Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2024/0318

 

 

 

 

 

 

    2024         04           10                                     128/ШШ2024/0318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс   

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1 Нэхэмжлэгч Д.Б нь 1973 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 50 настай, 4 хүүхэд төрүүлсэн эх хүн болно.

1.2.Тэрээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу дөрвөн хүүхэд өсгөсөн, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн хэмээн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан “өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”  өргөдөл гаргажээ[1].

1.3.Гэтэл түүний гаргасан өргөдөлд “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр албан бичгээр[2] “...иргэн Д.Б нь 4 хүүхэд төрүүлсэн боловч бага хүүхэд нь 07 сартай ослоор эндсэн тул...тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна...” гэх хариуг өгчээ.

1.4.Уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд “...07 сартай хүүхдээ алдсан нь эх миний болон бусдын хариуцлагагүй үйлдлээс бус гэнэтийн давагдашгүй байдлын улмаас эндсэн, .... байгалийн гамшиг болоогүй байсан бол би хүүхдээ эрүүл саруул өсгөж, эх орондоо сайн иргэн болгож өсгөх байсан, ...иймд өндөр насны тэтгэвэр олгож өгнө үү...” агуулга бүхий өргөдлийг[3] гаргахад тус зөвлөл нэхэмжлэгчийн гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд тус зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Д.Бд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тэтгэвэр тогтоох боломжгүй...” гэж шийдвэрлэсэн.[4]

1.5.Тус хуралдааны тэмдэглэл бүхий шийдвэрийг үндэслэж 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 21 тоот тогтоолоор[5] “...тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №... тоот албан бичгээр хүргүүлсэн, ...зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлагагүй...” хэмээн үзжээ.

1.6.Дээрх тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргахад “...21 дүгээр тоот тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж....” шийдвэрлэсэн тухай нэхэмжлэгчид 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32/53 дугаар албан бичгээр[6] мэдэгджээ.

1.7 Улмаар иргэн Д.Бгаас, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан, шүүхээс түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.  

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “Монгол Улсын иргэн Дгийн Б нь 1973 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй. Тэрээр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 279 сар буюу 23 жил 25 хоногийн хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн, 4 хүүхэд төрүүлж, өсгөж байсан. Энэхүү үндэслэлээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэтгэвэр тогтоолгох хуулийн шаардлагыг хангасан.

2.2.Гэвч 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Цайз захын орчим болсон байгалийн гэнэтийн аюул болох усны үерийн гамшигт гэр бүлээрээ өртөж, улмаар 3 хүүхдийнх нь амь нас эрсэдсэн харамсалтай явдал болсны улмаас тэдний гэр бүлд нөхөж баршгүй гарз, уй гашуу тохиолджээ. Эрүүл саруул өсөн торниж байсан 4 хүүхдийнх нь нэгийг бус гурвын гурвынх нь амь насыг үерийн гамшиг авч одсон эх хүний сэтгэлийн зовлон шаналанг юугаар ч аргадаж, зөөллөж чадахгүй биз. Амь насаа алдсан 3 хүүхдийнх нь хоёр том нь 7 болон 11 настай, бага нь дөнгөж 7 сартай нялхаараа байжээ.

2.3.Харамсалтай нь Монголын төрийн байгууллага /Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, түүний дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөл/ түүнд тохиолдсон энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг ойлгож, харгалзаж үзэхгүйгээр түүний удаа дараа /2023.08.31, 2023.09.01, 2023.10.06/ гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байна. Ийнхүү түүнд хуулиар олгосон өндөр наслах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм.

2.4.Уг нь Монголын төр засаг түүнд тохиолдсон харамсалтай явдлыг ойлгох сэтгэлтэй, харж үзэх уужуу ухаантай, хүнлэг, энэрэнгүй байх нь Үндсэн хуулийн мөн чанар, зарчимд нийцэхээр байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тэргүүн хэсэгт “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно." гэж тунхагласан. Хүмүүнлэг, хүнлэг нийгэм бий болгоход төр өөрөө манлайлан үлгэрлэх ёстой.

2.5.Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт "өндөр наслах, болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, ... тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;" гэсэн утгаар ойлгохоор тодорхойлсон.

2.6.Энэхүү хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн Д.Бд 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн боловч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Гомдлын шаардлагын зөвлөлөөс "Төрүүлсэн болон ... дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн..." гэж дээрх хуульд заасан нөхцөл болзлыг хангахгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн хүнлэг бус хариу өгчээ.

2.7.Д.Бгийн ар гэрт хэлж ирээгүй дээрх гай зовлонг тэд өөрсдөө дуудаагүй юм. Түүний төрүүлж, эрүүл саруул өсөн торниж байсан 3 хүүхэд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж заасан эрхээ эдэлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн байна. Өөрөөр хэлбэл, "ТӨР" байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах үүргээ биелүүлээгүй учраас тэд нас барсан. Үүнд нас барсан хүүхдүүдийн ээжийн буруу гэж байгаагүй учир  “ТӨР” түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхэд хүндэтгэлтэй хандаж, "ХҮНДЭТГЭН ҮЗЭХ" шалгаан бий болгож, хуулийн ЭНЭРЭНГҮЙ байх зармын хүрээнд ХҮНЛЭГ байж, нэг удаа боломж олгоход зөвдөнө үү гэхээс буруудах шалтгаан огт байхгүй билээ.

2.8.Дааж давшгүй зовлонд унасан хүнд гараа сунган тусалж, зовлонг нь чадах чинээгээрээ хуваалцах нь ХҮНИЙ ЁСНООС гадна ХУУЛИЙН ЁС байж болно. Хуулийг хүн хэрэгжүүлдэг учир хуульд заасныг шууд утгаар нь ойлгож хэрэглэх нь нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээ, хуулийн энэрэнгүй ёсны зарчимд харшлахаар байгаа юм. Монголчуудын хүнд тусархаг чанар, хүнлэг байдал нь бидний нийтээрээ дагаж мөрдөх зан суртахууны илэрхийлэл болдог. Тийм ч урчаас бид "Дэм дэмдээ, дээс эрчдээ... Зөөлөн нь хатуугаа..." гэж ярьцгаадаг билээ.

2.9.2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай Шинэчилсэн найруулга/ хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д заасныг, гэж, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.д-д "хуульд заасан эрх бүхий этгээдээс албан ёсоор зарласныг нотолсон галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйл /усны үер,...../ зэрэг шалтгааныг," гэж ойлгохоор тодорхойлжээ. Иймд төрүүлж, өсгөж байсан гурвын гурван хүүхдээ гэр оронтой нь усны үерийн гамшгийн улмаас алдсан иргэн Д.Бгийн нөхцөл байдлыг харгалзан, хуульд заасан "хүндэтгэн үзэх шалтгаан"-д хамааруулж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;" гэж заасан үндэслэлээр түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хангах хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчаас бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа:  “Иргэн Д. Б нь 4 хүүхэд төрүүлсэн боловч бага хүүхэд нь 07 сартай ослоор эндсэн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй" гэж заасан нөхцөл болзлыг хангахгүй байгаа тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1 Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2 /1994 оны/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно”, 4 дүгээр зүйлийн 4.2-д “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэжээ.

4.3.Энэхүү хуулийн зохицуулалтаас үзвэл 50 нас хүрсэн эх 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан 4 түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл нь өсгөсөн тохиолдолд өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр тогтоолгон авах эрх үүсэхээр зохицуулжээ.

4.4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Бгийн хувьд дээрх хуульд заасан нөхцөл болзлоос ...20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн[7], 50 нас хүрсэн[8]...4 хүүхэд төрүүлсэн...зэрэг  шалгуурыг хангаж байх боловч харамсалтай нь ... түүний төрүүлсэн 4 хүүхдийн бага нь 07 сартайдаа ослоор эндсэн тул түүнийг дээрх хуульд заасан ...дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн...гэх болзлыг хангахгүй байна ...гэх  Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэр үндэслэл бүхий болжээ.

4.5.Шүүхээс ...дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн... гэх болзол нөхцөлийг тодруулахаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үзэл баримтлал, хууль зүйн байнгын хороо болон Улсын их хурлын чуулганаар хэлэлцүүлэх үеийн тэмдэглэлүүдийг баримтаар гаргуулсан хэдий ч тэдгээрт тодорхой тусгасан зүйл байсангүй[9].

4.6. 2023 оны шинэчлэн найруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” хэмээн агуулгын хувьд зөрүүгүй хуульчилсан байна.

4.7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах…”, 10.1.3-д “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах; эрхийг хангах талаар эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг хүлээнэ” гэжээ.

4.8. Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан дүгнэвэл хүүхэд 0 буюу ургийн хөгжлийн үеэс 6 хүртэлх насандаа эрхтэн тогтолцоо нь боловсронгуй болж хөгждөг ба байнгын асаргаа, халамж анхаарал, хоол тэжээл, эрүүл мэнд болон хөгжүүлэх үйл ажиллагаа хамгийн чухал байдаг.

4.9. Энэ бүгдийг эхийн байнгын хараа хяналт, халамж, эцэг болон асран хамгаалагч нарын зохистой дэмжлэг, хариуцлагатай байдал шийдвэрлэх үүрэгтэй юм.

4.10. Тиймээс ч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хүүхдээ 0-6 нас хүртэл өсгөсөн тохиолдолд түүний үүрэг, хариуцлагаа биелүүлснийг үнэлэн улсад ажилласанд тооцон тэтгэвэр тогтоолгон авах эрхийг олгосон гэж үзлээ.

4.11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч байгууллага шийдвэр гаргахдаа хууль тогтоомж зөрчиж, түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1./1994 оны/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.2, /2023 оны/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т  тус тус заасныг баримтлан иргэн Д.Бгаас Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, Д.Бд өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.БАТБААТАР

 

[1] Хавтас хэргийн 39 хуудас

[2] Хавтас хэргийн 43 хуудас

[3] Хавтас хэргийн 40-41 хуудас

[4] Хавтас хэргийн 147-151 хуудас

[5] Хавтас хэргийн 44 хуудас

[6] Хавтас хэргийн 45 хуудас

[7] Хавтас хэргийн 8-11 хуудас

[8] Хавтас хэргийн 7 хуудас

[9] Хавтас хэргийн 59-143 хуудас