Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0301

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК

Нэхэмжлэгч: Б ГХОХХК

Нэхэмжлэгч: Т ГХОХХК

Хариуцагч: Улаанбаатар төмөр зам ХХН-ийн дарга

Хариуцагч: Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хороо нарын хоорондын Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах, Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгч Б ГХОХХК-ийн өмгөөлөгч Б.М, нэхэмжлэгч М ХХК-ийн төлөөлөгч М.С, нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, нэхэмжлэгч М ХХК-ийн өмгөөлөгч Ж.Эт, нэхэмжлэгч Т ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгч Т ГХОХХК-ийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, Ц.Э, О.Б, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч компаниуд нь Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин нэхэмжлэгч Б ГХОХХК нь Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хороонд холбогдуулан тус Хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2-д Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тус тус маргаж байна.

2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төмөр замын тээврийн тарифын бодлого мөрдүүлэх тухай А17 дугаар тушаалаар Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай Монгол улсын хуулийн 17.3.3-р зүйлийг үндэслэн Нэг. УБТЗ-ын хэмжээнд ачаа, зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэхэд баримтлах тарифын бодлогыг доорхи бүтэцтэйгээр баталж, мөрдүүлсүгэй гээд 1.1. Орон нутгийн харилцааны ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-Тарифын 1-р мөрдлөгийг 1-р хавсралтаар, 1.2. Орон нутгийн харилцааны ачаа тээвэрлэлтийн тарифыг 2-р хавсралтаар, 1.3. Тарифын 2-р мөрдлөг, түүнийг хэрэглэх журам, УБТЗ-ын өртөө зөрлөг зогсоолын байрлал, хоорондох зай болон гүйцэтгэх ажиллагааг 3-р хавсралтаар, 1.4. УБТЗ-аар зорчигч тээш тээвэрлэх дүрэм- Тарифын 3-р мөрдлөгийг 4-р хавсралтаар, 1.5. Орон нутгийн харилцааны зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэх тарифыг 5-р хавсралтаар, 1.6. Монгол, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын зарласан олон улсын харилцаанд зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэлтийн төгрөгт шилжүүлсэн тарифыг 6,7,8,9-р хавсралтуудаар, 1.7. Олон улсын харилцааны суудлын галт тэргээр тээвэрлэж байгаа тээш, ачаа тээшийн үнэ зарлалтын хураамжийн төгрөгт шилжүүлсэн тарифыг 10-р хавсралтаар тус тус баталж шийдвэрлэжээ.

3. М ХХК-нд Зам, тээврийн хөгжлийн яамны 22/А300/01 дугаартай Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ-г 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаагаар олгогдсон,

4. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ХАГ/20/009 дугаар Төмөр замын хамтын ажиллагааны гэрээ-г Улаанбаатар төмөр зам ХХН болон Б ГХОХХК-иуд байгуулж, уг гэрээгээр талууд галт тэрэгний зурмагийн дагуу галт тэрэг аялуулах, галт тэрэг болон хөдлөх бүрэлдэхүүнд техникийн үзлэг хийх, өртөөн дээр галт тэрэг найруулах, сэлгээ хийх, нийтийн хэрэглээний зам, талбайгаар үйлчлэх үндсэн үйлчилгээг харилцан үзүүлэхээр тохиролцсон,

5. Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар Монголын талаас Ерөнхий хорооны орлогч дарга Д.Э, Ерөнхий хорооны гишүүн Л.Х, Ерөнхий хорооны гишүүн Б.Ц, Оросын талаас Ерөнхий хорооны дарга С.А.П*******, Ерөнхий хорооны гишүүн А.М.Ч******* нар оролцож, 5.1 Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.А*******гийн "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийн хэмжээг бууруулах, экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг цуцлах тухай" илтгэлийг сонсов. 5.2. "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах. 5.3. Экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах асуудлаар санал хурааж, зөвшөөрсөн 5 хүний саналаар шийдвэрлэсэн,

6. Улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а заалт, Ерөнхий хорооны хурлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийн 5.9 дүгээр заалтыг хавсралтаараа баталж, 5 дахь заалтаар уг тушаалыг батлагдсантай холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тарифын нэгдүгээр мөрдлөг УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм"-ийн 5.9 дүгээр заалт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэж, улмаар тушаалын хавсралтад 5.9. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг бодох, Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0.7 коэффициентоор үржүүлэн тооцно гэж заасан байна.

7. Харин, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийг баталсан байх бөгөөд тус дүрмийн 5.9 дүгээр зүйлд тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсийг бодох, 5.9.1. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд УБТЗ-ын зүтгүүрээр ачаа тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг дараах байдлаар тооцно. Үүнд: УБТЗ-ын зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0,7 коэффициентоор үржүүлэн тооцно. 5.9.2. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсийн тавцант вагоноор хувийн эзэмшлийн чингэлэг тээвэрлэвэл чингэлэг тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно гэж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар тушаалаар Нэг. Төмөр замаар тээвэрлэгдэж буй ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нурмаг ачаанд зориулагдсан 20 футын (open top) чингэлгээр нүүрс тээвэрлэх ажлыг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажилласугай. Гурав. Экспортын нүүрсийг 1 вагонд 20 футын 2 ширхэг, задгай чингэлэгт ачиж тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг тарифын 15-р бүлгээр, эдгээр чингэлгийг экспортын нүүрс ачих зориулалтаар хоосноор тээвэрлэх тохиолдолд тарифын 15-р бүлгийн тарифыг 50 хувь хөнгөлж тээврийн хөлсийг тус тус бодож тооцсугай. гэж заасан байжээ.

8. Ийнхүү Ган зам сонины 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн №09 /4564/ дугаарт УБТЗ-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД, Хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тавцант вагоноор экспортын нүүрс ачих зориулалттай 20 футын хоосон "опен топ" чингэлэг тээвэрлэх мөн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсийн вагоноор ачаа тээвэрлэх тарифт үзүүлдэг хөнгөлөлтүүдийг тус тус хүчингүй болж байгааг мэдэгдье. УБТЗ ХНН гэсэн мэдэгдлийг гаргажээ.

9. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компаниудаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байх ба Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас 2302******* дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаад Улсын ахлах байцаагч М.Даваажаргалын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны №4 Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар хэрэг нээж шалгасан Монгол-Оросын хувь "Улаанбаатар төмөр зам"-д холбогдох 2302******* хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "Зөрчлийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгч нар үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан байх ба Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/2088, 1/2089, 1/2090 дугаар хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нарт Таны гаргасан гомдлын дагуу зөрчлийн 2302******* дугаартай хэргийг хянав. 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаартай тушаалаар УБТЗ ХНН-ийн "Тарифын 1 дүгээр мөрдлөг УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм"-ийн 5.9 дүгээр заалтад заасан тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсний хөнгөлөлттэй нөхцөлийг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаартай Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар хүчингүй болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл /Өрсөлдөөний тухай хууль зөрчих/-д заасан зөрчлийн шинжгүй байна гэж дүгнэлээ. Харин тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулахаар УБТЗ-ХНН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, учирсан хохирлыг нэхэмжлэхтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэсэн хариуг хүргүүлжээ.

11. Ингээд нэхэмжлэгч М ХХК, Б ГХОХХК нараас 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, нэхэмжлэгч Т ГХОХХК-иас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, захиргааны хэрэг үүсгэснийг тус шүүхийн Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2023/8751 дугаар захирамжаар нэгтгэсэн.

12. Нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал М.С, Б ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ч******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УБТЗ ХНН нь Монгол Улсын төмөр замын гол зам эзэмшигч бөгөөд хуулийн дагуу зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгж юм. М ХХК болон Б******* ХХК нь УБТЗ-ын гол зам дээр хувийн өмчийн хөдлөх бүрэлдэхүүн буюу өөрийн вагоныг ашиглан бусдын ачааг тээвэрлэх төмөр замын тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. УБТЗ ХНН-ийн дарга 2003 оноос эхлэн тээврийн тарифын бодлого батлан мөрдүүлэхдээ УБТЗ-ын эзэмшлийн вагоноор тээвэр хийх болон УБТЗ-ын эзэмшлийн бус вагоноор тээвэр хийх хөлсийг ялгаатай тогтоож өгч байсан.

Гэтэл УБТЗ ХНН-ийн даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/231 тоот тушаалаар УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийн 5.9 дүгээр заалтыг өөрчилж, хувийн вагоноор ачаа тээвэрлэх тарифыг хүчингүй болгож, үүнийгээ Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу ШӨХТГ-т мэдэгдэж зөвшөөрөл авалгүй баталж, Ган зам сонингийн 2023 оны 02 сарын 28-ний өдрийн №09/4564/ дугаарт...мэдэгдэл гаргаснаар бидний мөрдөж буй тээврийн тариф өөрчлөгдсөнийг мэдсэн.

Ингээд бид УБТЗ ХНН-ыг тээврийн тариф өөрчлөхдөө Өрсөлдөөний тухай хуулийн 6.4-д заасны дагуу ШӨХТГ-т мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байсан, мөн УБТЗ-ын дээрх тушаал нь зах зээлийн шударга өрсөлдөөнийг хязгаарласан, гол зам эзэмшигч буюу давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, үнэ нэмэх замаар хувийн вагонтой аж ахуй нэгжийг өрсөлдөөнөөс шахан гаргасан гэсэн үндэслэлээр хувийн эзэмшлийн вагоноор тээвэр хийдэг нэр бүхий 3 компани ШӨХТГ-т гомдол гаргасан. Улмаар Зөрчлийн хэрэг нээгдэн шалгагдсан боловч ШӨХТГ-ын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 сарын 14-ны өдрийн 4 тоот тогтоолоор Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд бид Прокурорт гомдол гаргасан боловч 2023 оны 06 сарын 26-ны өдрийн 1/2088 тоот Хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдсэн.

Прокурорын хариу мэдэгдэх хуудсыг 2023 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авсан бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 5.1.4, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 1.1 дэх заалтыг үндэслэн энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

УБТЗ ХНН-ийн даргын 2003 оны 02 сарын 25-ны А/17 дугаартай тушаалаас эхлэн тээврийн тарифын бодлого батлан мөрдүүлэхдээ УБТЗ-ын эзэмшлийн вагоноор тээвэр хийх болон УБТЗ-ын эзэмшлийн бус вагоноор тээвэр хийх хөлсийг ялгаатай тогтоож өгч байсан. Жишээ нь 2003 оны тушаалд дээрх 2 тохиолдлын тээврийн хөлсийг шууд мөнгөн дүнгээр ялгаатай тогтоож зохицуулж байсан бол дараагийн тушаалуудаас эхлэн бууруулах итгэлцүүрийг ашиглан тогтоож эхэлсэн. Энэ нь өөрөө шударга өрсөлдөөний зарчимд нийцэхээс гадна олон улсын жишигт нийцсэн бодлого байсан.

Мөн УБТЗ ХНН нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй нэгж тул тээврийн тариф батлах тухай тушаал гаргах бүртээ Өрсөлдөөний хуулийн дагуу ШӨХТГ-аар хянуулж, дүгнэлт авсны дараа тарифын тушаалыг албажуулж баталгаажуулдаг байсан. Энгийн үгээр тайлбарлавал: Б******* ХХК нь УБТЗ-ын эзэмшлийн вагоноор Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас БНХАУ-ын хил хүрэхэд тээврийн хөлс 1 вагон нь 2,967,400 төгрөг төлдөг бол өөрсдийн хувийн вагоноор ачаа тээвэрлэхэд УБТЗ-д 2,522,290 төгрөгийг төлөхөөр тариф ялгаатай байсан.

Учир нь манай компани УБТЗ-ын вагоныг ашиглаж элэгдэл хорогдолд оруулаагүй мөн тэдний вагон өөр этгээдэд түрээслэгдэх боломжтой хэвээр байх учир тэдний вагоныг ашиглах болон өөрсдийн вагоныг зардал гарган ашиглах тээврийн хөлс ялгаатай байх нь энгийн ойлгомжтой зүйл юм. Мөн манай компани өөрийн вагоноор ачаа тээвэрлэснээр вагоны засвар үйлчилгээ, худалдаж авсан зардал зэргийг дээрх 2 тарифын зөрүүгээр нөхдөг байсан. Товчхондоо УБТЗ манай компанийг вагоноор хангаж, замаа ашиглуулан тээвэр хийлгэсэн, вагоноор хангалгүй зөвхөн замаа ашиглуулсан 2 хөлс ялгаатай байх нь шударга бөгөөд олон улсын жишигт ч ингэж зохицуулагддаг юм.

УБТЗ ХНН-ын нэгдэн орсон ЕТТ буюу Нэгдсэн нэвтрэх тарифын хэлэлцээр-ийн 24-д Хувийн вагон ачаа тээвэрлэх тохиолдолд тухайн улсын төмөр замд мөрддөг тарифаас 15% бага байх-аар зохицуулсан байдаг. Гэтэл одоо УБТЗ-ын вагоныг ашиглах болон хувийн вагоноор ачаа тээвэрлэх үнэ тариф нь ижил болсноор хувийн вагонтой компаниуд нь ачаа тээвэрлүүлэгч буюу ачааны эхэнд УБТЗ-аас илүү үнэ санал болгох /УБТЗ-д төлөх үнэ+өөрийн вагоны зардал/ эсвэл вагоны элэгдэл хорогдол, зардлыг өөрөө хариуцаж алдагдал хүлээх нөхцөл үүсээд байна.

УБТЗ-ын энэ үйлдэл нь давамгай байдлаа ашиглан үнэ өөрчлөх замаар шударга өрсөлдөөнийг хязгаарласан, хувийн вагонтой компаниудыг зах зээлд үйл ажиллагаа явуулах боломжийг хаасан, хувийн вагонтой компаниуд тээврийн хөлсөө нэмснээр ачаа тээвэрлүүлэгч этгээд нь УБТЗ-ийг сонгох нөхцлийг бүрдүүлж өөрсдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх гэсэн санаатай үйлдэл юм.

Энэ нь Зөрчлийн хэрэгт авагдсан УБТЗ-ын Ерөнхий хорооны 2023.02.17-ны өдрийн хуралд тавьсан илтгэлээс ч харагддаг. Тухайн илтгэлд "Монгол Улсад нийт 11,923 ачааны вагон байгаагаас 3201 нь УБТЗ-ын эзэмшлийх, 8722 нь бусад компанийх байна Бусад компанийн тээврийн үнийг өөрчилснөөр УБТЗ 2023 онд 59,4 тэрбум төгрөгний нэмэлт орлого олно" гэж танилцууснаар УБТЗ-ын Ерөнхий хорооноос тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны тарифыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх шийдвэрийг гаргасан байдаг.

Мөн УБТЗ нь олон улсын гэрээ хэлэлцээрээр Монгол Улсад татвар төлдөггүй, гол зам эзэмшигчийн хувьд тэдний зам дээр тээвэр хийх тохиолдолд тэдний тавьсан шаардлага, гэрээг зөвшөөрөхөөс өөр арга байхгүй, хувийн өмчийн компаниуд УБТЗ-тай төмөр замын тээврийн салбарт өрсөлдөх боломж тун хомс буюу монополь хуулийн этгээд байхад хувийн вагон бүхий компаниуд нь УБТЗ-д тээврийн хөлсийг төлөх, татвар суутгалаа улсад төлөх дээр нэмээд вагоныхоо зардлыг өөрсдөө хариуцахаар болж байгаа нь монополь байдлаа ашиглаж өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл мөн.

УБТЗ нь энэ үйлдлээ тариф өөрчлөөгүй, үзүүлж байсан хөнгөлөлтөө хүчингүй болгосон гэж тайлбарладаг боловч тарифын хөнгөлөлт гэх ойлголт олон улсын жишигт буюу Нэгдсэн нэвтрэх тариф, бусад эрх зүйн актууд, Монгол Улсын төмөр замын тээврийн тарифын мөрдлөг, бусад эрх зүйн акт, УБТЗ-ын тушаал шийдвэр дүрэм журмуудад байхгүй бөгөөд бууруулах коэффициентоор үржүүлэн тооцон гаргаж буй нь өөрөө нэг төрлийн тариф тогтоож байгаа арга хэлбэр юм. Өөрөөр хэлбэл УБТЗ-ын даргын тушаалаар батлагддаг Тариф хэрэглэх дүрэм-ын хавсралтаар ачаа тээш бүрийн тээврийн тарифыг тус бүрээр зоож ШӨХТГ-аар хянуулснаар хэрэгжиж эхэлдэг бөгөөд Тариф хэрэглэх дүрэмдээ зарим тээврийн хөлсийг бууруулах коэффициентоор үржүүлэн тооцож бодох зохицуулалт хийгддэг. Энэ зохицуулалт нь зарим төрлийн тээврийн харилцааны тарифыг тогтоож буй үйлдэл юм.

Манай компаниас УБТЗ-д төлдөг байсан тээврийн хөлс 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн өөрчлөгдсөн нь тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны тээврийн тариф өөрчлөгдсөн гэсэн ойлголт юм. Энэ өөрчлөлтийн улмаас УБТЗ-ын вагоноор ачаа тээвэрлүүлэх оочир дараалал ихсэх, экспорт импортын гарц багасах удаашрах, мөн ачаа тээвэрлүүлэгч иргэн хуулийн этгээд хувийн вагонтой аж ахуй нэгжид өндөр үнэ төлөн ачаа тээвэрлүүлсэн тохиолдолд тухайн үнийн өсөлт нь Монгол Улсын зах зээлд сөргөөр нөлөөлөх үр дагавартай юм.

УБТЗ-ын даргын тушаал нь ч "Тарифын өөрчлөлтийн тухай" тушаал байх бөгөөд бууруулах коэффициентоор үржүүлэн тооцож бодох заалт хүчингүй болсноор хувийн вагоны тээврийн хөлс нэмэгдэж байгаа нь ойлгомжтой байгаа юм. УБТЗ-ын даргын 2023.03.07-ны А-231 тоот тушаал хэрэгжиж тээвэрлэгчид үл харьяалагдах вагоны тээврийн тариф өөрчлөгдсөнөөс хойш буюу 2023.03.10-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Б******* ХХК нийт 466 560 тонн ачааг өөрийн вагоноор тээвэрлэж, 3052 371 600 төгрөгийг УБТЗ-д илүү төлөөд байна.

М ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн вагоныг бусдад түрээслүүлж, ашиг орлого олдог компани бөгөөд дээрх тушаал хэрэгжсэнээр вагон түрээслүүлэх гэрээний үнэ нэмэгдэх, эсвэл вагон түрээслүүлснээс олох ашиг орлого буурах нөхцөл үүссэн. УБТЗ ХНН ч мөн бусдад вагон түрээслүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ тохиолдолд мөн л давамгай байдлаа ашиглан өрсөлдөөнийг хязгаарласан.

Иймд Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг хангаагүй, мөн хуулийн 48.2.2-д "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн" гэж заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт байна, мөн Өрсөлдөөний тухай хуулийн 6.2-д "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 7.1.3-д "аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...", 7.1.11-д тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт... бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих" заалтыг зорчиж хувийн вагоноор тээвэр хийдэг аж ахуйн нэгжийн үнэ тарифыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, тэгш бус байдлыг үүсгэн эрх ашгийг зөрчиж, өрсөлдөгч компанийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасныг үндэслэн УБТЗ ХНН-ийн даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/231 тоот тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

13. Нэхэмжлэгч Т ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Т" ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын холбогдох хэсгийг эс зөвшөөрч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт 2023 оны 03 сарын 10-ний өдрийн 2/27 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар гомдлыг хүлээн авч хянаад 2302******* дугаар зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын ахлах улсын байцаагч М.Даваажаргал "... зүй ёсны монополь байдалтай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" нь бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна, Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана", 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.3-т бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах, 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, Зүй ёсны монополь байдалтай Улаанбаатар төмөр зам ХНН нь бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэх байдал тогтоогдоогүй зөрчлийн шинжгүй... гэж дүгнэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар хэрэг нээж шалгасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-д холбогдох 2302******* дугаартай хэргийг Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан "Зөрчлийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.

Иймээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 2/74 Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан ба гомдлыг Нийслэлийн прокурорын газар хүлээн авч хянаад 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 1/2089 дугаар "Гомдолд хариу өгөх тухай" прокурорын хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг уг мэдэгдэх хуудсыг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар мэдсэн болно.

Гомдлыг хүлээн авахаас татгалзсан Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудаст "Түүнчлэн УБТЗ-ХНН нь тээвэрлэгчид үл харьяалагдах вагоныг төмөр замын нийтийн хэрэгцээний болон төмөр замын байгууллагын мэдлийн зам дээр зогсоосон тохиолдолд зам ашигласны хөлсийг тарифын дагуу гаргуулан авдаг үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл /Өрсөлдөөний тухай хууль зөрчих/-д заасан зөрчлийн шинжгүй байна гэж дүгнэлээ. Харин тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулахаар УБТЗ-ХНН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн А/231 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, учирсан хохирлыг нэхэмжлэхтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна" гэсэн хариу өгсөн учир Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1, 14.1.1-т заасны дагуу өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь Т ХХК нь УБТЗ-ын гол зам дээр хувийн өмчийн хөдлөх бүрэлдэхүүн буюу вагон ашиглан бусдын ачааг тээвэрлэн төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм.

Манай улс 1991 онд Олон улсын төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр орсон бөгөөд олон улсын төмөр замын салбарт нийтлэг мөрддөг "ЕТТ" буюу Нэгдсэн нэвтрэх тарифын зарчмыг баримтлан хувийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүний тээврийн тарифын асуудлыг шийдэж ирсэн юм. Тодруулбал "УБТЗ ХХН нэгдэн орсон "ЕТТ буюу Нэгдсэн нэвтрэх тарифын хэлэлцээрийн 24-р зүйлд " ...тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг болон 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно..." хэмээн заасан байдаг.

Гэтэл "Ганзам" сонины 2023-02-28-ны №09 (4564) дугаарт "УБТЗ-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД Хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны хурлын шийдвэрээр 2023 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн тавцант вагоноор экспортын нүүрс ачих зориулалттай 20 футын хоосон "опен топ" чингэлэг тээвэрлэх мөн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсийн вагоноор ачаа тээвэрлэх тарифт үзүүлдэг хөнгөлөлтүүдийг тус тус хүчингүй болж байгааг мэдэгдье..." гэсэн нь "Нэгдсэн нэвтрэх тарифын хэлэлцээр"-ийн 24 дүгээр зүйлд заасныг зөрчөөд зогсохгүй УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм"-ээс хасаж шийдвэрлэсэн нь хувийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн ашигладаг аж ахуй нэгж байгууллагуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан шийдвэр гэж үзэж байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын албан ёсны цахим сайтад байршуулсан "Давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуй нэгжүүдийн жагсаалт"-д тээврийн салбар дахь Зүй ёсны монополь аж ахуйн нэгжээр "Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийг оруулсан байдаг. Мөн УБТЗ ХНН нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1-д ...Тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт хийж байгаа нэг этгээд байхад л нийгмийн дундаж зардал хамгийн бага байх боломжтой зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчийг зүй ёсны монополь байдалтай гэж үзнэ..." гэж заасны дагуу зүй ёсны монополь аж ахуй нэгж юм.

Энэ ч утгаараа "Улаанбаатар төмөр зам ХНН нь Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйл 6.4-т "..:Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана..." хэмээн заасны дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт өөрчлөлт оруулах талаар өргөдөл гаргаж мэдэгдсэн байх үүрэгтэй байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйл 6.7-д "... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн өргөдөл, энэ хуулийн 6.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан гэж үзвэл бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн өөрчлөлтийг 30 хоногийн дотор хянан зөвшөөрөл олгоно... хэмээн заасан зохих зөвшөөрөл авах үүрэгтэй.

Гэвч манай компанийн гомдлыг хянан шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай "Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг Өрсөлдөөний тухай хуулийн дээрх заалтын дагуу бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргасан, мөн хуулийн 6.5-д заасан бүрдлийг хангасан талаар тайлбарлаагүй байгаа зэргээс үзэхэд хариуцагч нь "УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийн 5.9-д өөрчлөлт оруулахдаа уг хууль тогтоомжийг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл зүй ёсны монополь аж ахуйн нэгж байгууллага нь бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах бол Өрсөлдөөний тухай хууљд заасны дагуу зохих өөрчлөлтүүдийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх үүрэгтэй бөгөөд ийнхүү гаргасан өргөдлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянаж шалгах, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу олж тогтоон шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах, 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах үүний дараа хуульд заасны дагуу сонсох ажил байгуулж, тайлбар мэдүүлэг авсны үндсэн дээр зөвшөөрөл олгохоор хуульчилж өгсөн байна.

Гэтэл хуульд заасан ут ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Захиргааны байгууллага аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан тусгай зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй. Тодруулбал Хуулийн 4.2.1-т "хуульд үндэслэх", 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах" зэрэг зарчмыг мөрдөх учиртай. Хэрэв дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хууль бус захиргааны акт гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох ёстой.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 10.7.4.7, 10.7.5-д ...Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, эд зүйлийг хурааж тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 3 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... хэмээн зохих арга хэмжээг аваад зогсохгүй хууль бус тушаал шийдвэрүүдийг хүчингүй болгохоор зохицуулж өгсөн.

Мөн маргаан бүхий Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/231 дугаар "Тарифын өөрчлөлтийн тухай" тушаалаар баталсан аж ахуйн нэгж байгууллагад үзүүлдэг хөнгөлөлтүүдийг хүчингүй болгож байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл 12.1.10-д " ... хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" хэмээн заасныг, мөн Зөрчлийн тухай хуулийг тус тус зөрчсөн байна.

Олон улсын тарифын хэлэлцээр /ЕТТ буюу Нэгдсэн нэвтрэх тарифын хэлэлцээр/-т хувийн вагоноороо ачаа тээвэрлэх тариф нь тухайн улсын төмөр замд мөрдөгддөг тарифаас 15% бага байхаар зохицуулсан, УБТЗ-ын хувьд дээрх хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд бусад улсын хувийн вагон УБТЗ ХНН-ийн зам дээр ачаа тээвэрлэх тохиолдолд 15%-аар бага тарифаар тээврийн хөлсийг тооцдог мөртлөө УБТЗ ХНН-ийн даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/231 тоот тушаалаар УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийн 5.9 дүгээр заалтыг өөрчилж хувийн вагоноор ачаа тээвэрлэх тарифыг хүчингүй болгосноор дотоодын аж ахуй нэгжийг өрсөлдөөнөөс шахан гаргах, зүй ёсны монополь байдлаа буюу гол төмөр замын эзэн байдлаа хууль бусаар ашиглаж хувийн вагонтой аж ахуйн нэгжийг шахан гаргах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.

Түүнчлэн батлагдсан тарифын бодлого, хууль тогтоомжийн хүрээнд тээврийн хөлс тарифыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрх нь УБТЗ-д нээлттэй хэдий ч хувийн вагонтой компанийн зардалд тооцогдож бууруулж байгаа 15%-ийг хүчингүй болгон ижил тарифтай болгож байгаа нь шударга бус бөгөөд давамгай байдлаа ашигласан нөхцөл байдал юм.

Хувийн вагонтой аж ахуй нэгжийн өрсөлдөөнийг ийнхүү хязгаарласнаар экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлөх бөгөөд тэгш байдал, шударга өрсөлдөөн алдагдаж байна. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн уг хууль бус үйл ажиллагааны улмаас гомдол гаргагч болоод тус салбарын үйл ажиллагаанд дараах хохиролтой нөхцөл байдал шууд үүсч байна. Үүнд: Хувийн вагонтой хэрэглэгчид вагоны зардал/зайлшгүй зардал/-аа тооцуулах боломжгүй болсноор УБТЗ ХХН-ын вагон болон гадаад улсын вагонтой хэрэглэгчтэй өрсөлдөх боломжгүй болж зах зээлээс шахагдана, Хувийн буюу өөрийнхөө вагоноор бусдын зам дээр ачаа тээвэрлэсэн тохиолдолд тухайн хувийн вагоных нь өртгийг шингээж 0,85 коэффициентоор үржүүлэн тооцсон дүнгээр тариф тогтоох нь олон улсын жишиг байхад үүнийг өөрсдийн үзэмжээр өөрчилсөн, Хувийн өмчлөлийн вагонтой дотоодын аж ахуйн нэгжид вагоны зардал тооцоогүй тарифыг хэрэглэж байгаа атлаа гадаад улс /ОХУ/-ын аж ахуйн нэгжид тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцсон тарифаа хэрэглэж байна,

"УБТЗ ХХН хувийн өмчлөлийн вагонтой хэрэглэгчийг зах зээлээс шахах замаар зөвхөн өөрийн вагоноор ачаа тээвэрлэх нөхцөлийг тулгаж байгаа нь Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний гарцыг удаашруулах, ачаа эргэлт удаашрах нөхцөлд хүргэж байна.

Монгол Улсад болон олон улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоож, хэлэлцээрт гэрээ хэлэлцээрт тарифын "хөнгөлөлт" гэх ойлголт байхгүй. УБТЗ-ын вагоныг ашиглаж ачаа тээвэрлэх, өөрийнхөө хувийн вагоноор ачаа тээвэрлэх хоёр асуудалд ялгавартай тариф байх нь шударга гэсэн үзэл санааны улмаас ОУ-н гэрээ хэлэлцээрт ч бууруулах коэффициентоор үржүүлэн тарифыг тооцож байна. Өөрөөр хэлбэл 0,85 бууруулах коэффициентоор үржүүлсэн хөлс нь хөнгөлөлт бус харин тогтоосон тариф юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 сарын 07-ны өдрийн А/231 дугаар "Тарифын өөрчлөлтийн тухай" тушаалын 1 дэх заалт, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

14. Нэхэмжлэгч Б ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ч******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч нарын зүгээс УБТЗ-ын даргын 2023.03.07-ны А-231 тоот тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 6444 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүссэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс ирүүлсэн хариу тайлбар болон түүнд хавсаргасан баримтуудтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. УБТЗ-ын даргын 2023.03.07-ны "Тарифын өөрчлөлтийн тухай" А-231 тоот тушаал нь "Улаанбаатар төмөр замын нийгэмлэг"-ийн Ерөнхий хорооны хурлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг үндэслэсэн байх ба хариуцагчаас "...замын дарга тарифуудыг боловсруулж, ерөнхий хороонд хянуулахаар оруулж, гарсан шийдвэрийг мөрдөж ажилласан" гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

УБТЗ ХНН-ийн дүрмийн 17 дахь хэсэгт Ерөнхий хорооны эрх, үүргийг тодорхойлсон байх бөгөөд 17.б-д "тээвэрлэлтийн төлөвлөгөөг хянаж батлана.", 17.в-д "ачаа, зорчигчид болоод тээш, шуудан тээвэрлэлтийн тарифуудыг тогтооно" гэж тус тус заажээ. Иймд маргаан бүхий УБТЗ-ын даргын 2023.03.07-ны А-231 тоот тушаал нь УБТЗ ХНН-ийн дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифыг өөрчилсөн Ерөнхий хорооны 2023 оны 02 сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу гарсан байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооноос гаргасан дээрх шийдвэр /хувийн вагоноор тээвэр хийж буй аж ахуй нэгжийн тээврийн тарифыг өөрчилсөн/ нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.2- д "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 7.1.3-д "аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...", 7.1.11-д тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт... бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих", мөн хуулийн 6.4-т "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд ШӨХТГ-т өргөдөл гаргана" гэж заасныг тус тус зөрчиж хувийн вагоноор тээвэр хийдэг аж ахуйн нэгжийн үнэ тарифыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, шударга өрсөлдөөнийг хязгаарлаж, тэгш бус байдлыг үүсгэн эрх ашгийг зөрчиж, өрсөлдөгч компанийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа шийдвэр юм.

Мөн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 37.5-д "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэж заасны дагуу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт тул гомдол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран хүчингүй болгох хуулийн заалтын дагуу шүүхэд хандаж байна.

Өөрөөр хэлбэл Ерөнхий хорооны дээрх шийдвэрийн үйлчлэл нь тээвэрлэгчид үл харьяалагдах буюу хувийн вагонтой эсвэл бусдаас түрээсэлж авсан вагонтой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд чиглэж байгаа, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасныг үндэслэн УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар "5.2-д УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах" гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг. "М" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.С, Т" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Х*******, "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ч******* нараас зүй ёсны монополь байдалтай "Улаанбаатар төмөр зам ХНН нь бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй" хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гаргасан гомдлыг үндэслэлгүй байна хэмээн үзэж Эрх бүхий албан тушаалтны 2023.06.14-ний өдрийн №4 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

Хоёр. "УБТЗ ХНН-ийн даргын 2023.03.07-ны өдрийн А/231 тоот тушаал нь хууль ёсны захиргааны акт болохын тухайд:

2.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" нь Монгол Улсын /одоогийн нэрээр/ Засгийн газар болон ОХУ-ын /одоогийн нэрээр/ Засгийн газар хооронд 1949.06.06-ны Хэлэлцээр, түүнийг дагаж гарсан нэмэлт Протоколууд, дүрмийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий хороо нь нийгэмлэгийн дүрмийн 17 дугаар зүйлийн "б", "в" заалтын дагуу тээвэрлэлтийн төлөвлөгөөг хянаж, ачаа зорчигчид болоод тээш, шуудангийн тээвэрлэлтийн тарифуудыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлдэг ба харин Замын дарга дүрмийн 22 дугаар зүйлийн "з" заалтын дагуу ачаа, зорчигчид, тээш, шуудан тээвэрлэлтийн тарифуудыг боловсруулж, ерөнхий хороонд хянуулахаар оруулж, гарсан шийдвэрийг мөрдөж ажилладаг.

2.2. Улаанбаатар төмөр замын Хэрэг эрхлэх газрын даргын 2003.02.25-ны өдрийн /Төмөр замын тээврийн тарифын бодлого мөрдүүлэх тухай" А-17 тугаар тушаалаар батлагдсан УБТЗ-ын хэмжээнд ачаа, зорчигч, тээш, ачаа тээш тээвэрлэхэд баримтлах тарифын бодлогыг мөрдөж байгаа ба энэхүү бодлогын баримт бичигт 2005.06.19-ний А-135, 2007.08.14-ний А-124, 2009.08.28-ны А-146, 2022.03.23-ны А-233, 2023.03.07-ны А-231 дугаар тушаалуудаар нэмэлт өөрчлөлт оруулсан болно. Дээрх баримт бичгүүдийн дагуу тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсийн вагоноор ачаа тээвэрлэх тарифыг тооцох зохицуулалтыг хүснэгтээр харуулбал:

д/д

Тушаалын дугаар

Заалт

Зохицуулалт

1

А-17

5.10.

Төмөр замын эзэмшлийн бус хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэсний хөлсийг бодох: а. Ачаа эзэмшигчийн зүтгүүр, вагон бол тэдгээрийн гол- км тутмаас 90 төг ачаа эзэмшигчийн зүтгүүрийг тээвэрлэхэд мөн адил хамаарна б.төмөр замын зүтгүүрээр ачаа эзэмшигчийн ачаатай вагоныг тээвэрлэхэд 1 гол-км тутамд 268 төг в. төмөр замын зүтгүүрээр ачаа эзэмшигчийн хоосон вагоныг тээвэрлэвэл 1 гол-км тутамд 68 төгрөгөөр тус тус тооцож бодно.

2

А-135

5.9.

Төмөр замын эзэмшлийн бус хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэсний хөлсийг бодох: Төмөр замын эзэмшлийн бус хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг тухайн ачаа тээвэрлэлтэд тогтоосон бүлгийн тарифыг доорхи бууруулах коэффициентоор үржүүлэн бодно. Үүнд: Төмөр замын зүтгүүрээр төмөр замын бус хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэж буй тохиолдолд 0.65 коэффициентоор, төмөр замын зүтгүүрээр төмөр замын бус хөдлөх бүрэлдэхүүнийг хоосноор тээвэрлэх тохиолдолд 0.25 коэффициентийг тус тус хэрэглэнэ. Төмөр замын зүтгүүрээр бусдын зүтгүүр /өөрийн гол дээр ачигдсан ачааны адил/ болон вагоныг тээвэрлэвэл 1 гол-км тутамд 90 төгрөгөөр тооцож бодно.

3

А-124

 

-

4

А-146

5.9.

Хувийн эзэмшлийн болон хувийн вагоноор ачаа тээвэрлэх

5.9.1.

Хувийн эзэмшлийн болон түрээсийн вагонд УБТЗ-ын зүтгүүрээр ачаа тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг дараах байдлаар тооцно. Үүнд: УБТЗ-ын зүтгүүрээр хувийн эзэмшлийн болон түрээсийн вагонд ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно. Хувийн эзэмшлийн болон түрээсийн вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг тооцохдоо 14 "а" заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг дараах бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно. Үүнд: -Экспортын ашигт малтмал тээвэрлээд хоосноор буцаж буй ваоны тээврийн хөлсийг тодорхойлоход 0,3 коэффициент хэрэглэнэ. -Ашигт малтмалаас бусад ачаан тээвэрлээд хоосноор буцаж буй вагоны тээврийн хөлсийг тодорхойлоход 0,2 коэффициент хэрэглэнэ.

5.9.2.

Хувийн эзэмшлийн болон түрээсийн тавцант вагоноор хувийн эзэмшлийн контейнер тээвэрлэвэл контейнер тээврийн хөлсийг 0,82 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно.

5.9.3.

Хувийн эзэмшлийн болон түрээсийн вагоноор тээвэрлэж буй ашигт малтмалын экспортын тээврийн хөлсийг энэхүү тарифын мөрдлөгийн 5.4.6 дугаар заалтын дагуу тооцох тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүний төрлөөс хамааралгүйгээр 15 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Ачаа тээврийн хөлсийг 5.4.6 дугаар заалтын дагуу тооцсон тохиолдолд хувийн эзэмшлийн болон түрээсийн вагоныг хоосноор буцаан тээвэрлэх хөлсийг вагоны 1 гол-км тутамд 0,033 швейцарь франкаар тооцно. Вагон хоосон гүйлтийн хөлсийг Монголбанкны тухайн өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн тооцно.

5

А-233

5.9.

Тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсийг бодох Тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсэлж авсан вагон УБТЗ-ын зүтгүүрээр ачаа тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг дараах байдлаар тооцно. Үүнд: УБТЗ-ын зүтгүүрээр тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно. Тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км- ийн хөлсийг 0,7 коэффициентоор үржүүлэн тооцно.

5.9.2.

Тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсийн тавцант вагоноор хувийн эзэмшлийн чингэлэг тээвэрлэвэл чингэлэг тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно.

6.

А-231

5.9.

Тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг бодох Тээвэрлэгчид үл харъяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны терлеес хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0,7 коэффициентоор үржүүлэн тооцно.

2.3. "УБТЗ ХНН нь зүй ёсны монополь аж ахуйн нэгжийн хувьд Төмөр замын тээврийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн шаардлагын дагуу ачаа, зорчигч, ачаан тээшийн тарифыг тогтоохдоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл авдаг ба Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 10.21-ний өдрийн 06 тоот Тогтоолыг үндэслэн гаргасан Замын даргын 2022.10.28-ны А-814 дугаар тушаалаар баталсан тарифыг мөрдөж байна.

Дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж "М" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.С, "Б*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ч******* нарын гаргасан "УБТЗ ХНН-ийн даргын 2023.03.07-ны өдрийн А/231 тоот тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож егнө үү. гэжээ.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, П.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Дээрхи тарифын зохицуулалтын дотоод эрх зүйн актаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, батлагдсан үнэ тарифаас тээврийн хөлсийг 0,85 бууруулах итгэлцүүрээр үржүүлэн тооцож байгаа нөхцөл нь үйлчлүүлэгчид үзүүлж байгаа хөнгөлөлт юм.

Дээр дурьдсан тайлбар, үндэслэлийг хянан үзэж "Т" ХХК-ийн гаргасан "УБТЗ ХНН-ийн даргын 2023.03.07-ны өдрийн А/231 тоот тушаалын 1 дэх заалт, 5 дах заалтыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

17. Хариуцагч Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Д.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороо нь "УБТЗ ХНН дүрмийн 17 дугаар зүйлийн В-д "ачаа зорчигчид болоод тээш, шуудан тээврийн тарифуудыг тогтоох гэж заасны дагуу Замын дарга, замын орлогч нараас оруулсан саналыг үндэслэн протокол гаргадаг.

Холбогдох тушаал шийдвэрийг "УБТЗ ХНН дүрмийн 22 дугаар зүйлийн А-д "тушаал шийдвэр гаргах" гэж зааснаар Замын дарга гаргадаг. Монгол Улсын төмөр замын тээвэрт ачааны вагон зөвхөн "УБТЗ ХНН-ийн эзэмшлийнх байх үед төмөр замын тээвэр дэх хувийн хэвшлийн ачааны вагоныг нэмэгдүүлэх зорилгоор 2009 онд хөнгөлөлт эдлүүлэх болсон.

Монгол Улсын төмөр замын тээвэрт 2023 оны байдлаар дамжин өнгөрөх болон импортын ачаатай вагон орохгүйгээр 11.923 ачааны вагонтой болсон бөгөөд үүнээс "УБТЗ ХНН-ийн эзэмшлийн 3201, хувийн хэвшлийн эзэмшлийн 8722 ачааны вагонтой болсон "УБТЗ ХНН-ийн суурь бүтцийн дээд хүчин чадал нь 11.500 вагон тээвэрт оролцох боломжтой бөгөөд цаашид гол замын хөдөлгөөн хийгдэх боломж хязгаарлагдан дээд хэмжээнээс давсан тул хөнгөлөлтийг цуцлах тухай Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.А*******гаас тавьсан илтгэлийг хүлээн авсан болно. Энэ хуралдааны тэмдэглэлийн дагуу Замын даргаас зохих шийдвэрийг гаргасан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нар тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Нэхэмжлэгч нарын гаргасан Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1. Маргаан бүхий захиргааны акт болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а заалт, Ерөнхий хорооны хурлын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн 1-р заалтаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийн 5.9 дүгээр заалтыг хавсралтаар баталж, 5-р заалтаар Тушаалыг батлагдсантай холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тарифын нэгдүгээр мөрдлөг УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм"-ийн 5.9 дүгээр заалт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

1.2. Түүнчлэн уг тушаалын хавсралтад 5.9. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг бодох, Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0.7 коэффициентоор үржүүлэн тооцно гэж заажээ.

1.3. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалаар Тарифын нэгдүгээр мөрдлөг-Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрэм-ийг баталсан байх бөгөөд тус дүрмийн 5.9 дүгээр зүйлд тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоноор ачаа тээвэрлэх хөлсийг бодох, 5.9.1. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд УБТЗ-ын зүтгүүрээр ачаа тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг дараах байдлаар тооцно. Үүнд: УБТЗ-ын зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэж буй тохиолдолд тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагоныг хоосноор тээвэрлэх тохиолдолд хоосон гүйлтийн хөлсийг ачааны төрлөөс хамаарахгүйгээр Тарифын нэгдүгээр мөрдлөгийн 14 дүгээр заалтад заасан 1 гол-км-ийн хөлсийг 0,7 коэффициентоор үржүүлэн тооцно. 5.9.2. Тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсийн тавцант вагоноор хувийн эзэмшлийн чингэлэг тээвэрлэвэл чингэлэг тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцно гэж тогтоожээ.

1.4. Харин, УБТЗ ХНН-ийн даргын, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А-47 дугаар Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх тухай тушаалаар...Төмөр замаар тээвэрлэгдэж буй ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нурмаг ачаанд зориулагдсан 20 футын (open top) чингэлгээр нүүрс тээвэрлэх ажлыг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллахаар, Экспортын нүүрсийг 1 вагонд 20 футын 2 ширхэг, задгай чингэлэгт ачиж тээвэрлэх тохиолдолд тээврийн хөлсийг тарифын 15-р бүлгээр, эдгээр чингэлгийг экспортын нүүрс ачих зориулалтаар хоосноор тээвэрлэх тохиолдолд тарифын 15-р бүлгийн тарифыг 50 хувь хөнгөлж тээврийн хөлсийг тус тус бодож тооцохоор тус тус шийдвэрлэжээ.

1.5. Нэхэмжлэгч нар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалын 1 болон 5 дугаар заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зүй ёсны монополь аж ахуй эрхлэгч болохын хувьд УБТЗ ХНН нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой байсан, энэ тушаалаар хөнгөлөлт биш харин үнэ, тарифын өөрчлөлтийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарласан..., нэгдсэн нэвтрэх тарифын хэлэлцээрийн 24-т хувийн вагон ачаа тээвэрлэх тохиолдолд 15% бага байхаар зохицуулсныг зөрчсөн,...замаа ашиглуулж тээвэр хийлгэсэн, зөвхөн замаа ашиглуулсан 2 хөлс ялгаатай байх нь зөв гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...үнэ тариф тогтоож байгаа асуудал биш, тээврийн хөлсийг 0,85 бууруулах коэффициентоор үржүүлэн тооцдог байсан хөнгөлөлтийг зөвхөн хүчингүй болгосон тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэх шаардлагагүй, үнэ өөрчлөгдөх тохиолдолд тухай бүрд нь зөвшөөрөл авч байсан, нэр бүхий компаниудаас гаргасан гомдлыг үндэслэн ШӨХТГ-аас хянаад тогтоол гаргаж хэрэгсэхгүй болгосон, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байгаа, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.

1.6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл УБТЗ ХНН нь Монгол улсын төмөр замын гол эзэмшигч, зүй ёсны монополь байдалтай аж ахуйн нэгж, нэхэмжлэгч М ХХК, Б ХХК, Т ХХК-иуд нь УБТЗ-ын гол зам дээр хувийн өмчийн хөдлөх бүрэлдэхүүн-өөрийн вагоныг ашиглан ачаа тээвэрлэх Төмөр замын тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд ба УБТЗ ХНН-ийн даргын 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/17 дугаар тушаалаас эхлэн тээврийн тарифын бодлого батлан мөрдүүлэхдээ УБТЗ-ын эзэмшлийн вагоноор тээвэр хийх, УБТЗ-ын эзэмшлийн бус вагоноор тээвэр хийхэд ялгамжтайгаар шууд мөнгөн дүнгээр тогтоож, тухайлбал уг тушаалын 5.10-д а. ачаа эзэмшигчийн зүтгүүр вагон бол тэдгээрийн гол-км тутмаас 90 төг, ачаа эзэмшигчийн зүтгүүрийг тээвэрлэхэд мөн адил хамаарна, б. Төмөр замын зүтгүүрээр ачаа эзэмшигчийн ачаатай вагоныг тээвэрлэхэд 1 гол-км тутамд 268 төг, в.төмөр замын зүтгүүрээр ачаа эзэмшигчийн хоосон вагоныг тээвэрлэвэл 1 гол-км тутамд 68 төгрөгөөр тооцох гэхчлэн тогтоосон байсныг А-135 дугаар тушаалаас эхлэн бууруулах итгэлцүүрийг ашиглахаар, тухайлбал төмөр замын зүтгүүрээр төмөр замын бус хөдлөх бүрэлдэхүүнээр ачаа тээвэрлэж буй тохиолдолд 0,65 коэффициентээр, төмөр замын зүтгүүрээр төмөр замын бус хөдлөх бүрэлдэхүүнийг хоосноор тээвэрлэх тохиолдолд 0,25 коэффициентийг тус тус хэрэглэнэ, төмөр замын зүтгүүрээр бусдын зүтгүүр /өөрийн гол дээр ачигдсан ачааны адил/ болон вагоныг тээвэрлэвэл 1 гол-км тутамд 90 төгрөгөөр тооцож бодно гэж тогтоосон, үүнээс хойш маргаан бүхий тушаалыг гаргах хүртэл хугацаанд бууруулах коэффициент тогтвортой үйлчилж ирсэн, хамгийн сүүлд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Улаанбаатар ХНН-ийн зарим бүлгийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн тарифыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн...индексжүүлэн нэмэгдүүлэхийг зөвшөөрснөөр УБТЗ ХНН-ийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны А-814 дугаар тушаалаар баталсан тариф мөрдөгдөж байгаа, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.

1.7. Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Төмөр замын байгууллага нь зүй ёсны монополь болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой төмөр замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтооно, 7.2-т Төмөр замын олон улсын тээвэрлэлтийн тарифыг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тогтооно, 7.3-д Тарифын өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ гэж тус тус заасан.

1.8. Дээрхи маргаан бүхий тушаалын үндэслэл болгосон, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлд Замын даргад дараахь эрхүүд олгогдоно а/ тушаал шийдвэр гаргах, г/ ачаа зорчигчид, тээш, шуудан тээвэрлэлтийн тарифуудыг боловсруулж Ерөнхий хороонд хянуулахаар оруулах, мөн дүрмийн 23 дугаар зүйлд Замын даргын үүргүүд а/ замын ачаа тээвэрлэлт, үйлдвэр, санхүүгийн төсөв, төлөвлөгөөг боловсруулж Ерөнхий хороонд оруулж хянуулах ба тэдгээрийн биелэлтийг хангах гэж тус тус заасан, мөн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 5.1 Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.А*******гийн "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийн хэмжээг бууруулах, экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг цуцлах тухай" илтгэлийг сонсов: гээд, 5.2 "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах, 5.3 Экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж тус тус шийдвэрлэжээ.

1.9. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 4 тоот, Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ... УБТЗ ХНН-БТЕГ ХХК-ийн төмөр замуудын төмөр замын хамтын ажиллагааны гэрээ, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2005 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А-135, 2007 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А-124, 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А-146, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/233, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/522, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А-53, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/814, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/17, 2023 оны 03 дугаар сарын 07, 23-ны өдрийн А/231, А/233 дугаартай тушаалууд, Мөн "Тариф хэрэглэх журам", "Улаанбаатар төмөр замаар зорчигч тээш тээвэрлэх дүрэм", "Дамжин өнгөрөх нэгдсэн тарифын тухай гэрээний хавсралт", УБТЗ ХНН-БТЕГ ХХК-ийн төмөр замын хамтын ажиллагааны гэрээ, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрэм болон ерөнхий хорооны хурлын протокол, УБТЗ-ын даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-314 тоот тушаалаар батлагдсан "УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх журам", "Тээвэрлэгчид үл харьяалагдах тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд оролцуулах гэрээ", 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалын тавдугаар хавсралтаар батлагдсан "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам" зэрэг нотлох баримтуудаас үзэхэд батлагдсан үнэ тарифаас тээврийн хөлсийг 0.85 бууруулах итгэлцүүрээр үржүүлэн тооцох нөхцөлийг хөнгөлөлт гэж үзэхээр байх ба "УБТЗ ХНН-ийн Тарифын 1 дүгээр мөрдлөг-УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрмийн 5.9 дүгээр заалтын бууруулах итгэлцүүрийг үнэ тариф гэж үзэх үндэслэлгүй, гомдол гаргагч компаниуд нь батлагдсан тарифаас доогуур үнээр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөр, тооцоо хийгддэг болох нь нотлогдож байна, иймд зүй ёсны зүй ёсны монополь байдалтай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" ХНН нь бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах гэрээ, хэлцэл (картель) байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

1.10. Дээр дурдсан эрх бүхий албан тушаалтны гаргасан хүчин төгөлдөр шийдвэр, Төмөр замын тээврийн тухай хууль болон Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн холбогдох заалтуудаас үзвэл хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалын 1 болон 5 дугаар заалт нь хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, уг тушаалын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

1.11. Учир нь, Монгол улсын Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана", 11 дүгээр зүйлийн 11.1-т "Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно, 11.1.3-т бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, борлуулалт, ачилт болон тээвэрлэлт, зах зээлд нэвтрэн орох боломж, хөрөнгө оруулалт, техник, технологийн шинэчлэлийг хязгаарлах, 12 дугаар зүйлийн 12.1.10-т "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх" гэж тус тус заасан.

1.12. Нэхэмжлэгч нар Улаанбаатар төмөр зам ХНН нь бараа бүтээгдэхүүнийхээ тоо, хэмжээ, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэж маргасан боловч УБТЗ ХНН-ийн Тарифын 1 дүгээр мөрдлөг-УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн тариф хэрэглэх дүрмийн 5.9 дүгээр заалтын бууруулах итгэлцүүр нь хөнгөлөлт байх бөгөөд уг хөнгөлөлтийг хүчингүй болгосныг үнэ тариф өөрчилсөн гэж үзэхгүй, энэ утгаараа Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

1.13. Нөгөө талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1534 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хандаж ...Монгол улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 24 дүгээр тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт УБТЗ ХНН-ийн ачаа тээвэрлэлтийн тарифын өөрчлөлтийг...тухай бүр хянаж зөвшөөрөл олгож...зөвшилцөж байхыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт даалгасан байна, иймээс УБТЗ ХНН-ээс ирүүлсэн 4 бүлэг, ачаа тээвэрлэлт болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг нэмэгдүүлэх хүсэлтэд холбогдох саналыг ирүүлэх-ийг хүссэн, үүний дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 01/4300 дугаар албан бичгээр Төмөр замын тээврийн тухай хуулийн 10.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд Таны албан бичигт дурдсан хувиар зэс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, экспортын нүүрсний бүлгийг болон орон нутгийн харилцааны зорчигч тээвэрлэлтийн тарифыг тус тус индексжүүлэхийг дэмжиж байна гэх хариу өгснөөс үзвэл үнэ тарифын өөрчлөлт хийгдэх тохиолдолд хариуцагчаас хуульд заасан зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж байсан нь тогтоогдсон, харин хөнгөлөлтийн тухайд ийнхүү мэдэгдэх шаардлагыг хуулиар тогтоогоогүй гэж үзэхээр байна.

1.14. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч болохын хувьд Өрсөлдөөний тухай хуульд заасан тодорхой хориглолтуудыг дагаж мөрдөх үүрэгтэй боловч энэ маргааны тухайд хариуцагчаас хуулиар тогтоосон хориглосон заалтуудыг зөрчөөгүй тухайлбал, үнийн өөрчлөлтийг хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл аваагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ агуулгаараа Төмөр замын тээврийн тухай хууль болон Олон улсын хэлэлцээрээр эрх олгогдсон этгээд болох Ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн хувийн вагоноор тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлдэг тодорхой этгээдүүдэд үзүүлж ирсэн хөнгөлөлтөө хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар Тарифын өөрчлөлтийн тухай тушаалын 1 болон 5 дахь заалтууд нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

1.15. Түүнчлэн нэхэмжлэгч нар хариуцагч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуулийн 6.2-д "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 7.1.3-д "аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...", 7.1.11-д тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт... бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих" гэж заасныг тус тус зөрчсөн гэж маргасан боловч энэ нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн хүчин төгөлдөр Прокурорын тогтоолд хариуцагч нь дээрхи хуулийн заалтыг зөрчөөгүй талаар дүгнэсэн байгаа болно.

1.16. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгч Б ХХК-иас Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хороонд холбогдуулан гаргасан Ерөнхий Хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 02 дугаар тэмдэглэлээс үзвэл уг хуралд Монгол улсын талаас Ерөнхий хорооны орлогч дарга Д.Э, Ерөнхий хорооны гишүүн Л.Х, Ерөнхий хорооны гишүүн Б.Ц, Оросын талаас Ерөнхий хорооны дарга С.А.П*******, Ерөнхий хорооны гишүүн А.М.Ч******* нар оролцож, улмаар хэлэлцэх асуудлын 5.1-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.А*******гийн "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийн хэмжээг бууруулах, экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг цуцлах тухай" илтгэлийг сонсож, 5.2. "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах 5.3. Экспортын нүүрс ачих зориулалтаар ОПЕНТОП чингэлгийг хоосноор тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах асуудлаар санал хурааснаар, зөвшөөрсөн 5 гишүүний /олонхи/ саналаар дэмжиж баталсан болох нь тогтоогдов.

2.2. "УБТЗ ХНН-ийн дүрмийн 16 дугаар зүйлд Ерөнхий хороо нь шаардлагын дагуу хуралдах боловч улирал дутам нэгээс доошгүй удаа хуралдана. Ерөнхий хорооны хурлыг ерөнхий хорооны даргаас эрхлэн хуралдуулах ба түүний эзгүйд даргын орлогч эрхлэн хуралдуулна. Ерөнхий хорооны хурал хүчин төгөлдөр байх явдалд ерөнхий хорооны 4-өөс доошгүй гишүүний оролцлого шаардагдана. Ерөнхий хорооны шийдвэрийг түүний гишүүдийн олонхийн саналаар батална. Тэхдээ энэхүү олонхийн ерөнхий хорооны монгол ба зөвлөлтийн талын гишүүдийн санал зэрэг оролцсон байх ёстой. Хэрэв дээр дурьдсан байдлаар асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байвал уул асуудлыг хувь нийлүүлэгчдийн ерөнхий хорооны хамтарсан хурлаар шийдвэрлэнэ. Ерөнхий хорооны хуралд протокол үйлдэж, хуралд оролцсон ерөнхий хорооны дарга, түүний орлогч, хурлын нарийн бичгийн дарга нар түүнд гарын үсэг зурна гэж, мөн дүрмийн 17 дугаар зүйлд Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурьдсан үүргүүдийг биелүүлнэ, в/ "ачаа, зорчигчид болоод тээш, шуудан тээврийн тарифуудыг тогтооно гэж тус тус заасан байна.

2.3. Дээрхээс үзвэл УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах тухай шийдвэр нь Ерөнхий хороонд дүрмээр олгосон эрх хэмжээний хүрээнд хамаарч байх ба Ерөнхий хорооны гишүүдийн олонхиор уг шийдвэрийг санал нэгтэй гаргасан нь тухайн асуудлаар хамтын шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувьд ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2.4. Нэхэмжлэгч Ерөнхий хорооны хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ ...Өрсөлдөөний тухай хуулийн 6.2- д "Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн хуулийн 7.1.3-д "аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах...", 7.1.11-д тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт... бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих", мөн хуулийн 6.4-т "...үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд ШӨХТГ-т өргөдөл гаргана" гэж заасныг тус тус зөрчсөн гэж маргасан боловч шүүхийн энэ шийдвэрээр хариуцагч байгууллагыг Өрсөлдөөний тухай хуульд заасан дээрхи хориглосон заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн, энэ нь Прокурорын дүгнэлтээр мөн тогтоогдсон байгаа болно.

2.5. Үүнээс үзвэл Ерөнхий хорооны гишүүдийн 100 хувийн саналаар "УБТЗ ХНН-ийн зүтгүүрээр тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан вагонд ачаа тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн нь тухайн байгууллагын эрх хэмжээнд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

2.6. Өөрөөр хэлбэл УБТЗ ХНН-ийн Ерөнхий хороо нь Монгол-Зөвлөлт Холбоот улс хооронд 1949 онд байгуулагдсан Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хэлэлцээр буюу олон улсын гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хамтын шийдвэр гаргадаг субьект болохын хувьд олон улсын хуулийн этгээд бөгөөд түүний гаргасан шийдвэр нь тус байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, эрх хэмжээгээ хэтрүүлээгүй, энэ тохиолдолд шүүх зөвхөн сонгох боломжийг хэрхэн хэрэгжүүлсэнд үнэлэлт өгөх бөгөөд тухайн тохиолдолд тус Хорооны шийдвэр нь тухайн байгууллагын сонгох боломжийн хүрээнд гарсан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр байна.

2.7. Иймд Б ХХК-иас гаргасан, нэхэмжлэлийн шаардлагын энэ нэмэгдүүлсэн хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

2.8. Түүнчлэн нэхэмжлэгч нараас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж маргаж байх ба хэрэгт нотлох баримтаар Ган зам сонины 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 (4564) дугаар нийтэлсэн мэдэгдлийг гаргаж өгсөн болно.

2.9. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж тус тус заасан.

2.10. Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас тухайн захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд мэдэгдэж тэдэнд тайлбар гаргах боломж олгоогүй, зөвхөн Ган зам сонинд зарласнаар хязгаарласан нь учир дутагдалтай байх боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төмөр замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК, Б ГХОХХК, Т ГХОХХК-иудаас гаргасан, Улаанбаатар төмөр зам ХХН-ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/231 дугаар тушаалын 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч Б ГХОХХК-иас гаргасан Улаанбаатар төмөр зам ХХН-ийн Ерөнхий хорооны 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар 5.2.Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зүтгүүрийн тээвэрлэгчид үл харьяалагдах болон түрээсэлж авсан ачаа вагонд тээвэрлэх тарифын хөнгөлөлтийг Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу цуцлах гэж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН