| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 1929001070077 |
| Дугаар | 2022/ДШМ/31 |
| Огноо | 2022-07-20 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/31
П.Ганбаатар, А.Тунгалаг нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч П.Ганбаатар, А.Тунгалаг нарт холбогдох 1929001070077 дугаартай, 3 хавтас, 555 хуудас эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.Ганбаатар, А.Тунгалаг нар нь бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь П.Ганбаатар, А.Тунгалаг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: “Шүүгдэгч П.Ганбаатар, А.Тунгалаг нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Ганбаатар, А.Тунгалаг нарыг цагаатгаж,
П.Ганбаатар, А.Тунгалаг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц П.Ганбаатар, А.Тунгалаг нарт буцаан олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/6З дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ганбаатар, А.Тунгалаг нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж,
П.Ганбаатар, А.Тунгалаг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчдийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Цагаатгах тогтоол нь нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:
Шүүхийн цагаатгах тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Шүүх Эрүүгийн хуулиар зохицуулсан ерөнхий ангийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлсноос хэргийн үйл баримтыг буруу тогтоосон, шийдвэрт улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл тодорхойгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхдээ дараах байдлаар илт буруу дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэдэлт, зорилгыг зөв тогтоож чадаагүй байна.
1.1. Шүүгдэгч П.Ганбаатар, А.Тунгалаг нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаанхад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэж, прокурор яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг, гэмт үйлдлийн шинж тус бүрээр яллах талын нотлох баримтад тулгуурлан, нотолж оролцсон болно.
Шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж байгаа бол шүүгдэгчийг яллаж буй яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг заавал дурдаж, шийдвэрээ гаргах үүрэгтэй.
Шүүх шийдвэртээ: “....яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримттай тохирохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтад заасан хэргийн бодит байдлыг тогтоох талаар мөрдөгч, прокурор нар яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2-т заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолж тогтоогоогүй байна....” гэж тус тус дүгнэж, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байх боловч, тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэсэн зарчмыг прокурор зөрчсөн мэтээр дүгнэлт хийжээ.
Дээр дурдсан шүүхийн дүгнэлтүүдээс үзвэл шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл тодорхойгүй болсон байна. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн заалттай тохирохгүй байгаагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүйгээс шүүгдэгчийг цагаатгаж байгаа, мөн эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг “хэлбэрийн төдий” агуулснаас хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасны алин болох нь тодорхойгүйгээр, эргэлзээтэй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Мөн шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон байх боловч шийдвэрт “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэх, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн нь эргэлзээ төрүүлж байна.
Иймд шүүхийн дээрх дүгнэлт бүхий цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.
1.2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхдээ дараах байдлаар илт буруу дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэдэлт, зорилгыг зөв тогтоож чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол...” гэж заасан.
Өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийн диспозиц буюу нийгэмд аюултай үйлдэл нь нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг “түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” үйлдлүүдийн аль нэг нь, эсхүл хэд хэдэн үйлдэл байх бөгөөд уг үйлдлийг “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор” хийсэн үйлдлүүд нь дээрх гэмт хэргийн шинжийг хангах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч нар нь ховор ургамлын үндсийг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн хэрэгцээнд хэрэглэх зорилготой байсан нь хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, энэ талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд мэдүүлээгүйгээс гадна харьяалах нутаг дэвсгэрийн Засаг даргын зохих зөвшөөрлийг аваагүй болох нь хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон.
Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэхдээ илт буруу дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэдэлт, зорилгыг зөв тогтоож чадахгүй, хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж, хэргийг удаа дараа прокурорт буцаах, эсхүл шийдвэрийн үндэслэлийг өөрчилж, хэрэгсэхгүй болгох зэргээр өөр өөр шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх үндэслэл, журамд тус тус нийцээгүй, ялтанд ял завших боломжийг олгосон, хууль бус шийдвэр болжээ.
Хоёр. Шүүхийн шийдвэрт дурдагдсан бусад хууль зүйн дүгнэлтийн талаар:
2.1. Шүүх прокурорын яллах дүгнэлтийн холбогдох хэсгийг шийдвэртээ дурдаж, улмаар “....шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримттай тохирохгүй....” гэж дүгнэхдээ хэргийн оролцогчид болох шүүгдэгч П.Ганбаатар, А.Тунгалаг нарт холбогдох хэрэгт хамааралгүй, өөрөөр хэлбэл уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Б.Мандахнарын ховор ургамлыг түүж бэлтгэсэн үйлдэлд холбогдолтой нотлох баримтуудыг дурдсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус ноцтой зөрчсөн.
Шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт: “Шүүгдэгч Тайж овогт Пүрэвийн Ганбаатар, Боржигин овогт Адилбишийн Тунгалаг нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зөвхөн “худалдан авсан, хадгалсан” үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол прокуророос гэм буруутай гэж үзэж, яллаж буй зарим үйлдэл болох “тээвэрлэсэн” үйлдлийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулсан байна.
Энэ нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтад нийцэхгүй байна.
Шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ: “....Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан...” гэж бичсэн нь хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх шаардлагыг зөрчиж дүгнэлт хийсэн, мөн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь нөөц, нөхөн сэргэх чадвараар “ховор” ургамлын ангилалд хамаарч байхад “....энэ ховор ургамал...” гэж бичиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн диспозицыг буруу тодорхойлсноор шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон.
Уг хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхийн цагаатгах тогтоолд /шийдвэрийн удиртгал, тогтоох, тодорхойлох хэсгийн заалтуудад/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журамласан заалт буюу гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэрийг шууд орхигдуулж, дүгнэлт хийсэн, мөн шийдвэрт улсын яллагчийн дүгнэлтийн үндэслэлийг бичихдээ: “....зөрчсөн учраас тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас....” гэх мэтээр бичиж, няцаан үгүйсгэх байдлаар дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд бодит байдалтай тус тус нийцээгүй байна.
Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан “Гэмт хэргийн ойлголт, шинж”-ийн талаарх заалтыг шийдвэрт бичсэн атлаа уг зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг “зарчим” гэж тодорхойлон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсгийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, “Байгалийн ургамлын тухай хууль”-ийг “Байгалийн тухай хууль” гэж бичсэн, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль” гэж бичсэн зэрэг зөрчил гаргасан байна. Эдгээр нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ 2021/ДШМ/69 дугаартай магадлалд: “...төрийн өмч болох байгалийн ховор ургамал дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдаас худалдан авсан, хадгалсан, Дорнод аймгаас ....тээвэрлэж ирсэн үйлдэл нь ямар хуулийн хэм хэмжээгээр зөвшөөрөгдөж зохицуулсан шаардлагад нийцсэн эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж дурдаж шийдвэрлэснийг анхан шатны шүүх биелүүлээгүй байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчим гэж үндсэн гурван зарчмыг хуульчилсан. Энэ хэрэгт тухайн гурван зарчмыг яаж зөрчсөн талаар цагаатгах тогтоолд огт дурдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж ойлголт гэсэн агуулгыг дурдаж цагаатгадаг. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэргийн шинж, зарчим хоёроо ялгахгүйгээр хольж цагаатгаснаа прокурор хэргийг буруу шийдээд байгаа юм шиг шийдвэр гаргасанд гомдолтой байна. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх цагаатгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг орхигдуулж шийдвэрлэсэн. Энэ хэргийг анх удаа өнөөдөр хэлэлцэж байгаа биш, өмнө нь хэд хэдэн удаа шүүхээр хэлэлцсэн. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд дэрэвгэржигэрүү гэдэг ургамлын үндсийг худалдаж аваад хадгалж, тээвэрлэж байгаа үйлдэл нь ямар хэм хэмжээгээр хуульд зөвшөөрөгдсөн, хуулийн ямар зохицуулалт, шаардлагад нийцээд байгаа талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна гэж давж заах шатны шүүхээс тодорхой заагаад байхад үүнийг биелүүлэхгүйгээр хууль бус шийдвэр гаргасан учраас миний зүгээс хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймээс эсэргүүцэл бичсэн. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй. Нэг хэцүү нөхцөл байдал үүсээд байна. Эрхэм шүүгчид та бүхэн ойлгоорой. Тухайн эсэргүүцлийг хуульд өөрчлөлт орохоос өмнө бичсэн учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэдэг санал, дүгнэлт хэлэхэд хэцүү нөхцөл байдал үүссэн байна. Гэхдээ миний зүгээс эсэргүүцлээ дэмжихээс өөр аргаггүй. Нэгэнт хууль бус гарсан шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналыг хэлэхээс өөр аргагүй байна. Өөр дүгнэлт байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаярын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичсэн 12 дугаартай эсэргүүцлээр П.Ганбаатар, А.Тунгалаг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч П.Ганбаатар, А.Тунгалаг нарыг бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон гэж шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх нь П.Ганбаатар, А.Тунгалаг нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Ганбаатар, А.Тунгалаг нарыг цагаатгаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шүүгдэгч нарт буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЗ/6З дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийг хүчингүй болгож, П.Ганбаатар, А.Тунгалаг нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шүүгдэгч нарыг бүлэглэн байгалийн ховор ургамал болох 1236,25 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Хяналтын прокурор В.Төгсбаяр нь “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гаргаж, мөн хуулийн 4 дүгээр зүйлд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж тус тус зааснаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №24 (1222) дугаартай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор хэвлэгдэн хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заажээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар давж заалдах шатны шүүх нь “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” шийдвэрийг гаргахгүй болсон тул хяналтын прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ШЦТ/63 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын прокурорын “цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР