Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/65

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09           21                                       2022/ДШМ/00065

 

 

 

..........,  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Сувд-Эрдэнэ, 

            Шүүгдэгч ..........,

            Шүүгдэгч ..........,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн, А.Мөнхтулга,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ           

Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан,

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........гийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч .........., ..........нарт холбогдох 2134000000014 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

 

Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч .......... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын ..........тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ..........ыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч ..........тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын ..........тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар ..........ыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч .......... нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан,

Шүүгдэгч ..........нь ..........тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын ..........тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ..........ыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч .......... нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч ..........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч ..........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ..........ыг хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн бүлэглэн бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

..........ыг бүлэглэн, бэртэл гэмтэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан ..........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан .........., ..........нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тус бүр 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан .........., ..........нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тус бүрийн 4 жилийн хорих ялаас 2 жилийг тус тус хасаж, шүүгдэгч тус бүрийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан .........., ..........нарын цагдан хоригдсон нийт 191 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 2134000000014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч .........., ..........нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .......... болон түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарын олох ёстой байсан орлого 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу .........., ..........нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шүүгдэгч .........., ..........нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай гэж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /........../-ийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 8-д "...олох ёстой байсан орлого 50,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхиж ... жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай" гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д "Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно." гэж заасан. Шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үеэр иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдалтай маргаагүй хүлээн зөвшөөрдөг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.4-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчдийн маргаагүй хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийг хангах бүрэн боломжтой болно. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маяа гуай одоо 68 настай. Амь хохирогчтой хамт амьдардаг байсан. Хотын захад 1 өрөө ч болтугай байранд орчихвол цаашид амьдрах боломжтой. Энэ 50,000,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэдэг байдлаар нэхэмжилсэн. Иймд иргэний нэхэмжлэлийг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /........../-ийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нар 2 удаа ял шийтгүүлэхэд эхний удаа 2 жил хорих ял оногдуулсан. Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсаны дараа давж заалдах гомдлоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх 4 жил хорих ял оногдуулаад 2 жилийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөсөн. Ялын хувьд ямар ч өөрчлөлт гараагүй. Нотлох баримтаа бүрдүүлээд өгвөл иргэний нэхэмжлэлийг төлнө гэж байгаа гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч /........../-ийн өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иргэний нэхэмжлэлийг нээлттэй үлдээж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ашигтай шийдвэрлэсэн. Шүүгдэгч нарын зүгээс баримтаар гарсан хохирлыг бүрэн төлсөн гэв.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .........., ..........нарт холбогдох эрүүгийн 2134000000014 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.

 

Шүүгдэгч .........., ..........нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлэн уг нотлох баримтуудыг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч .......... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Заамар сумын ..........тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ..........ыг "гар утас авлаа" гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаа санаатай учруулсан,

 

Мөн шүүгдэгч ..........тай гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын ..........тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар ..........ыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч .......... нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан,

 

Шүүгдэгч ..........нь Ж ..........тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцоогүй боловч бүлэглэн Төв аймгийн Заамар сумын ..........тоотод 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ..........ыг бэртэл гэмтэлтэй, бусдын туслалцаа шаардлагатай байхад нь аюул учирсан нөхцөлд буюу хүйтэн байшинд орхисны улмаас амь хохирогч .......... нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт нь эрүүгийн хэрэгт авагдсан

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........гийн: “ ...Талийгаач маань Сэлэнгэ аймгийн Бугант суманд 10 жилийн сургууль төгсөөд 2005 онд Заамар сумын Хайлааст багт ирээд өнөөдрийг хүртэл ажиллаж амьдарч байсан. Найз, нөхдийнхөө дунд нэр хүнтэй ажилч хичээнгүй хүн, ээждээ ганц түшиг болдог хүн. Нэг гэм нь архи согтууруулах ундааны зүйлийг ер нь хэрэглээд байдаг зуршилтай, архи уусан ч байсан гэртээ харьдаг гэр амьтай хүн, спортоор их хичээллэдэг байсан. Одоогоор гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар ярих зүйл алга хэрэг шалгах явцад цугларах нотлох баримт болон шинжилгээний хариуг харж байж гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар дахин мэдүүлэг өгнө. Хуулийн хүрээнд нь шийдэж өгнө үү... /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

 

Гэрч ..........ын:” ... 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны өдрийн аль нэг өдрийн оройн 20 цагийн орчимд .......... манай гэрт ороод надад Сүеэ эгчээ танд авдарны юм чинь байгаа биз дээ би одоо алтанд явчхаад маргааш өглөө бурзайчхаад танд мөнгийг нь өгье гэсэн, би хариуд нь чи өвлийн хүйтэнд юу хийгээд энд явж байдаг юм хотруугаа явахгүй яасан юм гэхэд харин эгчээ би одоо алтанд явчхаад баярын мөнгөтэй болчхоод явах гэж байна гэсэн, би хариуд нь баярын 3 шил архи байна нэг шил архийг нь ав гэхэд .......... эгчээ би алтанд явах гэж байна хоёр шил архи хэрэгтэй гээд байсан тэгээд би өгөхгүй гэж загнаж байгаад алтанд явах гэж байна хүн амьтанд өгөх хэрэг байна маргааш би алтаа тушаагаад танд мөнгийг нь өгье гээд байхаар нь 2 шил 0.75 граммын Соёрхол архи өгсөн...” /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

Гэрч ..........ийн:” ... .........., .........., .......... .......... бид хэд явж байгаад худаг орохын алдад .......... гэрийнхээ харалдаа очоод гудмаараа өгссөн. .........., .......... хоёр доошоо алхсан. .......... бид хоёр Наранбаатарынд ирж амарсан. Ингээд маргааш нь Сэнс Ганаа гэх айлд сууж байхад ... .........., .......... хоёр хүрээд ирсэн. Тэгээд тухайн айлд 4-5 пиво уусан тэгээд байж байгаад .........., .........., Наранбаатар бид 4 Наранбаатарынд очиж амарсан. Түүнээс хойш 4-5 хоног ууж идээд хамт он гаргаж хоноцгоосон. Тэгээд .........., .......... хоёр 2021 оны 01 дүгээр сарын 01-02 аль нэг өдөр нь явсан түүнээс хойш би таараагүй...”/хх-ийн 66-68 дугаар хуудас/,

 

Гэрч Б...........ийн:” ... Би 2020 оны 12 дугаар сарын 27-28-ны аль нэг өдөр нь 16 цагийн орчимд Болор-Эрдэнэ, Жартага хоёртой хамт Даваасүрэнгийнд нэг пиво аваад ороход танихгүй олон хүмүүс байсан, мөн .........., .........., .......... нар сууж байсан, тэгээд нөгөө пиво уучхаад бид нар гэрээс гарсан тухайн үед Жартага харьлаа гээд яваад өгсөн. ..........би .........., .........., .......... бид хэд төвд байдаг худгийн чигтээ алхаж байхад .......... гэрийнхээ гудам руу ороод ганцаараа алхсан. .........., .......... хоёр байшин хороолол руу явлаа гээд явсан ..........бид хоёр цааш яваад ..........Наранбаатар ахынд очоод би үүр цайлгаад гэр рүүгээ явсан. Тухайн өдрөөс хойш уулзаагүй явж байгаад 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ..........ын гэрт нь очоод ажил хийх үү гэж уулзсан өөрөөр таараагүй...” /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

 

Гэрч ..........гийн:” ... Би цаг хугацааг яг санахгүй байна ямар ч байсан оны өмнө буюу 2020 оны 12 дугаар сарын 29-30-ны өдөр аль нэг өдөр манай гэрт манай найзууд Булган аймгаас ирээд гэрт мах чанаад нэг шил архи задлаад сууж байхад өдрийн 14-15 цагийн орчимд .........., .......... цуг нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгээд би нөгөө хэдийг та нар явж бай манай найз нөхөд ирсэн байна гэхэд ахад нэг шил юмтай ирлээ гэж гаргасан. Тэгээд нөгөө нэг шил архийг хувааж уусан. Энэ үед гаднаас .........., ..........хоёр орж ирсэн. Тэгээд би за та хэд одоо явцгаа, найз нөхөд ирсэн байна, бүгдээрээ дараа болъё гэж хэлсэн. Тэгээд .........., .......... цуг ирсэн танихгүй шар залуу, .........., ..........нар хамт манайхаас гарсан. Манайд 30 минут л болсон байх. Гайгүй хэвийн байсан...” /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

 

Гэрч ..........ын:” ...Би ..........ыг танина. Нэг нэгнийхээ гэр орноор орж гардаг хүмүүс. Баттулгыг нь танихгүй. Хэд хоногийн өмнө ..........тай манайд ирээд хэд хоносон. Тэр үед нь таньдаг болсон. Сайн санахгүй байна. манайд орж гараад хэд хоносон. Он гаргасан, яг хэд хоносныг нь санахгүй байна. Манайд пиво уугаад орж гараад хэд хоносон. Манайд пиво уугаад инээж хөхөрсөн байдалтай зүгээр байсан. Миний хувьд .......... их дажгүй зөөлөн тайван хүлээцтэй зан ааштай хүн, манайд пиво уухдаа ямар нэгэн ааш зан гаргаагүй хөзөр тоглоод байж байсан, Баттулгыг нь би мэдэхгүй...” /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

Гэрч ..........ы:” ...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд би... Дариагийн утсыг олоод залгаж асуухад Дариа надад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тулгаа бид гурав цуг архи уучхаад хуучин худгийн хажуунаас салаад явсан. Би айлд баяр тэмдэглэх гэж байна. Эргээд ярья гэж надад хэлсэн. Тэгээд түүнээс хойш Дариагийн утас нь өнөөдрийг хүртэл холбогдоогүй байж байгаад өнөөдөр 16 цаг 05 минутад 94630396 дугаарын утсаар над руу залгаад би Улаан хаданд нүх ухаж байгаад дөнгөж сая орж ирлээ гэж надад хэлсэн. Би талийгаачийг асуухад холбогдоогүй гэж надад хэлсэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би бусад найз нөхөд рүү нь залгахад утас холбогдохгүй, мэдэхгүй таараагүй гэж хэлсэн. Тэгээд би 30 гарсан хүн учраас найз нөхөдтэйгөө гадуур явж байгаад ирэх юм байлгүй гэж бодоод орхисон... Ингээд би аргаа бараад 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 42 минутад утсаар талийгаачийг алга болсон талаар дуудлага өгсөн. Удаагүй намайг цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Би ирээд хошууч Чулуунбаатартай уулзаад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байхад над руу залгаад Цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэсэн. Ирээд дүүгээ нас барсан талаар мэдсэн. Талийгаач архи согтууруулах ундааны зүйл нэлээн хэрэглэдэг. Сүүлийн үед уух нь ихдээд байсан. Архи уухдаа ямар нэгэн хүн амьтантай хэрэлдэж маргалддаггүй, гэртээ харьж амардаг хүн. Олон хүмүүстэй найзлаад байдаггүй, цөөхөн хэдэн хүмүүстэй найзалдаг, сайн мэдэхгүй байна. Талийгаач үг цөөтэй олон долоон зан байхгүй, ээжтэйгээ хамт амьдардаг хүн. Ямар нэгэн архи уухаас өөр муу зуршил байхгүй хүн. Яг энэ талаар тодорхой юм яриагүй хуучин худгийн хажуугаас Тулгаа бид гурав салсан гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш харсан хүн байгүй...” /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Шинжээч Э.Эрхэмбаярын:” ...Талийгаач ..........ын биед учирсан зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, шүдний хугарал булгаралт, хуйханд шарх, дух, баруун зүүн хацар, хүзүү, дал, нуруу ташаанд, өвдөг тохойнд учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд бүгд нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Харин шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-д зааснаар дээрх гэмтлүүдийг тус бүрээр нь гэмтлийн хөнгөн, хүндэвтэр зэрэгт хамаарахаар нь ялгаж дүгнэлтэд тусгасан болно. Талийгаачийн биед үүссэн зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь хүндэвтэр зэргийн гэмтэл, шүдний хугарал, булгаралт, хуйханд шарх, биед үүссэн цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн дээрх гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлөхгүй ба талийгаач .......... нь нам хэвийн үйлчлэлээр осгож нас барсан... /2-р хх-ийн 199 дүгээр хуудас/,

 

яллагдагч ..........ын:” ... Би 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн сонгон авсан өмгөөлөгч А.Мөнхтулгын хамт яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө тухайн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар тодорхой ярьсан болно. Би 2020 оны 12 дугаар сарын 28-ны орой найз .......... болон .......... нарын хамт архи уусан нь үнэн. Гэхдээ миний хувьд талийгаачтай маргалдаж гар хүрч, цохиж зодсон асуудал бол байхгүй. Харин талийгаач .......... болон .......... нар архи ууж байгаад Төгсөө гэх хүүхний талаар ярьж байгаад .......... гар утсаа хайгаад тэгээд тэр 2 гар утсан дээрээс болж маргалдсан. Тэгээд хэрүүл ширүүсээд .......... талийгаачийг цохиж аваад дээр нь гарчихсан зодож байхад нь би салгасан. Тухайн үед байшинд тог байхгүй, зүгээр л түлсэн галын зуухны урд хэсгээс гарах гэрэлд л нэгнийгээ харж байсан тул .......... нь талийгаач ..........ыг хэрхэн яаж хаана нь юугаар цохисныг бол сайн мэдэхгүй байна. Би тэр 2-ыг салгаад хэрүүлийг жоохон намжаагаад тайвширцгаа гэж хэлээд бид нар буцаад анхны байран дээрээ галын урд зуух аа тойрч суугаад дахиад архиа уусан. Архийг талийгаач аягалж тойруулахад хамраас нь цус гарчихсан байсан бөгөөд хэрүүл намжаад бид нар ойр зуурын юм яриад сууж байхад миний толгой өвдөөд би хойд талын өрөөнд ороод хэсэг хэвтэж байтал унтчихсан байсан. Нэг мэдэхэд .......... намайг явах уу ээжийн гэрт очиж амрах уу гээд сэрээж байхаар нь би аан заза гээд ..........ыг дагаад гараад явсан. Энэ үедээ би талийгаачийг гэрт үлдсэн эсэхийг огт мэдээгүй гарч явсан...” /2-р хх-ийн 202 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 6 дугаартай “Талийгаач ..........ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн 3,4,5,6,7 дугаар хавирганы хугарал, үүдэн доод баруун 1 дүгээр шүдний хугарал, зүүн шүдний булгарал. Хуйханд шарх, дух, баруун зүүн хацар, хүзүү, дал нуруу, баруун зүүн ташаа, өвдөг, тохойнд олон тооны зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтлүүдийг үүссэн дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийн зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад шүдний хугарал, булгарал, хуйханд үүссэн шарх, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үүссэн хүндэвтэр зэргийн гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 1.9% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас барсан.” /хх-ийн 117-118 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай ...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан №6 дугаартай дүгнэлтийг Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/215/241, 242 тоот тушаалыг үндэслэн тухайн дүгнэлтийг үйлдсэн болно. Талийгаач Б...........ын зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шүдний хугарал, булгаралт, хуйханд шарх, биед үүссэн зулгаралт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /2-р хх-ийн 194-196 дугаар хуудас/ гэсэн дүгнэлтүүд,

 

шүүгдэгч ..........ын хувийн байдлыг тодорхойлсон /хх-ийн 214-215, 217-218, 224-228 дугаар хуудас/, шүүгдэгч ..........ын хувийн байдлыг тодорхойлсон /хх-ийн 216, 219, 230-234 дүгээр хуудас/ баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч .........., ..........нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, прокуророос шүүгдэгч ..........т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б...........д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч ..........т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч ..........ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж. .........., Ө. .......... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тус бүрийн 4 жилийн хорих ялаас 2 жилийг тус тус хасаж, шүүгдэгч тус бүрийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Амь хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ “анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж байгаа нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Амь хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгч .......... олох ёстой байсан орлого 50,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилжээ.

 

Олох ёстой байсан орлого 50,000,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалт, прокурор, шүүх хуралдааны шатанд гаргаж өгөөгүй байх учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д заасан “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “олох ёстой байсан орлого 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай”  иргэний нэхэмжлэлийг хангах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад “... ..........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ хугацаагаар хорих ялаар... “ гэж техникийн шинжтэй алдаа гаргасан, 6 дугаар заалтад шүүгдэгч .........., ..........нарын цагдан хоригдсон хоног нь нийлээд 191 хоног цагдан хоригдсон мэт ойлгогдохоор бичигдсэн байгаа тул цаашид ийм төрлийн алдаа гаргахгүй байхад анхаарах шаардлагатайг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд амь хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч .........., ..........нарын тус бүр цагдан хоригдсон 125 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулж тооцохоор шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 221 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж амь хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгч /........../-ийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .........., ..........нарын тус бүр 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                          Н.НАСАНЖАРГАЛ

                                                                               Р.МӨНХ-ЭРДЭНЭ