Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

Л.*******, Б.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

          Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

          Шүүгдэгч Л.*******, Б.******* /цахимаар/,

          Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч А.Очбадрал /цахимаар/,

          Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч И.Олонмөнх /цахимаар/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, Ц.*******,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

 

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж,  Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.*******, Б.******* нарт холбогдох 2029000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын  илтгэснээр нээлттэй хянан хэлэлцэв.

         

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймаг, *******,******* оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт гийн ******* /РД:*******/,

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Өмнөговь аймаг, ******* сум, оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баянууд овогт гийн ******* /РД:/,

 

Шүүгдэгч Л.*******, Б.******* нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18-аас 20 цагийн хооронд Өмнөговь аймгийн ******* сумын Сийрст 1 дүгээр баг, сумын төвөөс урд зүгт 25 километрт байдаг гэх хот айлд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Ц.тай бэлчээр уснаас маргалдан улмаар зодож амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Л.*******, Б.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх:  Шүүгдэгч Боржигон овогт гийн *******, Баянууд овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д заасан “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, хамтран оролцсон гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д зааснаар шүүгдэгч Б.*******д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д зааснаар шүүгдэгч Л.*******т 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.*******т оногдуулсан 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* сэжигтнээр 2 хоног, яллагдагчаар 530 хоног, нийт 532 хоног, шүүгдэгч Л.******* сэжигтнээр 2 хоног, яллагдагчаар 530 хоног, нийт 532 хоног тус тус цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тус тус тооцож,

Шүүгдэгч Б.******* нь оршуулгын зардал болон гэм хорын хохиролд нийт 13.647.000 төгрөг, шүүгдэгч Л.******* нь оршуулгын зардал болон гэм хорын хохиролд нийт 13.247.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус тус төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******, Ц.******* нарын гаргасан “сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Б.*******, Л.*******аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, 1. Гэрийн үүдэнд байх цагаан өнгийн паарнаас цус мэт зүйлийн арчдас, 2. Гэрийн хаалганы дотор талаас авсан цус мэт зүйлийн арчдас, З.Хаалганы гадна хэсгээс цус мэт зүйлийн арчдас, 4.Гэрийн хаалганы зүүн талд босоо байрлалтай байх унинаас авсан цус мэт зүйлийн арчдас, 5.Гэрийн чанх урд хэсэгт байх цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрс, 6.Гэрийн зүүн талд байсан Их хурд нэртэй мотоциклийн дээрээс авсан цус мэт зүйлийн арчдас, 7.Гэрийн дотор талд хойд хэсэгт хивсний цус болсон хэсгийг тайрч авсан хэсэг, 8.Гэрийн баруун талд байх хивсний цус болсон хэсгийг тайрч авсан хэсэг, 9.гэрийн дотор байх цагаан өнгийн саван цус мэт зүйл, 10.Супер Даюун нэртэй мотоциклоос авсан цус мэт зүйлийн арчдас, 11.Цогцосны дэргэдээс авсан шилний хагархайг, 12.хэргийн газрын үзлэг В үсгээр тэмдэглэсэн модны үзүүр хэсгээс авсан үс мэт зүйл, 13.Цус мэт зүйлээр бохирлогдсон мод, 14. Үзлэгт Г үсгээр тэмдэглэсэн хайрцагтай модон дотроос цус мэт зүйлээр бохирлогдсон мод, 15.Гэрийн зүүн талд байх цус шороо мэт зүйлээр бохирлогдсон саван, 16.Хог гэх саван дотроос авсан цус мэт зүйлээр бохирлогдсон арчуур, 17.Гэрийн зүүн урд хэсгээс гэрийн бүрээснээс хяргаж авсан хэсэг, мөн Б.*******гийн биед үзлэг хийх үед бор шаргал өнгийн дээл, хар өнгийн түрийтэй гутал, шар өнгийн цамц, хөх өнгийн цамц, 2 гарнаас авсан арчдас, мөн Л.*******ын биед үзлэг хийх үед бор өнгийн түрийтэй гутал, хар өнгийн өмд, хар саарал өнгийн урдуураа цахилгаантай цамц, хар өнгийн футболк, 2 гарнаас авсан арчдас зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Л.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдэж,

 

 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* нь давж заалдах гомдол, тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, тухайн хэрэг учрал, гэмт үйлдэлд бодитоор хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хэт хөнгөрүүлэн шийдвэрлэсэн, Эрүүгийн хуульд 12-20 жил эсвэл бүх насаар нь хорих ял оногдуулна гэж заасан байхад  шүүгдэгчийн ял шийтгэлийг оногдуулж шударга ёсны зарчимд нийцүүлээгүй хэт хөнгөдсөн шийдвэр гэж үзэж тодорхойлох хэсэгт бичсэн зарим дүгнэлт, тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг зөвшөөрөхгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн, үйлдэл холбогдлын талаар:

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдлийг шүүн тунгаагаад миний аавын амь насыг Б.*******, Л.******* нар бүлэглээд хохироосон болохыг тогтоож өгсөн. Тогтоож өгсөн зүйлд гомдох зүйлгүй. Харин тэдний аавын минь амь насыг хэрцгийгээр хохироосон үйлдэл болоод оногдуулж буй хорих ял хэт бага, хөнгөдүүлсэн.

Хуульд зааснаар Л.*******, Б.******* нарыг бүх насаар хорих ял шийтгэл оногдуулах ёстой байсан. Тухайн хэрэг гардаг өдөр миний аав малаа услах ус гуйх санаатай очсон байдаг. Хар ус харамладаггүй гэж монгол үг бий. Мал услах худаг усаа ойр орчны хүмүүсээсээ харамладаг гэсэн сураг байдаг. Монгол хүний өрөвч зөөлөн, тусч энэрэнгүй сэтгэлгүй, жудаг байхгүй хүмүүс.

Иймээс л миний аав хэдэн малаа услах гээд тэднийг гуйх. амьдрал ахуйгаа залгуулж яваа хэдэн малаа цангаахгүйн тулд гуйж очсон байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нар нь миний аавыг архи барьж эргэж очоогүй бол энэ хэрэг гарахгүй байсан гэж үхсэн хүнийг буруутгаж ярьсанд маш их гомдолтой.

Архи барьж очлоо гээд хүний амьд явах эрх, эрх чөлөөнд халдаагүй, аавыг минь зодоогүй бол энэ хэрэг гарахгүй байсан гэж би хэлнэ. Миний аав хувь хүнийхээ хувьд олонд хүндлэгдсэн, хүнтэй маргаж, хэрүүл хийдэггүй, аль болох асуудлыг эв эеэр шийддэг, нутгийн зон олон ааваар минь бахархаж явдаг ачтай, буянтай хүнлэг энэрэнгүй хүн байсан.

Мөн гомдол гаргах дараагийн нэг шалтгаан бол хэрэгт авагдсан фото зургаас харвал тухайн айлын эд хөрөнгө, эдлэл, миний аавын өмсөж явсан хувцас, унаж явсан мотоцикль, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудаас үзвэл цус болоогүй газар бараг байхгүй.

Үүнээс ямар их зодож, биед нь олон тооны шарх гэмтэл учруулж амьд дээр нь өвтгөж зовоосон, аав минь тухайн үед энэ хүмүүсийн харгис хэрцгий үйлдлийг үнэндээ тэвчиж, гараас нь мултраад гарч чадаагүй байхаар дүр төрх харагдана. Үүнийг анхан шатны шүүх илүүтэй анхаарах ёстой. Анхаарч үзсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нар тэр дундаа Л.******* гэгч нь аавын минь амь насыг хохироосон, харин Б.******* аавын минь амь насыг хохироогоогүй сэрээх гэж оролдсон гэх байдлаар хандаж шүүх хуралдаанд оролцсон. Тэгэхээр анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал зэргийг харгалзан үзсэн гэх дүгнэлтийг хийсэн нь оногдуулсан ял шийтгэлтэй үл нийцсэн шийдвэр болно.

Гомдлын хүсэлт:

Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 61 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар  дүгнэлтдээ: Хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд гомдолд дурдаад байгаа ундны усыг хүн, мал амьтнаас харамладаг монгол хүнд байдаггүй асуудал. Хоёулаа бүлэглэж харгисаар зодсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тийм учраас шүүх хуралд орсон Улсын яллагч хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр санал гаргасан. Гэтэл шүүхээс шүүгчийн эрх хэмжээнийхээ хүрээнд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан гэж миний зүгээс ойлгосон. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэсэн Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Бусад асуудалд өөр хэлж ярих зүйлгүй. Бид бүхэн монголчууд, өөрийн гэсэн зан заншилтай. Ус гуйгаад очсон хүн битгий хэл худаг ус нь дээр таарсан алдуул мал, булаг шанд дээр байгаа зэрлэг амьтныг хүртэл хүн агнадаггүй. Гэтэл хар ус харамлаж хүн алсан гэдэг дээр дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. Хар уснаас илүү үнэтэй хүний амь гэж байхгүй. Энэ саналаа дэмжиж байна. Өмнөх шүүх хуралдаанд орсон прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр заалтыг журамлаж орсон нь буруу байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр заалтыг журамласныг зөвтгөж магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.  

 

          Шүүгдэгч Л.*******ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хэрэг давж заалдах шатны шүүхэд гэм буруугийн асуудал шийдсэнтэй холбоотойгоор, мөн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн гээд нийтдээ дөрөв дэх удаагаа орж байна. Хоёр асуудал яригддаг. Нэг нь онц харгис гэдэг асуудлыг нэмье гэдэг дээр давж заалдах шатны шүүхээс удаа дараа дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүхээс өөр дүгнэлт хийсэн. Хоёрдугаарт ялыг нэмүүлье гэдэг асуудал яригддаг. Энэ гэмт хэргийн хувьд хэргийг прокурорт буцаагаад өмнө нь өгсөн ялыг нэмсэн учраас ял тохирсон гэж үзэж байна. Гуравдугаарт дэглэмийг хаалттай болгоё гэдэг асуудал яригддаг. Дэглэмийг хаалттай болгоход хэд хэдэн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэх нь зүйтэй. Шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж буюу хэд хэдэн гэмт хэрэг, хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлууд хэрвээ үнэхээр байх юм бол хаалттай дэглэмд ялыг эдлүүлэх нь зүйтэй. Тэгэхээр энэ гэмт хэрэг анх удаа гэмт хэрэг үйлдэж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн хавтаст хэрэгт цугларсан материаллаг хохирлуудыг барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй. Харин сэтгэл санааны хохирол бусад материаллаг хохирлуудыг иргэний журмаар нэхэмжлэх эрийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Яг тэр бүр хор уршиг учирсан гэж хэлэхгүй. Хавтаст хэрэгт цугларсан материалын хохирлуудыг арилгасан хувийн байдал зэргийг нь харгалзаад нээлттэй дэглэмд эдлүүлэх нь зүйтэй. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан шинжээч гарын үсэг зураагүй гэх зэрэг бүх ажиллагаануудыг хийгдсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

            Шүүгдэгчийн Б.*******гийн өмгөөлөгч И.Олонмөнх тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон өмнөх давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд тогтоолыг хүчингүй болгоод дахин шийдвэрлэх явцад хийгдэх ажиллагаануудыг бүрэн дүүрэн хийгдсэн. Өөрөөр хэлбэл өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлийг анхан шатны шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолд засаж залруулж, зөв дүгнэсэн гэж үзэж байна. Ийм учраас хэвээр үлдээж өгнө үү.

          Хоёрдугаарт Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хорих ял эдлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялыг хаалттай дэглэмд болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлд заасан бусдын амь насыг санаатайгаар алах гэсэн зүйлчлэлийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэх ёстой. Гэтэл прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Ганцхан хүндрүүлэх нөхцөл байдал буюу бүлэглэн бусдын амь насыг хохироосон гэж үзэж байна. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлуудыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө шүүгдэгч нарын ар гэрийнхэн нийтдээ 26 сая гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Тийм учраас анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******, Л.******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын 18 дугаар тал хуудсанд заагдсан хоёр, гуравдугаар заалтад маш их гомдолтой байна. Нэгдүгээрт энэ хэргийн ял хөнгөдсөн. Ханбогдын шүүх энэ хоёр хүнд хамгийн бага ял оноож, нэг талд хэтэрхий үйлчилж байна. Энэ хоёр хүний нэгэнд нь 14 жил, нөгөөд нь 17 жилийн хорих ялыг өгсөн.  Энэ хэргийг зүйл анги нь 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял оноохоор хуульчлагдсан. Өмнө нь давж заалдах шатны шүүх 12 жилийн хорих ялыг өгсөн.Тэгээд анхан шатны шүүх рүү буцаад 2 жилийн хорих ял нэмэгдсэн. Энэ хэрэг нь хулгайн хэрэг биш, хүний амь насны хэрэг. Хүнийг ийм харгис, хэрцгийгээр зовоож, бүлэглэж амь насыг нь хохироож байхад 14, 17 жилийн хорих ял өгч байгаад маш их гомдолтой байна. Хоёрдугаарт ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсэн. Прокуророос 17, 15 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Мөн прокуророос хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үздэг. Гэтэл шүүгч нар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзээд ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Оршуулгын зардал 20 хэдэн сая төгрөгийг төлсөн учраас хөнгөлсөн. Оршуулгын зардал 20 хэдэн сая төгрөгөөс гадна сэтгэл санааны хохирлын мөнгөн төлбөрийг төлж барагдуулаагүй. Зөвхөн оршуулгын зардал төлсөн гэдгээр хөнгөлөөд ялыг нээлттэй хорих ангид эдлүүлнэ гэж шийдвэрлэсэн учраас маш их гомдолтой байна. Тухайн шийдвэр нь шударга ёсны зарчимд нийцээгүй учраас энэ хоёр зүйлд маш их гомдолтой байна гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний ханийг маргалдсаны улмаас гэж хэлдэг дээр маш их гомдолтой байна. Гэрчүүдийн болон яллагдагч нарын мэдүүлэгт маргалдаагүй гэж мэдүүлдэг. Гэтэл хүчээр маргалдсан болгож гүтгэж байгаад маш их гомдолтой санагддаг. Талийгаач маань отор нүүдлийн байдалтай явж байсан учраас улсын төсөв хөрөнгөөр гаргасан тухайн хүний хариуцаж байсан худагт тэмээгээ услах гэж гуйж очсон болохоос ямар нэгэн маргалдсан, зөрчилдсөн зүйл гараагүй гэдэг нь мэдүүлэг бүрээс харагддаг. Миний талийгаачийг маргалдсан, зөрчилдсөн болгож гүтгэж байна. Энэ хэргийг үйлдсэн яллагдагч нар маш онц хэрцгийгээр биед нь маш олон гэмтэл үхлийн олон шалтгаануудыг бий болгож, амьд үлдэх боломжгүйгээр амь насыг нь дуусгасан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ онц хэрцгий үйлдлийг нь хүндрүүлэн үзэх нөхцөлгүй гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн зэвсэг хэрэглэж хадаастай модоор маш олон удаа цохиж хохироосон байдаг. Мөн хоёр залуу бүлэглэсэн хүч хэрэглэж их хэмжээгээр тамлан зовоож хохироосон. Зэвсэг хэрэглэсэн болон бүлэглэсэн, түүнчлэн санаатайгаар мотоциклын эд ангийг нь эвдэх, эрүүл саруул яваад очсон хүнийг үхтэл болтол нь зодож үгүй хийсэн зэрэг дөрвөн хүндрүүлэх нөхцөл байхад хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзсэнд гомдолтой байна. Гэмт хэргийн улмаас үүссэн төлбөр мөнгийг шүүгдэгч нараас авсан. Өөрөөр хэлбэл тэжээдэг хань ижлээ алдсан учраас хоолгүй, махгүй, амьдралгүй боллоо гэж мөнгөө нэхээгүй. Гэмт хэргийн улмаас гарсан хохирол төлбөрийг төлсөн болохоос сайн дураараа сэтгэл гаргаад ар гэрт нь мөнгө төгрөг өгч байгаа зүйл биш. Бид нарын зүгээс сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх шийдвэрлэж өгөөгүй. Тэр хүмүүс ухамсрынхаа түвшинд ойлгож хүлээж аваагүй. Миний хань даруу төлөв, тусархуу, өөрийнхөндөө гэлтгүй нутаг орныхондоо түшигтэй, хол газар нутагт нүүж явахад наашаа ирж буугаад усыг нь ууж, хоолыг нь ид гээд урьдаг, залдаг элэг зөөлөн хүн байсан. Багийн Засаг даргын ажлыг олон жил гүйцэтгэсэн. Сумын иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж, сум орон нутгийнхаа нэр төрийг урлаг, спортоор маш олон удаа аймаг, улсад гаргаж явсан, нэр төртэй сайн хүн байсан. Тэгээд энэ хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хурал дээр манай өмгөөлөгч болон бид нарын зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурдсан амиа алдсан нөхцөл байдлын талаар тайлбарлаж хэлж байсан боловч шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ буюу яллах нөхцөл байдал дээр шүүх эмнэлгийн дүгнэлтийг харгалзаж үзээгүй. Тиймээс маш их гомдолтой байна гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:  Давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэж дурдсан. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт орсонтой холбогдуулаад Ц.*******ийн гаргаад байгаа давж заалдах гомдлыг анхааран үзэж, хэлээд байгаа нөхцөл байдал болон шийтгэх тогтоолыг анхааран үзээд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн саналыг засаж зөвтгөж хэлмээр байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын 15 дугаар хуудсанд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийсэн байдаг. Дүгнэлт хийхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******гийн тайлбартаа зөрүүтэй нөхцөл байдал болон хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу хохирогчийг буруутгасан дүгнэлт хийснийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэх нөхцөл байдлыг буюу шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болоогүй гэдгийг тайлбарласан. Миний зүгээс энэ нөхцөл байдалтай санал нэгдэж байна. Шүүхээс дүгнэлт хийхдээ Ц.тай бэлчээр уснаас болж маргалдан, улмаар түүнийг зодож амь насыг нь хохироосон гэдэг эрх зүйн дүгнэлтийг хийдэг. Энэ хэргийн хүрээнд хохирогч буюу талийгаач нь Б.*******, Л.******* нартай маргалдсан гэдгийг бүрэн дүүрэн нотлогдоогүй байхад хохирогч буюу талийгаачийн эрх зүйн байдалд нөлөөлсөн, дордуулсан эрх зүйн дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн хүрээнд шүүх бичгийн нотлох баримтыг тодорхой хэмжээнд үнэлж дүгнэсэн байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ нийтдээ 26 нотлох баримтыг дурдаад, эдгээр нотлох баримтыг үнэлсэн гэж дүгнэлтдээ дурдаж бичдэг. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдаад байгаа 26  нотлох баримтаас үзэхэд талийгаач нь  энэ хоёр хүний өөдөөс би тэгмээр байна, ингэмээр байна гэх зэргээр маргалдсан зүйл байдаггүй. Ялагдагчийн мэдүүлэг өөр бусад байдлаар нотлогдсоноор дүгнэлтийг хийх ёстой байхад шүүх үндэслэлгүй эрх зүйн дүгнэлтийг хийсэн.

          Өөрөөр хэлбэл бэлчээр уснаас болж маргалдах биш, малаа услах гээд энэ хүмүүсээс гуйгаад очиход харамласан нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр бэлчээр уснаас болж маргалдсан гэх дүгнэлтийг зөвтгөж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага дээр үндэслэлтэй дүгнэлтийг хийж чадаагүй гэдгийг анхаарч үзнэ үү гэж хэлмээр байна. Мөн хэргийн бодит байдал болон шүүх хуралдаан дээр мэдүүлсэн мэдүүлгийг шүүхээс үнэлсэн дүгнэлт нь бодит байдалд нийцсэн эсэх гэдэг зүйл хамаатай явах учир үүнийг анхаарч үзнэ үү. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөөс ял багадсан талаар тайлбартаа тайлбарласан учраас өмгөөлөгчийн зүгээс энэ талаар давхардуулж хэлэх шаардлагагүй. Ц.*******ийн гомдол дурдсан зүйлүүдийг эрхэм шүүгчид анхаарч үзнэ үү гэж хэлмээр байна.

          Дэглэмийн хувьд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул гомдолтой байна гэдэг нөхцөл байдлыг илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс Ц.*******ийн энэ гомдлыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Гомдол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын тайлбартай холбогдуулаад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тайлбар гаргахдаа ял тохирсон, дэглэмийг хүндрүүлэн үзэх буюу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хаалттай хорих ангид ял эдлүүлэх шаардлагагүй гэдэг талаас тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчмыг тусгайлан зааж өгсөн. Шүүгдэгч нарт оногдуулсан ял гэхээсээ илүү ялыг эдлүүлэх дэглэм тохирч өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шударга ёсны зарчимд нийцээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд  нээлттэй, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх талаар зааж өгсөн. Нээлттэй хорих байгууллага болон хаалттай хорих байгууллагад дэглэмийг эдлүүлэхдээ шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал анхаарч үзэх ёстой. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болоод нээлттэй хорих байгууллагад яагаад дэглэмийг эдлүүлсэн нөхцөл байдлын талаар шүүх дүгнэсэн. Шүүх дүгнэлтээ хугацаатай хорин ялыг нээлттэй эсвэл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай, шүүх шүүгдэгч нарын шүүхээс гэм хорын хохиролд тооцож шийдвэрлэсэн мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан гэж шүүхээс дэглэмийг эдлүүлэхдээ анхаарч, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг анхаарч үздэг. Ийм хоёр нөхцөл байдалд тулгуурлаж нээлттэй дэглэмд эдлүүлнэ гэж шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй. Нээлттэй дэглэмд эдлүүлэхээр болон энэ хэргийн хуульд заасан нөхцөл байдалтай зөрчилдөж, тухайн нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, хэт нэг талыг барих буюу ялагдагч, шүүгдэгч нарын ялыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг илүү давамгайлах байдлаар шүүх үнэлж байгаад өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрхэм шүүгч та бүхэнд анхаарч үзнэ үү. Энэ дэглэмийн асуудлыг шийдвэрлэхдээ бүхэл бүтэн хүний амь нас хохирсон нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын талаар анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Энэ талаар эрхэм шүүгч нар анхаарч үзнэ үү. Хэргийг тал бүрээс анхааран үзэж дэглэмийг нь хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр буюу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломж байдаг бол өөрчлөлт оруулж өгнө үү гэдэг саналыг оруулж байна. Давж заалдах гомдлыг бүрэн дүүрэн дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Л.*******, Б.******* нарт холбогдох 202900000130 дугаар эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

            1. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг үндэслэл, журмын дагуу хангалттай цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.*******, Б.******* нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

   2. Шүүгдэгч Л.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18-аас 20 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Сийрст 1 дүгээр баг, сумын төвөөс урд зүгт 25 километрт байдаг анд нутаглах Л.*******ынд Ц.ыг түүний тэмээ нь Л.*******ын өвөлжөөний орчмын өвс, ногоог идлээ гэдгээр шалтаглан зодож, эрүүл мэндэд дөрвөн хавирганы хугарал, уушгины эдийн няцрал, чамархай ясны цөмөрсөн хугарал  болон нүүрэн хэсэгт урагдсан шарх зэрэг хүнд, хөнгөн гэмтэл учруулсны улмаас Ц. нь хүнд гэмтлүүдийн улмаас  нас барсан үйл баримт нь:

Б.*******гийн сэжигтнээр өгсөн “...******* ах манай өвөлжөөг танай тэмээ идээд байна, чи манай уснаас услах гэж бодож байна уу гээд уурлаад байсан, Талийгаач би тэмээгээ усалчихмаар баймаар л байна ш дээ гэж байсан . би уг нь талийгаачийг өмөөрч байсан... нэг мэдсэн чинь талийгаачийн толгой руу цохиж байсан...” /1хх-236х/,

Л.*******ын сэжигтнээр өгсөн “..Би талийгаачид танай тэмээ манай бууцыг идээд байна гэхэд талийгаач таван таана харамлаад байхдаа яадаг юм, хажууд чинь айл буучихъя мөнгийг нь өгсөн ч чадна гэж бид 2 маргалдсан, талийгаачийг гадаа гаргаад нүүрэн дундуур нь модоор цохиж унагааж зодсон...толгойдоо их гэмтэл авсан байх би цохиж зодсон...” гэх мэдүүлэг /1хх-240-241х/,

Мөн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, /1хх-150х/, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул уг нотлох баримтууд нь Л.*******, Б.******* нарын үйлдсэн гэх хэргийн нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай үндэслэл болсон гэж үзнэ.

3. “Маргалдах” гэдэг нь харилцаж буй хүмүүс өөр хоорондоо санал үл нийлэн хэрэлдэх гэсэн утгыг илэрхийлдэг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тэдний хооронд хэрэлдсэн маргаан үүссэн байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Л.******* нь тэмээ нь өвөлжөөний ойр орчмын өвс, ногоог идсэн гэснээр шалтаглан зодсон үйл баримт тогтоогдож байхад шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар “шүүгдэгч нар болон амь хохирогч нарыг хоорондоо маргалдсан” гэх дүгнэлт хийсэн нь шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүх гэмт хэрэг гарсан газрыг “ гэх хот айлд” гэж үзсэн бөгөөд “” гэх газар нутаглаж буй шүүгдэгч Л.*******ын гэрт болон гэрийн гадаа Ц.ын эрх, эрх чөлөөнд халдсан гэх  нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс “анд нутаглах Л.*******ынд Ц.ыг түүний тэмээ нь Л.*******ын өвөлжөөний орчмын өвс, ногоог идлээ гэдгээр шалтаглан зодож” гэж хэргийн бодит байдлыг өөрчлөн дүгнэлт хийсэн бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэл, ял оногдуулах үндэслэлд сөргөөр нөлөөлөхгүй, мөн шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно. Энэ талаарх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол, тайлбар, хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар, саналыг үндэслэлтэй гэж үзэв.  

4. Л.*******, Б.******* нарыг Ц.ыг зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсны улмаас түүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг анхан шатны шүүхээс “хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэм буруутайд тооцсоныг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан төрөл хэмжээний дотор Л.*******т 17 жил, Б.*******д 14 /арав/ жилийн хорих ялыг оногдуулсныг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамтай нийцсэн гэж үзэв.

6. Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч Ц.*******ийн “шүүх хөнгөн ял оногдуулсан, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлоос “хэргийн үйл баримтыг буруу тогтоосон” гэх гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн. Энэ тухай энэ магадлалын тодорхойлох хэсгийн 3,4 дэх хэсэгт тодорхой дүгнэлт хийсэн болно.

Харин хөнгөн ял оногдуулсан, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхэд буцаах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;” гэсэн заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон бөгөөд уг хуульд дагаж мөрдөх хугацааг тусгайлан заагаагүй.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ” гэж тус тус заасан. 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаарт нийтлэгдсэн тул энэ өдрөөс хойш арав хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.36-д "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;” ойлгоно гэж, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг заасан тул давж заалдах шатны шүүх нь хуулийн хүчингүй болсон зүйл, хэсэг, заалтыг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчлөх эрх хэмжээгүй.

Шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын талаар энэ магадлалын тодорхойлох хэсгийн 5-д дүгнэсэн байгааг дурдах нь зүйтэй.  

7. Шүүгдэгч Л.*******, Б.******* нар гэмт хэрэг үйлдэхээс өмнө ямар нэгэн тохиролцоог хийгээгүй боловч сэдэлт, зорилго, үйлдлээрээ нэгдэн бүлэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах гэмт хэргийг” хүндрүүлэх шинжээр гэмт хэрэгт тооцсон мөн хуулийн 2.11-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байхад шүүх, прокурор нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг давхар журамлаж хуулийг буруу хэрэглэсэн байна.  

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр зэргийн тус тусад тодорхой заасан байхад шүүх, прокурор нь хуулийн уг зүйлийг бүхэлд нь хэрэглэжээ.

Иймд  хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.*******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн  2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан” гэснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.*******, Б.******* нарын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92/ерэн хоёр/ хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.НАСАНЖАРГАЛ

 

                                  ШҮҮГЧИД                                    Х.ГЭРЭЛМАА

 

                                   Ш.ТӨМӨРБААТАР