Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2024/03531

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 182/ШШ2024/03531

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч Х.Дашдэчмаа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  тоотод оршин суух, Д  овогт Б-н А / /-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоотод оршин суух, С овогт Б-н Ц / /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол болон зардалд 3,093,150 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.М,

Хариуцагчийн төлөөлөгч Ю.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.М,

Иргэдийн төлөөлөгч Т.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь 2020.07.09-нд хамт ажилладаг *******д ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулсан бөгөөд уг асуудлаар ******* аймгийн ******* сумын  хэсгийн төлөөлөгчид гомдол гаргасны дагуу цагдаагийн байгууллага шалгасан. Шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *******гийн биед тархины доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мөр, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон. Улмаар ******* сумын Прокурорын газраас *******ыг Өршөөлийн тухай хуульд хамруулж, 2021.07.09-ний өдрийн 05 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Эрүүгийн хэргийн явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 1,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Энэхүү зодооны улмаас нэхэмжлэгч *******гийн хүзүүний сэртэн яс гэмтсэн, толгой баруун гар, хүзүү, мэдрэлийн судас дагаж байнгын янгинаж, мэдрэл алдаж өвддөг. Энэ өвдөлт, зовууриа эмчлэх зорилгоор эмнэлгээр 2020 оны 7 дугаар сараас хойш тасралтгүй, байнгын эмчилгээ, бариа хийлгэдэг болсон. Анх нэхэмжлэгч ******* нь эрүүл мэндэд учирсан хохиролд 5,662,692 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байдаг. Энэхүү шаардлагад хамаарч байсан бензин, түлш, юунд зарцуулсан нь тодорхойгүй банкны баримт, эмийн баримт гэсэн атлаа хэзээ, хаанаас авсан нь тодорхой бус баримтууд, хоолны зардал зэрэг хамааралгүй 2,475,542 төгрөгийн баримтуудыг хассан. Үлдэх 3,187,150 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн 94,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн нийт шаардлагыг 3,093,150 төгрөг болгон багасгаж байна.

Энэ 3,093,150 төгрөгийн шаардлагад Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 35,000 төгрөг, Дуб ХХК эмнэлэгт 2021.04.07-нд 60,600 төгрөгөөр хийлгэсэн шинжилгээний баримт, Дуб ХХК эмнэлэгт 2021.05.25-ны өдөр тархины бүтэц, гавлын яс дайвар хөндийн хамрын зураг авахуулсан төлбөр 130,000 төгрөг, ******* эмнэлэгт 2021.11.12-нд үзүүлсэн үзлэгийн төлбөр 120,000 төгрөг, эмчийн зөвлөсний дагуу эм авч уусан 19,000 төгрөг, 2022.05.12-ны өдөр бариа эмчилгээ хийлгэсэн төлбөр 175,000 төгрөг, Эмчилгээний картанд бичигдсэн задь тан авсан төлбөр 30,000 төгрөг, 2022.01.22-ны өдрийн жорын дагуу авч уусан эмний төлбөр 53,000 төгрөг, 2022.04.28-ны өдөр жорын дагуу авч уусан эм 60,700 төгрөг, Мобио эмнэлгээс 2022.05.09-ний өдөр авсан эм, тарианы төлбөр 126,000 төгрөг, ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн авсан мөнгө 272,650 төгрөг, эм авсан 41,000 төгрөг, Эрүүл мэнд дүүрэн жаргалан эмнэлэгт 2022.01.04-ний өдрөөс 2022.02.14-ний өдрийг хүртэлх хугацаанд бариа заслын эмчилгээ хийлгэсэн 1,450,000 төгрөг, мөн эмнэлэгт 2022.05.12-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсэн 450,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулж олсон, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн баримтууд багтсан болно.

Бид 2020 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Иймд шүүхэд мөн эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар шүүхээс 2647 дугаар шийдвэр гарч цагдаагийн байгууллагаас *******ын оршин суугаа хаягийг нь тогтоож өгсөн. Ингэхдээ бид улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлж, өөрөөсөө зардал гарган хохирсон байгаа. Нэхэмжлэгч ******* нь амбулаторийн өвчтөний картанд бичсэнээр нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч, мэдрэлийн болон эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн байдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэнд дүүрэн жаргалан эмнэлэгт үзүүлэхэд тархины доргилттой олон жил удаан явсны улмаас нуруу суулт өгөөд, баруун талын өндгөвч рүү үрэвсэл өгсөн зовуурь давхар илэрсэн учир үүнийг уламжлалт бариагаар эмчлэх шаардлагатай байна гэсэн эмчийн заавар, зөвлөгөө байна. Хэдийгээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр *******гийн өндгөвчний үрэвсэл, бүсэлхийн нугалмын мурийлт, баруун хөлний шөрмөс зангиралт нь гэмтэлтэй холбоогүй гэсэн байх боловч уг дүгнэлтийг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, эмч нар *******гийн биед нь үзлэг хийгээгүй байдаг. Тиймээс нэхэмжлэгч ******* хариуцагч *******д зодуулсны улмаас эрүүл мэндээ үзүүлж, өөрөө зардал гаргаж явсан байх тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч *******аас 3,093,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* нь 2020.07.09-нд хамт ажилладаг *******д зодуулсны улмаас ******* нь эрүүгийн журмаар шалгуулж, ******* сумын Прокурорын газраас *******ыг Өршөөлийн тухай хуульд хамруулж, 2021.07.09-ний өдрийн 05 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *******гийн биед тархины доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мөр, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон бөгөөд хөнгөн зэргийн гэмтэл байсан. ******* нь тухайн үед *******д 1,000,000 төгрөгийг төлсөн, шүүх дээр үлдэгдэл 94,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэм буруугийн талаар маргаангүй.

Нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэргээс хойшхи цаг хугацаанд нуруундаа эмчилгээ хийлгэсэн, бариа засал хийлгэсэн, өндгөвчний үрэвслийг эмчлүүлсэн, энэ нь гэмтлээс улбаатай гэдэг. Харин шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.17-ны өдрийн 427 дугаар шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч *******гийн өндгөвчний үрэвсэл, бүсэлхийн /L3, L2, L1/ нугалмын мурийлт, баруун хөлний шөрмөс зангиралт нь гэмтэлтэй холбоогүй болохыг тогтоосон. Энэ дүгнэлтээс үзвэл хариуцагч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* эмчлүүлж, өөрөөс нь зардал гарч хохирсон гэж үзэхгүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар нотлох баримт шаардлага хангахгүй, зарим баримтууд нь эрүүгийн хэргийн явцад нэхэмжлэгчид төлсөн 1,000,000 төгрөгийн баримттай давхцсан байхыг үгүйсгэхгүй байна. ******* эмнэлэгт үзүүлсэн талаар картанд огт бичигдээгүй, авч уусан гэх эмнүүд нь эмчилгээний заалтад байхгүй, ******* жаргалан эмнэлгийн 1,450,000 төгрөгийн хувьд санхүүгийн баримтгүй, хариуцагчийг эрэн сурвалжлах гарсан 70,200 төгрөгийн зардал нь эмчлүүлсэн зардалд хамаарахгүй, үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн 3 ширхэг амбулаториор эмчлүүлэгсдийн картнаас үзвэл нэхэмжлэгч ******* нь 2018 онд эмэгтэйчүүд болон нуруугаа үзүүлж, эмчилгээ хийлгэж байсан байна, суурь өвчтэй байсан байна. Хариуцагч өмнө нь эм, тарианы мөнгө 978,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байсан боловч нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагад энэ эм тарианы мөнгө байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид учирсан эдгээр хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоогүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх анхаарч үзнэ ээ. Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн талд хохирлыг барагдуулах нь зөв гэж үзэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 

2020.07.17-ны өдрийн Натур эмнэлгийн компьютерт томографийн оношилгоо, 2021.03.23-ний өдрийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, Med trauma эмнэлгийн 2021.05.25-ны өдрийн үзлэгийн хуудас, Дуб ХХК-ийн төлбөрийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021.06.03-ны өдрийн Тархины эдийн MRI шинжилгээний дүгнэлт, 2021.07.05-ны өдрийн Хүзүү нурууны MRI шинжилгээний дүгнэлт, ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2021.07.09-ний өдрийн 04 дугаартай Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай, 05 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолууд, Эрүүл мэнд дүүрэн жаргалан эмнэлгийн бариа заслын төвд эмчилгээ хийлгэсэн тухай 2022.01.04, 2022.05.12-ны өдрийн дүгнэлт, Эрүүл мэнд дүүрэн жаргалан ХХК-ийн 2022.02.14-ний өдрийн кассын зарлагын ордер, ХААН банк ХХК дах *******гийн ******* тоот дансны хуулга, ******* аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2022.05.20-ны өдрийн 01/744 тоот тодорхойлолт /хх 6, 9, 23-24, 26-30, 32, 42, 44-45, 53, 107/, эм, тариа, шатахуун худалдан авсан гэх и-баримтууд, шинжилгээний төлбөр төлсөн гэх баримтууд /хх 10-25,31,33-43,46-52/, 2021.04.11-ний өдрийн үзлэг хийсэн тухай баримт, 2021.05.25-ны өдрийн Med trauma эмнэлгийн 2021.05.25-ны Дүрс оношилгооны шинжилгээний хариу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2022.05.30-ны Соронзон резонанст томографийн шинжилгээ /хх 101-106/, *******гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт эх хувиар болон хуулбар, хариуцагч талаас 94,000 төгрөгийг бэлнээр төлсөн тухай баримт гэсэн баримтуудыг,

 

5.Хариуцагч талаас нотлох баримтаар,

*******ын ХААН банк ХХК дахь тоот дансны хуулга гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгчээ.

6.Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд,

Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.17-ны өдрийн 427 дугаар шинжээчийн дүгнэлт,

Хариуцагч талын гаргасан хүсэлтээр, ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын прокурорын 2022.10.14-ний өдрийн 05/540 тоот албан бичгээр ирүүлсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.07.21-ний өдрийн 415 дугаартай Шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол болон зардалд 3,178,651 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 94,000 төгрөгөөр багасгаж 3,093,150 төгрөг болгон тодруулсан болно.

 

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ... нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д зодуулж биед гэмтэл учирснаас болж 2020 оны 07 дугаар сараас хойш байнга бие нь өвдөж зовиурлан, тархи доргилт удаан явснаас болж нурууны суулт өгсөн, эмэгтэйчүүдийн өвчлөл бий болсон, үүний улмаас нэр бүхий эмнэлэгүүдэд үзүүлж, онош тодруулж, эмчилгээ, бариа засал хийлгэх, эм тариа худалдаж авах зэргээр хохирол учирсан, мөн хариуцагчийн хаяг тодорхойгүй байсны улмаас эрэн сурвалжлуулж хаяг тогтоолгон өөрөөсөө зардал гаргасан, үүнд хариуцагч гэм буруутай учраас хохирол, зардлаа шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч *******д учирсан эрүүгийн хэргээс хойшхи цаг хугацаанд эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн зардал нь хөнгөн гэмтэл учирсантай шалтгаант холбоогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн үндэслэл болгосон зарим баримтууд цаг хугацааны хувьд эргэлзээтэй, өмнөх төлбөрт багтсан байх боломжтой, мөн нэхэмжлэгч нь 2018 оноос эхлэн нуруу, эмэгтэйчүүдийн өвчнөө үзүүлж, эмчлүүлж байсан суурь өвчтэй байх тул нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан мэтгэлцэнэ.

 

3.Хэрэгт авагдсан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021.07.09-ний өдрийн 04 дугаартай Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол, 2021.07.09-ний өдрийн 05 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020.07.21-ний өдрийн 415 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэргээс үзвэл,

хариуцагч ******* нь 2020.07.09-ний өдөр ******* аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг Мадимос ХХК-ийн амралтын байранд үл ялих шалтгааны улмаас нэхэмжлэгч *******тай маргалдан түүнийг зодсоны улмаас биед нь тархи доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мөр, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр уг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Зохигчдын хэн аль нь ******* аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын 2021.07.09-ний өдрийн 05 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хариуцагч ******* өөрийн үйлдлийн гэм буруугийн талаар маргаангүй.

 

4.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гийн биедээ хөнгөн гэмтэл авсны улмаас 2020.07.09-ний өдрөөс 2021.07.09-ний өдрийн прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хүртэл хугацааны эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 1,393,751 төгрөгийг, тухайн үед 1,000,000 төгрөг, 2020.12.14-нд 300,000 төгрөг, 2024.05.31-ний өдөр 94,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч *******д төлж дуусгасан байна.

 

Нэхэмжлэгч ******* нь дээрх цаг хугацаанаас хойш Эрүүл мэнд дүүрэн жаргалан эмнэлэгт үзүүлж 2022.01.04-ний өдрөөс 2022.02.14-ний өдрийг хүртэл эмчилгээ хийлгэн 1,450,000 төгрөгийг төлсөн болохыг тухайн эмнэлэг тодорхойлж дүгнэлт гаргасан байх ба, уг дүгнэлтээр гэмтлийн улмаас С6/С7-р нугалам хоорондын диск делеператив өөрчлөлтөнд орсон...,тархи доргилт өгч удаан явсны улмаас баруун хөлний шөрмөс зангиралт өгсөн ба, баруун өндгөвч өрөвссөн, нурууны L3, L2, L1 мурийлт өгсөн гэжээ. Улмаар нэхэмжлэгч ******* нь тус эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлсэн байх ба, төлбөр нь 450,000 төгрөг болохыг эмчлэгч эмч Д.Хишигдалай 2022.05.12-ны өдөр тодорхойлж бичсэн байна.

 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч ******* нь Мөнгөн гүүр, Дуб, *******, Мобио зэрэг эмнэлэгт тархи, хүзүү, нуруу, эмэгтэйчүүдийн өвчнөө үзүүлж, 2021.04.13-ны өдөр 211,050 төгрөгийн, 2021.10.30-наас 2021.11.16-ны хооронд 36,000 төгрөгийн, 2022.01.02-нд Монфа трейд эмийн сангаас 53,000 төгрөгийн, 2022.03.02-нд Өнөр эрх өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн жороор эмийн сангаас 41,000 төгрөгийн, 2022.04.28-наас 29-нд Мөнхийн жороо, Зуун наст, Сэргэг эмийн сангуудаас нийт 82,300 төгрөг, 2022.05.09-нд Мобио эмнэлгээс 126,000 төгрөгийн эм тариаг худалдан авч хэрэглэсэн, мөн 2021.04.07-нд 60,600 төгрөгөөр, 2021.05.25-нд Дуб ХХК-ийн Med trauma эмнэлэгт 130,000 төгрөгөөр, 2021.11.12-ны өдөр ******* эмнэлэгт 120,000 төгрөгөөр тус тус үзлэг, шинжилгээ хийлгэсэн болох нь нотлогджээ.

 

5.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь 2021 оны 04 сараас эхлэн 2022 оны 05 сар хүртэл дээрх байдлаар олон удаа эмнэлэгт үзүүлэх, эмчийн зааврын дагуу эм тариаг худалдан авч эмчилгээ хийлгэх, нарийвчилсан үзлэг, шинжилгээ оношилгоо хийлгэсэн байх ба, тэрээр 2018 оноос эхлэн нуруу, хүзүү, эмэгтэйчүүдийн өвчнийг үзүүлж, эмчээс заавар зөвлөгөө авч, эмчлүүлж байсан болох нь түүний Амбулаториор эмчлүүлэгсдийн өвчний картууд, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1,354,501 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 08 сард хандсан байх ба, тус шүүхийн 2021.09.02-ны өдрийн 8161 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.03-ны өдрийн 2647 дугаар шийдвэрээр хариуцагч *******ыг эрэн сурвалжилсан, нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж өөрөөсөө зардал гаргасан, улмаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022.05.02-ны өдрийн албан бичгээр хариуцагч *******ын оршин суугаа хаягийг тогтоожээ.

 

6.Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаарддаг онцлогтой.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно,

505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас... эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх ...буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, өөрөөс гарсан зардлыг мөнгөөр төлүүлэхээр шаардах эрхтэй, хариуцагч ******* нь хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндийг өмнөх байдалд нь сэргээх, боломжгүй тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

7.Шүүх нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг хангаж, 2023.04.05-ны өдрийн 4152 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д зодуулж, биед нь тархи доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мөр, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсны улмаас түүний биед хожим буюу 2022 онд баруун хөлийн шөрмөс зангирал, баруун өндгөвчний үрэвсэл, нурууны L3, L2, L1 мурийлт үүсэх боломжтой эсэхийг тогтоолгох-оор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон байх ба, тус байгууллагын 2024.04.17-ны өдрийн 427 дугаар шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч *******гийн өндгөвчний үрэвсэл, бүсэлхийн /L3, L2, L1/ нугалмын мурийлт, баруун хөлний шөрмөс зангирал нь гэмтэлтэй холбоогүй байна гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* 2021 оны 04 сараас эхлэн 2022 оны 05 сарыг хүртэл хугацаанд Эрүүл мэнд дүүрэн жаргалан, Мөнгөн гүүр, Дуб, *******, Мобио зэрэг эмнэлэгт тархи, хүзүү, нуруу, эмэгтэйчүүдийн өвчнөө үзүүлж, шинжилгээ хийлгэх, оношлуулах, эмчилгээ хийлгэх, сувилуулах, бариа засал, физик эмчилгээ хийлгэх, эм тариа хэрэглэх зэргээр өөрөөсөө зардал гаргасан байх боловч энэ нь хариуцагч *******ын нэхэмжлэгчийн биед учруулсан тархи доргилт, хамар, эрүүний зулгаралт, зүүн мөр, гуя, баруун гуя, шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлтэй холбоогүй болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.04.17-ны өдрийн 427 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

 

8.Тодруулбал, хариуцагч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******д учирсан эрүүл мэндийн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй, иргэдийн төлөөлөгчийн гаргасан ...хохирогчийн талд хохирлыг барагдуулах нь зүйтэй... гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас түүнийг эрэн сурвалжлуулахтай холбоотой нэхэмжлэгч *******гаас гарсан зардал болох 70,200 төгрөгийг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцан төлөх үүрэгтэй гэж үзсэн тул хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,022,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

9.Нэхэмжлэгч ******* нь 2022.05.30-ны өдрийн 7230 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 106,672 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас 4550 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,022,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгч ******* нь тус шүүхийн 2022.05.30-ны өдрийн 7230 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 106,672 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******аас 4550 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА

 

ШҮҮГЧИД Х.ДАШДЭЧМАА

 

Б.ЦОЛМОН