| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2023/00239/И/Н |
| Дугаар | 148/ШШ2024/00450 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 148/ШШ2024/00450
| 2024 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 148/ШШ2024/00450 | Сэлэнгэ аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *-р баг, * хэсэг *** тоотод оршин суух хаягтай гэх ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, 1-р баг, 4 хэсэг, 203 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох
Орон сууцыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
Т.*******ын Сэлэнгэ аймгийн ******* сум * дүгээр баг * хэсэг ** тоотод орших улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай ** мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *-р баг,* хэсэг *** тоотод оршин суух хаягтай гэх овогт /РД: /,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ******* сум, *-р баг,* хэсэг*** тоотод оршин суух хаягтай гэх овогт /РД:/
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сум, * дүгээр баг, * хэсэг, *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.*******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулан авах тухай нэгтгэсэн иргэний хэргийг тус тус хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Сэлэнгэ аймгийн ******* сумын иргэн Т.******* нь газар болон түүнтэй холбогдох нэр бүхий эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Г-1306000042, гэр бүлийн хэрэгцээний Ү-13066000007 хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтуудыг авч зөрүү мөнгө төгрөг өгөх болсон боловч одоог хүртэл өгөөгүй би хохирч байгаа болно. Т.******* нь амьдрах хугацаандаа бусдад түрээслэн ашиг олсон, эд хөрөнгийг сүйтгэх зэргээр мөн бичиг баримт эд хөрөнгөө авъя гэхээр архи уугаад алга болчихдог аль эсвэл согтуу хэл амаар доромжилж өдийг хүрсэн. Одоо би яахын аргагүй хохирч байгаа тул холбогдох эд хөрөнгө хашаа байшин, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичиг баримтууд орон сууцаа авахыг хүсэж байна.
Миний бие 2007 онд энэ байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Тухайн байшин маань ганц дан байшин биш. 1,5 га газартай газрын гэрчилгээтэй, 25 тонны зоорьтой, саунтай, амбаартай, тахианы байртай гэх мэтчилэн дагалдах ийм хөрөнгүүдийг шингээсэн орон сууц юм. Тухайн орон сууцад миний төрсөн дүү Б.Чулуунбаатар амьдарч байсан. Тухайн үед би магистрт сурч байсан. Мөн манай ээжийн бие муу байсан, би хоёр хүүхэдтэйгээ нөхөргүй амьдарч байсан учраас ээжтэйгээ хамт амьдарч байсан. Миний дүү нар харин нөхөртэй хамт амьдардаг юм. Нэг нь ч гэсэн элэг бүтэн амьдар, өөд нь татаад явах байх гэж бодоод тухайн байшинд 2009 оноос хойш амьдарч байсан. Гэтэл дүү Б.Галмандах маань Төрийн банканд ажиллаж байгаад өрөнд орсон байсан. Энэ тухай асуудлыг анх би мэдсэн юм. Тэр үед 2015 онд төрчихсөн байсан нялх биетэй байсан. Миний дүү нар өр ширэнд орж үзээгүй байсан. Өр ширэнд ороод цагдаа сэргийлэх гээд айж л байсан байх. Айгаад янз бүрийн дарамтад ороод байшин саваа өг гэхээр нь миний дүү нар өгсөн байсан. Дараа нь би мэдээд н.Төмөр-Очир гуайтай уулзсан. Н.Төмөр-Очир гэх хүн дарга хийж байсан. Миний ээжтэй нэг нутгийнх учраас би өндөр настай хүнийг хүндэтгээд асуудалд бас арай л өөр хандах байх гэж бодсон. Яаж ч бодсон тийм бүхэл бүтэн өчнөөн хэрэгсэлтэй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй ийм том байшинг арай ч 10 хэдэн сая төгрөгөөс авахгүй. Бас нэг өөр байшин байгаа тэр байшинг ав гэж хэлэхэд авахгүй гэж хэлсэн. 9,000,000 төгрөг билүү 6,000,000 төгрөг ярьдаг байсан. Б.Галмандахын хоёр эгч нь хоёулаа төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан болохоор өрнөөс нь төлөлцөж байсан. Байшинг маань өгчихсөн гэхээр нь н.Төмөр-Очир гуайтай уулзаад Зөрүү 15,000,000 төгрөгийг өгөөрэй гэж хэлсэн. Дүү нар маань миний байшинд амьдарч байгаа хэдий ч гараад орох оронгүй л байсан. Миний дүү бие муутай, хэрх өвчтэй юм. Дөрвөн мөчний хагалгаанд орсон. Хэвтрийн шахуу байдаг хүнийг энэ асуудлаас болоод аваад ирлээ. Адилхан зовлон яривал адилхан л байна. Би өөрийнхөө нинжин сэтгэлээс болоод хоёр хүүхдийнхээ өмчлөх эрхийг хүртэл авч чадахгүй хохироод 7-8 жил боллоо. Дээр нь хоёр хүүхдийнхээ өмчлөх эрхээр хохирчихсон учраас 2023 оны 4 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэх.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа:
... Тус шүүхэд гаргасан Б.*******гийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р багийн 6-р хэсэгт 44 тоотод байрлах 1өрөө хашаа байшинд миний бие 2015 оноос хойш аав Б.******* хэлсний дагуу амьдарч байсан юм. Учир нь тухайн байшинд нэхэмжлэгч Б.*******гийн төрсөн дүү Б.Чулуунбаатар нь 2015 оноос өмнө амьдарч байсан юм. Нэхэмжлэгч Б.*******гийн төрсөн дүү Б.Галмандах нь төрийн банканд ажиллаж байхдаа миний эцэг Б.******* хадгаламжийн данснаас гарын үсгийг нь дуурайлган зурж 6,400,000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэригийг үйлдсэн байгаа юм.
Мөн Б.Галмандах нь ааваас гадна өөр олон хүн залилсан асуудал гарсан учраас Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Тухайн үед манай аав хохирогч болсон учраас Б Галмандахын төрсөн эгч нэхэмжлэгч Б.*******. Б Чулуунбаатар нар нь уулзаж харилцан тохиролцож маргаан бүхий байшинг аав Б.Чулуунбаатарт дээрх мөнгийг оруулан өгч гомдол, саналгүй гэдэг бичгийг авч байсан. 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дээрх Б.Галмандахад аавын хадгаламжаас авсан 6.400.000 төгрөг нэмж Б.Чулуунбаатарт 2.600.000 төгрөгийг өгч хэлцэл хийж баримтжуулж авсан.
Манай аав Б Төмөр-Очир нь тухайн байшингийн бичиг баримтыг өөрийн нэр дээр болгохоор 2016 оноос хойш хөөцөлдөж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан ба 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 902 дугаартай захирамж гарсан ба улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гээд хэрэгсэхгүй болсон байдаг.
Гэтэл тухайн байшинг нэхэмжлэгч Б.******* нь тухайн байшинг Л.Одончимэг гэдэг хүнд барьцаанд тавьсан байсныг мэдсэн. Л.Одончимэг нь шүүхэд нэхэмжлэл гаргаж хэргээ шийдвэрлүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр 4 сая төгрөгт дээрх хашаа байшин хураагдахаар болсон. Ингээд нэхэмжлэгч тал нь дахин манай аавд та дээрх мөнгийг төлөөд байшингаа аваарай гэж хэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Л.Одончимэгийн данс руу 4,000,000 төгрөг хийсэн.
Гэтэл одоо болтол байшинг нэр рүү шилжүүлэхгүй миний аавыг удаа дараа залилан зовоож энэ асуудлаасаа болж 2018 оноос аавын зүрх нь өвдөж эхэлсэн ба 2021 онд нас барсан. Миний аавын нас барсантай нэхэмжлэгч талын ах дүү нарын үйлдлүүд бүгд холбоотой.
Учир нь аав нэхэмжлэгчийн дүү Б.Галмандахыг залилангийн асуудлаар гомдолгүй гэж хэлж ял шийтгэлгүй өнгөрөхөд нь тусалсан. Мөн Б.Чулуунбаатарыг цагдаагийн байгууллагад өгөх гэхэд мөн хүний гарыг буруу эмчилснээс болж тайрахад хүргэсэн хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэхээр нь мөн өөрсдийнх нь хүсэлтээр шүүх, цагдаагийн байгууллагаар яваагүй юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байшин нь хураагдах гэж байхад нь мөнгийг өгнө энэ байшинг өрнөөс суллуулсан зэрэг нь бүгд баримттайгаа байгаа. Одоо миний зүгээс энэ асуудлаар дахин Цагдаагийн байгууллагад хандаж дээрх хүмүүсийг бүгдийг нь шалгуулах болно гэдгээ хэлмээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх
Хариуцагч Т.******* нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... Тус шүүхэд гаргасан Б.*******гийн нэхэмжлэлтэй Т.*******д холбогдох "орон сууцнаас чөлөөлүүлэх, бичиг баримт гаргуулах, тухай нэхэмжлэлд дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна
Миний бие нь дээрхи маргаан бүхий байшинд 2015 оноос хойш амьдарч байгаа юм. Учир нь нэхэмжлэгч Б.*******гийн төрсөн дүү Б.Галмандах нь төрийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан аав Б.******* гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж хадгаламж барьцаалсан зээл 6.400.000 төгрөгийг хувьдаа авсан байсныг Цагдаагийн байгууллага /өөр хэргүүдийн хамт/ шалгасан. Тухайн үед миний аавтай Б.Галмандахын төрсөн эгч нар болох нэхэмжлэгч Б. ******* Б.Чулуунбаатар нар нь уулзаж Миний дүү хэрэгт ороод хүндрэх гээд байна, та цагдаагийн байгууллагад гомдолгүй гээд хэлээд өгөөч хохирол төлбөрийг чинь яаж ийгээд барагдуулна, миний нэр дээр нэг хашаа байшин байгаа та 10,000,000 төгрөгт тооцоод авчихаач гэж хэлэхээр нь аав нэг нутаг усных юм байна гээд өрөвдөж, өмнө залилуулсан 6,400,000 төгрөг дээрээ нэмж 3,600,000 төгрөгийг өгөөд байрны гэрчилгээг нь авсан.
Гэрчилгээг нь өгөх болсон учир нь тухайн байр нь удахгүй өөр барьцаанаас сулрах үед таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учраас уг хашаа байшинд миний бие нь амьдарч байсан юм. Аав тухайн үед надад энэ бүхнийг хэлэхдээ "Охиноо ямар ч байсан хашаа байшинтай болголоо" шуү гэж хэлж байсан. Аав удаа дараа Б *******гоос байшингаа нэр дээр шилжүүлэх асуудлыг тавьж байсан боловч яаж ийгээд аргацаагаад өнгөрөөдөг байсан
2017 онд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас намайг тус байшинд амьдарч байхад хүмүүс байшин өрөнд хураагдсан учир дуудлага худалдаанд орохоор боллоо. суллаж өг гэсэн ба аав Б Төмөр-Очир нь энэ байдлыг лавлаж асуухад Б ******* нь шүүхийн шийдвэрээр уг байшинг барьцаанд тавьж алдахаар болсон байсан.
Миний аав Б.Төмөр-Очир нь өмнө нь хашаа байшинг худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн байсан учраас ямар ч аргагүй болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очиж төлбөр төлөгч Л.Одончимэгийн данс руу 2017.07.06 өдөр 4,000,000 төгрөгииг шилжүүлж, мөн өдөр шүүхиин шиидвэр гүйцэтгэлиин дансанд ажиллгааны зардал гэх 500,000 төгрөгийг шилжүүлсэн барьцаанаас чөлөөлүүлсэн.
Аавын зүгээс нийт энэ байшинд 14.500.000 төгрөгийг зарцуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь дүү нартайгаа үгсэн хуйвалдаж аавыг маань хуурч мэхэлж зовоосоор өвчнийг нь даамжирхад хүргэсэн.
Тухайн үед нэхэмжлэгч нь аавыг амьд сэрүүнд нь хашаа байшингаа шилжүүлэхгүй байсаар 2021 онд нас барсны дараагаар ийм нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.
Иймд Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг, б-р хэсэг,44 тоотод орших улсын дугаартай, хувийн сууцын зориулалттай 91мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14.500.000 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие нь иргэний хуульд зааснаар 2023.07.07 өдөр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэсэн ба үүнд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мөн хамаарч байгаа болно... гэх
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Б.******* миний бие хариуцагч Т.*******ын надад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох, эсвэл 14.500.000 төгрөгийг надаас гаргуулах гэжээ. Тухайн үл хөдлөх хөрөнгө маань анхнаасаа миний болон 2 хүүхдийн маань нэр дээр байсан, бидний өмч юм. Гэтэл Б.Галмандах гэх миний төрсөн дүүд хамааралтай өр ширний асуудлыг надтай холбон миний өмчлөлийн хөрөнгийг тухайн өрөндөө суутган авсан мэтээр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм.
Миний бие тухайн үед дүүгийнхээ өр ширний асуудалд нь тус нэмэр болъё гэж бодсон нь үнэн гэхдээ тэдэнтэй уулзаж байраа 10,000,000 төгрөг-д тооцож өгье гэж огт хэлж ярьж байгаагүй, тэдэнтэй уулзаж энэ өр ширний талаар ч ярилцаж байгаагүй. Харин тухайн үед би байрандаа дүүгээ суулгаад өөрөө Дархан-Уул аймагт сурч байсан ба миний дүү л талийгаачтай ярилцан миний байрыг өр ширэндээ өгсөн юм шиг байгаа юм.
Дүү маань надад хэлэхдээ "...таны байрыг зах зээлийн ханшаар нь тооцоод өр ширээ суутгуулахаар болсон. н.Төмөр-Очир гуай танд зөрүү мөнгөө өгөөд гэрчилгээгээ шилжүүлж авна..гэж байсан. Ийм учраас миний бие талийгаач болон түүний охин \Т.*******ын эгч\-д "...зөрүү мөнгөө яаралтай өгөөд гэрчилгээгээ шилжүүлж аваачээ, би бас өчнөөн хүлээлээ байр саваа өгөөд, энэ асуудлаа шийдье..." гэж удаа дараа уулзан хэлж байсан. Гэтэл одоо намайг хашаа байшингаа 10 саяд бодож өгчихөөд гэрчилгээгээ шилжүүлж өгөхгүй арга саам хайсан мэтээр ярьж байгаад гомдолтой байна.
Миний хашаа байшин, 25 тн-ын зоорьтой, тахианы байр, түлээний амбаар зэрэг хашаа томтой дотроо тохижилт сайтай, хийж бүтээсэн зүйл ихтэй энэ зэргийн хөрөнгөө би юу гэж хүнд 10 сая төгрөгөнд үнэлж өгөх вэ дээ. Юмны учир мэдэх хүмүүс тэр зэргийн хашаа байшин хэзээ ч 10хан сая төгрөгний үнэтэй байхгүй гэдгийг мэдэж л байгаа.
Би нас биед хүрсэн дүүгийнхээ өмнөөс өр төлбөрийг нь төлөх, оронд нь хөрөнгөө өгөх үүрэг огт хүлээгээгүй, тийм ёс ч байхгүй. Зөвхөн дүүдээ туслая, нэгэнт байрыг маань хүртэл авахдаа тулсан бол одоо яахав өгөөд зөрүү мөнгөөр нь хүү охин хоёртойгоо амьдрах жижиг хашаа байшин олж авна даа гэж бодож өчнөөн жил хүлээсэн. Гэтэл өөрсдөө огт санаачлага гаргахгүй энэ чигээрээ мартагнуулах санаатай яваад байсан тул миний бие байраа буцаан өмчлөлдөө авахаар шүүхэд хандсан. Энэ олон жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн хоорондох асуудлаас болж миний бие хоёр хүүхдийнхээ хамтаар маш их хохирлоо. Мөн биднийг эгч дүүсээрээ нийлж хүн залиллаа хэмээн хэлж ярьж нутаг усаар нэг нэр хүнд унагаж байгаад маш их гомдолтой байна.
Миний дүү Д.Галмандах өр ширний асуудалд орсон нь үнэн. Би Т.*******, , н.Төмөр-Очир гэх хүнээс авсан нэг ч төгрөг байхгүй.
Тийм учраас зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх
Нэхэмжлэгч Ц., Ц. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Бид ээж Б.*******гийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын 1-р баг 6-р хэсэг 45 тоотод байрлалтай Ү-1306000007 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 91м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус хаягт байрлалтай Г-1306000042 тоот гэрчилгээний дугаартай, 170600300 нэгж талбарын дугаар бүхий 5000м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтаар өмчилдөг хууль ёсны өмчлөгч нар юм.
Гэтэл дээрх газар болон хувийн сууцыг маань 2015 оноос эхлэн манай сумын иргэн Т.******* гэх хүн эзэмшиж байна. Учир нь гэвэл нагац эгчийн маань өр төлбөрөөс үүдэн дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмших болсон гэх ба ингэхдээ өмчлөгч болох бидэнд огт мэдэгдээгүй, бидний хамтран өмчлөгч ээж Б.*******д мэдэгдсэн гэх боловч албан ёсны гэрээ хэлцэл хийсэн зүйл огт байдаггүй юм. Бидний хамтран өмчлөгч болох ээж Б.*******той тухайн үед тохиролцохдоо уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар нь бодож тооцон нагац эгчийн маань өр төлбөр болох 9,400.000 төгрөгийг суутган, зөрүү болох 15.0 сая төгрөгийг өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэдэг. Гэтэл түүнээс хойш өдийг хүртэл огт зөрүү мөнгөө өгөлгүйгээр үл хөдлөх хөрөнгийг маань эзэмшиж, ашигласаар ирсэн. Т.******* нь бидний өмчлөлийн хувийн сууцыг 8 жилийн хугацаанд эзэмшиж. ашиглахдаа иргэн Д.Бат-Эрдэнэ, Ц.Уранчимэг нарын зэрэг, бусдад түрээслүүлэн ашиг олсон ба тахианы байрыг нурааж зарсан, хашаа хороо байр байшинг эвдэн сүйтгэж бидний үл хөдлөх хөрөнгөнд маш ихээр хохирол учруулсан байдаг. Бид нэгэнт Т.******* гэх хүнд үл хөдлөх хөрөнгөө албан ёсоор гэрээ хэлцэл хийн шилжүүлээгүй ба бидний өмчлөх эрх зөрчигдсөөр байгаа тул өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.*******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ эх хувиар нь гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний аав төр захиргааны байгууллагад 45 жил ажиллаж авсан тэтгэврээ өөрийнхөө хадгаламжинд хийж явсан. Тэр хадгаламжнаасаа хүүгээ авч, хэрэглэдэг байсан.
Нэг өдөр хуурамчаар аавын минь гарын үсгийг хуурамчаар 6,500,000 төгрөгийг авсан байсныг мэдсэн. Манай ааваас гадна 6-7 хүн байсан. Аав маань гэртээ байж байхад нь энэ гурав орж ирээд Байдал эвгүй боллоо. Та миний дүүд туслаач гэж ярилцсан. Таны гарын үсгийг дуурайж, дүү маань хуурамчаар гарын үсэг зурж мөнгө авсан. Та гомдолгүй гэвэл миний дүү зүгээр байна гэж хэлсэн.
Манай аав авсан мөнгөө өгөөд, хүүний мөнгийг нэмээд төлөх боломж уу гомдолгүй гэж бичиг гаргуулж авсан. Ээж маань хажууд нь байсан. Дүү маань ачигдах гээд байна. Энэ байшинг авчих гэж хэлсэн. Миний аав тэрнээс биш хамаагүй, дур мэдэн хүний юманд хүрээд байдаг хүн биш. Байшингаа аваад нэг сарын хугацаа өгье. Боломжтой бол миний хүүхдүүд яаж төлөх юм. Хүний бичиг баримтыг хуурамч гарын үсэг зурж, авч чадаж байгаа юм чинь би юу ч үгүй үлдэх юм байна. Тавьж байгаа зүйлийг чинь авъя гэж хэлээд хугацаа өгсөн. Буцаагаад яаж төлөх вэ гэсэн чинь Бид цалингийн зээл аваад төлнө. Санаа зоволтгүй гэж хэлсэн. Аав маань сар гаруйн хугацаанд хүлээсэн.
Миний аав хөрөнгө гэдэг үүднээс худалдаж авсан. Хугацаандаа юмаа өгөөгүй байж байтал гэнэтхэн байшингийнхаа түлхүүрийг өгсөн. Энэ байшингийн гэрчилгээ нь хаана байна. Өмнө би хулхидуулчихсан юм чинь гэж хэлэхэд Та шинээр авна гэж хэлээд Төрийн банкны захирал байсан н.Болормаад газрын гэрчилгээ, байшингийн гэрчилгээг хамт өгсөн байсан. Тухайн үед Б.*******гийн өмч гэж мэдээгүй. 11 сарын үед өвлийн хүйтэнд н.Одончимэг гэх хүн ирсэн. Дуудлага худалдаанд оролцоно гэж хэлсэн. Хэн төлөх юм бэ гэхэд Б.*******гийн зүгээс танд зарсан. Та төлнө гэж хэлсэн гэж байсан. Аав маань би мэдэхгүй байна. Би Б.*******г мэдэхгүй. Б.Чулуунбааатартай тооцоо хийсэн. Энэ чинь Б.Чулуунбаатарын өмч гэж хэлсэн. Өөдөөс ******* ******* гэх зүйл гаргаад ирэхээр нь энэ хүмүүсд хулхидуулсан байснаа мэдсэн. Та буцаагаад шоронд өгчих гэж хэлсэн чинь цагдаад нэхэмжлэл гаргавал бүгд хуурсан байна гэж хэлэхэд Яах юм бэ. Дүү нь шоронд явчихна. Хүний нялх хүүхэдтэй зууралдаадя яахав. Нэгэнт бидэнд өгчихсөн юм чинь энэ мөнгийг төлөөд худалдаад авъя гэж хэлсэн. Дахин миний ээжийн тэтгэврийн зээл авхуулсан. н.Одноо гэх хүн биднээс 6,000,000 төгрөг нэхэмжилсэн. Хөгшин настай хүн байна. Мөнгө цаас гээд яахав гэж хэлээд 4,000,000 төгрөгийг бэлэн авсан. 500,000 төгрөгийг н.Мөнх-Отгон гэх хүнд өгсөн. Тэр үед Б.*******гийн өмч гэдгийг мэдсэн. Өмнөөс нь төлөөд авчихсан байдаг. Аав маань нас барахаасаа өмнө миний охин ганц гуйлт байна гэж хэлсэн. Одоо Б.*******г дуудчих. Би охиндоо байшин савтай холбоотой. Хүнд хэцүү асуудал үлдээмээргүй байна. Аав нь нас өндөр болсон байна. Эмнэлэгт хэвтүүлэхэд хүртэл байшингаа алдчихлаа та нар ямар өөдгүй хүүхдүүд вэ гэж хэлж байсан. Миний аав хүнд байдалтай байна очоод уулзчих гэж хэлэхэд Би ийм л юм хүлээж байсан гэж хэлээд гэрээс нь хөөгдөөд гарсан. Бид ач гавъяа үзүүлж, дүүг нь шоронд явуулаагүй байж юу ч болоогүй юм шиг ингэж явж байна. Бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд олон эрсдэл гарсан байхад ганцхан өөрийгөө өмгөөлж байна. Аль аль талдаа зовлон амслаа. Аав маань захисан учраас байгаад байгаа нь энэ. Айлын гурван хүүхэд нийлээд хулхидаж, хөгшин настай аавыг минь ингэсэнд болдохоос сонин санагдаж байна... гэх
Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:
- Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн: Иргэний үнэмлэхийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-1306000007 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, өмчлөх эрхийн Г-1306000042 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар /хх-ийн 5,8,9 ху/
- Хариуцагчаас гаргасан: Төрийн банканд баталгаа гаргах нь гэх гар бичмэл, Тодорхойлолт, Хэлцэл, Төрийн банк орлогын мэдүүлэг /хаан банк орлогын мэдүүлэг, өвлөх эрхийн гэрчилгээ, Б.******* иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар, 0000244036 дугаартай нас барсны гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар, Т.*******ын 28 дугаартай төрсний гэрчилгээ нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* сумын засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тодорхойлолт, итгэмжлэл /хх-ийн 22, 23, 24, 25,26-29,56-60 ху/,
- нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн
- гэрч Б.Галмандахын шүүхэд өгсөн ... ******* миний төрсөн эгч юм. Харин *******ыг нэг нутгийнх гэдгээр нь танина. Б.Төмөр-Очироор зээл авхуулсан. Нийлээд 10 орчим сая төгрөг болсон шиг санаж байна. надад уг мөнгийг өгөх боломж байхгүй байсан учир манай эгч Б.*******гийн байшинг өрөндөө аваад Б.*******д зөрүү мөнгө өгөхөөр тохиролцоод эгчийн хашаа байшинд орсон. *******гийн хашаа байшин нь 10 сая төгрөгөөс илүү үнэтэй хашаа байшин юм. Хашаа байшинд орохдоо зөрүү мөнгө өгнө гэж байсан боловч өгөөгүй. *******гийн хашаа байшинг өгөөд зөрүүд нь мөнгө нэмж авахаар тохиролцсон. Яг хэдэн төгрөгийн зөрүү авахаар тохиролцсоныг сайн мэдэхгүй.
Огт ял шийтгэл хүлээж байгаагүй Л.Одончимэгт би барьцаалж зээл авсан. Би Төмөр-Очироос мөнгө аваад Л.Одончимэгээс байшингийн гэрчилгээг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 39 ху/
Гэрч Б.Чулуунбаатарын шүүхэд өгсөн ... Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6 дугар хэсэгт 44 тоотод 2007-2016 он хүртэл амьдарч байсан.
Манай дүү Галмандах Төмөр-Очирт 10 сая төгрөгийн өртэй байсан. Уг мөнгөө төлж чадахгүй байсан тул Б.*******гийн байшинг уг зээлд өгөөд мөн дээрээс нь Төмөр-Очироос зөрүү мөнгө авахаар тохирч байсан. Уг байшинг 20-25 сая төгрөгөөр зарна гэсэн тооцоололтой байна гэж ******* эгч хэлж байсан. Би уг байшинд амьдарч байсан тул эхлээд надтай хэлцэл хийсэн. Миний гарын үсэг мөн ямар ч байсан нэг бичигт гарын үсэг зуруулж байсан. Доторх утгыг нь санахгүй байна. Байшинг Одончимэг гэх хүнд барьцаалсан талаар санахгүй байна.
Б.******* Б.Галмандах нар мэдэж байгаа байх Би тэр асуудалд нь оролцоогүй болохоор мэдэхгүй байна. 2016 онд уг байрыг хүлээлгэж өгөөд гарснаас хойших асуудлыг сайн мэдэхгүй.Одоо бүх бичиг баримтууд *******д байгаа. Яагаад шилжээгүй эсэхийг мэдэхгүй гэх мэдүүлэг,/хх-ийн 40ху/
-Б.******* төрийн банкны 150600106474 тоот зээлийн дансны хуулга, Б.******* Төрийн банкны 150600112258, 150600101261, 150600109118, 150600112225, 150600110098, 150600110292, 150600109727, 150600112249, 150600094329, 150600111160, 150600109500, 150600091713, 150600094781, 150600097317 тоот тус тус хадгаламж барьцаалсан зээлийн дансны хуулга, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 225 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/235 тоот албан бичиг, Б.******* өргөдөл, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 902 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дугаартай Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 247 дугаартай гомдлын хариу мэдэгдэх хуудас, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/34 дугаартай Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол, гэрч М.Мөнхжаргал, Б.Чулуунбаатар, Б.*******,Б.Галмандах нарын цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүд, үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 40-41, 77- 92, 94-96,137-154,179-181,183-198 ху/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, Ц., Ц. нар нь хариуцагч Т.*******д холбогдуулан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох буюу Т.*******д байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 хэсэг 44 тоотод орших улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14,500 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна./хх-ийн 62-64 ху/
1.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
1. Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсэгт орших 2 дугаар баг 4 хэсэгт 91 мкв хувийн сууцыг 2007 оны 10 сарын 23-ны өдөр бүртгэж Б.*******, Ц., Ц. нарт үл хөдлөх хөрөнгийн Ү-1306000007. дугаартай гэрчилгээ олгогдсон байна.
2. ******* сумын 1 дүгээр багт орших 170600300 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 5000 мкв газрын хууль ёсны өмчлөгчөөр Б.*******, Ц.,Ц. нарыг бүртгэж Г-1306000042 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
Дээрхээс үзвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 44 тоот хаягт байршилтай, 90м.кв талбайтай, хувийн сууц нь нэхэмжлэгч Б.*******, Ц., Ц. нарын өмчлөлийн хувийн сууц болох нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1306000007 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна./хх-ийн 136- 154 ху/
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий хувийн сууц нь хариуцагч Т.*******ын эзэмшилд байгаа нь түүний нэхэмжлэлийн хувь гардаж авсан баримт болон шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч тухайн орон сууцыг хуульд заасны дагуу эзэмших эрхтэй гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч нь уг орон сууцыг чөлөөлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг 6 дугаар хэсэгт орших 91м.кв хувийн сууцыг хариуцагч Т.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, хувийн сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 44 тоотод орших улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулах тухай сөрөг шаардлага гаргасан.
Өвлүүлэгч Б.Төмөр-Очир 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 10 дугаарт бүртгэгдсэн учир Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 531 дүгээр зүйлийн 531.1-т заалтыг үндэслэн өвлүүлэгчийн охин болох Т.*******д 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр №0078 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ: .. нэхэмжлэгч Б.******* Б.Чулуунбаатар нар нь уулзаж Миний дүү хэрэгт ороод хүндрэх гээд байна, та цагдаагийн байгууллагад гомдолгүй гээд хэлээд өгөөч, хохирол төлбөрийг яаж ийгээд барагдуулна, миний нэг хашаа баишин баигаа та 10 000 000 төгрөг тооцоод авчихаач гэж хэлэхээр нь аав нэг нутаг усных юм байна гээд өрөвдөж, өмнө залилуулсан 6,400,000 төгрөг дээрээ нэмж 3,600,000 төгрөгийг өгөөд байрны гэрчилгээг нь авсан.
Мөн миний аав Б.Төмөр-Очир нь өмнө нь хашаа байшинг худалдаж аваад мөнгийг нь шилжүүлсэн байсан учраас ямар ч аргагүй болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч дээр очиж төлбөр төлөгч Л.Одончимэгийн данс руу 2017.07.06-ны өдөр 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн өдрөө шүүхийн шийдвэр гүицэтгэлийн дансанд ажиллгааны зардал гэх 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт энэ байшинд 14,500,000 төгрөгийг зарцуулсан учир Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 44 тоотод орших улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч /эзэмшигч/-өөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14,500.000 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулах-аар шаардлага гаргасан .... гэж тайлбарласан байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл:
1.Өвлүүлэгч Б.Төмөр-Очир гэрч Б.Чулуунбаатар нар нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Хэлцэл гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад -******* сумын иргэн Балдандорж овогтой Төмөр-Очир би Бат-Очир овогтой Галмандахын нэр дээрх 9 сая төгрөгийн зээлийн өрийг хаасан,
-Есөн сая төгрөгийн оронд өвлийн байшин халаалттай, зуны байшин, тахиан байр, зоорь, хашаа, саун, газар 1ширхэг, 250 сотын хашаа ... авахаар хэлэлцэж тохиров.
-Есөн сая төгрөгийг 2015 оны 10 сарын 1-ний дотор Б.Төмөр-Очирт буцааж өгвөл барьцаг буцааж өгнө... гэж Б.Төмөрбаатар, Б.Чулуунбаатар нар нь гарын үсэг зурсан байна. /хх-24/
2. Өвлүүлэгч Б.Төмөр-Очир гэрч Б.Галмандах нар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банканд баталгаа гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад ... миний бие Галмандах нь иргэн Б.Төмөр-Очироос хадгаламж барьцаалсан зээл авсан 6,400,000 төгрөгийн зээлийг үндсэн зээл болон хүү төлбөртэй хамт 2015 оны 10 сарын 31-ний харилцан тохиролцсоны үндсэн дээр төлж барагдуулахаар тохиролцов... гэх бичвэр бүхий гар бичмэл, ..
3.Б.Чулуунбаатар Б.Төмөр-Очир нар нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Тодорхойлолт гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад: ******* сумын иргэн Бат-Очир овогтой Чулуунбаатар миний бие тус сумын 1 дүгээр багийн 6 дугаар хэсэгт орших өөрийн байшинг тус сумын иргэн Балдандорж овогтой Төмөр-Очирт худалдсан нь үнэн болно гэж Б.Төмөрбаатар, Б.Галмандах нар гарын үсэг зурсан байна./хх-ийн 23 ху/
4. Өвлүүлэгч Б.Төмөр-Очир гэрч Б.Чулуунбаатар нар нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тодорхойлолт гэх баримтыг бичгээр үйлджээ.
Уг баримтад: тодорхойлолт: ******* сумын иргэн Бат-Очир овогтой Чулуунбаатар миний бие нь 2016 оны 2 сарын 05-аас хойш цалингийн зээлээ гаргаж 6 сая төгрөгийн өр зээлээ барагдуулна. Байшингийн гэрчилгээг иргэн Төмөр-Очирт гаргуулж өгнө гэж Б.Төмөрбаатар, Б.Чулуунбаатар нар нь гарын үсэг зурсан байна. /хх-25 ху/
5. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дүгээр сарын 24-ны өдрийн 225 дугаартай хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 207 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг эрхийн актыг үндэслэн төлбөр төлөгч Б.Галмандахаас зээлийн төлбөр 5,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 51475 төгрөгийн хамт гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2017 оны 10 сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна./хх-ийн 93-96 ху/
6.Төлбөрийг Б.Төмөр-Очир нь 2017 оны 07 сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг Л.Одончимэгийн төрийн банкны 151700050881тоот дансанд, 2017 оны 09 сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг Сэлэнгэ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хаан банкны 5675049872 тоот дансанд тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 26-29 ху/
7. Гэрч Б.Галмандахад шүүх хуралдааны шатанд хууль сануулж авсан ... Б.Чулуунбаатар эгч маань тэнд амьдардаг байсан. н.Төмөрочир гуайгаас биднийг цагдаад өгнө, шоронд суулгана гэсэн дарамтууд байсан болохоор бид нар байшингаа өгье гэж тохиролцсон. Тухайн үед н.Төмөр-Очир гуай манай 2 эгчтэй цуг ававхан сая төгрөгийн байшин биш учраас зөрүү мөнгө өгнө гэж тохиролцсон байсан. Би өөрийнхөө ухаан санааг алдсан байсан хүн чинь тэр хэдийн хоорондын тохиролцоог мэдэхгүй. Манай хоёр эгчтэй тохиролцсон. Зөрүү мөнгөө авна гэж ярьсан гэж хэлсэн. Миний санаж байгаагаар Б.Төмөр-Очироос 10,500,000 төгрөг авсан юм чинь энэ мөнгөө би л төлөх байхдаа гэх мэдүүлэг.
8. Гэрч Б.Чулуунбаатарт шүүх хуралдааны шатанд хууль сануулж авсан ... анай /*******/ энэ байшинг худалдаж авсан. Би аниагаас худалдаж авсан. Үл хөдлөхийн гэрчилгээгээр бол аниагийнх.Тухайн үед аниа хэлцэл хийсэн мэдэж байсан л даа. 2,400,000 төгрөг эгчдээ өгсөн. Тал мөнгийг нь өгөөд өөр дээрээ шилжүүлж аваагүй учраас минийх гэх боломжгүй гэх мэдүүлэг.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.******* нь өвлүүлэгч Б.Төмөр-Очироос 14,500,000 төгрөгийг зээлж авч дүү Б.Галмандахын өр төлбөрт зарцуулсан болон Б.Галмандахын өр төлбөрийг Б.******* төлөх үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно, 196 дугаар зүйлийн 196.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй тул Б.*******гоос 14,500,000 төгрөг гаргаж шийдвэрлэх боломжгүй байна.
Мөн шударга өмчлөгч /эзэмшигч/ мөн болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1-д шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
Хэдийгээр хариуцагч Т.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Миний аав Б.Төмөр-Очир нь хашаа байшинг худалдаж авсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргаж байх боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймээс Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 хэсэг 44 тоотод орших улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14,500 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц., Ц. нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.*******, Ц., Ц. нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дүгээр баг,6 дугаар хэсэг 44 тоот хаягт байршилтай, 91м.кв талбайтай, хувийн сууцыг хариуцагч Т.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, дугаартай улсыг бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.*******, Ц., Ц. нарт өгөхийг хариуцагчид даалгаж, Т.*******ын Сэлэнгэ аймгийн ******* сум 1 дүгээр баг 6 дугаар хэсэг 44 тоотод орших улсын дугаартай, хувийн сууцны зориулалттай 91м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр Т.*******ыг тогтоолгох, эсхүл 14,500,000 төгрөгийг гаргуулж Т.*******д олгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, нэхэмжлэгч Б.*******, Ц., Ц. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ