| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00397/И |
| Дугаар | 132/ШШ2024/00375 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2024/00375
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, ХХК /рд:4418123 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, *******,*******,*******,*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* худалдааны төвийн ******* нь манай компаниас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,729,000 төгрөгний мах махан бүтээгдэхүүн авсан. Хугацаандаа тооцоогоо хийгээгүйн улмаас Улаанбаатар хот дахь толгой компани 5 хувийн алданги тооцож манай компанид бараа өгөхгүй биднийг хохироож байна. Иймд хариуцагчаас 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* худалдааны төвд хүнсний лангуу ажиллуулж байхдаа тус компаниас мах махан бүтээгдэхүүн авсан. Би хүнсний лангуугаа ажиллуулахаа больж бараа бүтээгдэхүүнтэй нь *******д худалдсан. ******* нь 2 павилоны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлсэнээс хойш үлдэгдэл төлөлтөөсөө 5,300,000 төгрөгийг төлөлгүй өнөөг хүргэсэн. Би уг барааны үлдэгдэл болох 1,200,000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 /гучин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгөөс 16,675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 16,675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч *******аас 16,675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА