| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00324/И |
| Дугаар | 132/ШШ2024/00374 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 132/ШШ2024/00374
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *******,*******, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, *******,*******,*******,******* тоотод оршин суух *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 26,394,230 /хорин зургаан сая гурван зуун ерин дөрвөн мянга хоёр зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн *******тай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бараа зээлээр худалдан авах гэрээ байгуулан, түүнээс хойш ******* бараа зээлээр худалдан авч байсан. Эхлээд гэрээний дагуу тооцоогоо хийдэг байсан. Гэтэл ******* нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тооцоо 26,394,230 төгрөгний барааны төлөлтийг огт хийгээгүй. Үүнээс хойш иргэн ******* зээлийн төлөлтөө хийгээрэй гэхэд хийнэ мэдэж байгаа эмнэлгээр яваад байна гэж хойшлуулсаар байгаад сүүлдээ утар руу нь залгахад авахгүй болсон. Иймд барааны нийт мөнгө болох 26,394,230 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие Булган аймаг *******анд хүнсний дэлгүүр ажиллуулж байх хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* ХХК-д 26,394,250 төгрөгийн бараа материал зээлээр авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 26,394,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн 26,394,230 /хорин зургаан сая гурван зуун ерин дөрвөн мянга хоёр зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,921 /хоёр зуун наян есөн мянга есөн зуун хорин нэг/ төгрөгөөс 144,960 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 144,960 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгийг, хариуцагч *******аас 144,960 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ