| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2017/0349/Э |
| Дугаар | 344 |
| Огноо | 2017-11-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 344
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Е овог Б-ын У, Б овогт Э-ийн Т нарт холбогдох эрүүгийн 17100 0000 0133 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Э.Т, Б.У нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1991 оны 08 сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо ********* тоотод оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Е овог Б-ын У,
2. Монгол Улсын иргэн, 1992 оны 05 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ********* тоотод ам бүл 3, эмээ, ээж нарын хамт оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Баянзүрх дүүргийн шүүхээр 2010 оны 4 сарын 13-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ийн Т ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Б.У-ыг Э.Т-тэй бүлэглэн 2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Wings” пабаар үйлчлүүлж, тооцооны 145.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч 145.000 төгрөг,
Ганцаараа 2017 оны 09 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ахын хишиг” хүнсний мухлагийн эзэн Т.С-эс “бэлэн мөнгөний хэрэг гарсан тул 80.000 төгрөг бэлнээр өгөөч, мобайл банкаар шилжүүлье” гэж хэлэн хуурч бэлэн 80.000 төгрөг,
Мөн 2017 оны 09 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр ахуйн барааны дэлгүүрийн худалдагч С.О-ээс 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд худалдан авч төлбөр 32.000 төгрөгийг, мөн “мөнгөний хэрэг гарсан тул бэлэн мөнгө өгөөч” гэж хэлэн 23.000 төгрөг бэлнээр авч мобайл банкаар шилжүүлсэн гэж хэлэн нийт 55.000 төгрөгийг хуурч аван бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Э.Т нь Б.У-тай бүлэглэн 2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Wings” пабаар үйлчлүүлж, тооцооны 145.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч 145.000 төгрөгийг,
Ганцаараа 2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн үүдэнд ногоо зарж байсан иргэн Т.О-ээс “картаа гэртээ орхисон байна бэлэн 50.000 төгрөг өгөөч данс руу чинь мобайл банкаар мөнгө шилжүүлсэн” гэж хэлэн хуурч 50.000 төгрөг,
Мөн 2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр шоп” дэлгүүрийн худалдагч Т.А-гаас 60.000 төгрөгийн үнэтэй гинж худалдан авч төлбөрийг мобайл банкаар шилжүүлсэн гэж хуурч бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т, Б.У нар нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
1. Шүүгдэгч Э.Т-гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би гэм буруугаа болон Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Бид хоёр “Wings” паб руу орохоосоо өмнө нь утсан дээрээ мессеж бичсэн байсан. Тэгээд тухайн хүний дансны дугаарыг утсан дээрээ бичээд өөрлүүгээ мессеж явуулчихдаг. Бид хоёр хохирогч нараас авсан мөнгөөрөө буудал, архи, дарс, хоолонд зарцуулсан. Энэ хэргүүдээс өөр илрээгүй хэрэг бид хоёрт байхгүй. Одоо согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Би дахин ийм үйлдэл хийхгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч нарт хохирлыг бэлэн мөнгөөр нь ар гэрээсээ авч төлсөн. Дахин ийм үйлдэл хийхгүй, цаашид ажил хийх болно...” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Б.У-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би гэм буруугаа болон Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогч нараас авсан мөнгөөрөө архи, дарс аваад дуусгасан. Архи, дарс хэрэглэж өөрсдийн ухамсаргүй байдлаас ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл хийхгүй. Одоо согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Бид хоёрт өөр хийсэн үйлдэл байхгүй, цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй, ажил хөдөлмөр эрхэлж амьдрах болно. Миний хохирлыг манай гэрийнхэн төлсөн...” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 1710000000133 дугаартай хэргээс:
1. Хохирогч Т.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Винкс” нэртэй пабыг ажиллуулдаг юм. Өнөөдөр манай паб-д 22:00 цагийн орчим гаднаас үл таних залуу орж ирээд манайхаас архи хоол авч явахаар захиалга өгсөн. Тэгээд төлбөрөө мобайл банкаар шилжүүлнэ гэж надад мөнгө шилжүүлсэн гэж хуурамч мессеж үзүүлэн надаас 145.000 төгрөгийн үнэ бүхий хоол, архи авч явсан юм. Түүний утсан дээр “таны гүйлгээ амжилттай хийгдлээ, таны данснаас 145.000 төгрөг хасагдаж, 71.000 төгрөг үлдлээ” гэсэн мессеж үзүүлэхэд нь итгэсэн. Дээрхи 2 хүн манайхаас Болор нэртэй 0,75 литрийн 2 шил архи /80.000 төгрөг/, цэвэр ус 0,5 литрийн 4 сав /4.000 төгрөг/, шорлог 2 ширхэг /16.000 төгрөг/, лаазтай Кола 2 сав /5.000 төгрөг/ аваад дээрээс нь надаас бэлнээр 40.000 төгрөг бензиний мөнгө болгож аваад нийт 145.000 төгрөг болсон юм. Тухайн үед тэр хоёр залуу мобайлаараа мөнгө шилжүүлсэн гэсэн боловч надад мөнгө нь ирэхгүй байсан. Тэр үед паб-д сууж байсан танил Эрка гэх залуу надад хандаж “наад хоёр чинь чамайг хуураад байна, хоорондоо бие, бие рүүгээ мессеж явуулаад байна” гэхээр нь би мэдсэн. Тэгээд тэр хоёр залууг гарахаар нь араас нь нууцаар дагаад, Элкс нэртэй дэлгүүрийн хажуугийн буудал руу орох үед нь цагдаа дуудаад тэр хоёр залууг бариулсан юм. Цагдаа нар газар дээр нь гар утсыг нь шалгасан чинь хуурамж мессеж утсан дээр нь байсан. Тэр хоёр залуу согтуу байсан учир цагдаа нар эрүүлжүүлэх байранд хийсэн. Хохирлоо авсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 9х, 60-61х/,
2. Хохирогч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед 20 гаруй насны нэг залуу манай дэлгүүрт орж ирээд хувцас үзсэн. Тэрээр хувцас үзэж байгаад хар өнгийн цамцыг нь өмссөн. Тэгээд дахин үзээд цагаан цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг худалдан авахаар болсон. Тэр хүү “мобайлаар тооцоо хийж болох уу, эхнэр маань төрөх гээд банк явж амжихгүй байна, мөн та надад бэлэн 20.000 төгрөг өгч чадах уу” гэхээр нь би зөвшөөрч, Хаан банкны дансаа өгсөн. Түүний худалдан авсан цагаан цэнхэр өнгийн цамц нь 10.000 төгрөг, хар өнгийн цамц нь 10.000 төгрөг, бэлтгэлийн өмд нь 12.000 төгрөг юм.
Тэр залуу би тань руу 55.000 төгрөг тэгшитгээд шилжүүлье та надад 23.000 төгрөг гаргаад өгчих гэсэн. Тэр залуу гар утсаа үзүүлсэн. Түүний гар утсан дээр “таны данснаас 55.000 төгрөг хасагдаж үлдэгдэл 72.100 төгрөг үлдлээ” гэсэн мессеж байсан. Миний гар утсан дээр мессеж ирэхийг хүлээж зогссон. Тэр залуу “Төрийн банкнаас Хаан банк руу шилжүүлж байгаа учир жаахан удаж байна, машинаа зам дээр орхисон машинаа өөр газар байрлуулчихаад эргээд ороод ирье, та надад 20.000 төгрөг өгчих үлдсэн 3.000 төгрөгийг эргэж орж ирээд авья” гэхээр нь би итгэсэн. Тэр залуу гарч яваад дахин орж ирээгүй.
Би Хаан банк руу утасдаж над руу мөнгө орж ирэхгүй байгаа талаар лавлахад тань руу мөнгө шилжээгүй байна гэсэн. Хорооны цагдаад очиж хэлэхэд “Дүүргийн цагдаа дээр оч” гэсэн. Тэгээд би амжаагүй учир очоогүй. Манайх камертай ба 2 хоног хадгалдаг юм. Камераас надаас эд зүйл залилан авсан хүний зургийг нь гар утсан дээрээ авч угаасан байгаа. Тэр залуу цайвар царайтай, давхраатай, бүлтгэр нүдтэй, дунд зэргийн нуруутай залуу байсан. Өчигдөр орж ирээд надад учруулсан хохирлоо төлсөн. Тэр залуугийн утас нь Нокиа маркийн жижиг гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,
3. Хохирогч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Ахын хишиг” хүнсний мухлагтаа сууж байтал 16:00 цагийн үед үл таних 25 орчим насны залуу орж ирээд “эгчээ надад бэлэн 80.000 төгрөгний хэрэг болоод байна, би мобайлаар таны данс руу шилжүүлчихье” гэж гуйсан. Би зөвшөөрч түүнд Хаан банкны дансаа хэлсэн ба тэрээр гар утасныхаа “таны данснаас 80.000 төгрөг хасагдаж 70.000 гаруй төгрөг үлдлээ” гэсэн мессежийг надад үзүүлсэн. Би тэр залуугийн утасны дугаарыг асуухад 99750059 гэж хэлсэн. Би уг дугаар луу залгахад тэр залуугийн утас дуугарсан. Өөрийн утсанд мөнгө шилжин ирэх мэдээллийг хүлээсэн ба нөгөө залуу “эгчээ би яараад байна, та миний утсан дахь мессежийг үзсэн биздээ, дүү нь яараад байна” гэхээр нь итгээд 80.000 төгрөг өгсөн. Тэгээд 1 цаг орчимын дараа утсан дээр мэдээлэл ирэхгүй байхаар нь нөгөө залуу руу залгахад холбогдохгүй байсан. Ингээд би залилуулснаа мэдсэн. 2017 оны 09 сарын 07-ны өдөр намайг залилсан залуугийн эгч нь ирээд надад 80.000 төгрөг өгсөн.
Тэр залуу 25 орчим насны, өндөр нуруутай, цайвар царайтай, нүдэнд дулаахан инээмсэглэсэн залуу байсан. Манай дэлгүүрт тэр залуу ганцаараа орж ирсэн ба нилээн архи үнэртэж байсан. Уг залуу тэр өдрөө өөрийгөө бодвол арай өндөр нуруутай, мөн 25 орчим насны залуугийн хамт орж ирээд ундаа авсан. Учирсан хохирлоо авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
4. Хохирогч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Соёлын төвийн үүдэнд хувиараа ногоо худалддаг. 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 13:00 цагийн үед өндөр нуруутай, шар өнгийн раамтай кобра нүдний шилтэй, шаргал царайтай, онигор жижигхэн нүдтэй 25 орчим насны залуу ирээд “эгчээ би таны данс руу 50.000 төгрөг шилжүүлье, би дөнгөж сая зуслангаас орж ирээд найз нартайгаа уулзах гэсэн чинь картаа гэртээ үлдээсэн байна, банк хоорондын гүйлгээ 2 цагийн дараа ирэх гээд байна, та надад туслаач” гэж гуйсан. Миний утсанд мессеж ирсний дараа чи мөнгөө ав гэхэд “эгчээ би яараад байна, найз нартайгаа цаг товлочихсон юмаа, та надад туслаач” гээд байсан. Би түүнд тус болъё гэж бодоод орлогоосоо бэлэн 20.000-тын дэвсгэртээр 2 ширхэг, 10.000-тын дэвсгэртээр 1 ширхэг, нийт 50.000 төгрөг өгсөн. Тэр залуу Нокиа маркийн гар утсаа гаргаж ирээд оролдож байснаа “эгчээ миний данснаас хасагдлаа, таны дансанд 2 цагийн дараа орно, банк хооронд удаж ордог юмаа, Төрийн банкнаас мөнгө шилжин орно шүү” гэсэн. Би түүнд Хаан банкны данс өгсөн байсан.
Түүний утсан дээр таны данснаас 50.000 төгрөг хасагдаж, миний сүүлийн дансны 6361 дугаар гэсэн дансанд орлоо гэсэн мессеж ирсэн. Би итгээд түүнд 50.000 төгрөг өгсөн. Тэр залууг явсны дараа 2 цаг өнгөрсөн боловч миний дансанд мөнгө орж ирээгүй. Тэгэхээр нь нөгөө залуугийн 9930**** дугаар луу залгахад утсаа авахгүй тасдаад байсан. Тэгэхээр нь “хөөе чиний мөнгө ороогүй байна” гэсэн мессеж бичсэн боловч хариу өгөөгүй. Тэгэхээр нь Хаан банкны лавлахаас асуухад “ямар ч мөнгө шилжүүлээгүй байна” гэсэн мессеж ирсэн.
Орой 20:00 цагийн үед залгахад нэг эрэгтэй хүн аваад “та дугаар андуурсан байна” гэсэн. Тэр хүн нь үл таних нэг залуу 5.000 төгрөг өгөөд миний утаснаас мессеж бичээд өгсөн мэдэхгүй гэсэн. Ингээд би залилуулснаа мэдсэн, гэхдээ цагдаад хандаагүй, тэр залуугаас архи үнэртэж байсан. Тэр залуу өндөр нуруутай, жижигхэн нүдтэй, шар царайтай, 25 орчим насны залуу байсан. Тэр залуу ганцаараа байсан. Хохирлоо барагдуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64х/,
5. Хохирогч Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Номин худалдааны төвийн хашаан дотор Гэр шоп гэх нэртэй дэлгүүр дотор Монет, мөнгөний лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 09 сарын 05-ны өдөр үл таних 25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд миний худалдаж байсан мөнгөн гинжнүүдээс нэг ширхэгийг зүүж үзсэн. Тэрээр “ямар үнэтэй вэ” гэхээр нь “60.000 төгрөг” гэж хэлсэн. Тэр залуу “мобайлаар мөнгөө шилжүүлж болох уу” гэхээр нь “болно” гээд Хаан банкны дансаа хэлсэн. Тэр залуу гар утсаа оролдож байгаад надад “таны данснаас 60.000 төгрөг хасагдаж хэдэн төгрөг үлдлээ” гэсэн мессеж үзүүлсэн.
Тэр залуу өндөр нуруутай, цайвар царайтай, улаан куртиктэй, бага зэрэг махлаг нүдэнд дулаахан залуу байсан учир итгээд өөрийн утсанд хариу ирэхийг хүлээлгүй мөнгөн гинжээ өгч явуулсан. Түүнээс хойш 2 цаг болсон боловч утсанд мөнгө шилжсэн талаар мессеж ирээгүй. Тухайн үед тэр залуугийн гар утасны дугаарыг авч хоцорсон учир түүний утас руу мөнгө ирээгүй талаар мессеж ирэхэд хариу ирээгүй. Хохирол 60.000 төгрөгөө авсан, хохирлоо авсан гомдол санал байхгүй. Манай дэлгүүрт уг залуу ганцаараа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67х/,
6. Шүүгдэгч Э.Т-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 6х/,
7. Таньж олуулах ажиллаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 56-59х/,
8. Хохирогч нарын гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай гаргасан хүсэлтүүд /хэргийн 43-44х, 107-109х, 112х, 119-120х/,
9. Шүүгдэгч Б.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 02-нд Э.Т-тэй Сансарт уулзсан. Э.Т бид хоёр 2008 оноос найзалж эхэлсэн. Би өөрийн Самсунг Эс-6 маркийн гар утсаа 250,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 0,75 граммын Хараа архи 1 шилийг худалдан авч гудамжинд уусан. Тэгээд Хан-Уул дүүрэгт Э.Т-гийн найз Ариукатай уулзах гээд 19:00 цагийн үед ирсэн Ариука, бид гурав дэлгүүрээс нэг шил архи авч Хан-Уул дүүргийн замын хойно байрлах нэг буудалд орсон. Тэнд хоёр шил архи ууж 23:00 цагийн үед Ариука явсан.
Маргааш өглөө нь буудлаа сунгаж дэлгүүрээс 0,75 литрийн нэг шил архи авч уусан. Бид хоёр тэр өдөр таван шил архи ууж согтоод унтсан. Өглөө нь архи гарахгүй байсан. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 22:00 цагийн үед Э.Т бид хоёр дэлгүүрээс архи авах гээд зогсож байтал үл таних эмэгтэй худалдагчтай ярилцаад, мобайл банкаар мөнгөө шилжүүлэн эд зүйл авч байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өглөө Э.Т гар утсан дээрээ “таны гүйлгээ амжилттай хийгдлээ, таны данснаас тэдэн төгрөг хасагдаж, тэдэн төгрөг үлдлээ” гэсэн мессеж бичээд надад үзүүлж “хоёулаа дэлгүүрээс гар утсан дээрээ ингэж бичээд юм аваад үзэх үү” гэж асуухад нь би зөвшөөрсөн.
Ингээд би гараад ТҮЦ-нээс юм авах гээд үзье гэж хэлсэн. Тэгээд буудлын хойно байрлах шар өнгийн ТҮЦ-рүү ороход 40 орчим насны эмэгтэй худалдагч байсан. Тэр хүнээс таньд дансны дугаар байгаа юу? гэхэд байгаа гэсэн. Таны данснаас би мөнгө шилжүүлж болох уу гэхэд болно гэсэн. Та надад 80,000 төгрөг бэлнээр гаргаж өгч туслаач би данснаасаа таны дансруу шилжүүлье, надад карт байхгүй байна гэж хэлсэн. Тэр эгч зөвшөөрсөн ба би Э.Т-гийн гар утсан дээрээ таны гүйлгээ амжилттай хийгдлээ таны данснаас 80,000 төгрөг хасагдаж тэдэн төгрөг үлдлээ гэж бичээд нөгөө эгчээс дансны дугаарыг авч шилжүүлж байгаа дүр эсгэн нөгөө эгчид бичсэн мессежээ үзүүлсэн. Нөгөө эгч итгээд надад 20,000-тын дэвсгэртээр 4 ширхэг 80,000 төгрөг өгсөн. Би өөр дэлгүүрээс 0,75 литрийн 2 шил архи авч буудал руу орсон нэг шил архиа уугаад дууссан.
Миний цамц урагдсан байсан учир гарч цамц аваад ирье гээд барилгын материалын дэлгүүр гэсэн бичигтэй газар луу орсон. Худалдагчаас нь надад таарах цамц байна уу гэхэд байгаа нь энэ гээд хар өнгийн цагаан бичигтэй цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан өнгийн цамц үзүүлсэн. Таньд “данс байна уу, мөнгийг чинь дансаар шилжүүлчихье” гэхэд дансаа хэлсэн. Тэр эгчид “та надад 20,000 төгрөг нэмээд гаргаж өгч чадах уу” гэхэд тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд дээрх аргаар мессеж бичээд 32,000 төгрөгийн үнэтэй хувцас 20,000 төгрөг, нийт 55,000 төгрөгний гүйлгээ хийсэн талаар худал мессеж бичиж, тэр эгчид үзүүлсэн.
Тэр эгчид машинаа холдуулаад ирье орж ирээд үлдэгдэл 3.000 төгрөгөө авья гэхэд тэр эгч зөвшөөрсөн. Би эргэж ороогүй. Тэр эгч миний гар утсан дээрх бичсэн мессежийг үзээд юм хэлээгүй. Э.Т-д “нөгөө аргаар чинь мөнгө авч болчихлоо” гэж хэлсэн. Архи дуусахаар нь дахин архи авч уусан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш босч Э.Т нөгөө аргаар чинь авах гээд үзье гээд бид хамтдаа гарч явсан. Тэгээд нэг паб руу хамт орсон. Э.Т бармен залууд “дансаар юм худалдан авч болох уу, танайхаас 2 шил архи, 4 цэвэр ус, 2 кола ундаа, 2 шорлог авья, 40.000 төгрөг бэлнээр авья” гэхэд нөгөө хүн зөвшөөрсөн. Би тамхи татах гээд гарч явсан. Э.Т хэсэг хугацааны дараа тортой зүйл бариад гараад ирсэн. Тэгээд бид хоёр буудал руугаа явсан. Бид хоёр шорлогоо идээд архиа задлаад нэг, нэг удаа уучихаад, би тамхинд явах гээд гарахад буудлын гадаа цагдаагийн машин ирж “найз чинь хаана байна” гэсэн. Би орж зааж өгсөн. Тэгээд хамтдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын саатуулах байранд орсон. Иргэдэд учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
9. Шүүгдэгч Э.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш Б.У бид хоёр Сансарын түнелийн орчим уулзаж, түүний гар утсыг ломбарданд тавьсан. Мөнгөөрөө 0,75 литрийн нэг шил архи авч сааданд уусан. Архиа ууж дуусаад Хан-уул дүүргийн “Элкс” нэртэй зочид буудалд ирж орсон. Манай найз Ариука ирээд хэсэг байж байгаад явсан. Б.У бид хоёр дахин архи уусан ба буудалдаа хоносон. Маргааш 12:00 цагийн үед буудлаас гарах болоод сунгуулсан. Бид хоёр юм идэх гээд буудлаас гарсан ба хоол идээд, хүнсний дэлгүүр лүү ороход үл таних нэг эгч мобайлаар тооцоо хийж болох уу гэж худалдагчаас асууж байсан. Тэр эгч гар утаснаасаа мобайлаар тооцоо хийгээд гараад явсан. Б.У өөрсдийн мөнгөөрөө архи ундаа аваад буудал руугаа орсон. Тэндээ шөнөдөө архидаад хоносон.
Маргааш нь 12:00 цагт буудлын ресепшн гарах цаг боллоо гэсэн. Хоёулаа гар утсан дээрээ таны гүйлгээ амжилттай боллоо, тэдэн төгрөг хасагдаж, тэдэн төгрөг үлдлээ гэсэн мессеж бичээд эд зүйл авахуу гэхэд Б.У тэгье гээд гараад явсан. Удалгүй Б.У барилгын материалын дэлгүүрээс 20.000 төгрөг, цамц, өмд авчихлаа гээд бариад ороод ирсэн. Түрүүний хэлснийг хэрэгжүүллээ, болдог юм байна гэсэн. Тэрээр хэсэг хугацааны дараа дахин гараад ТҮЦ-нээс 80.000 төгрөгөөр нөгөө аргаар авчихлаа, гээд 80.000 төгрөг барьж орж ирсэн. Тэр мөнгөөр нь буудлаа сунгуулаад идэх юм архи авсан. Тэгээд буудалдаа хоносон.
Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 23:00 цагийн үед бид хоёр буудлаас гарч WINGS паб руу ороход 30 гаруй насны залуу байсан. Тэгээд би “тооцоогоо мобайлаар хийж болох уу” гэхэд болно гэсэн. Бид хоёр 0,75 граммын 2 шил Болор архи, 4 ширхэг Кола ундаа, 4 ширхэг цэвэр ус, 2 ширхэг шорлог, бэлэн 40.000 төгрөг авсан. Намайг идэж уух юм авах үед Б.У гадаа тамхи татаад зогсож байсан. Тэр залууд хэлэх үед хажууд зогсож байсан. Би гар утаснаасаа “таны гүйлгээ амжилттай хийгдлээ, таны данснаас 145.000 төгрөг хасагдаж 35.000 төгрөг үлдлээ” гэсэн мессеж бичээд нөгөө залууд үзүүлж надаас хасагдлаа гэж хэлсэн. Тэр залуу ороод ирчих байх гэхээр нь эд зүйлээ аваад гараад явсан. Гадаа гарахад Б.У зогсож байхаар нь хамтдаа буудал руугаа явсан. Буудалд ороод 1 шил Болор архи задалж уугаад Б.У тамхи авахаар гарсан.
Тэгээд эргэж орж ирэхдээ цагдаа нартай орж ирсэн. Бид хоёрыг саатуулах байранд хийсэн. Энэ өдрүүдэд хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн пүүз, цагаан өнгийн малгайтай цамц, гадуураа улаан өнгийн савхин куртик, цагаан өнгийн малгайтай явсан. Б.У барилгын материалаас авсан хар өнгийн цамц нь цагаан өнгийн бичигтэй, хар өнгийн өмд, жинсэн кеттэй, хар саравчтай малгайтай явсан. Залилан хийхдээ 9930**** дугаарыг барьж явсан ба уг дугаарыг найз Ариукагаас түр авсан юм. Утас нь Мөнгөнцоожийн утас байхаа. Согтуудаа авсан учир сайн санахгүй байна.
2017 оны 9 дүгээр сард өдрийг нь санахгүй байна, тэр өдөр нилээн архи уусан байсан ногоо худалдаж байгаа эгч дээр очоод “зуслангаас ирээд найз нартайгаа уулзах гэсэн чинь картаа мартаад ирсэн байна та надад бэлэн 50.000 төгрөг өгч туслаач данс руу чинь мөнгө шилжүүлье” гэж нэг эгчээс гуйсан. Тэгээд гар утсан дээрээ хуурамч мессеж бичиж үзүүлэн нөгөө эгч итгээд надад 50.000 төгрөг өгсөн. Мөн нэг дэлгүүр лүү ороод мөнгөн гинжүүд худалдаж байсан ба нэгийг нь зүүж үзээд авсан. Хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Тэр хүнд мөн л гар утсан дээрээ өмнөх хуурамч мессежээ үзүүлэн мобайл банкаар мөнгөө шилжүүлье гэж хэлсэн. Тэр хүн итгээд надад мөнгөн гинжээ өгсөн. Гинжийг нь зүүж явж байсан ба саатуулах байрнаас гарч ирэхэд мөнгөн гинжийг надад өгсөн. Түүний дараа уг мөнгөн гинжийг гээсэн байсан. Тэр хүмүүс над руу “мөнгөө шилжүүлээгүй байна” гэж мессеж бичээд байсан. Өөр гэмт хэрэг үйлдээгүй. Мөнгөөрөө архи авч, буудлын мөнгө төлөөд дууссан.
Гэм буруугаа ухаарч байна. WINGS пабаас авсан эд зүйлийнхээ мөнгийг өгсөн. Б.У-ын авсан зүйлийн мөнгийг хуваалцаж төлсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 77х/ болон тэдгээрийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас 34, 42х/, гэрч Ш.Сарантуяа /хэргийн 68х/, гэрч Д.Энхтуяа /хэргийн 69х/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Т, Б.У нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлж, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд гаргасан байх шүүгдэгч Э.Т, Б.У нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, Прокурорын 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж, нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1.1. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2017 оны 09 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд “мобайл банкаар төлбөрийг төлнө, мөнгийг шилжүүлнэ” гэж хуурч, цахим /мобайл/ банкны гүйлгээг гар утаснаас хийгдсэн мэт ойлголт төрүүлэх “таны гүйлгээ амжилттай хийгдлээ, таны данснаас ... төгрөг хасагдаж ...төгрөг үлдлээ” гэсэн хуурамч мессежийг гар утсандаа суулгасныг хохирогч нарт үзүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар:
Шүүгдэгч Б.У, Э.Т нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Wings” пабыг ажиллуулдаг Т.Мэндбаяраас 105.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн мөнгө 40.000 төгрөг, нийт 145.000 төгрөг:,
Шүүгдэгч Б.У нь ганцаараа:
- 2017 оны 09 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ахын хишиг” хүнсний мухлагийн эзэн Т.С-эс бэлэн 80.000 төгрөг,
- 2017 оны 09 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр ахуйн барааны дэлгүүрийн худалдагч С.О-ээс 2 ширхэг цамц, 1 ширхэг өмд худалдан авсан үнэ 32.000 төгрөг, бэлэн 23.000 төгрөг, нийт 55.000 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө:,
Шүүгдэгч Э.Т нь ганцаараа:
- 2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн үүдэнд ногоо зарж байсан иргэн Т.О-ээс бэлэн мөнгө 50.000 төгрөг,
- 2017 оны 09 сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр шоп” дэлгүүрийн худалдагч Т.А-гаас 60.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж зэрэг эд зүйлс, бэлэн мөнгө тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч Т.Мэндбаярын “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Винкс нэртэй пабыг ажиллуулдаг юм. Өнөөдөр манай паб-д 22 цагийн орчим гаднаас үл таних залуу орж ирээд манайхаас архи хоол авч явахаар захиалга өгсөн. Тэгээд төлбөрөө мобайл банкаар шилжүүлнэ гэж надад мөнгө шилжүүлсэн гэж хуурамч мессеж үзүүлэн надаас 145.000 төгрөгний үнэ бүхий хоол, архи авч явсан юм. Тэгээд би өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9х, 61х/,
- хохирогч С.О-ийн: “...2017 оны 09 сарын 04-ний өдөр 13 цагийн үед 20 гаруй насны нэг залуу манай дэлгүүрт орж ирээд хувцас үзсэн. Тэрээр хувцас үзэж байгаад хар өнгийн цамцсыг нь өмссөн. Тэрээр дахин үзээд цагаан цэнхэр өнгийн цамц 1 ширхэг хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэгийг худалдан авахаар болсон. Тэр хүү мобайлаар тооцоо хийж болох уу эхнэр маань төрөх гээд банк явж амжихгүй байна, мөн та надад бэлэн 20.000 төгрөг өгч чадах уу гэхээр нь би зөвшөөрч Хаан банкны дансаа өгсөн. Түүний худалдан авсан цагаан цэнхэр өнгийн цамц нь 10.000 төгрөг, хар өнгийн цамц нь 10.000 төгрөг бэлтгэлийн өмд нь 12.000 төгрөг юм. Тэр залуу би тань руу 55.000 төгрөг тэгшитгээд шилжүүлье та надад 23.000 төгрөг гаргаад өгчих гэсэн. Тэр залуу гар утсаа үзүүлсэн, ...гар утсан дээр “таны данснаас 55.000 төгрөг хасагдаж үлдэгдэл 72.100 төгрөг үлдлээ” гэсэн мессеж байсан. ...Би Хаан банк руу утасдаж над руу мөнгө орж ирэхгүй байгаа талаар лавлахад тань руу мөнгө шилжээгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х/,
- хохирогч Т.С-ийн “...2017 оны 09 сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Ахын хишиг” хүнсний мухлагтаа сууж байтал 16 цагийн үед үл таних 25 орчим насны залуу орж ирээд эгчээ надад бэлэн 80.000 төгрөгний хэрэг болоод байна би мобайлаар таны данс руу шилжүүлчихье гэж гуйсан. Би зөвшөөрч түүнд Хаан банкны дансаа хэлсэн ба тэрээр гар утасныхаа таны данснаас 80.000 төгрөг хасагдаж 70.000 гаруй төгрөг үлдлээ гэсэн мессежийг надад үзүүлсэн. ... Тэгээд 1 цаг орчимын дараа утсан дээр мэдээлэл ирэхгүй байхаар нь нөгөө залуу руу залгахад холбогдохгүй байсан. Ингээд би залилуулснаа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
- хохирогч Т.О-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Соёлын төвийн үүдэнд хувиараа ногоо худалддаг. 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 13 цагийн үед өндөр нуруутай, шар өнгийн раамтай кобра нүдний шилтэй, шаргал царайтай, онигор жижигхэн нүдтэй 25 орчим насны залуу ирээд эгчээ би таны данс руу 50.000 төгрөг шилжүүлье би дөнгөж сая зуслангаас орж ирээд найз нартайгаа уулзах гэсэн чинь картаа гэртээ үлдээсэн байна банк хоорондын гүйлгээ 2 цагийн дараа ирэх гээд байна та надад туслаач гэж гуйсан. Миний утсанд мессеж ирсний дараа чи мөнгөө ав гэхэд эгчээ би яараад байна, найз нартайгаа цаг товлочихсон юмаа та надад туслаач гээд байсан. Би түүнд тус болъё гэж бодоод орлогоосоо бэлэн 20.000-тын дэвсгэртээр 2 ширхэг, 10.000-тын дэвсгэртээр 1 ширхэг нийт 50.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 63-64х/,
- хохирогч Т.А-гийн: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Номин худалдааны төвийн хашаан дотор Гэр шоп гэх нэртэй дэлгүүр дотор Монет, мөнгөн эдлэлийн лангуу ажиллуулдаг юм. 2017 оны 09 сарын 05-ны өдөр үл таних 25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд миний худалдаж байсан мөнгөн гинжнүүдээс нэг ширхэгийг зүүж үзсэн. Тэрээр ямар үнэтэй вэ гэхээр нь 60.000 төгрөг гэж хэлсэн. Тэр залуу мобайлаар мөнгөө шилжүүлж болох уу гэхээр нь болно гээд Хаан банкны дансаа хэлсэн. Тэр залуу гар утсаа оролдож байгаад надад “таны данснаас 60.000 төгрөг хасагдаж хэдэн төгрөг үлдлээ” гэсэн мессеж үзүүлсэн. ...Түүнээс хойш 2 цаг болсон боловч утсанд мөнгө шилжсэн талаар мессеж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67х/,
- Э.Т-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 6х/,
- Таньж олуулах ажиллаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 56-59х/ болон шүүгдэгч Э.Т, Б.У нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нар нь “төлбөр, мөнгийг мобайл банкаар шилжүүлсэн” гэж цахим /мобайл/ банкны гүйлгээ хийгдсэн гэх хуурамч мессежийг гар утсандаа суулгасныг үзүүлэн нэр бүхий хохирогч нарыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй хэдий ч улсын яллагчийн яллах дүгнэлтэд “мобайл банкаар шилжүүлсэн гэж эд хөрөнгийг залилан авсан” хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Залилах” гэмт хэргийн шинж болох гэмт үйлдлийнх нь арга хэлбэрийг хуульд зааснаар /хуулийн үг хэллэг, нэр томъёо/ тодорхойлоогүй зөрчилтэй боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүх зөвтгөн дүгнэж шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд цаашид анхаарвал зохино.
Шүүгдэгч Б.У, Э.Т нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ тус тус хүлээн зөвшөөрсөн.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.У, Э.Т нарыг “хохирогчдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж,
- Мөн хохирлын хэмжээг тогтоохдоо “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг бага хэмжээний хохиролд, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг үлэмж хэмжээний хохиролд” тус тус тооцож, нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тус тус хуульчилан тогтоосон байна.
Б.У, Э.Т нар нь бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас “Wings” пабыг ажиллуулдаг гэх хохирогч Т.Мэндбаярт 145.000 төгрөгийн,
Б.У нь ганцаараа “Ахын хишиг” хүнсний мухлагийн эзэн хохирогч Т.С-д 80.000 төгрөгийн, С.О-д 55.000 төгрөгийн хохирол,
Э.Т нь ганцаараа хохирогч Т.О-т 50.000 төгрөгийн, хохирогч Т.А-д 60.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын нэр бүхий хохирогч нарт учруулсан хохирол нийт 390.000 төгрөг, үүнээс У.Э.Т-гийн хариуцвал зохих нь 182.500 төгрөг, Б.У-ын хариуцвал зохих 207.500 төгрөг тус тус болж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохиролд хамаарч байна.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.У, Э.Т нар нь гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлыг хохирогч нарт нөхөн төлж барагдуулсан болох нь:
- хохирогч С.О “...надад учруулсан хохирлоо төлсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12х, 95х/,
- хохирогч Т.С “...Учирсан хохирлоо авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х, 93х/,
- хохирогч Т.А “...Хохирол 60.000 төгрөгөө авсан, хохирлоо авсан, гомдол санал байхгүй. Манай дэлгүүрт уг залуу ганцаараа орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67х, 92х/,
- хохирогч Т.Мэндбаярын “Хохирлоо авсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 61х/ болон хавтаст хэргийг материалтай танилцаад “хохиролгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 94х/,
-хохирогч Т.О хавтаст хэргийн материалтай танилцаад “шүүх хуралд оролцохгүй, хохирол барагдсан” гэсэн тэмдэглэл /хэргийн 96х/ нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Э.Т, Б.У нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, тэднээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцож гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.
1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:
Шүүгдэгч Э.Т, Б.У нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээний хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн Э.Т, Б.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь /хэргийн 34/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар, шүүгдэгч Э.Т нь урьд Баянзүрх дүүргийн шүүхээр 2010 оны 4 сарын 13-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан болох нь /хэргийн 42х/ хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн 2010 оны 04 сарын 13-ны өдрийн 162 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар баримтаар /хэргийн 83-85х/ баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгч Э.Т, Б.У нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Энэ хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэр бүхий хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Е овог Б-ын У, Б овогт Э-ийн Т нарыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т, Б.У нарт тус бүрийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т, Б.У нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг ялтан Э.Т, Б.У нарт мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт нэр бүхий шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.Т, Б.У нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, нэр бүхий хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Э.Т, Б.У нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Т, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД