| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00402/И |
| Дугаар | 132/ШШ2024/00358 |
| Огноо | 2024-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 132/ШШ2024/00358
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,******* тоотод оршин суух, Г*******-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгох тухай 132/2024/00402/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бүх бичиг баримт Пүрэвийн Цэнгэлмаа бичигдсэн байдаг. Анх хөдөлмөрийн дэвтэр нээхдээ хойд эцэг Шура гэж нэрээр овоглож нээсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн овог зөрөөд байгаа тул ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү. гэв.
2.Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 453 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/,
-Төрөл садангийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Г.Цэрэннадмидын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
3.Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Б.Давааням, Г.Цэрэннадмид нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь Шурагийн Цэнгэлмаа гэж 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгч Пүрэвийн Цэнгэлмаа нь 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Түүний хойд эцгийг Моломын Шура гэдэг. Нэхэмжлэгч нь хойд эцэг Моломын Шурагаар овоглосон байна. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон төрөл садангийн лавлагаа /хэргийн 4-5-р хуудас/-аар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Пүрэвийн Цэнгэлмаа нь Шурагийн Цэнгэлмаа гэж бичигдсэн 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч болох нь гэрчүүдийн мэдүүлэг, төрөл садангийн лавлагаа, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
4.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдөр нээсэн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Шурагийн Цэнгэлмаа нь Пүрэвийн Цэнгэлмаа /ГЮ69122068/ мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА