Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 265

 

       Б.А-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар тогтоолтой, Б.А-т холбогдох 201409000812 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б-н А.

Б.А- нь иргэн Г.Б-тай өмнө үүссэн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “манай найз С.О- банкнаас зээл авах гэсэн чинь мөнгө байршуулах хэрэг болоод байна. Найздаа туслаач” гэж 40,000,000 төгрөг,

2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Алтан тос ХХК-ийн захирал мөнгө олоод өгөөч гэсэн юм. Удаахгүй өгнө” гэж 50,000,000 төгрөг нийт 90,000,000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж иргэн Г.Б-т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Б.А-ийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.А-ээс 90,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-т олгуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн цагдан хоригдсон 220 хоногийн 1 хоногийг 15 нэгжээр тооцож эдлэх ялаас 3300 нэгж буюу 3,300,000 төгрөгийг хасаж тооцон торгох ялыг 6,700,000 төгрөгөөр тогтоож, ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг

“3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2 жил 6 сар хорих ял шийтгэсүгэй” гэж,

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Б.А-т урьд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б-, шүүгдэгч Б.А- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх ...шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, хэт хөнгөдсөн, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачлага гаргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзахгүйгээр 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь үндэслэл муутай болжээ...” гэж дүгнэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалт буюу торгох ял оногдуулсантай холбоотой заалтуудыг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болон бусад өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэсэн байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

Улсын Их Хурал Монгол Үндсэн хуулийн цэцийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлал болон хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд өөрчлөлт оруулуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын нэг бол хууль дээдлэх ёсны зарчим бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль дээдлэх буюу тухайн ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэрэглэгдэж буй хэм хэмжээ хуулийн хүчин төгөлдөр байхаас гадна Үндсэн хуульд нийцсэн байх агуулгыг илэрхийлдэг. Хэрэв шүүхийн хэрэглэсэн хуулийн тодорхой хэм хэмжээ  Үндсэн хуулийн холбогдох заалт, түүний агуулга, үзэл санааг зөрчсөн болох нь тогтоогдвол уг хэм хэмжээнд тулгуурласан шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь хүчингүйд тооцох эрх зүйн хэм хэмжээний хүчин чадлын эрэмбэ, шатлалын суурь зарчим үйлчилдэг болно.    

Давж заалдах болон хяналтын шатны шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ доод шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлж болох эрх хэмжээг олгосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуульд нийцээгүй хэмээн Үндсэн Хуулийн Цэц шийдвэрлэснийг хууль тогтоогч хүлээн авч тухайн заалтуудыг хүчингүй болгосноор урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн хувьд өмнө дурдсан суурь зарчмыг хэрэгжүүлэх асуудлыг хянан үзвэл зохих нөхцөл, шаардлага үүсчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг хэрэглэх хязгаар нь тухайн үед хүчин төгөлдөр хуулийн үйлчлэлээр хязгаарлагдах зохицуулалттай тул материаллаг хуулийн хэм хэмжээний нэгэн адил буцаан хэрэглэгдэх эсэх нь тухайн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын онцлогоос хамаарч өөр өөр байдлаар тайлбарлагдаж, хэрэглэгдэж болохыг эрх зүйн онолын хүрээнд хүлээн зөвшөөрдөг байна.  

Тодруулбал, материаллаг болон процессын хэм хэмжээ өөр, өөр харилцааг зохицуулдаг, хоорондоо ялгаатай болох нь ойлгомжтой хэдий ч зарим тохиолдолд тэдний зохицуулалтын хил хязгаар давхцаж, холимог шинжийг агуулж байдаг. Түүнчлэн мөн чанарын хувьд процессын гэж ойлгогдож болох хэм хэмжээг материаллаг хуулийн хэм хэмжээ болгон тодорхойлдог, зарим үед эсрэгээр тодорхойлох тохиолдол гарч болох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийг харилцан уялдаатай байдлаар тайлбарлаж, хэрэглэх боломжтой юм.

Материаллаг хууль нь гэм буруу болон ял шийтгэлийг хийсвэр түвшинд буюу “зарчмын хувьд” тодорхойлж байдаг бөгөөд харин процессын хэм хэмжээний тусламжтайгаар дээрх ойлголт нь тодорхой хүний хувьд бодит гэм буруу, бодит ял болж хэрэгжиж байдаг тул уг процессын зарим хэм хэмжээ нь дангаараа эрх зүйн шууд үр дагавар үүсгэдэггүй, гагцхүү эрүүгийн ял, хариуцлагын төрөл, хэмжээг тогтоох нөхцөл болдог,  энэ нь эцсийн дүндээ тухайн хэм хэмжээний холимог шинж чанарыг илэрхийлж байна гэж дүгнэдэг болно.           

Үндсэн Хууль зөрчсөн үндэслэлээр тодорхой процессын хэм хэмжээ хүчингүй болсонтой шууд холбоотойгоор эрүүгийн ял, хариуцлагыг хүндрүүлсэн дээд шатны шүүхийн шийдвэр нь эрх зүйн үр дагаврын хувьд хүний эрхийг дордуулсан, хууль ёсны байх зарчимд нийцээгүй шийдвэр болж хувирах тул үүнийг зөвтгөн өөрчлөх нь Үндсэн хууль төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмууд болох хуулиар тогтоогоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй байх “nullum crimen sine lege”, үүнтэй харилцан ижил агуулгаар илэрхийлдэг хуулиар тогтоогоогүй бол ял шийтгэлгүй байх "nullum poena sine lege", түүнчлэн хууль буцаан хэрэглэх  “ex post facto” зэрэг зарчмуудын агуулга, үзэл санаанд нийцнэ.

Иймд эдгээр үндэслэлүүдийг баримтлан Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэлийн бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.А-т оногдуулсан ялыг хүндрүүлж тогтоосон давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Алтанцэцэгт оногдуулсан ялыг хүндрүүлж тогтоосон Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 222 дугаар тогтоолын холбогдох заалт, хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.А-н цагдан хоригдсон нийт 670 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнийг торгох ялаа эдэлсэнд тооцсугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН