| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0352/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2017-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 341
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Л.Содномдорж,
улсын яллагч Г.Эсэн,
шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт С-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710004100168 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Б овогт С-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ******* дугаар гудамжинд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.М-ыг зодож, бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Б: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, хохирогчтой уулзаж эвлэрсэн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр С.Б над руу залгаад “надад хоёр өмд байна үүнийг зараад, ганц шил архи авч ууя” гэж хэлэхээр нь “тэгье” гээд бид хоёр Яармагт байрлах “Боса” худалдааны төвийн үүдэнд уулзсан. Уулзаад байж байтал С.Б-гийн найз Т.А гэх залуу ирээд, бид гурав 0.75 литрийн нэг шил архи авч гудамжинд уусан. Архиа ууж дуусаад Т.А явсан ба С.Б бид хоёр хамтдаа “Боса” худалдааны төвөөс хойш яваад Жаргалантын 17 дугаар гудамжинд ирсэн. Тэндээ Т.А гэх залуугаас болж хоорондоо муудалцсан. С.Б Т.А-г гэртээ хонуулах гэж байсныг нь би мэдэлгүй Т.А-г манайд хоно гээд хэлснээс болж маргалдсан. С.Б миний хоолойноос боож байгаад хавирч унагаасан. Намайг босох гэхэд миний баруун нүд рүү өшиглөсөн. Би босч ирээд адилхан боосон. Тэгэхэд С.Б миний баруун чихний ар хэсэг рүү нэг удаа цохьсон. ...Чулуугаар л цохьсон байх, би С.Б-д хандаад одоо больё гэхэд намайг тавьсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 10-11, 13, 16/ гэсэн,
Гэрч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн найз С.Б-той гэрт нь хоёр шил архи хувааж уучихаад дэлгүүр орох гэж явахдаа Н.М-тай уулзсан юм. Тэгээд бид гурав Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Яармагийн эцэст байдаг “Боса” дэлгүүрийн арын гудамжинд 0.75 литрийн архи хувааж ууцгаасан. Архиа ууж дуусчихаад С.Б бид хоёр явах гэтэл Н.М намайг С.Б-той явуулахгүй гээд бид хоёрын хойноос чулуу шидээд байсан. Тэгээд араас хүрч ирээд С.Б-г зуурах үед нь С.Б тонгорч газар унагаад, нүүр рүү нэг цохих шиг болсон. С.Б бид хоёр түүнийг гудамжинд орхиод явсан. ...Н.М надтай хамт явна гээд байсан, надад мөнгө байсан болохоор миний мөнгөөр архи авч уух гээд л надтай зууралдаад байсан байх...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн найз Т.А, Н.М нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд хоёр шил архи хувааж уусан. Ууж дуусаад явах гэхэд Н.М Т.А-г гэрлүү нь явуулахгүй, би хамт гэрлүүгээ явна гээд байсан. Тэрнээс болоод Н.М бид хоёр хоорондоо маргалдсан. Т.А бид хоёр байхад Н.М араас ирээд миний нуруу руу чулуугаар цохьсон. Бид гурав их согтуу байсан. Би Н.М-т “Чи яаж байгаа юм бэ” гэхэд намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би Н.М-ыг тонгорч унагаасан. Н.М босч ирээд ахиад над руу дайраад байхаар нь би түлхэж унагаасан чинь дахиад босоод ирсэн. Тэр үед нь Н.М-ын нүүр рүү гараараа хоёр удаа цохьсон. Тэгтэл Т.А бид хоёрыг салгасан. ...Маргаан гарах шалтгаан нь Т.А-д дахин нэг шил архи авах мөнгө байсан. Тэр мөнгийг Н.М харчихаад түүнийг гэррүүгээ авч явна гээд байсан тэрнээс болж бид хоёр маргалдсан...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12387 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1.Н.М-ын биед баруун чамархайд сорви тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч С.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, тодорхойлолт /хх-ийн 39, 40, 41/,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 42-47/,
- Прокурорын тогтоол, санал /хх-ийн 59, 60-61/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ******* дугаар гудамжинд Н.М-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.М, гэрч Т.А нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12387 тоот дүгнэлт, шүүгдэгч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12387 тоот дүгнэлт 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр гарсан бөгөөд энэ дүгнэлтээр Н.М-ын биед баруун чамархайд сорви тогтоогдсон, уг гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэсэн бөгөөд хэрэг гарсны дараа хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, энэ талаарх ажиллагааг хийсэн /хх-ийн 23, 24/ бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан, хохирогч үзүүлэхгүй гэж байсан ч мөрдөгчөөс заавал үзүүлэх шаардлагатай гэсний дагуу хохирогч үзүүлж, энэ гэмтэл тогтоогдсон, өөрийн үйлдлийн талаар маргахгүй, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...Дүгнэлтийг уншиж танилцлаа, энэ гэмтлийг миний биед 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай найз С.Б нь согтуудаа намайг гараараа цохиж учруулсан, надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 15-16/ гэснээс дүгнэхэд хохирогч Н.М, шүүгдэгч С.Б нар 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр маргалдаж, улмаар шүүгдэгч нь хохирогчийг тонгорч унагаагаад босож ирэхээр нь нүүрэнд нь хоёр удаа цохиж дээрх гэмтлийг учруулсан зэрэг нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.М-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол, төлбөргүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Иймд шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1710004100168 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.Б-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710004100168 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР