Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00404

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2024/00404

Б******* аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч П.Хишигдаваа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Б******* аймгийн Э*******ийн байранд байрлах, Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, Сүүж гэх газарт оршин суух, Ц******* овогт Д*******ийн Х******* /рд:ГА*******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5,364,000 /таван сая гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2023/00351/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А*******,

Хариуцагч Д.Х*******,

Прокурор Э.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэб******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Д.Х*******д холбогдуулан 5,364,000 /таван сая гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Д.Х******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б******* аймгийн Б******* сумын 3 дугаар багийн нутаг "" гэх газарт 2023 оны 03 дугаар сарын 18-ны оройн 23 цагийн орчим улсын дугаартай "Н" загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас мод мөргөж Б.Сн, Б.Гг нарын биед хүндэвтэр, Б.Л, Г.Т, Д.О нарын биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт,

Б******* аймгийн Прокурорын газраас 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.Х*******д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 90 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж , шийдвэрлэсэн.

Б******* аймгийн нэгдсэн эмнэлэг болон халдварт өвчин судлалын үндэсний төвөөр хохирогч Г.Т нь эрүүл мэндэд учирсан гэмтэлд амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багц, ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж, мэс засал зэрэг үйлчилгээнд нийт 5,364,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй гэж тус тус хуульчлан заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.",

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.,

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана. гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.

Иймд Д.Х*******гээс Эруүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 5,364,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын зүгээс Б.Ууганбаярын материалыг дахин хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй 4,736,000 төгрөгийг анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, 628,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төвөөр хохирогч Г.Т нь эрүүл мэндэд учирсан гэмтэлд амбулаторын үзлэг оношилгоо, шинжилгээний багц, ерөнхий мэргэжлийн яаралтай тусламж, мэс засал зэрэг үйлчилгээнд гаргасан 5,364,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие Д.Х******* нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өдөр Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан.

Хохирогч Г.Т нь өөрт учирсан гэмтэл бэртлээ эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Б******* аймгийн Э*******ээс ирүүлсэн холбогдох материалаар тогтоогдож байна.

Иргэний нэхэмжлэгч Б.А******* нь надаас 5,364,000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 4,736,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас үүссэн хохирол биш гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нийт 628,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд миний бие уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул 2024 оны 10 дугаар сард багтаан Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар харилцан зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээ зуржээ.

Төрийг төлөөлж оролцсон прокурор Э.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, Д.Х*******д холбогдох иргэний хэрэгт зохигчид шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эвлэрэн хэлэлцсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Д.Х*******д холбогдуулан 5,364,000 /таван сая гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 4,736,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Х******* нь 628,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 4,736,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Д.Х******* нь 628,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд төлж барагдуулахаар тус тус харилцан тохиролцож зохигчийн эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Х*******гээс улсын тэмдэгтийн хураамж 19,490 /арван есөн мянга дөрвөн зуун ер/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ