Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0403/З/Т |
Дугаар | 128/ШШ2024/0396 |
Огноо | 2024-05-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2024/0396
2024 05 08 128/ШШ2024/0396
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нараас 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...тус шүүхэд иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.
Нэхэмжлэгч иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нар нь “иргэн Д.Баттулга, Л.Батхишиг, М.Цэрэнбат нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Хуулийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нараас 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан “иргэн Д.Баттулга, Л.Батхишиг, М.Цэрэнбат нарын орон сууцны зориулалттай 16 давхар 2 блок барилгад олгосон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраа 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр баталсан №2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон шийдвэр, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1822/2020 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлээр Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг.
2. Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Хэрэг нэгтгэх тухай” 7695 дугаар шүүгчийн захирамжаар Ю.Батсүх нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд тус тус холбогдох 128/2021/0710/з индекстэй захиргааны хэргийг “Парк вилла” СӨХ-ийн нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох 128/2021/0487/з индекстэй захиргааны хэрэгт нэгтгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан байна.
3. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцүүлж, “Зарим нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 2755 дугаар шүүгчийн захирамжийг гаргасан байх ба уг захирамжийн 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нар нь Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан “Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1822/2020 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтээр ажлын зураг баталсныг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Ю.Батсүх, А.Жавхлантөгс, Б.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй, Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч иргэдийн “Д.Баттулга, Л.Батхишиг, М.Цэрэнбат нарт олгосон 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулжээ.
5. Нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах баримтуудыг цуглуулах, шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ гүйцэтгэснийг тэмдэглэж байна.
6. Харин одоо нэхэмжлэгч иргэн Ю.Батсүх, иргэн А.Жавхлантөгс, иргэн Б.Эрдэнэбат нараас нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
7. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2. “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
8. Иймд нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нарын татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүхийн зардлыг нэгэн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1-т зааснаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан шүүхийн зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч иргэн Ю.Батсүх, иргэн А.Жавхлантөгс, иргэн Б.Эрдэнэбат нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ю.Батсүх, иргэн А.Жавхлантөгс, иргэн Б.Эрдэнэбат нар нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “...иргэн Д.Баттулга, Л.Батхишиг, М.Цэрэнбат нарын 58 айлын 16 давхар орон сууцны барилгын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2015/212 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зураг баталсан үйлдлийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн БА-128/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Ю.Батсүх, иргэн А.Жавхлантөгс, иргэн Б.Эрдэнэбат нарын нэхэмжлэлтэй, НИйслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох 128/2024/0403/З/Т индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд гарсан нийт 3,018,400 /гурван сая арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгөөс тус шүүхийн Тамгын газраас урьдчилан төлсөн 1,318,400 / нэг сая гурван зуун арван найман мянга дөрвөн зуун/ төгрөгт ногдох 439,470 /дөрвөн зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч тус бүрээс 146,470 /нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун далан/ төгрөгийг гаргуулж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005404 тоот дансанд төлүүлэхээр, шинжээчийн зардлаас төлөгдөөгүй үлдсэн 1,700,000 /нэг сая долоон зуун мянган/ төгрөгт ногдох 566,670 /таван зуун жаран зургаан мянга зургаан зуун далан/ төгрөгийг хувь тэнцүүлэн нэхэмжлэгч тус бүрээс 188,890 /нэг зуун наян найман мянга найман зуун ерэн/ төгрөгийг гаргуулж Барилгын хөгжлийн төвийн Төрийн сангийн дансанд төлүүлэхээр тус тус шийдвэрлэсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН