| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2017/0189/э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Хохирогч Ё.Улаанхүүхэн
Хохирогчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун
Шүүгдэгч Н.Догсмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Догсмаад холбогдох эрүүгийн 1719000000095 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Данзанваанчигийн 12-7Б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бор овогт Нямсүрэнгийн Догсмаа / ЕЛ73012402 /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.Догсмаа нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийнхээ малын хашаанд хохирогч Ё.Улаанхүүхэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Догсмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 11-нд Лувсанжамц гуайн малтай манай мал нийлээд 12-ны өдөр манай хашаанд аваачиж ялгасан. Би хашаанд ороод малын чихлээс, будаг тэмдгийг хараад явж байхад араас Улаанхүүхэн гуай давхиж ирээд хөөе яагаад мал зодоод байгаа юм гэхээр нь малыг эргүүлж тойруулаад явж байна шүү дээ гэхэд чи мал зодоод байна наад барьж байгаа юм аа өг гээд дайраад байсан. Би санаатай цохьсон зүйл байхгүй. Их айсан байсан болоод барьж байсан зүйлээрээ гарыг нь ширэвсэн. Энэ үйлдэлдээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ё.Улаанхүүхэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үнэнийг яриасай гэж л өргөдөл өгсөн. Тэгэхэд дайрч ална гэж занаад байгаа. Гар хугалчихлаа гэхэд юу солиороод байгаа юм гэсэн. Харахад турба барьсан байсан. Өөрөө ирээд уучлалт гуйсан бол би өөр байх байсан гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Догсмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хонин дундаа явж байсан чинь Улаанхүүхэн надруу давхиж орж ирээд толгойруу цохих шиг болсон. Тэгээд би барьж байсан төмрөөрөө та яагаад байгаа юм бэ гээд ширвэсэн. Улаанхүүхэний хаана хүрсэнийг нь мэдэхгүй. ... намайг Улаанхүүхэн хэл амаараа доромжлоод байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 4 дүгээр хуудас/,
Хохирогч Ё.Улаанхүүхэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Догсмаа нэг төмөр барьж хашаанд ороод манай ямаанаас 3 ямаа цохиод унагаахаар нь би “чи болиоч” гээд тэр барьж байсан төмрийг нь үзүүрээс нь бариад автал надаас суга татаж аваад надруу далайсан. Тэгэхээр нь би баруун гараараа хаатал шууд цохьсон. Дараа нь намайг дахиад цохих гэтэл манай өвгөн салгаад төмрийг бариад авсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Лувсанжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Улаанхүүхэн, хүүхэд Батпүрэв нартай хамт Баттогтохынд очсон. .... Догсмаа хонины хашаанаас труба сугалж аваад манай 3 ямааг цохиод унагаасан. Тэгээд манай эхнэр Догсмаагийн араас очоод мал яагаад цохиод байгаа юм бэ гэсэн чинь Догсмаа манай эхнэрийг трубагаараа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 379 дугаартай “....Ё.Улаанхүүхэний биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Догсмаа нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийнхээ малын хашаанд хохирогч Ё.Улаанхүүхэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Догсмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 11 дүгээр сарын 11-нд Лувсанжамц гуайн малтай манай мал нийлээд 12-ны өдөр манай хашаанд аваачиж ялгасан. Улаанхүүхэн гуай давхиж ирээд хөөе яагаад мал зодоод байгаа юм гэхээр нь малыг эргүүлж тойруулаад явж байна шүү дээ гэхэд чи мал зодоод байна наад барьж байгаа юм аа өг гээд дайраад байсан. Их айсан байсан болоод барьж байсан зүйлээрээ гарыг нь ширэвсэн. Энэ үйлдэлдээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, Хохирогч Ё.Улаанхүүхэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үнэнийг яриасай гэж л өргөдөл өгсөн. Тэгэхэд дайрч ална гэж занаад байгаа. Гар хугалчихлаа гэхэд юу солиороод байгаа юм гэсэн. Харахад турба барьсан байсан. Өөрөө ирээд уучлалт гуйсан бол би өөр байх байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Н.Догсмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хонин дундаа явж байсан чинь Улаанхүүхэн надруу давхиж орж ирээд толгойруу цохих шиг болсон. Тэгээд би барьж байсан төмрөөрөө та яагаад байгаа юм бэ гээд ширвэсэн. Улаанхүүхэний хаана хүрсэнийг нь мэдэхгүй. ... намайг Улаанхүүхэн хэл амаараа доромжлоод байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ё.Улаанхүүхэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Догсмаа нэг төмөр барьж хашаанд ороод манай ямаанаас 3 ямаа цохиод унагаахаар нь би “чи болиоч” гээд тэр барьж байсан төмрийг нь үзүүрээс нь бариад автал надаас суга татаж аваад надруу далайсан. Тэгэхээр нь би баруун гараараа хаатал шууд цохьсон. Дараа нь намайг дахиад цохих гэтэл манай өвгөн салгаад төмрийг бариад авсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Лувсанжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Улаанхүүхэн, хүүхэд Батпүрэв нартай хамт Баттогтохынд очсон. .... Догсмаа хонины хашаанаас труба сугалж аваад манай 3 ямааг цохиод унагаасан. Тэгээд манай эхнэр Догсмаагийн араас очоод мал яагаад цохиод байгаа юм бэ гэсэн чинь Догсмаа манай эхнэрийг трубагаараа цохьсон. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 379 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Бор овогт Нямсүрэнгийн Догсмааг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Догсмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор овогт Нямсүрэнгийн Догсмааг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Н.Догсмааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Догсмаа нь 500 000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Догсмаа нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Догсмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Догсмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД