| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2228000000088 |
| Дугаар | 2022/ДШМ/35 |
| Огноо | 2022-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/35
Т.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Т.Багахүү,
Шүүгдэгч Т.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Т.*******д холбогдох 2228000000088 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд баруун чих, бугуйн зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, 2 гарын шуу, зүүн сарвуу, дал орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Т.*******гийн үйлдэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.*******д холбогдох 2228000000088 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд
Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдэлсэн 85 /наян тав/ хоног буюу 2 /хоёр/ cap 25 /хорин тав/ хоногийн ялыг хасаж, үлдэх 280 хоног буюу 9 /eсөн/ cap 10 /арав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 9 /ес/ cap 10 /арав/ хоногийн хорих ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.*******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 50 /тавь/ хоног буюу 1 /нэг/ cap 20 /хорь/ хоногийн хорих ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ cap 10 /арав/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Т.*******гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 11 /арван нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.*******гээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эрүүгийн 2228000000088 дугаартай хэрэгт холбогдсон ******* овгийн *******ын ******* миний бие Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг гардаж аваад эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн дараах гомдлыг гаргаж байна.
Шүүхээс Т.******* намайг 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Оюумаагийн бие, эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг хорих ялаар сольж нийт эдлэх хорих ялыг 11 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно" гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 750000 төгрөгөөр торгох ялыг мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульд зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломж хуульд байгаа учир миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаа биелүүлж байсан зэрэг байдлыг минь харгалзан 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 өөр төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол гаргах болсон үндэслэл нь миний хувьд өндөр настай аав, ээжтэй. Мал малладаг. Би айлын ганц хүү. Ган гажиг их байхад нутагтаа л манайх ганцаараа үлдсэн. Манай аав, ээж өндөр настай болохоор отор, нүүдлээ хийж чадахгүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэгдүгээрт анхан шатны шүүх Т.*******д ял шийтгэл оногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж шийтгэх тогтоолоор тухайн гэмт хэрэг буюу хэргүүдийн ялыг нэмж нэгтгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар зүйл дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гээд Өвөрхангай аймгийн аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаар тогтоолоор оногдсон шийтгэх тогтоолын 1 хоногийг 1 хоногоор тооцож, 9 сар 10 хоногийн хорих ялаар сольж байгаа анхан шатны заалт хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь зорчих эрхийг хязгаарлах ял, түүнтэй холбогдуулан ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэж заасан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоол гарсан боловч энэ тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болж үйлчлэгдэж эхлээгүй. Энэ тогтоолыг эс зөвшөөрөөд гомдлоо гаргаад явж байгаа нь ял шийтгүүлсэн гэж үзэх, хугацаа болоогүй байхад энэ зүйл хэсгээр хорих ялыг сольж байгаа зэрэг нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтаар хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад Т.*******гийн эрх зүйн байдлыг дордуулж ял шийтгэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ шинжээчийн дүгнэлтээр шинжилгээний объект нь Б.******* тогтоолын хамтад гээд тогтоолоор ерөнхийдөө шинжээчийн дүгнэлтийг гаргасан юм болов уу гэж ойлгож байна. Шинжээчийн дүгнэлтээр мэдрэлийн үзлэг, хэсэг газрын үзлэг гэх мэт үзлэгүүдийг тогтоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу мөрдөн шалгах ажиллагаагаар хүний биед хийсэн үзлэгээр эдгээр гэмтлүүд 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр учирсан уу, үгүй юу гэдгийг энэ хэргийн хүрээнд нотолсон баримт байхгүй. Хохирогчийн хоёр удаагийн мэдүүлгээр зүүн нүдний дээд, доод болон зовхины цус хуралт, баруун чихний зулгаралт гэх мэт гэмтэл байхгүй гэж ойлгосон. Мөн зүүн сарвуу, дал орчмын цус хуралт гэх гэмтэл учирсан гэхэд эргэлзээтэй эргэлзлийг бий болгож байна. Харин хоёр гарын шуу хөхөрсөн гэдэг зүйл хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хэргийн хүрээнд нотлогдсон гэж үзэж байна. Хэргийн хүрээнд авагдсан бичгийн баримтад эргэлзээ төрж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрчээр Т.*******гээс хоёр удаа, яллагдагчаар нэг удаа мэдүүлэг авдаг. Тухайн мэдүүлэгт хоёр гарын шуунаас татаж бариад машинд суулгасан гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Ийм учраас давж заалдах шатны шүүхийн шүүгч та бүхэн хэргийг гомдлоор хязгаарлалгүй өөр бусад хууль хэрэглээний талыг анхааран үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүдэгч Т.*******гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгч Т.*******гийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр Т.*******д холбогдуулан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Өвөрхангай аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийн материал, шүүхийн шийтгэх тогтоол дээр, хурлын тэмдэглэл дээр ч ямар нотлох баримтуудыг шинжлэн судалсан талаар үзэхэд Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг талууд шинжлэн судлаагүй байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 16.1.8 дахь хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй байтал анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуулийн зөрчил болж байна. Өвөрхангай аймгийн ял оногдуулсан асуудлыг шинжлэн судлаагүй хэрнээ шийдвэрийнхээ үндэслэл болоод байгаа учир үүнийг хасуулах ёстой. Тэгснээр энэ хүний ял буюу өмнөх шүүхийн шийдвэрийн ялыг нэгтгэх асуудлууд яригдахгүй.
Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл болгох нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх урьд сонсгосон ялыг хөнгөрүүлэн өөрчлөгдөх эрхтэй. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж байгаагийн хүрээнд Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Гомдол саналгүй болсон. Хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ухамсарлан ойлгосон. Ямар нэгэн маргаангүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учраас түүнд хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялыг нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх бүрэн боломжтой. Энэ асуудлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхийг хүсэж байна.
Т.*******гийн гаргасан 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүд нь хэд хэдэн ялыг оногдуулахад нэмж нэгтгэж болно. Эсвэл тус тусад нь эдлүүлж болно. Энэ бол шүүхийн эрх хэмжээний асуудал. Тус тусад нь эдлүүлэх бүрэн боломжтой нөхцөл байдал байна. Учир нь анхан шатны шүүхээс 750,000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Энэ хүн торгуулийн ялыг төлөх боломжтой.
Хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогчийн мэдүүлгээр ямар нэгэн гомдол саналгүй, бид хоёр залуу хүмүүс хоорондоо хэрэлдэж муудсан. Цаашдаа ийм асуудал гарахгүй гэж эхнэр нь өөрөө ингэж ярьдаг. Иймд энэ хүмүүсийн амьдралыг харгалзан үзэж, хуулийн дагуу торгуулийн ял оногдуулах, дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь журмаараа явагдах ёстой. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Т.******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******гийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас гэм буруутайд тооцож шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд ял шийтгэлийг оногдуулсан. Т.******* нь өмнө Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх заалтаар ял эдэлж байсан. Зорчих эрх хязгаарлах ялыг тэнсэн харгалзах ялаар солих талаар давж заалдах гомдол гаргасан. Тухайн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хуульд заасны дагуу буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 2.2.2 дахь хэсэгт заасан заалтуудыг хангаж байгаа учраас нэмж нэгтгэж ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.*******гийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний эрүүл мэндэд баруун чих, бугуйн зулгаралт, зүүн нүдний дээд болон доод зовхи, 2 гарын шуу, зүүн сарвуу, дал орчмын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* /хх-16-17/, гэрч Т.Саранхүү /хх-26-27/ нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.*******г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь Т.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг хавтас хэрэгт тусгаагүй боловч Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-63/, Т.*******гийн зорчих эрх хязгаарлах ялын тооцоог гаргасан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 04/626 дугаартай албан бичиг /хх-65/ хавтас хэрэгт авагдсан байна.
Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах эрхгүй болно.
Шүүгдэгч Т.******* нь торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүгдэгч Т.******* нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаандаа 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэж Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.*******д 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 1 cap 20 хоногийн хорих ялыг Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 cap 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Т.*******гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоож, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.*******гийн “торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болж, мөн хуулийн 37.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэж байгаа болох нь шийтгэх тогтоол болон Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тус тус тогтоогдож байна. Энэ хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцохоо бичгээр илэрхийлсэн байх тул түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан ба шүүх түүний эрхийг зөрчөөгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 зүйл хэсэгт заасан гэмт хэргийг нэг хохирогчийн эсрэг үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй байх тул оногдуулсан ялыг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэхэд эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хянан хэлэлцэх эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүүгийн Т.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тайлбар, саналыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай Т.*******д холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүчин төгөлдөр болоогүй шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ял болгон нэмж нэгтгэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тайлбар, саналыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Т.*******гийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.*******гийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.*******гийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ