Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 342

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн С овогт О-гийн Г-т холбогдох эрүүгийн 1710002030154 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Г.Ганчимэг, шүүгдэгч О.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******** тоотод оршин суух, “Асгат-Эрдэнэ” ХХК-ийн Хамгаалалтын албаны дарга ажилтай гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40-р зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,  

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйл, 282 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 11 сарын 23-нд Өршөөлөөр суллагдсан гэх, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт О-гийн Г/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч О.Г нь согтуугаар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******** тоотод эхнэр Д.Ч-ийг “гар утсаа авсангүй” гэх шалтгаанаар маргалдаж, хэл амаар доромжлон түүний нүүрэн тус газар гар утас шидэж, улмаар өшиглөж биед нь зүүн гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, дээд уруулд хаван шалбаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч О.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би одоо эхнэртэйгээ хамт амьдарч байгаа. Би согтууруулах ундааны зүйл үргэлж уугаад байдаггүй, хааяа нэг уудаг. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бид гэр бүлээрээ нэг газар луу явахаар төлөвлөсөн байсан. Гэтэл манай эхнэр өглөө ажлаа тарчихаад, утсаа аваагүй шөнө 01:00-02:00 цагийн үед гэртээ ирсэн. Би тухайн өдөр нь найз нартайгаа архи уусан байсан. Тэгээд сэрээд эхнэртэйгээ маргалдсан. Одоо хохирогч Д.Ч-ий биеийн байдал эрүүл, хэвийн “Мөнгөн гүүр” эмнэлэгт ажлаа хийж байгаа. Хохирогч Д.Ч өөрөө эмнэлэгт ажилладаг учир бид хоёр хамт явж эмчилгээ хийлгэсэн. Би гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Миний буруу. Прокурорын санал болгож байгаа торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1710002030154 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн байцаалтын шатанд арван зургаан насанд хүрээгүй гэрч Г.Н-гийн өгсөн:

“...Намайг 4 настайд ээж, аав хоёр тусдаа амьдрах болсон. Би ээжийн төрсөн эгч О, түүний хүү, миний дүү Х, ээж Д.Ч нарын хамт ээжийн эгчийнд амьдарч байгаа. Аав О.Г архи уудаггүй, хааяа найзуудын хамт уудаг. Ээж архи огт уудаггүй. Аав эгч О-ийг байхгүй үед хэдэн удаа ирж хоносон. Аав, ээж хоёр хоорондоо бүтэхгүй болоод хамт амьдардаггүй байх. 2017 оны 7 билүү, 8 сард одоо өдрийг нь санахгүй байна, дүү бид хоёр гэртээ орой 22:00 цагийн үед ирэхэд гэрт хүн байхгүй байсан. Гадаа зогсож байтал аавын дүү Т-тэй тааралдаад, бид хоёрыг өвөө, эмээгийн гэрт хүргэж өгсөн.

Маргааш өглөө нь 08.00 цагт эмээ дэлгүүрээсээ утасдаад “аав, ээж хоёрыг хоорондоо маргалдаад цагдаа дээр байна гэж байна тэнд оч” гэсэн. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирэхэд ээж мэдүүлэг өгч байсан. Ээжээс юу болсон талаар асуухад шөнө дунд аав чинь босч ирээд, загнаад гэж байсан. Өөр юм яриагүй. Баруун гараа боосон харагдсан. Сүүлийн 2 жил аав, ээж хоёр уулзалдах болсон. Миний дэргэд 1-2 удаа маргалдаж байсан. Аав ээжийг хардаад байдаг юм. Аав гэхдээ ээжийг зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,

 

2. Гэрч Ч.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би хохирогч Д.Ч-ийн ээж нь юм. Д.Ч, О.Г нар хамтран гэр бүл болоод 19 жил болж байна. Хамгийн том охин нь 7 настайдаа аваарт ороод нас барсан. Одоо 2 охинтой, Г.Н 15 настай, бага охин нь Халиунаа нь 12 настай. Д.Ч, О.Г нар том охиноо нас барсны дараа тусдаа амьдрах болсон. О.Г хүүхдүүддээ халамжтай, уураа хүрсэн үедээ охиныг минь хардаад байдаг. Нэг хэсэг О.Г өөр хүнтэй суусан байж байгаад салсан. Сүүлийн 2 жил О.Г охиноо ээжийндээ аваачих, хааяа О-ийг байхгүй үед О.Г орж, гарч яваад байгаа. О.Г өнгөрсөн жилийн цагаан сараар л ирсэн. Д.Ч охин маань их зөөлөн, хүнтэй эвтэйхэн харьцдаг, түүний яриагаар О.Г хардаад байна л гэдэг байсан. О.Г их огцом ууртай, хартай хүн. Тэр хоёртой би 1-2 жил хамт амьдарч байсан. Тэр хугацаанд 2 охин нь жаахан, О.Г огцом ууртай, хартай санагдсан. Миний дэргэд тэд муудалцаж байсан. О.Г охиныг минь зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51х/,  

 

3. ШШҮХ-ийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 9421 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Ч-ийн биед зүүн гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, дээд уруулд хаван, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 16х/,

 

4. Шүүгдэгч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Д.Ч бид хоёр 1996 онд танилцаж 2005 онд гэр бүлээ батлуулсан. Бид нар 3 хүүхэдтэй байсан ба том охин маань 5 настайдаа аваарт орж нас барсан. Бид хоёр тусдаа амьдраад 10-аад жил болж байна. Сүүлийн 2-3 жил хамтдаа байгаа. 2017 оны 07 дугаар сарын 23-нд Д.Ч өглөө ажлаасаа буусан. Би утас руу нь залгаад “гэр бүлээрээ гадуур гарах уу” гэхэд “амжихгүй” гэсэн. Орой нь түүнийг завтай болчих юм болов уу гэж бодсон. Тэгээд эхнэр Д.Ч рүү өдрөөс хойш 20-30 удаа залгахад утсаа аваагүй. 18:00 цагийн үед охин Г.Н-д “аав нь хүнтэй уулзлаа” гээд дэлгүүр дээрээ үлдээгээд гарсан. Найз руу залгаж караокед орж дуулаад, архи уугаад, тэндээс 21:00 цагийн орчимд гарсан. Тэгээд эхнэрийн эгч О-ийн гэрт ирсэн. Гэртээ яаж орсноо санахгүй байна, эхнэр байхгүй байсан.

Шөнө бие засах гээд сэрэхэд эхнэр ирчихсэн том өрөөнд унтаж байсан. Түүн дээр очоод “чи яагаад утсаа авдаггүй юм бэ, хаагуур яваад ирж байгаа юм, өдөржин залгалаа” гэхэд эхнэр өөдөөс юм хэлсэн. Юу хэлснийг одоо санахгүй байна. Би ороо засаад орон дээр хэвтэхэд, эхнэр хойноос орж ирээд, үглээд орны хажууд, хувцасны шүүгээний хажууд зогсохоор нь би “явж унт” гээд түүний зүүн хөл рүү өшиглөсөн. Эхнэр “гар эвгүй болчихлоо” гэсэн. Би “юун сүртэй юм” гэж хэлээд унтсан. Өглөө 07-08 цагийн үед хүн намайг сэрээсэн ба харахад цагдаа байсан. Тэгээд Цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Эхнэрийн зүүн гарын ядам хуруу нь гэмтсэн байсан. Эхнэр бид хоёр, хоёр гэрийн дунд амьдарч байгаа. Өмнө нь гэр бүлийн дотор гардаг хэрүүлээс болж маргалдаж байсан. Гар хүрч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55х/ зэрэг баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай нотолж чадсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны журам, шаардлагыг зөрчөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх прозуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж,  О.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Мөн энэ хэргийн шүүгдэгч О.Г нь хохирогч Д.Ч-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм бурууд маргаагүй, хохирогч Д.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн баримттай, прокурорын хяналтын шатанд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг  Прокурорын 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 213 дугаартай тогтоолоор хүлээн авч ханган, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

  1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч О.Г нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ********** тоотод эхнэр Д.Ч-тэй “гар утсаа авсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар гар утсыг түүний нүүрэн тус газарт шидэх, өшиглөх зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдаж цохисны улмаас хохирогч Д.Ч-ийн биед “зүүн гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, дээд уруулд хаван, шалбаралт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн насанд хүрээгүй гэрч Г.Н /хэргийн 50х/, гэрч Ч.Х /хэргийн 51х/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн “... Д.Ч-ийн биед зүүн гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, дээд уруулд хаван, шалбаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 9421 тоот дүгнэлт /хэргийн 16х/, шүүгдэгч О.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Д.Ч-ий бие махбодид учирсан зүүн гарын ядам хурууны шивнүүрийн хугарал, дээд уруулд хаван, шалбаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Г утас шидсэн, өшиглөсөн шууд санаатай гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой нь нотлогдсон.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Г-ийн бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.  

 

Иймд шүүгдэгч О.Г-ийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон бөгөөд хохирогч Д.Ч-ий эрүүл мэндэд учирсан “хүндэвтэр гэмтэл” гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх хор уршиг болох юм.

 

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч Д.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн зардал, төлбөр нэхэмжлээгүй ба “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа прокурорын хяналтын шатанд /хэргийн 66х/ илэрхийлсэн учир шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон төлөх төлбөргүй байна.     

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч О.Г урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40-р зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түтгэлзэн тэнссэн, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйл, 282 дугаар зүйлийн 4 дэх хэсгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан талаар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 19х/, Чингэлтэй дүүргийн 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 221 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хэргийн 22-23х/ зэрэг баримтуудаар тогтоогдсон ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  заасан учир шүүгдэгч О.Г-ийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ,

 

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.       

 

Шүүгдэгч О.Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт, тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч О.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. С овогт О-гийн Г-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-ийг 1000 /мянга/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт О.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүй, хохирогч Д.Ч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД