Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 159/ШШ2024/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                   Хэргийн индекс: 159/2024/0001/3                              

            Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: “*******” ХХК

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******,

            Гомдлын шаардлага: “Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 0046010 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь “*******” ХХК-ийг зохих зөвшөөрөлгүй газраас 80.39 мкв мод бэлтгэсэн, мод бэлтгэх гэрээ байгуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг ойн ангийн инженерээр батлуулаагүй үйл ажиллагаа эхэлсэн, тусгаарласан талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн гэх зөрчилд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 0046010 дугаар шийтгэлийн хуудсаар 500.000 төгрөгийн торгууль, 143,722,006.46 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл оногдуулжээ.

Зөрчилд холбогдогчоос Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 0046010 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

Гомдол гаргагч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... “*******” ХХК нь 2005 онд мод бэлтгэх, зүсмэл материал, үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа, үр тариа болон ургамал тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно. Мөн Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/26 тоот тушаалыг үндэслэн Ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээг шинэчлэн авсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/147 дугаар тушаалаар гэрчилгээг 3 жилийн хугацаагаар, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/380 дугаар тушаалаар гэрчилгээг 3 жилийн хугацаатай, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/19 дугаар тушаалаар мөн 3 жилийн хугацаатай сунгасан.     

Түүнчлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 114 дугаар “2023 онд ойгоос бэлтгэх үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай” тогтоолоор үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний мод бэлтгэх хуваарийг баталсан. Уг тогтоолын хавсралтаар “*******” ХХК-нд үйлдвэрлэлийн огтлолоор 490 мкуб, нарс хэрэглээний 120 мкуб нарс түлээний зориулалтаар бэлтгэх эрхийг олгосон ба Хүдэр сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаар “Ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжаар ойн мэргэжлийн байгууллагын нэрс, бэлтгэх модны хэмжээг зааж өгсөн. Иймээс Ойн тухай хууль, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-д заасны дагуу мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хүдэр сумын ойн ангитай байгуулж, мод бэлтгэх талбайг сонгосон, мөн мод бэлтгэх эрхийн СБА 22-099768 дугаартай бичгийг эрх бүхий албан тушаалтан олгосон, мод бэлтгэх гэрээнд ойн ангийн ойн инженер ******* гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан учир мод бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Учир нь Ойгоос мод бэлтгэх журмын 3.1-д “Ойн тухай хуулийн 33.1-д заасны дагуу мод бэлтгэх гэрээ байгуулсан, эсхүл 34.1-д заасны дагуу эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүснэ.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зүйл байхгүй болно.

Гэтэл хариуцагч ******* 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирж хяналт шалгалт хийгээд “*******” ХХК-ийг зохих зөвшөөрөлгүй газраас 80.39 мкуб мод бэлтгэсэн. Мод бэлтгэх гэрээ байгуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг ойн ангийн инженерээр батлуулаагүй үйл ажиллагаа эхлүүлсэн, тусгаарлуулсан талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн гэж буруутган Ойн тухай хуулийн 35.4.2, 35.4.3, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 500 нэгжээр торгож, хохирол нөхөн төлбөрийн мөнгийг төлүүлэхээр маргаан бүхий 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хянаад 2023 оны 4 дүээр сарын 28-ны өдрийн 92 дугаар “Зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн боловч мөн шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлий хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг захирамжийн үндэслэх нь хэсэгт “Харин гомдол гаргагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах, нэхэмжлзлийн хэлбэр бүрдүүлбэрийг ханган дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно” гэж заасан тул энэхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна.

Нэхэмжлэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тусгаарлуулсан талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн зүйл байхгүй болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн баталсан “хяналт шалгалт хийх тухай” 02 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх явцад “*******” ХХК нь мод бэлтгэх гэрээ байгуулаагүй, мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материалыг ойн ангийн даргаар хянаж батлуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг Хүдэр сумын Ойн ангийн инженерээр хянаж батлуулаагүй мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн доод агуулахад бэлтгэгдсэн мод модон материал нь тусгаарласан талбайгаас бэлтгээгүй зөрчлийг илрүүлсэн. Иймд Зөрчил шалган шийдвзрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн 2331000132 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор “*******” ХХК-нд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-д зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгасан.

            1.“*******” ХХК-ийн бичиг баримтад хийсэн үзлэгээр Мод бэлтгэх гэрээг Ойн ангийн даргаар хянаж баталгаажуулаагүй, мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материалыг Ойн ангийн даргаар хянаж батлуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг Ойн ангийн инженер хянаж батлуулаагүй, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн. Мөн мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын дугаар материалыг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйлдэж мод бэлтгэлийн технологийн карт болон эхлэлийн актыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр боловсруулж, мод бэлтгэх 22-099768 дугаартай эрхийн бичгийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон байхад мод тээвэрлэх хяналтын хуудсаар 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 58,607 м3, 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17,882 м3 модыг доод агуулах руу тээвэрлэхдээ байгаль хамгаалагчаар хянуулаагүй байна.

            2.“*******” ХХК-ийн доод агуулахад Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, “*******” ХХК-ийн ажилтан ******* нарыг оролцуулан үзлэг хийсэн. Доод агуулахын үзлэгээр 15х30 хэмжээтэй 241 ширхэг нойтон нарсан палк нь 15х15 хэмжээтэй 1 ширхэг нойтон нарсан палк нь нийт 43.47 м3, 4 метрийн урттай нойтойн зах банз 10,6 м3, нойтон нарсан гуалин 49,836 м3 нийт 103,906 м3 мод модон материал тоологдсон. Мөн 2022 оны бэлтэгсэн хус мод байсан. Өөр мод, модон материал байгаагүй.

            3.“*******” ХХК-ийн дээд агуулах буюу мод бэлтгэлийн талбайд Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******, Хүдэр сумын Ойн ангийн дарга *******, Хүдэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нарыг оролцуулан үзлэг хийсэн. Хүдэр сумын Янгаахай гэх газарт ойн сангийн 40 дүгээр хэсэглэл, 10 дугаар ялгарал, 15 га талбайд үйлдвэрлэлийн огтлолтоор нарс мод бэлтгэхээр 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр мод бэлтгэх талбай тусгаарлуулсан бөгөөд үзлэгээр тус талбайд огтолсон модны хожуулыг тоолж “Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/79 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт бөөрөнхий модон материалын эзлэхүүний хүрдээр тооцож гаргасан модны эзэлхүүний хэмжээ”-г Хүдэр сумын Ойн ангийн дарга *******аар хожуул модны хэмжээг гаргуулахад 43,012 м3 нойтон нарс мод бэлтгэсэн байна.

            “*******” ХХК нь тусгаарлуулсан талбайгаас 43,012 м3 мод бэлтгэсэн бөгөөд дээд агуулахад тээвэрлэхээр бэлдсэн 19,497 м3 мод байна. Үүнээс үзэхэд доод агуулахад тоологдсон 103,906 м3 мод, модон материал нь талбай тусгаарлуулсан газраас бэлтгэгдээгүй байна. “*******” ХХК-ийн доод агуулахад хийсэн үзлэгээр бэлтгэгдсэн модны шинж байдлаас хархад холтос нь модлагоосоо салаагүй давирхай бөөрөнхий модны жилийн цагирагыг тоолоход нас гүйцсэн нарс мод буюу ашиглалтаар бэлтгэсэн мод байна. Мөн зүссэн палк, зах банз нь нойтон, чийгтэй үйлдвэрийн ашиглалтаар бэлтгэгдсэн байна .

            Иймд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар 1 дүгээр хавсралт, Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, Байгаль орчныг хамгаалах тухай 49 дүгээр зүйлийн 49.4.1-д “ойн санд учирсан хохирлыг Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу арга хэмжээг авч ажилласан.

            Мөн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор “*******” ХХК-ийн 2331000132 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорт хянуулахаар хүргүүлсэн. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар прокурорын “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг бүртгэлтэд буцаах тухай” тогтоолоор “*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан мод бэлтгэх гэрээний 5.1-д заасныг зөрчиж мод бэлтгэлийн гэрээ болон талбай тусгаарлалтын материалыг ойн ангийн даргаар хянаж батлуулаагүй байхад эрхийн бичиг олгож, эхлэлийн актыг үйлдэж мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн, тусгаарласан талбайгаас гадна 80,39 мкуб мод бэлтгэсэн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан зөрчил нь хангалттай нотлогдсон гэх үндэслэлтэй бйна гэх тогтоол. Мөн . “*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулахаа хүлээн зөвшөөрч шийтгэлийн хуудас холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Миний бие холбогдох албан тушаалтнуудын хамт хяналт шалгалт хийсэн хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байсан цаг хугацааны хувьд хэрэгт холбогдсон . “*******” ХХК нь мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн талбайд байгаа хожуулын тоог ихэсгэж бэлтгэсэн модоо тааруулж огтлолт хийж хууль бус үйлдлээ нуун дарагдуулах хангалттай хугацаа гарсан гэж үзэж байна.

            Учир нь “*******” ХХК нь удаа дараа хяналт шалгалтын ажилд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон тусгаарлуулсан талбайд хожуулаа тааруулаад мод бэлтгэчихье, нэгэнт шийтгэлийн хуудас бичигдсэн юм чинь шүүх дээр буруу тоолсон байна гаад хэлчих гэх мэтээр Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажилд нөлөөлөх гэж оролдсон.

            Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаар “*******” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул 500 нэгж, 143,772,006.46 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул 2023 оны 04 дугэзр сарын 11-ний едрийн 0046010 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хэргийн материалыг хараад ийм л дүгнэлт хиймээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл дээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлсон байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлээс 14.4 хүртэл хэдий хугацаанд нэхэмжлэл гаргах вэ гэдгийг тогтоож өгсөн байгаа. Манай энэ тохиолдол нь тус хуулийн 14.3-д зааснаар “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. Энэ хэрэгтэй манай тохиолдол хамаарна гэж үзэж байгаа. Энэ хэрэг хугацаандаа нэхэмжлэл гараад, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан байдаг. Үүний дагуу дахин нэхэмжлэл гаргасны дагуу энэхүү шүүх хуралдаан болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

            Үүнд нэг алдаа гарсан гэж өмгөөлөгч хүний хувьд, хуульч хүний хувьд дүгнэж байна. 2 дахь удаагийн шүүхэд нэхэмжлэл гаргахад миний дурдсан  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-д заасан хугацаа өнгөрсөн. Хугацаа өнгөрсөн тохиолдолд яах вэ гэхээр мөн хуулийн 14.6-д зохицуулан, хуульчилж өгсөн байдаг. “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол хүн, хуулийн этгээд, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргаж болох бөгөөд шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болно” гэж заасан байдаг. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-д заасан хугацаа хэтэрсэн нь тодорхой болчихож байгаа учраас хугацаа сэргээлгэх тухай ойлголт үйлдэх ёстой гэж үзэж байгаа. Шууд хугацаа сэргээлгэхгүйгээр нэхэмжлэл гаргаад, захиргааны хэрэг үүсгээд шүүх хуралдаан явуулж байгаа нь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-г зөрчиж байна гэж үзэж байна. 14.6 хамаарахгүй зохицуулалтыг 14.7 дээр зааж өгсөн байдаг.  “Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй” гэж зохицуулж өгсөн.

            Өөрөөр хэлбэл хугацаа хэтрүүлсэн үйл ажиллагаанд нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байвал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д заасан хугацаа сэргээлгэх ойлголт хамаарахгүй. Бусад бүх тохиолдолд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн тохиолдолд сэргээх гэх ойлголт заавал байх ёстой. Өмнөх шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудал дээр тухайн байгууллага буюу нэхэмжлэгч “” ХХК төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад, үүнийг нь захиргааны хэрэг үүсэж, шүүхээр хянан шийдвэрлэгдээд, нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гарсан. Захиргааны актыг гаргаад мэдэгдсэн цаг хугацаанаас хойш, 2 дахь нэхэмжлэл гаргасан хугацааны хооронд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаа нэгэнт хэтэрсэн байгаа нь тодорхой. Хэдийгээр өмнөх шүүгчийн захирамжид дахин нэхэмжлэл гаргахгүй гэх эрхийг хязгаарлахгүй зохицуулалт орсон ч гэсэн нэгэнт шүүхэд хандах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн буюу хэтэрсэн нь ойлгомжтой тохиолдолд зайлшгүй хүсэлтийг өгч шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан. Ийм процесс явагдахгүй байгаад хууль захиргааны байгууллагад нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргах хөөн хэлэлцэх буюу шүүхэд хандах хугацаа өнгөрсөн нэхэмжлэл байгаа учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаартай шийтгэлийн хуудсаар Хүдэр суманд ойн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг “*******” ХХК-ийг “зохих зөвшөөрөлгүй газраас 80.39 мкв мод бэлтгэсэн, мод бэлтгэх гэрээ байгуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг ойн ангийн инженерээр батлуулаагүй үйл ажиллагаа эхэлсэн, тусгаарласан талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 35.4.3-т заасныг тус тус баримтлан 500.000 төгрөгийн торгууль, 143,722,006.46 нөхөн төлбөр оногдуулжээ.

            Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмлэлийг шүүхэд гаргажээ.

            Зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбарууд, шинжээчийн дүгнэлтүүд, зөрчлийн хэргийн материалын нотлох баримтуудыг үнэлээд гомдол гаргагч “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн эсэх талаар

            1.Гомдол гаргагч “*******” ХХК-ийн зүгээс 0046010 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдаанаас 21 дугаартай захирамж гаргажээ.

            2.Гомдол гаргагч “*******” ХХК уг захирамжид давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд 21 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн үндэслэл болсон “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...” гэх  үндэслэлийг арилгаж, тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөах эрхтэй этгээд болох “*******” ХХК-ийн захирал Д.Ганзоригийн олгосон итгэмжлэлд заасан бүрэн эрхийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд дахин гомдол гаргажээ.

            3.Хариуцагчийн өмгөөлөгч *******ын зүгээс гомдол гаргагч “*******” ХХК дахин шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх, мөн энэ талаар шүүхээс шийдвэртээ дүгнэхийг тайлбартаа дурджээ.

            4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаарх зохицуулалт бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.6 нь 14.1-14.4-т заасан хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн бол нэхэмжлэгч хугацаа сэргээлгэх хүсэлтээ холбогдох баримтын хамт тухайн захиргааны хэргийн шүүхэд гаргах, шүүгч уг хугацааг хэтэрснээс хойш гурван жилийн дотор нөхөн сэргээж болохоор зохицуулсан.

            5.Гомдол гаргагч “*******” ХХК-ийн хувьд анх шүүхэд 2023 оны 04 сард гомдол гаргахдаа гомдол гаргах эрхгүй этгээд буюу гэх этгээд гомдол гаргасан гэх үйл баримт шүүх хуралдааны явцад илэрхий болсон тул шүүх хуралдаанаас ямар нэг шүүхийн шийдвэр гараагүй, гомдлыг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан бөгөөд гомдол гаргагч тал хуульд заасан шаардлага хангаж дээрх зөрчлөө арилгасны дараа дахин зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гомдол гаргасныг зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй, мөн гомдол гаргагч талаас шүүхэд хугацаа сэргээлгэх талаар ямар нэг хүсэлт гаргаагүй болно.

            6.Нөгөө талаас гомдол гаргагч талын зүгээс 2023 оны 04 дүгээр сард анх гаргасан гомдлыг шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдолд эрх нь зөрчигдсөн хэвээр байгаа гэж үзсэн этгээд шүүхэд нэхэмжлэл, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болохоо нотлосон баримтын /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ г.м/ хамт шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд шүүх тухайн нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацааг ямар нэг байдлаар хэтрүүлсэн эсхүл хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

            7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж зааснаас харахад нэхэмжлэгч нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг арилгасны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульд зохицуулсан байх тул гомдол гаргагч “*******” ХХК-ийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Хоёр: 0046010 дугаартай шийтгэлийн хуудасны талаар

            1.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “2023 онд ойгоос бэлтгэх, үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний хуваарь батлах тухай” тогтоолоор үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний зориулалттай хэрэглээний мод, түлээний мод бэлтгэх хуваарийг баталж, тогтоолын хавсралтаар “*******” ХХК-нд үйлдвэрлэлийн огтлолоор 490 м.куб нарс хэрэглээний, 120 м.куб нарс түлээний зориулалтаар бэлтгэх эрхийг олгосон ба Хүдэр сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/05 дугаартай “Ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжаар ойн мэргэжлийн байгууллагын нэрс бэлтгэх модны хэмжээг тогтоож өгчээ.

            2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-д заасны дагуу “*******” ХХК нь мод бэлтгэх талбай тусгаарлах 11 дугаартай гэрээ, 12 дугаартай мод бэлтгэх гэрээг тус тус Хүдэр сумын ойн ангийн инженер *******тай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, 22-099768 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг авснаар байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эхлэлийн актыг үйлдүүлж ойгоос мод бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

            3.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Хяналт шалгалт хийх тухай” 02 дугаартай удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тус газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.

            3.Шалгалтаар 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “*******” ХХК-ийн мод бэлтгэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “*******” ХХК нь мод бэлтгэх гэрээг ойн ангийн даргаар батлуулаагүй, мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материалыг ойн ангийн даргаар хянаж батлуулаагүй, мод бэлтгэх технологийн картыг ойн ангийн инженер хянаж батлуулаагүй байхад эрхийн бичиг олгож, эхлэлийн актыг үйлдэж мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн, мөн тус компаний мод бэлтгэсэн талбайн хожуулыг тоолоход үйлдвэрлэлийн огтлолоор 43.012 м.куб мод бэлтгэсэн бөгөөд дээд агуулахад тээвэрлэхээр бэлдсэн 4 метрийн урттай 19.497 м.куб нойтон нарс мод байна. Үүнээс үзэхэд доод агуулахад тоологдсон 103.906 м.куб нойтон нарс мод, модон материал нь талбай тусгаарлуулсан газраас бэлтгэгдээгүй гэх зөрчилд зөрлийн хэрэг үүсгэн шалгажээ.

            4.Дээрх зөрчилд эрх бүхий албан тушаалтны зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаартай шийтгэлийн хуудсаар Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 35.4.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож, 143,722,006.46 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ.

            5.Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” 35.4.3-т “засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр мод бэлтгэсэн” гэж заасан, Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-т “Ойн тухай хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

            6.Гомдол гаргагч “*******” ХХК-ийн хувьд 1/ ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах СЭА 202300529 дугаартай ойн мэргэжлийн байгууллагын гэрчилгээтэй, 2/ 11 дугаартай мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээтэй, 3/ 12 дугаартай мод бэлтгэх гэрээтэй, 4/ мод бэлтгэлийн технологийн карттай, 5/ СБА 22099768 дугаартай мод бэлтгэх эрхийн бичигтэй[1] бөгөөд тухайн гэрээнүүдийг ойн ангийн инженертэй байгуулсан боловч ойн ангийн даргаар батлуулаагүй, технологийн картыг ойн ангийн инженерээр батлуулаагүй, байгаль хамгаалагчаар эхлэлийн актыг үйлдүүлж, мод бэлтгэлийн ажлыг эхлүүлсэн зэрэг нь тухайн “*******” ХХК-ийг Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т заасан зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, 35.4.3-т заасан засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр мод бэлтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            7.Харин дээрх зөрчлүүд нь Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11-т заасан “... гэрээний нөхцөл болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол ... торгоно” гэх заалтыг хэлбэрийн хувьд зөрчсөн байх боломжтой байна.

            8.Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* хяналт шалгалтын явцдаа “*******” ХХК-ийг тусгаарлуулсан талбайгаас өөр газарт мод бэлтгэсэн гэх үндэслэлээр 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр магадлагаа гаргаж, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд “Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” заалтаар тус компанийг ойн санд 143,722,006.46 төгрөгийн модны экологи эдийн засгийн үнэлгээтэй хохирлыг учруулсан гэж үзэж шийтгэлийн хуудсаар нөхөн төлбөр тавьжээ.

            9.Шүүхээс  дээрх зөрчил, торгууль, нөхөн төлбөртэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлаын газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ 44.428.531 төгрөг гарсан бөгөөд хариуцагч ******* шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрыг шинжээчээр томилж шинжилгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нарын дүгнэлтээр “*******” ХХК нь мод бэлтгэх зөвшөөрлийн баримт бичиг, гэрээнд заасан тоо хэмжээнд багтаан мод бэлтгэсэн, мод бэлтгэхээр тусгаарлуулсан 15 га талбайгаас мод бэлтгэсэн, өөрөөр хэлбэл тусгаарлуулсан талбайгаас өөр талбайд мод бэлтгээгүй, ойн санд ямар нэг хохирол учруулаагүй талаар дүгнэжээ[2].

          10.Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан тохиолдолд шууд хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан бөгөөд “*******” ХХК-ийн хувьд дээрх хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тус компанийг тусгаарлаж өгсөн талбайгаас өөр талбайд мод бэлтгэсэн гэх үйлдэл нотлогдохгүй байх бөгөөд хариуцагч өөр талбайгаас мод бэлтгэсэн гэж үзсэн боловч түүнийгээ хяналт шалгалтын явцад нотолж чадаагүй байна. Мөн тусгаарласан талбайгаас өөр талбайд мод бэлтгэсэн гэх үйл баримт нь зөрчилд холбогдогч болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна[3].

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10, Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 35.4.3-т заасныг баримтлан “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0046010 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулан “*******” ХХК-нд олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч тав хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

   

 

 

[1] Хавтаст хэргийн 10-25 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 126-128 дугаар тал Магадлагаа,

Хавтаст хэргийн 156-159 дүгээр тал Шинжээчийн дүгнэлт

Хавтаст хэргийн 172-182 дугаар тал Шинжээчийн дүгнэлт

[3] Хавтаст хэргийн 106-121 дүгээр тал