн байцаалтад ялдагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа.

Гэхдээ ямар ч тохиолдолд өөрийгөө зөв зүйл хийсэн гэж маргаагүй. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид 8 500 000 төгрөг төлж барагдуулсан. Мөн мах өгсөн хохирогчоос сайн дураараа уучлал гуйсан. Би үнэхээр түүнийг яагаад хутгалснаа одоо ч хүртэл санахгүй байна. Би хохирогчтой маргаж муудалцаагүй болохоор энэ хүнд гэмтлийг санаатай учруулаагүй байх болгоомжгүйгээр учруулсан байх гэж хэлснээс минь болоод анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж шийдвэрлэсэнд би маш их гомдолтой байна. Би зөвхөн болсон асуудлаа санахгүй, өөртөө хэрэгтэй мэдүүлэг өгсний төлөө намайг ингэж шийтгэж байгаа нь маш харамсалтай байна.

Би өмнөх эхнэрээсээ өнчин хоёр хүүхэдтэй хоцорч, өрх толгойлсон эцэг явж байгаад дөрвөн жилийн өмнөөс Нарангарав гэх бүсгүйтэй танилцан нэг хүүхэдтэй болсон. Би өмнө нь архи дарс ууж, ямар нэгэн асуудал огт гаргаж байгаагүй, эрүүлжүүлэх болон цагдаад огт шалгагдаж байгаагүй, ямар нэгэн буруу, худал хуурмаг зүйл хийж, хууль хяналтын байгууллагаар ээрэгдэж байгаагүй амьдрал, үр хүүхдийнхээ төлөө л хичээн зүтгэж явсан. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхгүй юм гэхэд ядаж ял шийтгэлийг минь багахан ч гэсэн багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ж.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний буруу. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад аль болох хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсч байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлоо бүрэн дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хийсэн үйлдэлтэйгээ маргадаггүй. Анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Энхбатад 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т хорих ялын доод хэмжээний 3/2-оос багагүй ял оногдуулахаар заасан байдаг. Тиймээс дээрх зүйл заалтыг баримтлан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсч байна. Энхбатын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон. ...Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг хөнгөрүүлэх боломжгүй гэж бичсэн байсан. Энэ эргэлзээтэй юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч гэсэн өөрөө хэлдэг. “Би тухайн нөхцөл байдлыг санахгүй байна” гэж хэлдэг. Энэ бол өөрчлөлт оруулах үндсэн агуулга мөн юм. Хохирол төлбөр төлөгдсөн. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна.” ...гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Энэ хэргийн хувьд өөрийн мэдэх зүйлээ анхнаасаа хүлээн мэдүүлсэн. ...Хохирогчид 8 500 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Хохирогчийн хувьд аль болох хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсэлт гаргасан байдаг. ...Миний хувьд давж заалдах гомдол гаргаагүй. ...Анхнаасаа надтай уулзаад өнөөдрийг хүртэл хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ж.Энхбатад ял оногдуулахдаа энэрэнгүй зарчмыг баримталж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж өгөөч гэж гуйж байна. Ганц л удаа алдаа гаргасан байна. Эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзах боломжоор нь хангаж өгөөч. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх ёстой. Хохирогч нь хүртэл аль болох хөнгөн ял оногдуулах хүсэлтэй байгаа.” гэв.

Прокурор Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос хохирогчид хүнд гэмтлийг санаатай учруулсан гэж үзсэн. ... Шүүхээс 5 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж болохоор байна. Хууль ёсны гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нар нь хоёр өөр байр суурьтай, хоёр өөр санал гаргаж оролцож байсан. Өнөөдөр ч гэсэн тэгж байна. Гэм бурууг хүлээн зөвшөөрсөн этгээдэд ял хариуцлагыг хөнгөрүүлэх талаар авч үздэг. Гэтэл өмгөөлөгч нар нь бусад асуудлаар маргаж мэтгэлцэж ирсэн. Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэж маргадаг. Энэ нь шүүгдэгчид ял халдаахад нөлөөлсөн гэж үзэж байна. Ж.Энхбатын хувьд өөрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Хохирол учруулсан асуудал дээр ч маргадаггүй. Сайн дураар хүртэл хохирол төлсөн байгаа. Анхан шатны шүүхээс ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял халдаасан. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулах хорих ялын хэмжээг багасгахад татгалзах зүйлгүй. Энэ бол шүүхийн асуудал юм. Хэргийг бүхэлд нь харгалзаж үзэх нь зүйтэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Энхбат нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө согтуугаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багт оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн гэрт хохирогч Б.Нямдоржтой маргалдаж, нуруун тус газар нь хутгаар нэг удаа хутгалж, цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би архиндаа болоод согтож эхэлсэн бөгөөд яг хэдэн цагт унтсан талаар санахгүй байна. Унтаж байхад шөнийн 04 цагийн орчим гэнэт нуруу хэсэг өвдөхөөр нь хэсэг хэвтэж байгаад өндийж нуруугаа барьж үзэхэд цус гарсан байхаар нь хажуу тийш харахад Энхбат ах гэрийн баруун хойд талд гартаа хутга барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь Энхбат ахад “та намайг хутгалчихлаа” гэхэд “өө ахыгаа уучлаарай” гээд сууж байсан. Энэ үед гэрт байсан охин над руу заагаад “энэ ахыг хутгалчихлаа”  гээд ээждээ хэлээд байх шиг байсан. ...” /хх 18-20/,

Гэрч Д.Цэцэгмаагийн: “...Би 01 дүгээр сарын 05-ны өглөө унтаж байхад манай охин намайг “ээжээ энэ хоёр хүн зодолдоод байна” гээд сэрээхээр нь босоод харахад Энхбат ширээний хажууд сандал дээр суучихсан, хамт ирсэн залуу нь миний унтаж байсан орны дэргэд хажуу талаараа хараад хэвтчихсэн, зүүн далных нь тэндээс цус гараад өмсөж явсан фудволк нь цус болчихсон байсан. Би тэр хоёроос “Юу болов оо яав” гэхэд Энхбат “Зүгээр зүгээр, бид хоёр хоорондоо муудаад” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө залуугийн цусыг нь цэвэрлээд бооё гэхэд тэр залуу үгүй зүгээр гээд байсан ба удалгүй гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд тэр залууг аваад явсан. ...” /хх-ийн 37-40/,

Гэрч Д.Нарангаравын: “...01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө би унтаж байтал хажууд тэр гурав /Ж.Энхбат, Д.Цэцэгмаа, Б.Нямдорж/ ууж байх шиг байсан. Тэгж байтал гэнэт тэр хэд бахиралдаад эхлэхээр нь би босоод харсан чинь Нямдорж зүүн далныхаа хавьд хутгалуулсан байсан ба Нямдорж манай нөхөр хоёр “Та намайг хутгалчихлаа” гээд хоорондоо маргалдаад байсан. Нямдоржийн фудволкных нь ар тал нилдээ цус болчихсон байсан болохоор нь би тайлуулаад хөвөнгөөр биеийг нь арчиж цэвэрлээд үмхий ногоон тос тавьж боосон...” гэжээ. /хх 26-29, 30-32/

Насанд хүрээгүй гэрч Х.Агиймаагийн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө унтаж байхад хүмүүс дуугараад байхаар нь би сэрсэн. Сэрээд босоод харсан чинь нэг ах доор газарт доошоо харчихсан хэвтэж байсан. Нэг ах  нь сандал дээр сууж байсан ба би лавшруулаад харахад газарт хэвтэж байсан ахын зүүн талынх нь далны тэндээс цус гараад нуруун дээр нь асгарчихсан байсан. Тэгэхээр нь би ээж Цэцэгмааг “Ээжээ сэрээрэй” гэсэн чинь манай ээж босоод хэвтэж байсан ах дээр очоод “Зүгээр үү” гээд асууж байх шиг байсан...” /хх 41-44/

Шүүгдэгч Ж.Энхбатын яллагдагчаар өгсөн: “...Тухайн пивоо ууж дуусгах үед Цэцэгээ эгч авдрын юм гээд ганц шил архи гаргаж ирээд тухайн архийг бид дөрөв хувааж уусан. Уугаад сууж байхад Цэцэгээ эгчийн охин болон манай охин унтаж эхэлсэн. Араас нь манай эхнэр Нарангарав, Цэцэгээ эгч, Нямдорж нар унтсан. Би ганцаараа үлдэж үлдэгдэл архиа ууж спикерээр зохиолын дуу сонсож байгаад үүрийн 04 цагийн орчим өлсөөд мах идэхээр болсон. Бид нарын идэж байсан махыг харахад Нямдоржийн толгой хэсэгт газарт байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан хутгыг аваад мах байгаа газар руу согтуу босоод явсан. Явахдаа Нямдоржийн дээр хутгатайгаа унасан байж магадгүй гэж бодож байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй байсан. Бид хоёр өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй, бид хоёр бие биедээ туслаад явдаг байсан. Яагаад ийм асуудал гарсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна...” /хх 69-73/ гэх мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан “...Б.Нямдоржийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар тогтоогдсон цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх, цээжний хөндийн цусан хураа гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 77 тоот дүгнэлт /хх 51-52/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/, эд мөрийн баримтаар  тооцох тухай тогтоол /хх-ийн 16/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.Энхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ял оногдуулжээ.

Шүүгдэгч Ж.Энхбат, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Н.Нарантуяа нар нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Энхбатын гэмт хэрэг үйлдэж, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан,  түүний хувийн байдал, хохирогч Б.Нямдорж нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх 145/ гэсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жил 6 сар болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.Энхбат, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг, Н.Нарантуяа нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбат нь 2022 оны 05 дугаар сарын 27ы өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 108 /нэг зуун найм/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 мөн зүйлийн 2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 2022/ШЦТ/180 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 зааснаар Жамсрангийн Энхбатад 5 жилийн хугаацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “... 5 ...” гэснийг “...3 жил 6 сар...” гэж тус тус  өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энхбат нь 2022 оны 05 дугаар сарын 27ы өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 108 /нэг зуун найм/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      З.ЭНХЦЭЦЭГ

               ШҮҮГЧИД                                                        С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                           Ж.ДОЛГОРМАА