| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00399/И |
| Дугаар | 132/ШШ2024/00353 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 132/ШШ2024/00353
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, *******,******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Миний төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоолгох тухай 132/2024/00399/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Өнөболд,
Гэрч Х.Болдбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Өнөболд нь Миний төрсөн эцэг Зуутраг овогт Хөхөөгийн Болдбаатар мөн болохыг тогтоолгох, овог нэр өөрчилснийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Б.Өнөболд /УК00301012/ нь 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *******, Сартуул овогт Лхагвасүрэнгийн Ариунцэцэг /******* нарын ууган хүү болон Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх эмнэлэгт мэндэлсэн билээ. Намайг төрөх үед аав Х.Болдбаатар ОХУ-ын Эрхүү хотод суралцаж байсан ба эцэг эх хоёр маань хуримаа хийж, гэрлэлтээ батлуулаагүй байсан тул төрсний гэрчилгээ авах болоход ээж *******ээр овоглосон байна. Аав сургуулиа төгсөөд төрөлх Эрдэнэт хотдоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтэст ажиллах болж ээж бид хоёр Улаанбаатар хотоос шилжин ирсэн. Ингээд намайг 1 нас хүрэхэд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст аав хүсэлт гаргаж, Ариунцэцэгийн Өнөболд гэснийг Болдбаатарын Өнөболд болгож төрсний гэрчилгээ авсан байдаг юм байна. Одоо би нас биед хүрч БНСУ-д суралцах хүсэлтэй байгаа ба элчин сайдын яаманд хандаж виз хүсэхээр материалаа бүрдүүлэх болоход миний төрсний бүртгэл алдаатай бүртгэл хийгдсэн гэдэг үндэслэлээр лавлагаа гарах боломжгүй гэж улсын бүртгэгч тайлбарласан.
Иймд миний төрсөн эцэг Зуутраг овогт Хөхөөгийн Болдбаатар мөн болохыг тогтоож өгнө үү, овог нэр өөрчилсөн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Гэрч Х.Болдбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ******* бид хоёр их сургуулийн нэг ангийн хүүхдүүд юм. 1994-1998 онуудад хамт суралцаж нэг мэргэжил эзэмшсэн бөгөөд энэ үеэс үерхэн нөхөрлөж дотносож, 1999 онд гэр бүл болохоор хамтран амьдарсан. Ууган хүү Б.Өнөболд маань 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх газарт мэндэлсэн бөгөөд энэ үед миний бие ОХУ-ын Эрхүү хотод суралцахаар явсан тул эхнэр хүү хоёртойгоо хамт байж чадаагүй, хүүгээ өөрөөрөө овоглуулж чадаагүй юм. Бид хурим найраа ёс төртэй хийж гэр бүл болсноо батлуулна гэж ярилцаж, манай гэр бүлийнхэн хадаг сүйгээ тавьсан байсан боловч хадам аав Ч.Лхагвасүрэн 2000 оны 4 дүгээр сард өвчний учир нас барж, би 9 дүгээр сард сургуульд яваад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэр бүлээ батлуулж чадаагүй. Ингээд хүүгээ 1 ой хүрэхэд Улсын бүртгэлийн газарт хандсан боловч зөвхөн овог нэр өөрчилсөн бүртгэлээр хамаг зүйл болсон гэж хааснаар өнөөдрийн энэ асуудал үүссэн байна. Овог нэр өөрчлөх нь биологийн биш эцэг хүний хувьд байж болох асуудал ч төрсөн эцэг нь өөрөө хүсч хүүгээ өөрөөрөө овоглуулах хүсэлт гаргаж байхад ултай суурьтай шийдээгүйгээс ийм байдал үүссэн гэж үзэж байна. Иймд Б.Өнөболдын төрсөн эцэг мөн ямар нэгэн маргаангүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/,
-Төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,
-Улсын бүртгэлд хандсан тухай хүсэлтийг хариу фото зургийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Нэхэмжлэгчийн ХААТР-13 маягтын хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,
-Х.Болдбаатар, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-Фото зургийн хуулбар /хэргийн 10-11-р хуудас/,
-Х.Болдбаатар, *******, Б.Өнөболд нарын жолоочийн үнэмлэхний хуулбарууд /хэргийн 14-р хуудас/
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч Х.Болдбаатараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Өнөболд /УК00301012/-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь намайг төрөх үед аав Х.Болдбаатар ОХУ-ын Эрхүү хотод суралцаж байсан ба эцэг эх хоёр маань хуримаа хийж, гэрлэлтээ батлуулаагүй байсан тул төрсний гэрчилгээ авах болоход ээж *******ээр овоглосон байна. Ингээд намайг 1 нас хүрэхэд Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст аав хүсэлт гаргаж, Ариунцэцэгийн Өнөболд гэснийг Болдбаатарын Өнөболд болгож төрсний гэрчилгээ авсан. Төрсний бүртгэл алдаатай бүртгэл хийгдсэн гэдэг үндэслэлээр лавлагаа гарах боломжгүй учир миний төрсөн эцэг ******* мөн болохыг тогтоолгож, алдаатай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь төрсний гэрчилгээний хуулбар, Х.Болдбаатар, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн ХААТР-13 маягтын хуулбар, фото зургийн хуулбар, жолоочийн үнэмлэхний хуулбарууд, гэрч Х.Болдбаатарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
4. Нэхэмжлэгч Б.Өнөболд нь Х.Болдбаатар, ******* нарын ууган хүү болж 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөх газарт мэндэлсэн бөгөөд эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад мэндэлсэн болох нь гэрч Х.Болдбаатарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог.
4.1 Хүүгээ төрөхөд би ОХУ-ын Эрхүү хотод сургуульд сурч байсан тул хамт байж чадаагүй, ...хурим найраа хийж албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэхээр хадаг сүйгээ тавьсан байсан боловч хадам аав Ч.Лхагвасүрэн 2000 оны 4 дүгээр сард нас барж, би 9 дүгээр сард сургуульд явсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай байгаад батлуулж амжаагүй юм. Б.Өнөболд миний ууган хүү бөгөөд ямар ч маргаан байхгүй. Улсын бүртгэлийн газарт тухайн үед энэхүү байдлаа тайлбарлан хэлсэн боловч ултай суурьтай шийдээгүй, буруу бүртгэсний улмаас өнөөдрийн энэ байдалд хүрсэн байна. гэх гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтаар ирүүлсэн Х.Болдбаатар, Б.Өнөболд нар нь адил цусны бүлэгтэй болохыг илтгэсэн жолоочийн үнэмлэхний лавлагаагаар давхар нотлогдож байна.
4.2 Нэхэмжлэгч Б.Өнөболдоос нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад төрсөн эцэг мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан гэх ба ийнхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2001 оны 249 дугаартай овог нэр өөрчилсөн бүртгэл хүчингүй болох учиртай байх гэсэн тайлбар нь үндэслэл бүхий байна. Тодруулбал: иргэний хэргийн шүүх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэдэг онцлогтой ба тухайн шүүхийн шийдвэрлэх маргаанд бүртгэл хүчингүй болгох асуудал хамааралгүй тул нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх боломжтой байна.
5. Иймд Зуутраг овогт Болдбаатарын Өнөболдын эцэг нь Зуутраг овогт Хөхөөгийн Болдбаатар мөн болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Зуутраг овогт Болдбаатарын Өнөболд /УК00301012/-ын төрсөн эцэг нь Зуутраг овогт Хөхөөгийн Болдбаатар /ФА76053011/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА