| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2228000000089 |
| Дугаар | 2022/ДШМ/38 |
| Огноо | 2022-09-19 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | О.Батнасан,Баттөр,Гурвантэс, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2022/ДШМ/38
Б.Ууганбаатарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор О.Батнасан,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ууганбаатарт холбогдох 2228000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг Малчны хороололд Б.Ууганзолбоотой хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь 3-4 удаа өшиглөж, зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт бүхий гэмтэл учруулан зүүн нүдийг нь хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Б.Ууганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ууганбаатарт холбогдох 2228000000089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд
Шүүгдэгч Анчин овгийн Баттөрийн Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарыг 11000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11000000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатар 11000000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Ууганбаатар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ууганзолбоод 3440000 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ууганзолбоо цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Шүүгдэгч Б.Ууганбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ууганбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Ууганбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Б.Ууганбаатар нь согтуугаар 2022 оны 05 сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, Малчны хороололд Б.Ууганзолбоотой маргалдаж улмаар Б.Ууганзолбоог зодож зүүн нүдийг нь хараагүй болгосон. Үйлчлүүлэгч Б.Ууганзолбоогийн нэг нүд ахин сэргэх боломжгүй гэмтэж мэс заслын аргаар авсан.
Цаашид тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй. Одоо эрхэлж байгаа ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэх нь эргэлзээтэй болоод байна.
Үлдсэн амьдралдаа үргэлж хөгжлийн бэрхшээлтэй байж хэвийн ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй болсон.
Шүүхэд хэрэг хянагдаж байхад Б.Ууганбаатарын зүгээс хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулна, 30 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Миний морины нүд гэмтсэн бол надад хэцүү байх байсан гэх агуулгатай хариулт өгч байсан боловч өнөөг хүртэл хохирол барагдуулаагүй байсаар.
Хохирлын хэмжээг хохирогч тогтоож, шүүгдэгч хохирол шаардсан иргэний нэхэмжлэлийн хэмжээг хүлээн зөвшөөрч, уг хохирол учирсан болох нь илэрхий нотлох баримтууд байсаар атал анхан шатны шүүхээс 30 сая төгрөгийн сэтгэл санааны хохирлын шаардлагыг шийдвэрлэлгүй үлдээсэн нь хохирогчийн эрхийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй шийдвэр юм.
Анхан шатны шүүхээс хохирогчийн гаргасан 30 сая төгрөг гаргуулах иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж цаашид нотлох баримтаа бүрдүүлсний хойно Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн гэх.
Хохирогч Б.Ууганзолбоогийн нэг нүд дахин сэргэх боломжгүйгээр хараагүй болсон. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог.
Дээрх нөхцөлд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг өөр ямар нэгэн баримт шаардлагагүйгээр үнэлэн дүгнэх, сэтгэл санаанд хохирол учирсныг ямар нэгэн нотлох баримтгүйгээр тогтоох илэрхий нөхцөл байдал гэж үзэж болно.
Нэг нүдээ авхуулах нь тухайн хүний сэтгэл санаанд хохирол, хор уршиг үүсгэх эсэхийг заавал мэргэжлийн байгууллагаар тогтоолгох шаардлагагүй.
Сэтгэл санаанд учирсан гэмтэл хохирлыг тодорхойлох байгууллага, мэргэжилтэн байх боловч тэдгээр нь иргэний нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлдоггүй.
Хэмжээг хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, цаашдын нөхцөл байдлаас дүгнэн шүүх тогтоох боломжтой.
Эдийн бус гэм хор учирсан эсэхийг тогтоох, түүнийг үнэлэх талаар Иргэний хууль болоод Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд нэр заан тогтоосон зүйлчлэл байдаггүй.
Гэхдээ шүүхээс Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйл болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль тогтоомжийн зорилтыг харгалзан сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоож ирсэн.
Иймд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол 30 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэжээ.
Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Б.Ууганбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Ууганзолбоогийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 30,000,000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоох хэсэгтээ тодорхой дурдаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанаар хохирогчийн нэхэмжилсэн 3,429,000 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд шүүхээс шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний үйлчлүүлэгчийн хувьд хөдөлмөрийн чадвар 65 хувиар алдагдсан. Өрөөсөн нүдээ авхуулсан тохиолдолд, үүнд учрах сэтгэл санааны хохирлыг нотлох баримтын шаардлагагүйгээр үнэлэх боломжтой буюу нэгэнт илэрхий тодорхой болсон үйл баримтыг шүүх дахин дүгнэлт хийх, нотлох баримт шаардахгүй гэж үзэж байна. Хүний өрөөсөн нүд сохорсон байхад сэтгэл санааны хохирол учрах нь илэрхий зүйл. Үүнд дээр сэтгэл зүйчийн дүгнэлт гаргах нь илүүц зүйл гэж үзэж байна. Түүнд харгалзуулан шаардаж байгаа мөнгөн дүнтэй ямар нэгэн байдлаар шүүгдэгч маргадаггүй. Хүлээн зөвшөөрч байгаа энэ нөхцөлд анхан шатны шүүхийн зүгээс иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сэтгэл санааны хохирлыг гаргуулж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь кемпэд буюу тухайн газраа автомашин ашиглаж, жолоочоор ажилдаг байсан боловч өрөөсөн нүд харахгүй учраас замын хөдөлгөөний дүрэм болон аюулгүй байдал талаасаа ажлаа эрхэлж болохгүй болсон. Цаашдаа ч тээврийн хэрэгсэл жолоодож, олон нийтийн хөдөлгөөн буюу замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байгаа гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг Малчны хороололд Б.Ууганзолбоотой хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан харилцан зодолдож, нүүрэн тус газарт нь 3-4 удаа өшиглөж, зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт бүхий гэмтэл учруулан зүүн нүдийг нь хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ууганзолбоогийн “...2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Батчулуун, Батням, Нармандах, Даваахүү, Төгөлдөр нарын хамт морь сунгаанд очсон. Бид нар архи уугаад Ууганаа гэх хүнтэй танилцаад тэднийд очиж архи уусан. ...Төгөлдөр Ууганаа хоёр зууралдаад маргалдаад байхаар нь Ууганааг татаж салгаад чи яасан далчиганасан даварсан юм бэ гээд нэг удаа алдагдсан юм. Тэгсэн Ууганаа шууд миний элэг хэсэгт цохиод би эвхрээд унахад Ууганаа миний нүүр рүү 3-4 удаа өшиглөсөн. Миний нүднээс цус гоожоод би огт юм харахгүй болоод тэндээс явцгаасан.” /хх-13-15/,
Гэрч Б.Батчулууны “...Би маргааш нь эрүүл болж босож ирээд уг зодооны талаар Батнямаас сонссон. Батням урд шөнө Ууганаа, Ууганзолбоо нар зодолдоод Ууганаа Ууганзолбоогийн нүд рүү өшиглөөд тэгээд нүд нь гэмтчихсэн. Бид хэд эмнэлэг дээр явж байна гэж ярьсан.” /хх-23/,
Гэрч Г.Номуундарийн “...би Ууганаагийнд очиж сууж байгаад тэд нарыг согтоод байхаар нь авч явах гээд машиндаа суулгасан чинь Ууганаа гэх хүн машины хажууд ирээд чипээ өг, та нарыг явуулахгүй гээд байсан. Би юу яриад байгаа юм бэ гэсэн. Ууганаа ямар нэгэн хариу хэлээгүй. Тэгсэн Ууганзолбоо Ууганаад хандан бид нар одоо явахгүй бол болохгүй ажилтай гэхэд Ууганаа машины араар тойроод Ууганзолбоогийн сууж байсан талын хаалгыг нээгээд машинаас Ууганзолбоог шууд татаад буулгасан. Тэгээд нэг нэгийгээ алгадалцаад маргалдаад байсан. Тэнд байсан хүмүүс салгах гэсэн боловч дийлдэхгүй байсан.
Ууганаа Ууганзолбоогийн нүүрэн тус газар нь цохиход Ууганзолбоо газарт шууд унаад өгсөн. Би очоод Ууганзолбоог босгох гэхэд босож чадахгүй байсан. Удалгүй Ууганзолбоо өөрөө босоод ирсэн. Тухайн үед хамар нь шалбараад хамраас нь цус гарчихсан хацар нь хавдсан байсан. Тэгээд байж байтал Ууганаа ахиад Ууганзолбоог цохиод газар унагаасан. Тэгснээ дээрээс нь дэвсээд нүүр рүү нь олон удаа өшиглөсөн. Ууганаа хутга аваад ир бүгдийг нь алчихъя гээд хашигчаад байсан. Би машинаа асаагаад Төгөлдөр тэр хоёрыг салгаад Ууганзолбоог машинд суулгаад бид явцгаасан юм. Тухайн үед Ууганзолбоогийн нүднээс нь мах нь цухуйчихсан гараад ирчихсэн тэрийг нь дагаад цус гоожоод байсан.” /хх-25-26/,
Гэрч О.Төгөлдөрийн “...Бид нар машиндаа суугаад хөдлөх гэж байтал Ууганбаатар ирээд та нарыг явуулахгүй гээд Номуундарьтай яриад байсан. Тэгсэн Ууганзолбоо бид нар одоо явахгүй бол болохгүй ажилтай гэхэд Ууганбаатар Ууганзолбоогийн сууж байсан талын хаалган дээр очиж хаалгыг нь татаж онгойлгоод цохиж аваад татаж буулгасан. Тэгээд тэр хоёр машины ард цаашаа нэлээн зайтай газарт очоод маргалдаад ярилцаж байсан.
Тэгээд хэсэг хугацааны дараа тэр хоёр удаан маргалдаад зодолдох гээд байх шиг байхаар нь би машинаас буугаад тэр хоёрын байгаа газар луу явж байтал Ууганбаатар Ууганзолбоог доош нь дарж тонгойлгоод нүүр рүү нь өшиглөсөн. Би гүйж очоод тэр хоёрыг салгаад Ууганзолбоог татаж босгоход Ууганзолбоогийн нүдний зовхинд нь мах нь хавчуулагдчихсан цус гарч байсан.
Маргааш нь бид нар бүгд цуглаж уулзахад Ууганбаатар би ...урд хэсэг нь төмөр хатуулагтай гуталтай байсан, тэр нэлээд жинтэй буусан байх гэж ярьж байсан.” /хх-31-32/ гэсэн мэдүүлгүүд,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 274 дугаартай “...Б.Ууганзолбоогийн биед зүүн ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний битүү гэмтэл, эвэрлэгийн урагдал, алим доторх цус хуралдалт гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүд хараагүй болж, нүд авхуулах мэс засал хийгджээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-35-36/, Өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ууганбаатарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбат нь “...Б.Ууганбаатарын зүгээс хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулна, 30 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол 30 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ууганбаатар нь хохирогчид сэтгэл санааны хохиролд 30000000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байх ба шүүгдэгч Б.Ууганбаатар нь хохирогч Б.Ууганзолбоогийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, гэхдээ гагцхүү хуульд заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан байна.
Тухайлбал зөвхөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхээр хуульд тусгайлан заажээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан тохиолдолд мөнгөн болон бусад хэлбэрээр нөхөн төлөхөөр заасан боловч хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй, өөрөөр хэлбэл эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохирлыг арилгах журмыг хуульд тусгайлан заагаагүй тохиолдолд мөнгөөр тооцон гаргуулах зохицуулалт байхгүй тул хохирогч Б.Ууганзолбоогийн сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцох боломжгүй юм.
Шүүхийн шийдвэрийг хянахад “...Шүүгдэгч Б.Ууганбаатар нь ...Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн болох нь ...эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.” /хх-148/, “...шүүх шүүгдэгч Б.Ууганбаатарын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ...торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.” /хх-149/ гэсэн хоорондоо зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Иймд хохирогчийн өмгөөлөгч Б.Энхбатын шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.