Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 470

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж, “А*******” СӨХ-ны ““А*******” СӨХ-д тус байрны орчмын 1520 мкв газрыг ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******, Д.Б******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж “Г*******” 2******* байр 2005 онд ашиглалтад орж уг байрны оршин суугчид худалдан аваад одоог хүртэл хугацаанд амьдарч байна. “А*******” СӨХ-г тус байрны  оршин суугчид 2006 оны 09 дүгээр сарын 30-нд байгуулж 2006 оны 11 сарын 06-нд бүртгүүлж 91******* тоот регистрийн дугаартай 07 тоот гэрчилгээг авсан. 

Уг байрны доорх газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 159–р захирамжаар “Г*******” ХХК-ны эзэмшилд барьсан байшингийн зөвхөн доорх газрыг 2 жилийн хугацаатайгаар олгосон байсан бөгөөд “Г*******” ХХК-ны эзэмшилд байсан 2 жилийн уг хугацаа дууссан учир “А*******” СӨХ-ны эзэмшилд шилжих учиртай.

“А*******” СӨХ-ны орчны 1520 мкв талбай бүхий газар нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн тухай хуулийн 4.1.6-д “...тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг орчны газар гэнэ...” гэж тодорхойлсноор тус СӨХ-ны орчны газар болно.

Мөн хуулийн 12.4.6-д зааснаар манай “А*******” СӨХ нь хууль ёсоор дээрх газрыг эзэмших эрхтэй ашиглах эрхтэй болно.

“А*******” СӨХ нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 34 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж “Г*******” 2******* –р байр, байрны доорх газар болон байрны орчмын 1520 мкв талбай бүхий газрыг эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасныг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт шилжүүлсэн байсан.

Ингээд Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны 5/555 албан бичгээр СӨХ-д олгох боломжгүй гэсэн хариу өгсөн учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан болно.

Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу “А*******” СӨХ-д тус байрны орчмын 1520 мкв газрыг ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”А*******” СӨХ нь орчны 1520 м2 орчны газарт ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Г*******” 2******* байрны газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 159 дүгээр захирамжаар “Г*******” ХХК-ийн эзэмшилд байдаг бөгөөд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2/6310 дугаар албан бичгээр захиран зарцуулах  эрхийг түдгэлзүүлсэн байх тул “А*******” СӨХ-нд газар ашиглуулах боломжгүй байгаа болно.

“Г*******” ХХК-ийн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа тус СӨХ-нд ашиглуулах асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв. 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г*******” ХХК-нд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайван найрамдлын ордны ард байршуулан Орон сууцны барилга барих зориулалтаар нэгж талбарын 6/0053 дугаар бүхий 560 м2 газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. 

Ингээд 2003 оны 11-р сарын 23-ны өдөр Нийслэлийн газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд Газар эзэмших эрхийн дугаар 0002216 тоот гэрчилгээг 2004 оны 01 сарын 13-ны өдөр авсан. 

Уг газартаа бид 44 айлын 12 давхар орон сууцны 2*******-р байрыг барьж 2006 оны 01 сарын 05-ны өдрийн №04/2006 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн.

Манай компанийн Нийслэлийн газрын албатай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний Тавдугаар зүйлийн 5.1-д “газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл тухайн газрыг эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр газар эзэмших эрхийг тогтоох” гэж заасан байгаа бөгөөд дээрх газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэр дээр гарч өмчлөх эрх өөр этгээдүүдэд шилжсэн, мөн Газрын тухай Монгол улсын хуулийн 39-р зүйл. Газар эзэмших эрх дуусгавар болох, 39.1. Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн заалтуудад үндэслэн манай компанийн нэгж талбарын 6/0053 дугаар бүхий 560 м2 газар эзэмших эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлүүдээр дуусгавар болсон” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч нь “А*******” СӨХ-д “Г*******” 2******* байрны орчмын 1520 мкв газрыг ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрыг ашиглуулах шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

         Хариуцагчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Г*******” ХХК-ийн газар захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцсэн. Гэтэл “А*******” СӨХ-оос Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан холбогдуулан гаргасан “Г*******” 2******* байрны доорхи газрыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04099 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон тул хариуцагчийн мэтгэлцээн үндэслэлгүй байна.

         Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаар захирамжаар анх “Г*******” ХХК-д маргаан бүхий газрыг орон сууцны барилга барих зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. “Г*******” ХХК нь зориулалтын дагуу 44 айлын 12 давхар байрыг барьж 2006 оны 01 сарын 05-ны өдрийн №04/2006 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн, тус байранд орон сууц худалдан авсан иргэд өөрсдийн орон сууцаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээгээ авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

           Түүнчлэн Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн  39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасны дагуу “Г*******” ХХК-ийн маргаан бүхий газрыг эзэмших эрх дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ашиглахыг хүсэж буй газар нь хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад байхгүй байгаа болно.

   Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно”, 44 дүгээр зүйлийн  441.1.Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий тухайн шатны Засаг даргад гаргана”, 441.5-д Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна” гэж тус тус  заасан байна. 

Иймд Нийслэлийн Засаг дарга Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.4.8 дахь хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Г*******” 2******* байрны ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газар буюу тухайн байрны “орчны газар”-ыг “А*******” СӨХ-д гэрээний үндсэн дээр ашиглуулахад хориглох зүйл байхгүй гэж шүүхээс дүгнэлээ. 

Харин Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 441.7-д “Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын хэмжээг тогтоохдоо Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон барилгын холбогдох норм, дүрмийг баримтална” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид орчны газрыг ашиглуулах шийдвэр гаргахдаа  нэхэмжлэгчээс орчны газар гэж хийлгэсэн кадастрийн зураг нь өнөөгийн хашаалсан хэмжээнээс хэтрүүлэн үйлдсэн байх тул тухайн байрны орчны газрыг бодитоор тодорхойлох шаардлагатай болно.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 12 дугаар зүйлийн 12.4.8,  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 39 дугаар зүйлийн  39.1.1, 44 дүгээр зүйлийн  441.1, 441.5, 441.7 заасныг баримтлан “А*******” СӨХ-д тус байрны орчмын газрыг ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Г*******” 2******* байрны орчны газрыг “А*******” СӨХ-д ашиглуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн нийт 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдасугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ТӨМӨРБАТ