Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0875

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0875

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Батсүх, Д.Лхагвадулам нар,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Бүртгэлийн хэлтэс,

Маргааны төрөл: иргэн Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн эсэх бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Жадамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чимэгтэй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Амин-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нараас Баянзүрх дүүрэг дэх Бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр 116 тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргуулахыг даалгахнэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Анх нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нар нь “Жигүүр гранд групп” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №181214/А тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью орон сууцны барилгад 1 дүгээр байр 4 давхарын А тоот 3 өрөө 109.98 м.кв талбайтай орон сууцанд 245,475,360 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, “Жигүүр гранд групп” ХХК нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00620 дугаар шийдвэрээр Б.Батсүх, Д.Лхагвадулам нарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 дүгээр байр, 4 давхарын 116 тоот 109,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.

4.Улмаар 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нь иргэн Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 дүгээр байр, 4 давхарын 116 тоот 109,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд  мэдүүлэг гаргасан.

5.Харин Баянзүрх дүүрэг дэх Бүртгэлийн хэлтээс “...Үүрэг ноогдуулсан хэлцэл бүртгэлтэй байна...” гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзалж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэхэмжлэлтэй, “Жигүүр гранд групп” ХХК-нд холбогдох "Парк вью" орон сууцны цогцолбор барилгын 751-р байрны 116 тоот 109.98 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны шүүх хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00620 тоот шийдвэрээр нэхэмжлэгч Сөнөд овогт Батзоригийн Батсүх, Гөрөөчин овогт Даваацэрэнгийн Лхагдулам нарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 байр, 4 давхарын 116 тоот 109.98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээд (Худалдаа хөгжлийн банк ХХК)-ээс давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд миний бие Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “Парк вью” орон сууцны цогцолбор барилгын 751 дүгээр байрны 116 тоот 109.98 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт (мэдүүлэг)-ээ гаргасан ч “...үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй байна.” гэх үндэслэлээр үл  хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2/Уг орон сууц нь “Жигүүр гранд групп” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанд байгаа тул банкнаас хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг хавсарган дахин мэдүүлэг гарга гэж үзсэн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцааны эрх нь Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаас хөндөгдөхгүй, барьцааны эрхийн бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй болно. “Жигүүр гранд групп” ХХК нь зээлийн үүргээ гүйцэтгээгүй гэж үзвэл уг барьцаа хөрөнгөөр үүргээ хангуулах бүрэн боломжтой. Энэхүү асуудлаар ч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот тогтоол гарсан байдаг.

3/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /Шинэчлэсэн найруулга/ 7 дугаар зүйлд заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах мэдүүлэгийг холбогдох баримтын хамт хавсарган гаргасан боловч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэгч М.Лхагвасүрэн нь Үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй гэх үндэслэлээр Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлийг гарсан тухай 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн.

Энэхүү мэдэгдлийг хавсарган өгсөн баримтын хамт 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн авсан.

4/Баянзүрх дүүргийн улсын бүртгэгчийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэлд ...Жич: Мэдүүлэг гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны албан тушаалтанд гомдол гаргаж болно... гэж Мөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Баянзүрх дүүргийн Улсын бүртгэгч М.Лхагвасүрэн нь Үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй талаарх гомдлыг гаргасан.

5/Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга Б.Ариунболд нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 6/5971 дугаар албан бичгээр ...Худалдаа хөгжлийн банкны барьцаалсан барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлсөн албан бичгийг авч...тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүл гэсэн хариу өгсөн.

Иймд Нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр 116 тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр 116 тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэхэмжлэлтэй, "Жигүүр гранд групп" ХХК-нд холбогдох "Парк вью" орон сууцны цогцолбор барилгын 751-р байрны 116 тоот 109.98 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шатны шүүх хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00620 тоот шийдвэрээр нэхэмжлэгч нарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 байр, 4 давхарын 116 тоот 109.98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрт хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд уг шийдвэр хуулийн хучин төгөлдөр болсон. Ингээд миний бие Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст "Парк вью" орон сууцны цогцолбор барилгын 751-р байрны 116 тоот 109.98 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлтээ гаргасан ч Худалдаа хөгжлийн банкны барьцааны зээлд байна гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн тодруулаад байгаа зүйлс энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Жигүүр гранд групп, Худалдаа хөгжлийн банк хоёрын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой хийгдсэн барьцааны гэрээний эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй. Гуравдагч этгээдээр татаад ороод ирчихсэн Худалдаа хөгжлийн банкны ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй. Энэ улсын бүртгэлийн гэрчилгээ 45, 85, 100 хувийн гүйцэтгэлээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад авчихсан бүхэлдээ банкны барьцаанд байгаа. Нэхэмжлэгч нарын байрыг барьцааны гэрээнээс чөлөөлүүлье, хэсэгчлэн хүчингүй болгуулъя гэж маргаагүй. Зөвхөн бүртгэхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. 2009 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д барьцааны хөрөнгийг бусдын эзэмшилд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт байсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 01 тоот тогтоолоор хүчингүй болсон. Барьцаалуулагч үл хөдлөх хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчаас зөвшөөрөл авна гэж заасан. Жигүүр гранд групп өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас зөвшөөрөл авна гэсэн хуулийн зохицуулалт юм. Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6 дах хэсэг ч агуулгаараа ижил. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан иргэний суурь эрхийг зөрчсөн байна. Худалдаа хөгжлийн банкнаас ямар нэгэн зөвшөөрөл авч байгаа нь өөрөө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох буюу иргэн иргэн хуулийн этгээдүүд банкинд гэрээний нэг талд давуу байдал олгосон байна гэдэг үндэслэлээр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дах хэсгийг хүчингүй болсон. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарыг харахад 2018 оны Засгийн газрын Эд хөрөнгийн бүртгэл хөтлөх журмыг ярьж байна. Энэ журмын 2, 10.7 дах хэсгүүдийг ярьж байх боловч 10.7 дах заалт миний дурдсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг бүхэлдээ зөрчсөн. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 2017 онд гарсан. Хуулиас давсан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн журмыг үндэслээд татгалзаж байгаа нь хууль бус. Шилжсэн үйлдлээсээ үл хамаараад ямар нэгэн байдлаар банкны барьцаа хөндөгдөхгүй. Нэхэмжлэгч нар энэ нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. бид зөвхөн өөрийнхөө нэр дээр гэрчилгээгээ гаргуулъя. Жигүүр гранд групп Худалдаа хөгжлийн банкинд зээлийн төлбөрөө төлөхгүй бол нэхэмжлэгч нар болон бусад захиалагчид үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд ч гарч байгаа. Өмчлөгчөөр тогтоож байгаа шийдвэрийн агуулга нь нэхэмжлэгч нар бол өмчлөгч байна. Гэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлээр хязгаарлагдсан эд хөрөнгийн өмчлөгч байна. Таны орон сууц захиалгаар бариулах гэрээ хийсэн гүйцэтгэгч компани зээлээ төлөхгүй бол таны орон сууцаар зээлийг барагдуулна гэдэг үр дагавар бүхий шүүхийн шийдвэр. Эсрэгээрээ нэхэмжлэгч нар банкнаас энэ төлбөрөө гаргуулж болно. Эсхүл орон сууцанд ногдох зээлийн төлбөрийг банкинд төлөөд энэ төлбөрөө төслийг хэрэгжүүлсэн Жигүүр гранд группээс гаргуулж болно гэсэн агуулгатай. Энэ шүүхийн шийдвэрт Жигүүр гранд группээс болоод Худалдаа хөгжлийн банкнаас энэ шийдвэрт ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Өмчлөгчөөр тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болчихсон байгаа. Үл хөдлөх хөрөнгийг хөдлөх журмын 2.8, 10.7-д тус тус заасан хэсгүүд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Бүртгэлийн тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд, хэм хэмжээнүүдийг зөрчсөн. Энийг бүртгүүлж даалгаж шийдсэнээр хариуцагчид болоод банкны ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй юм. Үл хөдлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч нар 109.98 м.кв хасуулах гээд, барьцааны гэрээг хүчингүй болгох гээд байгаа зүйл биш. Эдийн засгийн эргэлтэд оруулбал үд хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ, итгэмжлэл гэхээр л улсын бүртгэлийн гэрчилгээ заавал шаардагддаг. Нэхэмжлэгч иргэдийг мэдэхгүйгээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжтой болоод байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая дурдлаа дараа долоо хоногт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаантай маргаан шийдвэрлэгдэнэ гэж байна. Хэрвээ Жигүүр гранд группийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүх шийдчихвэл нэхэмжлэгч нар шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох ямар ч боломжгүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарчихвал бие даасан буюу гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэдэг үүднээс эрх ашгаа хамгаалаад энэ ажиллагаанд оролцоод холбогдох тайлбар мэдүүлгээ миний дурдсанчлан 109.98 м.кв холбогдох зээлийнхээ төлбөрөө төлөөд барьцаанаас чөлөөлүүлж, эргээд Жигүүр гранд группээс шаардах боломжууд байгаа. Зөвхөн бүртгэл хөтлөх журмын 18 буюу барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй гэдэг үндэслэлээр л татгалзсан байдаг. Өөр бусад бүрдүүлбэр, хаягжилтын лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн фото зураг, гэрээ, үйлчилгээний хураамж дутуу гэдэг үндэслэлээр татгалзаагүй Бүртгэсэн ч гэсэн Худалдаа хөгжлийн банкны эрх ашиг ямар нэгэн байдлаар хөндөгдөхгүй барьцаа үргэлжлээд явах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Улаанбаатар Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 751 тоот 45 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг Хуулийн этгээд “Жигүүр Гранд групп” ХХК /2543729/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан мэдүүлэг, бүртгүүлэх тухай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, НХТЕТГ-ын албан ёсны хаяг, газрын кадастрын зураг, барилга байгууламжтай холбоотой нотлох баримтууд, эд хөрөнгийн план зураг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм зэргийг үндэслэн 2017 оны 06 дугаар 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204089463 дугаарт бүртгэсэн байна.

2/Улаанбаатар Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 751 тоот 85 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүртгүүлэх Хуулийн этгээд “Жигүүр гранд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн М.Пүрэвжавын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдүүлэг, хуулийн этгээдийн албан бичиг, итгэмжлэл, хурлын шийдвэр, “Парк-од” ХХК-ийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм,хурлын тэмдэглэл, “Жигүүр гранд групп”-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрөм, газрын кадастрын зураг,барилга байгууламжтай холбоотой нотлох баримтууд, эд хөрөнгийн план зураг, фото зураг зэргийн үндэслэн 85 хувийн гүйцэтгэлтэйгээр 2018 оны 10 сарын 18-ны өдөр бүртгүүлсэн байна.

3/2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг, Худалдаа Хөгжлийн банкны барьцаа бүртгүүлэх тухай албан бичиг, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 203 тоот нотариатчийн гэрчилсэн тус банктай байгуулсан зб/149-21, 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн зг/149-5 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгүүлсэн байна.

4/2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн мэдүүлэг, лавлагаа хүссэн албан бичгээр тус тус лавлагаа олгосон.

5./Улаанбаатар Баянзүрх дүүрэг 26-р хороо 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 751 тоот 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүртгүүлэх Хуулийн этгээд “Жигүүр гранд групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэн С.Баасансүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мэдүүлэг, хуулийн этгээдийн албан бичиг, Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэл нэмэгдүүлж гэрчилгээг шинэчлэн гаргуулах ба барьцаанаас чөлөөлөх эрх үүсэхгүй тухай албан бичиг, Жигүүр Гранд группийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, итгэмжлэл, хурлын шийдвэр, “Парк-од” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт фото зураг зэргийг үндэслэн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгүүлсэн байна.

6/2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдүүлэг, Худалдаа Хөгжлийн банкны барьцаа хөрөнгө шинэчлэн бүртгүүлэх тухай албан бичиг, 29-ны өдрийн зг/149-01, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2016 оны 03 дугаар сарын зг/149-02, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зг/149-03, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3г/149-04, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн эг/149-05, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зг/149-06 тоот зээлийн нэмэлт гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зб/149-21-1 тоот барьцааны нэмэлт гэрээ тус тус бүртгүүлсэн байна.

7/Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5/5066 тоот албан бичигт иргэн Б.Батсүх, Д.Лхагвадулам нар нь орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг зөрчин барьцаалагч буюу банкны хууль ёсны эрх ашгийг хөндөж бүртгэлийг хийсэн тохиолдолд банк нь өөрт учирсан хохирлоо нөхөн улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэх тухай дурдсан байна.

Дээрх эд хөрөнгө нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д "Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийн дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах "гэж, 10.7-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэж заасан.

Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын Улаанбаатар Баянзүрх дүүрэг 26-р хороо 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 751 дүгээр байрны 116 тоот орон сууцыг бүртгэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь үүрэг ногдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаж өгөөгүй бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тул бүртгэхээс татгалсан. Нэхэмжлэгч нар нь барилгын компани, барьцаалсан банктай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан захиргааны нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8.Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

1/Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/00620 тоот шийдвэрээр Орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нараас Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр гаргуулах мэдүүлгийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байна. Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дараах үндэслэлээр гаргахаас татгалзаж шийдсэн нь эрх зүйн зөрчилгүй буюу хууль ёсны гэж үзэж байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1.8 дахь заалтад “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө: эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах” гэж, мөн журмын 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана." гэж тус тус заасан.

Тус банкнаас Орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг олгоогүй тул Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэр нь дээрх журмын зохицуулалтад нийцсэн болно.

2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр 116 тоот 109.98 м.кв орон сууцны өмчлох эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Жигүүр гранд групп” ХХК нь Банкны өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээнд тус тус заасны дагуу Банкны барьцааны эрхийг дуусгавар болох буюу барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгуй байгаа болно.

Тодруулбал, Банк болон “Жигүүр гранд групп” ХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/149 тоот Зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Талууд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр №3Б/149-21 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр бөгөөд Барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээс тэргүүн ээлжид Зээлийн гэрээний шаардлагаа хангуулах этгээд нь Банк болно.

“Жигүүр гранд групп” ХХК нь өнөөдрийн байдлаар Зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн, зээл нь хугацаа хэтрэлттэй байгаа тул ИХ-ийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасны дагуу Банк нь барьцааны зүйл (жишээлбэл, Орон сууц)-ийг барьцаанаас чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдэхгүй байгаа болно” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь улсын бүртгэлээс мэдүүлгийнхээ дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүрдүүлбэр дутуу гэх үндэслэлээр гаргахаар татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Худалдаа хөгжлийн банкны зүгээс улсын бүртгэлийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмынхаа дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой эрх нь хөндөгчийн бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргана гэж журмаар заасан. Худалдаа хөгжлийн банкны зүгээс яагаад тухайн барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөлд бүртгэхэд хэсэгчлэн чөлөөлсөн бичгийг өгөх боломжгүй байна вэ гэхээр Жигүүр гранд групп болон Худалдаа хөгжлийн банз хоёрын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗГ/149 дүгээр зээлийн гэрээний дагуу Парк вью хотхоны 751 дүгээр блок бүхэлдээ худалдаа хөгжлийн банкны барьцаанд бүртгэлтэй байгаа. Тухайн барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл Иргэний хуулийн 160, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, барьцааны гэрээнд заасан үндэслэлээр Худалдаа хөгжлийн банкны хувьд өнөөдрийн байдлаар бүрдээгүй. Жигүүр гранд группын зээл олон тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, сүүлийн 2 жил төлөлт хийгдээгүй. Эргээд зээлийн гэрээтэй холбоотой маргаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр маргаантай байгаа учраас хэсэгчлэн чөлөөлсөн бичгийг өгөх боломжгүй байна. Өмнөх айлуудын хувьд ямар тохиолдолд хэсэгчлэн чөлөөлсөн бичиг өгсөн бэ гэвэл Жигүүр гранд групп тухайн захиалагч нарын барилгад хөрөнгө оруулалт хийгдэх гэрээний дагуу орон сууцны мөнгө бүрэн төлөгдөнгүүт тэр төлбөрийг зээлдээ төлдөг байсан учир тухайн мөнгөн дүнд хамаарах орон сууцыг улсын бүртгэлийн газар руу хүсэлт явуулж өгнө үү гэсний дагуу хүсэлтээ явуулж, хэсэгчлэн чөлөөлдөг байсан. Гэтэл нэхэмжлэгч нар орон сууцын үнийг бүрэн төсөн төлбөрийг Жигүүр гранд группээс зээлийн төлөлтдөө төлөөгүй. Мөн сүүлийн 2 жил төлөлт хийгдээгүй байгаа. Тийм учраас банкнаас хэсэгчлэн төлсөн гэх бичгийг өгөх боломжгүй байгаа. Энэ нь иргэний эрхзүйн харилцаа гэж харж байна. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нэхэмжлэгч нарын нэр дээр гарах юм бол банктай нөхөөд барьцааны гэрээ байгуулчих юм бол бид нар хэсэгчилж чөлөөлсөн бичгийг гаргаж өгөөд, эвлэрэх боломжтой байгаа гэдгээ илэрхийлж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч нараас “Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр 116 тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргуулахыг даалгах” шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нар нь “Жигүүр гранд групп” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №181214/А тоот “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Парк вью орон сууцны барилгад 1 дүгээр байр 4 давхарын А тоот 3 өрөө 109.98 м.кв талбайтай орон сууцанд 245,475,360 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх, “Жигүүр гранд групп” ХХК нь орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 00620 дугаар шийдвэрээр Б.Батсүх, Д.Лхагвадулам нарыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 дүгээр байр, 4 давхарын 116 тоот 109,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ.

3.Улмаар 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст  мэдүүлэг гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс “...Татгалзал үндэслэлгүй, барьцаалбартай холбоотой Үндсэн Хуулийн Цэцийн тогтоол гаргасан гэж”,  хариуцагчаас ...үүрэг ноогдуулсан хэлцэл хийсэн этгээдийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргаагүй, хуульд заасан бүрдүүлбэрийг бүрэн хангаагүй тул бүртгэхээс татгалзсан...” гэж тус тус маргажээ.

5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Жигүүр гранд групп” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17/120 дугаар албан бичгээр ...“Парк вью хотхоны 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө 751 тоот” албан ёсны хаягтай 5771.06 м.кв талбайтай барилга нь 45%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа тул зохих журмыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт, мэдүүлэг”-ийг гаргаж улмаар Y-2204089463 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг “Жигүүр гранд групп” ХХК-ийн нэр дээр гаргасан, мөн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 18/443 дугаар албан бичгээр ... Y-20204089463 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр  “Жигүүр гранд групп” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэн авсан бөгөөд ...тус барилгын гүйцэтгэл 85%-д хүрсэн тул дээрх гэрчилгээний гүйцэтгэлийн хувийг ахиулан гэрчилгээ олгож өгнө үү...” гэх хүсэлтийг гаргаж улмаар Y-2204089463 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин “Жигүүр гранд групп” ХХК-ийн нэр дээр гаргасан үйл баримт хэрэгт авагдсан.

6. Мөн “Жигүүр гранд групп” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ/149 дүгээр зээлийн гэрээг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан байх бөгөөд уг гэрээг үндэслээд маргаан бүхий Парк вью хотхоны 13312, Нийслэл хүрээ өргөн чөлөө 751 тоот” албан ёсны хаягтай 5771.06 м.кв талбайтай барилгыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ” №ЗБ/149-21 дүгээр, мөн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт” №149-21-1 дүгээр гэрээг тус тус “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан байна.

7.Харин “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 7-494 дүгээр, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 7-494/641 дүгээр, 04 дүгээр сарын 28-ны өдрийн 7-494/644 дүгээр албан бичгүүдээр дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 27 дугаар зүйлийн 27.1-д “Батлан даалтын гэрээг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл батлан даагчийн аль нэг нь гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д “Талуудын эрх, үүрэг өөрчлөгдсөн, гэрээ дуусгавар болсон, эсхүл гэрээний талууд өөрчлөгдсөн бол энэ тухай эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна”,   гэж тус тус хуульчилсан.

Түүнчлэн Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1 Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө”, 2.1.8-д “эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн дараахь бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, 10.7 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана”, 17 дугаар зүйлийн 17.1 Батлан даалтын гэрээний бүртгэл хөтлөхдөө Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг баримтална”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана” гээд 29.1.3-д “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэж тус тус заасан.

8.Хууль тогтоомжийн холбогдох зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн 11-22066225 дугаар мэдэгдлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцжээ.

9.Учир нь “Жигүүр гранд групп” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу барилгыг зээлийн гэрээ байгуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д барьцаанд тавьсан байх ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

10.Хэдийгээр нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 дүгээр байр, 4 давхарын 116 тоот 109,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон хэдий ч уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй нөхцөл байдал хэвээр үргэлжилж байна.

11.Өөрөөр хэлбэл, өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэж, эрхийн улсын бүртгэлд бүртгэх зохицуулалт нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль болох Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар тусгайлан зохицуулсан хориглолт, хязгаарлалт байхгүй, түүнчлэн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд хэрэгжих боломжтой.

12.Маргааны тохиолдолд нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нарыг... Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк вью орон сууцны барилгын 751 дүгээр байр, 4 давхарын 116 тоот 109,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацаанд уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д барьцаанд байсан байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “...өмчлөгч болохыг иргэний хэргийн шүүх тогтоосон байхад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгохоос татгалзсан нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5,  27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүрэг дэх Бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахаас татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Парк вью хотхон 751 дүгээр байр 116 тоот 109.98 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Батсүх, Д.Лхагвадулам нарын нэр дээр гаргуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ