Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0400

 

 

 

 

 

  2024           05             09                                                  128/ШШ2024/0400

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, иргэн Ө.Цэвээний нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад  холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Цэвээнээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/248 дугаар захирамжийн иргэн О.Батмөнхөд холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн С.Оюунд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Цэвээнээс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан 2019 оны А/248 дугаар захирамжийн иргэн О.Батмөнхөд холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн С.Оюунд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Ө.Цэвээний нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох 128/2016/0042/З индекстэй захиргааны хэргийг Шүүхийн тусгай архиваас шүүхийн журмаар нотлох баримтаар татуулан үзэж, танилцахад миний амьдарч байгаа газар нь өв залгамжлалын үндсэн дээр надад шилжин ирсэн болохыг олж мэдлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.2, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргагч Ө.Цэвээний “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/248 дугаар захирамжийн иргэн О.Батмөнхөд холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн С.Оюунд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 09-ний тус шүүхэд ирүүлжээ.

3. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

4. Иймд нэхэмжлэгч Ө.Цэвээн нь нэхэмжлэлээсээ татгалзаж бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

5. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

6. Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Цэвээн нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/248 дугаар захирамжийн иргэн О.Батмөнхөд холбогдох хэсэг, мөн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн С.Оюунд холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн Ө.Цэвээний  нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох 128/2023/0893/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Цэвээнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                         У.БАДАМСҮРЭН