Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 132/ШШ2024/00359

 

 

 

 

 

 

 

2024оны 09 сар 02

132/ШШ2024/00359

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******,******* тоотод оршин суух, *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Хангал сум, 2 дугаар багт оршин суух, Х*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* хүүхдийн мөнгөн хадгаламжийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай 132/2024/00302/и индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.Мөнхтуяа нь хариуцагч *******д холбогдуулан ******* нэр дээрх хүүхдийн мөнгөн хадгаламжийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Батсуурь овогтой Гантөр нь Зоригт овогтой Мөнхтуяатай гэр бүл болж, 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Мичидмаа төрсөн. Охиныг төрсний дараа хүүхдэд олгогддог хүүхдийн мөнгийг 18 нас хүртэл нь Орхон аймгийн Хас банкинд хадгалахаар хүүхдийн мөнгөн хадгаламжийн данс нээж эцэг ******* нь хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн.

2018 оноос *******, Мөнхтуяа нар нь тусдаа амьдарч, охин Г.Мичидмаа ээжийнхээ асрамжид байгаа юм.

2024 оны эхэнд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2 дугаар сард хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон. Ингэхдээ хүүхдийн мөнгөний хадгаламжийн хамтран эзэмшигчээ солих гэтэл харьяалалын дагуу шүүхэд ханд гэсэн тул хариуцагчийн оршин суугаа газрын шүүх болох танай шүүхэд хандаж байна.

******* нь шүүхийн шийдвэр гарсанаас хойш өнөөг хүртэл хүүхдийнхээ тэтгэлэгийг төлөөгүй, тусдаа амьдарснаас хойш 2019 оны эхээр байх Мичидмаагийн хүүхдийн хадгаламжаас 2,840,000 төгрөгийг шууд /буцааж төлөлгүй/ авч хэрэглэсэн байсан. Одоо үлдэгдэл мөнгийг хэрэглээгүй гэх баталгаа алга. Тэтгэлэг тогтоолгох хурал дээр хүүхдийн мөнгөн хадгаламжийн эзэмшигчийг солино гэхэд зөвшөөрөөгүй ба орлогыг охиноо 18 нас хүртэл өгөхгүй гэсэн.

Бид нэхэмжпэл гаргахаар Орхон аймгийн Хас банкнаас Мичидмаагийн дансны талаар мэдээлэл авах гэж 2 удаа очсон боловч хувь хүний нууц мэдээлэл учир та нарт мэдээлэл өгөх боломжгүй гээд өгөөгүй. Г.Мичидмаад хүүхдийн хадгаламжийн данс нээгдсэн цагаас 2024 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хэдэн төгрөгний орлого орж хэдэн төгрөгний хүү тооцогдсон талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Иймд 2011 оны 04 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл ******* хүүхдийн мөнгөн хадгаламжийн орлого, түүний хүү, дээр нь охины хувьцааны ноогдол ашиг зэрэг түүний хадгаламжид орсон бүх мөнгийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие охин Г.Мичидмаа бид хоёрын хугацаатай хадгаламжийг 18 нас хүрэхэд нь өөрийн биеэр шилжүүлэн өгөх хүсэлттэй байна. Охин ******* ээж З.Мөнхтуяад сар болгон өгдөг хүүхдийн 100,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс түүнд шилжүүлэн өгөхийг хүсэж байна. 2024 оны 08 дугаар сараас өмнө орж байсан 100,000 төгрөгийг шилжүүлэн өгөхгүй 18 нас хүртэл нь бусдад шилжүүлэхгүй. Минийн бие сар бүрийн хүүхдийн тэтгэлэгт 447,300 төгрөг өгч байгаа. Хугацаатай мөнгөн хадгаламжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл авсан. Намайг огт охинтойгоо уулзаагүй гэх зүйл ярьсан. Би хүүхэдтэйгээ уулздаг. Уулзахад эмээ нь байнга араас залгаж, дарамталдаг. Надруу мөнгө авах болгондоо залгадаг. Гэтэл сүүлд ярихад таныг шүүхэд дуудна гэх зүйл ярьсан. Би хүүхэдтэйгээ уулзах чин хүсэлтэй байдаг. Хүүхдийнхээ хадгаламжаас авсан мөнгөө буцааж өгнө, охиноо 18 хүрэхэд нь хадгаламжийг нь өгнө. Охины ирээдүйд зориулан үүсгэсэн хадгаламж тул түүнд л зориулагдаж байвал би шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гантөрийн Мичидмаа 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Төрсөн хугацаанаас нь хойш над дээр өсөж байгаа хүүхэд. Г.Мичидмаа сургалт болон улсын тэмцээн гэх зэрэг тэмцээн уралдаанд оролцдог тул төлбөр маш их гардаг. Аав, ээж нь хүүхдээ асардаггүй, архины хамааралтай хүмүүс. Хүүхэдтэйгээ огт уулздаггүй. Г.Мичидмаа Ирээдүйн саятан гэх хадгаламжтай ба хамтран эзэмшигчээр түүний аав болох ******* байдаг. Банкинд очиход хамтран эзэмшигчийг өөрчлөх боломжгүй гэх зүйл ярьдаг. ******* урьд хадгаламж барьцаалсан зээл авсан ба уг зээлээ төлөөгүйгээс хадгамжид хуримтлагдаж байсан мөнгөнөөс татагдсан байсан. *******д би итгэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/,

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-******* төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 385 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Гантөрийн Мичидмаагийн 239132 дугаартай хадгаламжийн дэвтэр эх хувиараа

5.Хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

6.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Орхон аймаг дахь Хас банк ХК-ийн салбараас 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ******* хүүхдийн мөнгөн хадгаламжийн дансны хуулгыг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2011 оны 04 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сар хүртэл ******* хүүхдийн мөнгө, хувьцааны ногдол ашиг, хадгаламжийн хүү зэрг түүний хадгаламжид орсон бүх мөнгийг нэхэмжилж байна гэжээ. Шүүх хуралдаан дээр ******* Хасбанк дахь *******тоот дансны /2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан хуулгаар/ үлдэгдэл 6,858,086.83 төгрөг дээр 2,840,000 төгрөгийн хадгаламжийн зээлийг нэмэгдүүлж нийт 9,698,086.83 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 08 дугаар сараас өмнө орж байсан 100,000 төгрөгийг шилжүүлэн өгөхгүй 18 нас хүртэл нь бусдад шилжүүлэхгүй. Минийн бие сар болгон 447,300 төгрөг өгч байгаа. Хугацаатай мөнгөн хадгаламжийг шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад охиндоо зориулан шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.З.Мөнхтуяа, ******* нар нь хамтран амьдарч 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр охин Г.Мичидмааг төрүүлж, Орхон аймаг дах Хасбанкны салбарт охин ******* нэр дээр 5000377814 дугаартай хадгаламжийг 2018 оны 02 дугаар сарын 22-нд нээж, хууль ёсны төлөөлөгчөөр эцэг ******* бүртгэгджээ. Уг дансанд төрөөс олгох хүүхдийн мөнгө, бусад хувьцааны ногдол ашиг зэрэг орлогыг шууд холбосноор 2024 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар 6,858,086.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Хууль ёсны төлөөлөгч ******* 2020 оын 02 дугаар сарын 13-ны өдөр уг данснаас 2,840,000 төгрөгийг хадгаламжийн зээлэнд татуулжээ./21х 2 дах тал/

4.2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00385 дугаартай шийдвэрээр охин Г.Мичидмааг 11-16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг *******өөс гаргуулж шийдвэрлэсний дагуу хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлдөг.

5.Орхон аймаг дах Хасбанкинд байрших 239132 дугаартай Ирээдүйн саятан хүүхдийн хадгаламжийн дэвтрээр баталгаажсан хадгаламжийн гэрээ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хадгаламжийн гэрээ бөгөөд гэрээ байгуулагдах үед бага насны хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр аав ******* оролцож гэрээг байгуулаа. 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2024/00385 дугаартай шүүхийн шийдвэрээр охин Г.Мичидмааг тэжээн тэтгэх тэтгэлэгийг аав *******өөс сар бүр гаргуулж байхаар шийдвэрлэсэн, охин ээжтэйгээ хамт амьдардаг, хууль ёсны төлөөлөгч нь ээж З.Мөнхтуяа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, ... нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй гэсэн хэдий ч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эцэг, эхийн хүсэлтийн дагуу хадгаламжийн гэрээний хууль ёсны төлөөлөгч-ийг ******* хууль ёсны асран хамгаалагчаар өөрчилж, гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой. Учир нь мөнгөн хадгаламжийн гэрээний гол зүйл нь мөнгөн хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь ******* ирээдүйн төлөө хадгалуулсан мөнгөн хөрөнгийг бууруулах, өөр зүйлд зарцуулах санаа зоригийг агуулаагүй байгаа нь шүүх хуралдааны хэлэцүүлэгт гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Зээ охиныхоо мөнгийг найдвартай хадгалмаар байна. ******* эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой орлогогүй байх тул уг хадгаламжийг *******д байхад итгэхгүй байна. гэсэн, хариуцагчийн ...Хүүхдийнхээ хадгаламжаас авсан мөнгөө буцааж өгнө, охиноо 18 хүрэхэд нь хадгаламжийг нь өгнө... гэсэн тайлбаруудад харагдаж байх тул гэрээ байгуулагдах үеийн хууль ёсны төлөөлөгчийг одоо хамт амьдарч, асарч байгаа хууль ёсны төлөөлөгч болох З.Мөнхтуяагаар сольж гэрээнд өөрчлөлт оруулах нь зүйд нийцнэ.

6.Хариуцагч ******* нь 2020 оын 02 дугаар сарын 13-ны өдөр уг данснаас 2,840,000 төгрөгийн хадгаламжийн зээлийг хуримтлагдсан хадгаламжаас төлсөн байгаа нь хэрэгт авагдсан хадгаламжийн дэвтрийн бичилт, Орхон аймаг дахь Хансбанкнаас ирүүлсэн дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Энэ нь хууль ёсны төлөөлөгчийн итгэмжит байдлыг дордуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14-т 13.1.6-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зээл, өр төлбөрт суутгахыг хориглоно гэж заасныг зөрчжээ.

7.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Мөнхтуяа нь охин ******* мөнгөн хадгаламжтай байх эрх ашгийг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин хариуцагч ******* 2020 онд хадгаламжийн зээл авч, түүний эргэн төлөлтийг хадгаламжийн данснаас суутгуулж, өнөөг хүртэл 2,840,000 төгрөгийг хадгаламжийн дансанд буцаан төвлөрүүлээгүй байгаа нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болжээ.

8.Уг хадгаламжийн дансны орлого нь төрөөс хүүхдэд олгож байгаа хүүхдийн мөнгөн тэтгэмж, хувьцааны ногдол ашгаас бүрддэг нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд эдгээр мөнгөн хөрөнгө нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэж хуулиар тодорхойлогдож зөвхөн Г.Мичидмаад өөрт нь зориулж төрөөс олгож буй мөнгөн хөрөнгө юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу шүүх хуралдаан дээр тодотгосон дүн буюу 9,698,086.83 /Есөн сая зургаан зуун ерэн найман мянга наян зургаан төгрөг наян гурван мөнгө/ төгрөгөөр хангаж шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгнөөс 170.119.38 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас илүү төлөгдсөн 4930 төгрөг, хариуцагчаас 170.119.38 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгов.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан дээр эх хувиар нь гаргаж ирүүлсэн Ирээдүйн саятан хадгаламжийн дэвтрийг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэгт заасны дагуу *******өөс 9,698,086.83 /Есөн сая зургаан зуун ерэн найман мянга наян зургаан төгрөг наян гурван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид З.Мөнхтуяад олгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.2, 69.1.3 дах заалтаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж Орхон аймаг дах Хасбанкны салбарт байрших *******дугаартай хадгаламжийн дансанд дээрх мөнгийг төвлөрүүлж Г.Мичидмаад зарцуулах эрхийг олгохыг нэхэмжлэгч З.Мөнхтуяад даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгнөөс 170.119.38 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас илүү төлөгдсөн 4930 төгрөг, хариуцагчаас 170.119.38 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА