Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ДШМ/36

 

О.Цэндэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ган-Эрдэнэ /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

          Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнхийн даргалсан шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч О.Цэндэд холбогдох 2229000560042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Цэндийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Хурга овгийн Отгоны Цэнд, 1971 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн бичиг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан 5 дугаар баг Далан шарын 6-667 тоотод оршин суух, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 100 дугаар зүйлд зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, /регистрийн дугаар: КЮ71062660/.

 

Шүүгдэгч О.Цэнд нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Голомт банкны зогсоол дээрээс 13-04 ТӨА улсын дугаартай тоёота спринтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Пүрэвдоржийн жолоодож явсан улсын дугаар, марк нь тодорхойгүй мотоцикльтой мөргөлдөж, түүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь О.Цэндийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Хурга овогт Отгоны Цэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэндэд тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэндийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс явахыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэнд нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч О.Цэндэд мэдэгдэж,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэндээс 7000000 /долоон сая/-н төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уламбаярт олгож,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дэх хэсэгт зааснаар хүү П.Ганшижир, хүү П.Амартүвшин, хүү П.Баатархүү, охин П.Энхжин нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл cap бүр 269284 /хоёр зуун жаран есөн мянга хоёр зуун наян дөрөв/ төгрөгийг шүүгдэгч О.Цэндээс гаргуулж хүү П.Ганшижир, хүү П.Амартүвшин, хүү П.Баатархүү, охин П.Энхжин нарт олгож,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан цогцост үзлэг хийх явцыг бэхжүүлсэн 1 /нэг/ ширхэг Сидиг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж,

         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Цэнд нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохрогчийн хууль ёсны төлөөлөгчид 1369500 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэндэд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүний 1215085 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлж,

          Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

          Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Цэндэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Цэнд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 38.1.1-д заасныг баримтлан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Учир нь: Нэг. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүхийн шийдвэрт: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн. Гэтэл хэргийн хүрээнд миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уламбаяртай эвлэрлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан баримт авагдсан. Мөн би осол болсон даруйд эмнэлгийн байгууллага дуудаж, хохирогчийг босож болохгүй хэмээн хэвтүүлж яаралтай тусламж үзүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Мөн амь хохирогч нь өөрөө эмнэлгийн тусламж авахаас зайлсхийж дураараа хэргийн газрыг орхиж явсан нь түүний зүй бус үйлдэл бөгөөд энэ нь хэргийн хор уршгийг нэмэгдүүлсэн. Хэрвээ цаг алдалгүй эмнэлгийн тусламж авсан бол талийгаачийн амь насанд аюул учрахгүй байсан байх боломжтой юм. Үүнээс үзэхэд Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5-1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, 6.5-1.4 хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байхад хуулийн эдгээр заалтыг огт ашиглаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна хэмээн үзэж ял оногдуулсанд гомдолтой байна.

Хоёр. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Миний үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй. Мөн Эрүүгийн хуулийн 2.6-2т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 7.1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулсан буюу төлж барагдуулахыг илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж болно гэж заасан.

Гэвч шүүх Эрүүгийн хуулийн энэхүү заалтуудыг огт хэрэглэхгүйгээр надад зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан төдийгүй,  хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрээр би сар бүр 270000 төгрөгийг хохирогчийн насанд хүрээгүй хүүхдүүдэд төлж барагдуулахаар болсон. Гэтэл миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, хилийн боомтод ажиллах, эсвэл олдсон ажлаа эрхэлж мөнгө олдог.

Зорчих эрх хязгаарласнаар би энд тэнд очиж олдсон ажлаа хийх боломжгүй болох бөгөөд энэ тохиолдолд би талийгаачийн хүүхдүүдийг тэжээн тэтгэх, хохирол төлбөрөө төлж барагдуулах боломжгүй юм.

Иймд миний нөхцөл, амьдрал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж надад 3 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэжээ.    

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Давж заалдах шатны шүүх гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийг хянан үзэх ёстой. Тиймээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ял нь хорих ялтай дүйцэхүйц хэмжээний ял буюу ялын төрлөөрөө аваад үзэхэд нэлээн хүнд ял. Шүүхээр тогтоосон ял нь өөрөө хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдүүлдэг. Мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон цаг хугацаанд мотоцикль хэрэглэж зорчсон. Мөн жолооч нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан мотоциклиор зорчиж байгаа тохиолдолд ослын малгай, дуулга өмсөх ёстой. Түүнийгээ хэрэглээгүй байсан нь ослын хор уршгийг хүндрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Яаралтай түргэн тусламж дуудсан боловч амь хохирогч нь түргэн тусламжийн үйлчилгээ авахаас өөрөө татгалзаад мотоциклио унаад явсан үйлдэл байдаг. Энэ хохирогчийн зүй бус үйлдэл буюу Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөл байдал руу оруулж болох буюу хохирогч нь өөрөө буруутай, хууль бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болж байна. Шүүгдэгч О.Цэнд нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь санамсаргүй, болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Тиймээс Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэрэгт орж байгаа. Тиймээс энэ хүнд тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой. О.Цэнд нь 53 настай эмэгтэй, өндөр насны тэтгэвэрт гараагүй, олдсон ажлаа хийх, тээвэр болон бараа зарах зэрэг ажил хийдэг. Зорчих эрх хязгаарласан ял хэрэгжээд ирэхээр ажил хийхэд хэцүү болно. О.Цэнд нь ясны үрэвсэлтэй. Эрүүл мэнд болоод нийгмийн бодит байдалд нийцэхгүй байна. 50 хэдэн  настай эмэгтэй хөдөлгөөн хязгаарласан гав зүүгээд явахад нийгэм яаж хүлээн авах уу, эрүүл мэнд талаас нь ямар байх уу гэх мэт. Эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой учраас тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү. Амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой асуудал үүсдэг. Амь хохирогчийн нийгмийн даатгал төлж байсан сар, цаг хугацааг аваад үзэхэд орлого нь 136,000 төгрөгөөр тогтоогддог. Нэг хүнд оногдох 36,000 төгрөг гэж тогтоогоод тэжээгчээ алдсаны төлбөр гэж 420,000 төгрөгөөс нь амь хохирогчийн амьдадаа олж байсан орлого 136,000 төгрөгийг хасаад нийт 270,000 төгрөгийн зөрүү гардаг. Энэ мөнгийг гэм буруутай этгээд төлөх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн хүний хүүхдүүдэд олгож байгаа тэтгэмж нь амьд ахуйдаа авч байсан орлогынх нь хэмжээнээс бага байх юм бол амьдадаа олж байсан орлогоос нь тэжээгчээ алдсан тэтгэмжийг нь хасаад зөрүүг нь гэм буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэх хуулийн заалт. Гэтэл шүүх энэ заалтыг буруу хэрэглээд өндөр тогтоогдсон байхад өндөр зөрүүг нь хасаж гаргаад гэм буруутай этгээдээс гаргуулах шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад заасан 270,000 төгрөгийг О.Цэндээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч О.Цэнд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч сэтгэл санааны хохирол буюу баримтгүйгээр тогтоогдсон зардлуудыг нөхөн төлөхөө илэрхийлж, эвлэрлийн гэрээ байгуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг шинжийг нь илүү анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Учир нь анхан шатны шүүх дээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь цагаатгах байр суурьтай орсон байдаг. О.Цэнд өөрөө эрх зүйн мэдлэггүй учраас өмгөөлөгчтэйгөө нэг ашиг сонирхолтой оролцох ёстой гэдэг хууль зүйн нарийн ажилбаруудыг мэдэхгүй. Мөн төлбөрийн чадваргүй учраас томилогдсон өмгөөлөгч оролцсон. Н.Энхтөр өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эхнээс нь оролцоогүй шүүх хуралдаанд оролцсон байдаг. Тиймээс О.Цэнд нь хууль зүйн туслалцааг бүрэн хангалттай авсан эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Энэ нөхцөл байдал нь энэ хүнийг зорчих эрх хязгаарлах хүнд ял авахад нь нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулахаа илэрхийлэх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

          Прокурор Д.Ган-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэсэн гомдол нь үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол төлбөрийг төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлж хорих ялыг тэнсэх хуулийн зохицуулалттай. Дээрх хуулийн зохицуулалтын гол шаардлага нь учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх ёстой. 7,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлдэг боловч ямар боломжид үндэслэж төлөх нь тодорхойгүй, төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Үүний цаана бага болон өсвөр насны дөрвөн хүүхэд ээжтэйгээ хамт өнчирч хоцорсон. Энэ хор уршиг, хохирол хэзээ ч арилахгүй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг шүүгдэгч О.Цэндэд хэрэглэх хуулийн шаардлага хангагдахгүй байна гэж үзэж байна. Өмгөөлөгч Н.Нарангарав нь тайлбартаа амь хохирогч нь согтуу байсан. Малгай хэрэглээгүй байсан. Хохирогчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон гэдэг зүйлийг яриад байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь ийм байр суурийг илэрхийлээд цагаатгуулахаар орж ирсэн. Өмгөөлөгч нарынх нь үндэслэл тайлбар нь гэм буруугаа шүүгдэгчийн хувьд сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөлийг бүрдүүлэхгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн нас болон хохирол төлбөрөө төлье гэдэг байр суурь болон гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь үндэслээд хорих ял оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн даатгалын тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох тухай шинэ журмаараа олгогдож байгаа учраас үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 269,284 төгрөг нь хууль зүйн үндэслэлтэй учраас мөн шүүхийн шийтгэх тогтоолын тухайн заалтыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч О.Цэнд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн учраас хүний амь нас хохирсон энэ үйлдэлд анхан шатны шүүхээс тухайн гэмт хэргийн шинж болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, хуулийн шаардлагыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч О.Цэндээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч О.Цэндийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.  

         Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

         Шүүгдэгч О.Цэнд нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Голомт банкны зогсоолоос 13-04 ТӨА улсын дугаартай тоёота спринтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Пүрэвдоржийн жолоодож явсан улсын дугаар, марк нь тодорхойгүй мотоциклтой мөргөлдөж, түүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газар, тээврийн хэрэгсэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-11-13, 17-19, 29-30/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-16, 20-21, 31-32/, Өмнөговь аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-127-132/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-136-138/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзоригийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-151-153/,

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уламбаярын “...Би талийгаачийн хамт 2022 оны 01  дүгээр сарын 31-ний өдөр өглөө гэрээсээ 10 цагийн үед Хаан банк орж хамгийн том хүүхдэдээ данс нээх гээд Голомт банкны урдуур баруун тийш явж байсан чинь Голомт банкны зогсоолоос нэг цагаан өнгийн машин ухарсан. Тэгсэн талийгаач сигналдсан чинь тэр машины жолооч нь сонссон үгүйг мэдэхгүй ухраад нэг мэдсэн чинь мөргөлдчихсөн. ...Би талийгаач нөхрөө босгох гэсэн чинь машины жолооч Цэнд гэх хүн босгож болохгүй гэж хэлсэн.

         Тэгээд удаагүй талийгаач боссон чинь эмч нар ирсэн. Талийгаачийг мотоцикль барьж болохгүй машинд суугаад яв гэсэн чинь талийгаач мотоциклио унаад яваад өгсөн. Би эмнэлэг дээр хүргэгдэж очоод дусал хийлгэчхээд гэртээ харьсан чинь нөхөр маань гэрийнхээ зүүн хойд талд бөөлжсөн байдалтай маш их хөлөрсөн ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд талийгаачид эмчилгээ хийж эхэлсэн боловч ухаан оролгүй нас барсан.” /хх-55-58/,

          Гэрч О.Пүрэвсүрэнгийн  “...Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хамгаалагч Даваабатын хамт ...ажил дээрээ ирсэн чинь манай үүдэнд зам тээврийн осол болж газарт нэг эрэгтэй хүн толгойн зүүн дээд хэсгээс нь бага зэргийн цус гарсан хэвтэж байсан.” /хх-76-77/,

          Гэрч Ж.Бямбасүрэнгийн “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эмнэлэг дээр ажилтай байсан чинь жижүүр эмч залгаад дуудлагад явъя гэсний дагуу дуудлагад явсан. Намайг очиход Голомт банкны үүдэнд ухраад зогссон машин зогсож байсан. Пүрэвдорж нь мотоциклио түшээд зогсож байсан.” /хх-83-85/,

           Гэрч Д.Отгончулууны “...Би буцаад эргэх гэтэл миний урдуур нэг мотоцикльтой хоёр хүн сигналдаад гарсан. Би тэр мотоциклийг өнгөрүүлээд бүтэн эргээд харсан чинь мотоцикльтой хүмүүс газарт уначихсан байсан ...Голомт банкны зогсоолоос баруун тийш дарж ухарсан ...машины арын 2 дугуй засмал руу гарсан, харин мотоцикль нь машинаас баруун тийш хажуугаараа харсан байсан. Намайг очих үед эхнэр нь босчихсон нөхрөө босгох гээд байх шиг байсан. Талийгаачийн дух нь жаахан шалбарсан харагдсан.” /хх-88-89/,

            Гэрч Б.Нандинцэцэгийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эмнэлэг дээр жижүүртэй байсан. ...Голомт банкны урд талын засмал дээр очсон чинь зам тээврийн осол болсон байсан. Нэг машин ухарч байсан бололтой мотоциклио босгоод жолооч нь данхраад байхгүй гээд түшээд зогсож байсан. ...Би О.Цэнд гэх хүнтэй ослын газарт уулзсан. Би мотоцикль ирж байгааг харсан. Тэгээд эсрэг урсгалаас машин байхгүй болохоор нь тойроод гарах байлгүй гэж бодоод зөөлөн ухарч байсан чинь мөргөлдчихсөн гэж ярьж байсан.” /хх-97-99/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

         Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

         Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.Цэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний амь нас хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Цэндэд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

 Шүүгдэгч О.Цэнд нь “...надад 3 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тэнсэн харгалзах ял болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд О.Цэндийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон, гэмт хэргийн улмаас учруулсан хүний амь насыг хохироосон хохирлыг арилгах боломжгүй тул шүүгдэгч О.Цэндийн хохирлоо төлсөн, хохирлоо төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулсан тул “оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тэнсэх тухай“ давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалд заасны дагуу талийгаач Б.Пүрэвдоржийн нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход нас барагчийн асрамжид байсан насанд хүрээгүй 4 хүүхдэд 130716 төгрөг байхаар тооцоо гарсан ба 1 сард олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг 400000 төгрөгөөр тогтоосон тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тооцоход гэм хор учруулсны төлбөр гаргуулах хэмжээг тогтоох боломжгүй байна.

          Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсгийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангаравын тайлбар, саналыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/76 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.
  2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  3. Шүүгдэгч О.Цэндийн “оногдуулсан ялыг хөнгөрүүлэн тэнсэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НАСАНЖАРГАЛ

 

                                       ШҮҮГЧИД                                  Х.ГЭРЭЛМАА

 

                                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ