Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 109/2018/0007/З |
Дугаар | 416 |
Огноо | 2018-10-29 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 416
Б.А-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18, Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах”
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0410 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Б.А, түүний өмгөөлөгч Б.Э нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-ыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Б.А-ыг эгүүлэн тогтоож, үлдэх “2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0410 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь “дунд эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагаас аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Б.А-д 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжид өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй бөгөөд үүнийг шүүх хуралдааны явцад хэлсэн, тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.
4. Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.А нь хангалтгүй буюу F үнэлэгдсэн. Дээрх үнэлгээ нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг ... хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасны дагуу эрх бүхий байгууллагаас үнэлсэн үнэлгээ юм. Маргаан бүхий актын гол үндэслэл нь хариуцагчаас Боловсрол, соёл урлагийн газраас ирүүлсэн үнэлгээг үндэслэж хариуцагч тооцсон байдаг. Нэхэмжлэгч нь үнэлгээн дээр огт маргаагүй бөгөөд гомдол гаргах хугацаа хэтэрсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
5. Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд...”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох” гэж хариуцагчийн эрхийг тусгайлан заажээ. Энэ нь нэхэмжлэгч Б.А-ын гэрээний биелэлтийг Боловсрол, соёл урлагийн газар үнэлж, аймгийн Засаг даргад ирүүлсэн үнэлгээг үндэслэн хариуцагчаас хариуцлага тооцсон нь түүнийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг огт зөрчөөгүй гэж үзэж байна.
6. Түүнчлэн нэхэмжлэгчийн гэрээний биелэлтийг хэрхэн дүгнэсэн, ямар ямар ажил хийж гүйцэтгэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт нотлох баримтаар бүрэн авагдсан. Хариуцагчийн зүгээс зөрчил дутагдал огт гаргаагүй этгээдэд хариуцлага тооцсон зүйл огт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
7. Дээрх баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчимыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хэт нэг талыг /гаргасан зөрчлийг үл хайхарч/ барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Шүүхийн шийдвэр болон магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
9. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар захирамжид дурдсан нэхэмжлэгч Б.А нь “2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл нь уг актын хууль зүйн үндэслэл болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэгт хамаарахгүй, өөрөөр хэлбэл, үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн нь сахилгын зөрчил болохгүй, иймээс маргаан бүхий акт хууль бус талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
10. Түүнчлэн, нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ хариуцагч холбогдох журмыг зөрчсөн, үнэлгээ нь бодитой бус буюу Б.А нь хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн, чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй, гэрээний дагуу тайлагнаагүй гэх үндэслэлээр 8.9% F гэж гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзсэн шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
11. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн” гэсэн агуулгатай хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 3-7/ хангах боломжгүй.
12. Гэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зөрчил гаргасныг нь давж заалдах шатны шүүх зөвтгөлгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь буруу байна.
13. Тухайлбал, нэхэмжлэгч Б.А-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгох...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож...” гэсэн нь нэгдүгээрт, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, хоёрдугаарт, ийнхүү өөрчилсөн нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай байна. Учир нь, хэрэв үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээг захиргааны акт гэж нэхэмжлэл гаргавал нэг бол хүчингүй болгуулах, эсхүл илт хууль бусыг тогтоолгох шаардлага гаргах боломжтой. Учир нь, “захиргааны акт хууль бус болохыг тогтоох” нь нэхэмжлэгчийн хувьд ямар ч эрх зүйн хамгаалалт буюу үр дагаврыг үүсгэхгүй юм.
14. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Архангай аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгч холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох ажлаас халах тухай актыг хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байгаа тохиолдолд түүнтэй холбогдох “ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг “шүүх нотлох зарчим”-ыг хэрэгжүүлэн холбогдох нотлох баримтыг цуглуулан хамтад нь шийдвэрлэх бүрэн боломжтой байснаас гадна “нэхэмжлэгч нь уг асуудлаар харьяалалын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
15. Түүнчлэн, нэхэмжлэгчийн “Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг “нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/18 дугаар захирамж хүчингүй болсноор Б/19 дүгээр захирамжийн үйлчлэл дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
16. Иймээс шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгуулахаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2018/0410 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ