Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/1042

 

           “Тас петролеум” ХХК-ийн нэхэмжлэлтэй   

          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02828 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 995 дугаар магадлалтай,

“Тас петролеум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох        

            Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Зоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Зориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч П.Зоригийн гаргасан тайлбарт: “Манай компани нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэх үед битүүмжлэгдсэн 2 хөрөнгөө нэгийг нь 650 000 000 төгрөг, нөгөөг нь 3 000 000 ам.доллараар үнэлэх санал гаргасан ба энэ санал маань дээрх тогтоолд тусгалаа олсон. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/29474 дугаар албан тоотоор ирүүлсэн мэдэгдлээрээ манай үл хөдлөх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 502.2 м.кв талбайтай 3 давхар обьект, 806.2 м.кв талбайтай 1 давхар контор, үйлдвэрлэлийн зориулалттай обьект /Ү-2201012568/, 2368 м.кв газрын /Г-054229/ хамт 1 704 300 000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг мэдэгдсэн билээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн үнэлгээчнээр тогтоолгосон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бид хүлээн зөвшөөрөхгүй хэвээрээ байгаа ба 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/043222 тоот мэдэгдлээр манай компанийн эзэмшлийн барилга байгууламжийг газрын хамт 852 150 000 төгрөг болгон нэг дахин бууруулсан 2 дахь дуудлага худалдаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болохыг мэдэгдсэн байна. Энэ үнэлгээ нь өндөр үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа явдал гэж үзэж байна. Өөр бусад хэд хэдэн обьектыг санал болгосон боловч тэдгээрийг зарахгүй бидний гол амьжиргааны эх үүсвэр болсон обьектыг худалдаалах гээд байгаа нь шударга бус байна. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

             Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундрах нарын гаргасан хариу тайлбарт: “Улсын дээд шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор “Тас петролеум” ХХК-иас 749 126 712 төгрөг гаргуулж “Зоос” банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Тус алба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Тас петролеум” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах контор, үйлдвэрлэлийн зориулалттай обьектыг газрын хамт битүүмжлэн хураасан. Төлбөр төлөгч “Тас петролеум” ХХК-ийн захирал Д.Бат, П.Зориг нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа өгөхийг удаа дараа мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн санал өгөөгүй, төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тохиролцох боломжгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилуулж “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлүүлэхэд 1 704 300 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/29474 тоот дуудлага худалдааны мэдэгдлийг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3/31861 албан бичгээр хуулийн хугацаанд “Тас петролеум” ХХК-ийн захирал П.Зоригтод мэдэгдэн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Төлбөр төлөгч “Тас петролеум” ХХК-ийн захирал П.Зоригт албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзсэн. Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2 дахь албадан дуудлага худалдааны үнийг харилцан тогтоосон эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно гэсний дагуу хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэ болох 1 704 300 000 төгрөгийн 50 хувь буюу 852 150 000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан нь хууль зүйн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02828 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 заасны дагуу нэхэмжлэгч “Тас петролеум” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 502.2 м.кв талбайтай 3 давхар обьект, 806.2 м.кв талбайтай 1 давхар контор, үйлдвэрлэлийн зориулалттай обьект /Ү-2201012568/, 2368 м.кв газрын /Г-054229/ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2 дахь дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 995 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02828 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Зоригийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр тус тус эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан болон давж заалдах шатны шүүх "Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор "Тас петролеум" ХХК-иас 749.126.712 төгрөг гаргуулж "Зоос" банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах 502 кв.м талбайтай 3 давхар, 806,2 кв.м нэг давхар контор, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, 2368 кв.м талбай бүхий газрын хамт 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжлэн хураасан ба уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй. Барьцааны хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэл зориг болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т заасныг анхан шатны шүүх зөв тайлбарласан байна" гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийг сонгож үүргийн гүйцэтгэлийг хангахаар авсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр төлөгчтэй зөвшилцөлгүйгээр 1.704.300.000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулсан болон 852.150.000 төгрөгөөр дахин үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэж гомдол гаргасан байхад аль нэг эд хөрөнгийг сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль бус болжээ. Түүнчлэн битүүмжлэн хураасан эд хөрөнгийг 1.704.300.000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг Улсын Дээд шүүхийн 2015 оны 921 дүгээр тогтоолоор тогтоогдсон ... тул хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь мөн учир дутагдалтай болжээ. Учир нь анхнаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үнийг тогтоохдоо төлбөр төлөгчийн саналыг аваагүй нь хууль бус юм. Анхан шатны шүүхэд өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг амаар гаргасан боловч манай өмгөөлөгчийн утас холбогдохгүй байгааг далимдуулан миний хууль мэдэхгүй байдлыг ашиглаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаагийн нарийн бичиг С.Тэмүүлэн нь "Та заавал орох ёстой" гээд шахалтанд оруулж хуралд оруулсан нь үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх, өмчлөгчтэй оролцох эрхээр хангаагүйд мөн гомдолтой байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/02828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 995 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

   Нэхэмжлэгч “Тас петролеум” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “...өндөр үнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа, ... хэд хэдэн обьектыг санал болгосон боловч тэдгээрийг зарахгүй бидний гол амьжиргааны эх үүсвэр болсон обьектыг худалдаалах гээд байгаа нь шударга бус байна. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дуудлага худалдааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №3/043222 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай” мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2014 оны 12 сарын 01-ний өдрийн №30/Ш албан тоот, Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 12/220 дугаар тогтоол, 2015 оны 12 сарын 25-ны өдрийн анхдагч дуудлага худалдааны протоколын хуулбар хувиуд, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Албаны дуудлага худалдааны комисст 129 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн санал оруулах тухай бичгийн эх хувь тус тус хэрэгт авагдсан байна.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хариуцагчийн хариу тайлбарт “...Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор “Тас петролеум” ХХК-иас 749 126 712 төгрөг гаргуулж “Зоос” банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн” гэжээ. 

Зохигчдын хооронд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдож маргаан үүссэн гэж үзэх бөгөөд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэлийг зохицуулсан, мөн зүйлийн 4.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэжээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх, шийдвэр гүйцэтгэх баримт нь мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д  зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас юм.  

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан байхад хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үндэслэл болох шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт авагдаагүй байна.

          Зохигчдын хооронд үүссэн маргааны зүйл нь процессын шинжтэй буюу хариуцагч байгууллагын ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох ёстой тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэслэл болох шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудас хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс “...Улсын Дээд шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолоор “Тас Петролиум” ХХК-иас ... гаргуулж, ...обьектоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үйл баримтын талаар талууд маргаагүй гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 183 дугаар зүйлийн 183.1, 187 дугаар зүйлийн 187.1-д нийцээгүй байна.

          Давж заалдах шатны шүүх “...битүүмжлэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 1 704 300 000 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг Улсын Дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 921 дүгээр тогтоолоор тогтоосон тухай” анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн боловч уг тогтоол хэрэгт авагдаагүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөв хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.   

          Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн тул  шүүхийн хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/02828 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 995 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Зоригийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.      

                

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                                       ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН