Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

П.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Молор-эрдэнэ /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч Б.Хосбаяр /цахимаар/,

Шүүгдэгч   П.******* /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахимаар/,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж, шүүгч Д.Баттулга, Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.*******д холбогдох 2129000000082 дугаартай, дөрвөн хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ихшавь овогт *******ы ******* /РД:*******/.

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймаг, Ханбогд сум, *******, гэх газарт үйл ажиллагаа явуулах Петролиум шатахуун түгээх станцын зүүн талд зогсож байсан улсын дугаартай SНАСМАМ маркийн тээврийн хэрэгслийн кабины буруу талын хаалганы орчимд С.гийн баруун гарын тохойн дотор хэсэгт заазуураар цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь П.Номин-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч Их шавь овогт *******ы Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,түүний цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин таван/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх хорих ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******эс оршуулгын зардал болон гэм хорын хохиролд нийт 23,351,163.0 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,900,851 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь “” ХХК, “” ХХК, “” ХХК-аас авсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохиролд 200.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч П.*******эс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар шүүгдэгч П.*******эс 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Одгэрэл, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Элбэгзаяа, 2016 оны 05 дугаар сарын 28-нд төрсөн охин Б.Уранбилэг нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 26.534 төгрөг /гурав хүүхдийн нийт 79.602 төгрөг/-ийг гаргуулж, 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулж, сар болгон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иш бүхий 1 ширхэг заазуур, 1,2 дугаартай шороо, 3,4,5,6 дугаартай арчдас, 1 ширхэг цагаан өнгийн ковролыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн гэх 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

Шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

  1. Мөрдөн байцаалтын ажиллагааны талаар:

Гэрч Э.Дөлгөөний мэдүүлэг: /ХХ-75-77-р тал/ ...2021 оны 05 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 03 цаг 40 минутын үед 176 орчим метр өндөртэй биеийн галбир хэвийн бор хөрстэй баруун гарын тохойныхоо нугалдаг хэсэг дээрээ 4-6 см орчим урттай, 2 см орчим гүн шархтай залууг тэр хүний найз нь гээд залуу, бас нэг цагдаа хоёр дамнаад орж ирсэн ба тэр залуугаас архи маш их үнэртэж байсан тэгээд тэр хүнээс нэрийг нь асуухад гэж хэлж байсан. ... тухайн хүн ерөөсөө тайван бус согтуу болохоороо огт тогтворгүй савчаад байсан ба тухайн хүнд оёдол тавьж байхад наадахаа одоо больчхооч босмоор байна гээд байхаар нь хамт явсан хүн нь гар дээр нь дарж өгсөн. ... тухайн үед дусал тариа хийх ямар ч боломжгүй гар хөл савчаад орон дээр тогтохгүй гарч явчих гээд байсан юм. ...тэгээд тэр хүнээс овог нэр регистрийн дугаарыг асуухад өөрөө хэлж өгч байсан. ... тухайн хүний дотор талын нэг судас тасарсан цус гарч байсан тэгээд оёдол тавихад цус нь тогтсон. ...тухайн хүнд Дицион гэх цус тогтоох тариаг 2-ийг давхарлаж зүүн өгзгөнд нь хийсэн дотуур оёдол тавиагүй дотуур оёдол тавих шаардлагагүй гэж үзсэн ба арьс нь гүн сөхөгдсөн шарх байсан ба арьсыг нь дээш нь өргөж байгаад цэвэрлэсэн, булчин болон мах тасарсан зүйл байгаагүй гэж үзсэн гэжээ.

2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 129-130-р тал/ ...баруун тохойн үеэр маарал бүхий боолт хийгдсэн, боолтыг авахад тохойн үений дотор хэсэгт 7x1 см хэмжээтэй, оёдол тавигдсан шархтай, оёдлыг авахад булчин давхрыг тасалсан 3,5 см гүн зүсэгдсэн шархтай..., судас мэдрэл, булчин тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэсэн нь дээрх мэдүүлгийг үгүйсгэж байна.

Гэрч Ч.Лхагвадоржийн мэдүүлэг /ХХ-86-р тал/... Эмнэлэг дээр очоод тэр цагдаатай талийгаачийг дамжилж оруулсан талийгаач хөл дээрээ тогтож чадахгүй байсан тэгээд орон дээр хэвтүүлээд нэг эмэгтэй эмч яасан юм гэж асуухаар нь би машины төмөрт зүсчихлээ гэж хэлсэн тэгээд тэр эмч шархыг нь нэг юмаар цэвэрлээд ангайж байсан шархыг нь оёод дээр нь бинт тавиад боосон, ямар ч байсан оёдол хийж байхад талийгаачийн гараас нэг цус олгойдоод тэгээд оёдол тавиад тогтсон. Тэгээд эмч маргааш өглөө хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд цагдаа бид хоёр, хоёр талаас нь өргөөд гарсан. ... Эмч талийгаачид ямар нэгэн тариа хийж байхыг хараагүй, тариа хийсэн үгүйг мэдэхгүй даралтыг нь үзсэн үгүйг санахгүй байна. ...Гарт нь оёдол тавьж байхад гараа татахгүй ажрахгүй байсан тэгэхээр нь би бодохдоо ингэтлээ согтдог л юм байх даа гэж бодож байсан. Оёдол тавьж байгаа юм чинь гээд би гарыг нь бариад байж байсан. Тэгээд оёдол хийж дуусаад эмч талийгаачийн овог нэрийг асуугаад талийгаач хариулахгүй байхаар нь би талийгаачийн овог нэр, утасны дугаарыг нь бүртгүүлсэн. Тэгээд орон дээрээс талийгаач эргэх гэж байгаад газар унаад тэгээд авч гараад гадаа шээе гэхээр нь шээлгэх гэсэн чинь шээгээгүй тэгээд машинд суулгасан. /ХХ-110 -111-р тал/ ... гарынх нь шархыг цэвэрлэж өгсөн тэрнээс өөр ямар ч эмчилгээ хийгээгүй. ...талийгаач өвчнөө нэг их мэдэхгүй байсан. ...тариа хийгээгүй гэж мэдүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад мөн уг мэдүүлгээ өгч байсан нь анхны тусламж үзүүлсэн эмчийн тариа хийсэн талаарх мэдүүлгийг үгүйсгэж байна.   

... Гэрч Х.Анхболдын мэдүүлэг /ХХ-105-107-р тал/ ...2021 оны 05 дугаар сарын 25-26-ны 03 цаг орчимд Трэйд Энвестмэнт группын гаалийн хяналтын талбайн харуул манай хашааг нэг хүн давж орж ирсэн гар дээрээ шархтай хүн байна эмч дуудаад өгөөч гэж дуудлагын 89708102 дугаарын утас руу залгасан ба уг дуудлага дээр намайг очиход Трэйд Энвестмэнт группийн харуулын байрны урд талд нэг хүн дөрвөн хөллөсөн согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн бие заслаа гэж хэлэн хэвтэж байсан ба гар дээрээ юманд урагдсан байж болзошгүй ангайсан шарх байсан тэгээд хамт явж байсан 40 орчим насны эрэгтэй хүнээс юу болсон талаар асуухад манай өөрийгөө Лхагвадорж гэж хэлж байсан ба манай найзтай хэрэлдээд наашаа гүйсэн гараа машины чиргүүлд юм уу хашаа давж байхдаа урчих шиг боллоо гэж хэлсэн.

 Тэгээд дуудлага өгсөн харуулаас эмч дуудсан эсэх талаар асуухад эмнэлэг машингүй байна аваад ирээч гэсэн гэж хэлсэн гэхээр нь би цуг явсан хүнийх нь хамт тэр хүнийг хоёр талаас нь сугадаад албаны машиндаа суулгаад Цагаанхадны эмнэлэг рүү хүргэж өгөөд дотогш мөн өргөлцөж оруулан орон дээр хэвтүүлсэн. Эмч тухайн хүний гар дээрх шархыг цэвэрлээд оёдол тавьж байхад тухайн хүн бөөлжих гээд байна, ус уумаар байна, бие засмаар байна гэх зүйлийг хэлж байсан. Тэгээд оёдол тавьж дуусаад өгзгөнд нь цус тогтоох тариа хийсэн ба цуг явсан найзаас нь эмч овог нэр, утасны дугаар зэргийг тэмдэглэн бүртгэж авсан.

/ХХ-123-р тал/ ...2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр авсан дахин мэдүүлэгт ...89708102 дугаарын утсанд мэдээлсний дагуу “Трейд Инвестсэнт ” ХХК-ний нүүрс ачилт буулгалтын талбайд 02 цагийн үед очиход уг компанийн харуулын байрны урд талд эрэгтэй хүн “бие заслаа” гэж хэлж байсан ба гарын тохойн дотор хэсэгтээ юманд урсан байж болзошгүй ангайсан шархтай байсан гэснээс харахад:

   Дээрх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх ба мэдүүлгүүдэд тусгагдсан овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар зэргийг хэн хэлж бүртгүүлсэн, зүүн өгзгөнд цус тогтоох тариа хийсэн эсэх, гар хөл савчиж тогтворгүй байсан эсэх, гараад явчих гээд байсан эсэх, хөл дээрээ өөрөө тогтоод явж байсан эсэх, цус тогтоох тариа хийсэн эсэх, цус тогтоох тариа гэдгийг гэрч Х.Анхболд хэрхэн мэдсэн болох нь эргэлзээтэй байна. Бүтцийн шинжилгээ /задлан/ -ний дүгнэлт болон цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлд амь хохирогчийн биед /цус тогтоох/ тарилгын ул мөр байсан талаар дурдаагүй нь эмч болон цагдаагийн ажилтан нар мөрдөн байцаалтын ажиллагааны явцад, хууль сануулсны дараа худлаа мэдүүлэг өгсөн байж болох нөхцөлийг бий болгож байгааг анхаарч шалгах шаардлагатай гэж үзэж байна.

Гэрч Ч.Лхагвадорж нь өмнөх мэдүүлгүүддээ би амь хохирогчийг цохисон зүйл байхгүй гэж мэдүүлж байсан ба 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр авсан дахин мэдүүлэгт /ХХ-118-120-р тал/...миний нүдний орчимд нэг удаа цохихоор нь би талийгаачийн нүүрэн тус хэсэгт нь гараараа хүчтэй нударсан чинь хойшоо хазайгаад толгойгоороо чиргүүл налаад цааш эргээд машины урд талаар тойроод явсан. ... би Ганболдоос салгаад барьцалдаж авахад намайг нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэнд гараараа нударч цохисон. Миний мэдэж байгаагаар надаас өөр талийгаачийг цохисон хүн байхгүй гэж мэдүүлсэн.

Шинжээч Б.Баярхүүгийн мэдүүлэг /ХХ-234-р тал/ ...Духанд 14х5см, зүүн мөрөнд 6x3 см зулгаралт гэмтүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь гэрч Ч.Лхагвадоржийн үйлдлээс үүссэн гэмтэл байж болохоор байгааг анхааран шалгах буюу амь хохирогчийг бүлэглэн зодож бие мах бодид нь гэмтэл учруулсан үйлдэл байгаа эсэхэд мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байгаа бөгөөд дээрх гэрчүүдийг тус хэрэгт зохих зүйл ангиар холбогдуулан мөрдөн байцаалт явуулж шалгах шаардлагатай гэж үзэж байна.

  1. Иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад амь хохирогчийн гурван хүүхдийн тэтгэмжийн зөрүүнд гэм буруутай этгээдээс 219,571,716 төгрөг буюу түүнийг хамгийн бага хүүхдээ 18 нас хүртэлх хугацаанд сар бүр хэсэгчлэн төлүүлэхээр нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасныг баримтлан 3 хүүхдэд сар бүр 79,602 төгрөг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь эрх бүхий субъектээс “тодорхой хугацаа” гэх ойлголтыг нарийвчлан тайлбарлаагүй байна. Анхан шатны шүүхээс дээрх цалингийн дунджийг олохдоо амь хохирогчийн нийт ажиллаж нийгмийн даатал төлсөн хугацааг хамааруулж тооцсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна.

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 90,000-420,000 төгрөг хүртэл нэмэгдэж нийтдээ 7 удаа өөрчлөгдсөн байхад өнгөрсөн цаг хугацааны цалин хөлсийг өнөөдрийн цалин хөлсний дунджаар оруулан тооцож сар бүр 79,602 төрөг 3 хүүхдэд гэм буруутай этгээдээс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь буруу буюу амь хохирогчийн 3 хүүхдийн ирээдүй, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэж байгаа болно. Бид 3 хүүхдийн ирээдүйн тухай буюу 18 нас хүртэлх хугацааны амьжиргааны баталгааны асуудал ярьж байгаа болохоос өнгөрсөн цаг хугацаа /улсад урьдчилан төлсөн тэтгэврийн даатгал/-ын асуудал яриагүй болно.

Иймд амь хохирогчийн цалингийн дунджийг тооцохдоо одоо буюу амь хохирогч нас барах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж ажил олгогчоос олгосон цалингийн хэмжээнээс тооцож тэтгэмжийн зөрүүг олгохоор шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:

“Мөрдөн байцаах ажиллагааны явцад н.Лхагвадоржоос дахин мэдүүлэг болон нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан боловч тодорхой үр дүн гараагүй, эргэлзээтэй байдлууд арилаагүй, амь хохирогчийг тухайн үед нүүрэн тус газарт нь нэг нударсан, цохисон гэдэг байдлаар мэдүүлсэн мэдүүлэгт мөрдөн байцаагч, прокурор, шүүгч аль аль нь ач холбогдол өгөөгүй. Тухайн үед амь хохирогчийн гэмтлүүдийг шинжээч эмч ялгаж гаргасан байдаг.

Анхны тусламж үзүүлэхэд амь хохирогчийн гар зүсэгдсэн шархны хувьд булчин тасраагүй, мах тасарсан зүйл байгаагүй гэдэг талаар анхны үзлэг хийсэн эмч мэдүүлсэн. Гэтэл шинжээч эмчийн дүгнэлтэд боолтыг задлаад үзэхэд булчин давхарга тасарч маханд шарх үүссэн гэсэн нөхцөл байдлыг тодорхой шийдвэрлээгүй.

Иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт цалин хөлсний дунджийг олгохдоо Засгийн газраас баталсан журам болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын баталсан журмуудыг баримтлахдаа тодорхой хугацаанд ажиллаж байсан цалин хөлсний дунджаас гэж заасныг баримталсан боловч нийт ажилласан хугацаандаа буюу сүүлийн 5 жилд ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн буюу цалин хөлс, олсон орлогын дунджаас нь бодсон тул цалин хөлсний дунджийг олгохдоо нийт ажилласан хугацааны дунджаас биш, хэрэг учрал болох үед авч байсан цалин орлогын дунджаас бодож олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн сэтгэл санааны хохиролд 200.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хуулиудад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох талаар нарийвчилсан журам зохицуулалтууд байдаггүй боловч сэтгэл санааны хохирлыг давхар шийдүүлэх зүйтэй. Сэтгэл заслын эмчилгээг хоёроос гурван удаа хийлгэсэн. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй нөхцөл байдал бий болсон талаар сэтгэл зүйчийн дүгнэлтүүд үзлэг оношилгоонууд хэрэгт авагдсан учраас энэ талаар тодорхой хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм учраас гомдол гаргасан эдгээр нөхцөл байдлуудыг дахин хэлэлцүүлэхээр буюу мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эмчээс манай хүний овог нэр, утасны дугаар болон эмчилгээ хийсэн талаар тусгагдаагүй.

Мөн задлан шинжилгээ хийхэд тарианы ул мөр байгаагүй. Даралтын аппарат авчирч даралтыг нь үзээгүй, чагнуур барьж зүрхийг нь чагнаагүй, орж ирэнгүүт нь шууд оёсон гэж н.Лхагвадорж мэдүүлдэг. Тангараг өргөсөн эмч хүн хариуцлага үүрдэггүй юм бэ. Хэрвээ миний нөхөр эмнэлгийн тусламж аваад амьд байсан бол тухайн хүнээс мэдүүлэг авах боломж нөхцөл бүрдэх байсан. Манай хүн шууд газар дээрээ нас бараагүй. Эмч, цагдаа хоёр хоёулаа энд буруутай.

 Цагдаа цагдаагийнхаа үүрэг хариуцлагыг үүрэх ёстой.Том шарх авсан хүнийг өөрөө үүрээд явсан. Мөн машинд нь зөндөө их цус алдсан байсныг харсан.

Эмч хүн тухайн шархыг хараад хутга, мэснээс авсан гэдгийг мэдэх ёстой. Эмч хүний үүднээсээ хэлээд тэр даруйд нь мэдүүлэг аваад ажиллагаа хийгээгүй юм бэ.  

Н.Лхагвадорж гарыг нь боож өгье гээд хөөцөлдөөд гүйж байсан байж бид нар зодолдсон гээд цагдаад хэлсэн бол цагдаа арга хэмжээ аваад тэр хүмүүсээс мэдүүлэг аваад манай хүнийг нас барахаас өмнө ажиллагаа явагдах байсан.

 Лхагвадорж цохисон гэдгээ өөрөө хэлж мэдүүлдэг. Бүлэглэн зодож, бие махбодод нь гэмтэл учруулсан үйлдэл гарсан байхад энэ үйлдлийг хаацайлаад байгааг би ойлгохгүй байна.

Ийм хэрэг дээр шүүгч нар шийдвэр гаргаж байгаад үнэхээр харамсаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эмчтэй холбоотой гаргасан тайлбарыг дэмжиж байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.

Шүүгдэгч П.******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би талийгаачийг гэмтээсэн гэмтэлд маргахгүй гэдгээ илэрхийлж байна” гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Номин-Эрдэнийг шийтгэж хариуцлага оногдуулсан гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт буюу шинжлэн судлах саналын хүрээнд дурдсан нотлох баримтууд байгаа. Тухайлбал:

           Гэмтэл учирсны дараа эмнэлгийн тусламж үзүүлэхээр эмнэлэгт хандсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдсон. Өөрөөр хэлбэл хохирогч эмнэлэгт очих үед гэрч н.Дөлгөөн буюу эмчийн өөрийнх нь тусгай мэдлэг шаардсан үзлэг шинжилгээнд үндэслэж өгсөн мэдүүлгээр хохирогчийн амин үзүүлбэр хэвийн, даралт нь унаагүй, шокны байдалд ороогүй, зүрх, судасны үйл ажиллагаа цохилт нь харьцангуй хэвийн, оюун ухааны хувьд хэвийн нэр, регистрийн дугаараа хэлсэн зэрэг нөхцөл байдлууд мөн хохирогчийн амь насыг аврах тусламж үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Тохойн үений дотор тал буюу анагаахын нэрээрээ тохойн үений артери, вен гэх гол бүдүүн хоёр судсыг гэмтээгээгүй нотлогддог тул харьцангуй өнгөц шарх. Энэ тохиолдолд эмнэлгийн тусламж буюу зүрх судсыг дэмжих бусад эмчилгээ хийсэн бол амьд гарах боломжтой байхыг үгүйсгээгүй.  

          Гэмтлийн зэрэг тогтоох журмын хувьд тохойны артери болон вений судас гэмтвэл хүнд зэрэгт хамаарна гэж заасан. Гол хоёр судаснаас өөр судас гэмтвэл амь насанд аюултай хүнд зэрэгт орохгүй. Ингэж ялгах ёстой буюу гэмтлийн зэргийг нэг бүр тогтоож чадаагүй.

          Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь амь насыг аврах боломжгүй гэмтлийн улмаас шууд нас барсан нөхцөл байдал шинжийг шаардана. н.Баярхүү шинжээчийн анхны задлан шинжилгээ хийсэн 58 дугаартай дүгнэлтэд амь насыг нь аврах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Тэгвэл аврагдах боломжгүй эсэхийг нь бас тогтоох боломжгүй тул тухайн гэмтлээсээ болж аврах боломжгүйгээр нас барсан гэж дүгнэх боломжгүй, нотолгоо байхгүй, эргэлзээтэй.  

          н.Бямбачулуун гэх шинжээчийн 01 дугаартай дүгнэлтэд Эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэдгийг анагаах талаасаа хэлж өгсөн.

          Хохирогчийн биед гэмтэл учруулах үйлдлийн хувьд хохирогчийн буруутай, зүй бус үйлдлээс П.Номин-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь харааны бууралтад хүргэж ухархайн яс нь гэмтсэн буюу хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдсон.

          Хэрвээ шоконд орвол даралт нь унадаг. Эмнэлэг дээр шокыг үгүйсгэсэн учраас шоконд орсон гэж үзвэл эмнэлгээс явснаас хойш яригдах байх. Хэрвээ эмнэлгээс явсны дараа шоконд орсон гэж үзвэл тухайн шоконд орох нөхцөлийг шүүгдэгч бүрдүүлээгүй. Энэ талаар шинжээч дүгнэлт хийх ёстой. Гэтэл ийм дүгнэлт хийгээгүй. Энэ нөхцөл байдлыг тодорхой ялгаж салгах, нарийвчлан шалгах асуудлуудыг орхигдуулсан. Ийм нөхцөл байдал байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Гэрч нарын хувьд талийгаачийн амь нас, эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан, тэр нь гэмт хэргийн шинжид хамаарахаар үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл тухайн хэргийг шалгаж байх явцад тогтоогдоогүй.

Тухайн үед шүүх хэргийг шийдвэрлэж, цалин хөлсийг тооцохдоо 5 жилийн дунджаар тооцсон. Хуульд 5 жилийн дунджаар тооцно гэж заасан болохоос хамгийн сүүлд өгсөн цалингаар тооцно гэж зохицуулсан зохицуулалт байхгүй. Тэгэхээр шүүх шударга ёсны зарчмын дагуу гурван удаа өөрчлөгдсөний дунджаар тооцох нь зөв гэж үзэж байна.

 Хуульд сэтгэл санааны хохирлыг тэдэн төгрөгөөр тооцно гэж хуульчилсан зүйл байхгүй учраас шүүх бүрэлдэхүүн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдаж өгсөн нь зөв гэж үзэж байна. Үнэхээр сэтгэл санаа нь хохирсон тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаа шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч П.*******д холбогдох 2129000000082 дугаартай эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд П.*******д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

  1. Шүүгдэгч П.Номин-эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймаг, Ханбогд сум, *******, гэх газарт үйл ажиллагаа явуулах Петролиум шатахуун түгээх станцын зүүн талд зогсож байсан улсын дугаартай SНАСМАМ маркийн тээврийн хэрэгслийн кабины буруу талын хаалганы орчимд С.гийн баруун гарын тохойн дотор хэсэгт заазуураар цохиж, эрүүл мэндэд баруун тохойн дотор хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учруулсан, С.гийн амь насыг нь хохирсон шалтгааныг шинжээч “хурц цус алдалтын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан” гэж дүгнэсэн үйл баримт нь:

3.1. Ч.Лхагвадоржийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн: “...хэрэг гарах үед би машины ар талд, талийгаач ******* 2  урд талд нь сууж байсан...талийгаач гэнэтхэн Номин-Эрдэнийг цохиод авсан, Мөн Ганболд руу дайраад байхаар нь машинаас аваад гарсан...Ганболд бие засах гээд гараад явж байтал талийгаач буцаж эргэж машинд ороод архины шил аваад Ганболдыг шилээр цохиод унагаасан, Би дундуур нь орж салгахад над руу бас дайраад миний нүд рүү цохисон. Ганболд бид хоёрыг нүд рүүгээ цохиулаад босоод ирэхэд талийгаач гар цус болоод гараад ирсэн...” /3хх-204х/,

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...талийгаач гэнэт *******тэй маргаад Номин-Эрдэнийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиж авахаар нь Ганболд хажуугаас нь Номин-Эрдэнийг өмөөрөөд болилдоо чи гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд Ариунболд руу дайраад тэр хоёр машинаас зөв талын хаалгаар бууснаа талийгаач дахиж машин руу орж ирж архины хоосон шилийг Ганболдын толгойн тус газар цохитол Ганболд унаад өгсөн чинь талийгаач дээрээс нь дэвсэхээр би хойноос нь болиоч гээд түлхэхэд чиргүүл налснаа буцаж намайг нүд орчим нэг цохиод цаашаа гүйж машины буруу талаар нь очиход ******* би амиа хамгаалж байгаа шүү гэж дуугарч байсан яасныг хараагүй... баруун гараа нугалчихсан цус гарчихсан байсан. ... бууж ирээд чирэгч толгойн арын дугуйг түшээд зогсож байснаа хойш гараад гүйхээр нь би цусыг нь тогтооё гэж бодоод араас нь гүйж очоод бариад авсан чинь баруун гарын үений дотор хэсгээс цус их гараад байхаар нь өөрийнхөө бор өнгийн тэлийгээр зүсэгдсэн шархны дээд талаар нь цус тогтоох санаатай боож өгсөн. ...Тэгээд хоёулаа гэрэлтэй газар очъё гээд тэнд байсан Трэйд Инвэстмент НАБТ-ын талбайн хаалган дээр очоод тэдний хашааг хоёулаа давж ороод би харуулд нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээданд байрлах эмнэлэгт хүргэсэн. …эмч үзээд шууд гарт оёдол хийсэн..., ...эмч нь маргааш өглөө хүрээд ирээ гэсэн..., хөнжлөөрөө хучаад байж байтал амьсгалахгүй байгаа юм шиг сонин болоод байхаар нь би цээжин дээр нь хиймэл амьсгал хийсэн. ...******* эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн,...Эмч ирээд нас барсан” гэх мэдүүлэг /1хх-79-82х/,

2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “... Талийгаач эмнэлэг очих хүртлээ машин дотор цус алдаж явсан. Эмч оёдол тавиад цус нь тогтсон...” /1хх-118-120х/

         3.2. Э.Дөлгөөний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн: “...гэмтлийн гаралтай ил шарх гэсэн онош тавьсан, яагаад гэвэл баруун гарын тохойн хэсэгт зүсэгдсэн шархтай чангалуур тавьсан байсан. ...Миний хувьд эхлээд шархаа цэвэрлээд тусламж үйлчилгээ үзүүлээд явуулсан... Намайг үзэхэд судас тасарсан зүйл байгаагүй. Би 6-7 оёдол тавьсан...”/3хх-198х/,

2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “... 5 сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цаг 40 минутын орчимд гарын тохойны дотор талын нугалдаг хэсэг дээрээ 5-6 см орчим урттай, 2 см орчим гүн шархтай залууг найз нь бас нэг цагдаатай дамнаад орж ирсэн. ...пульсийг тэмтрэхэд захад пульс тод хүчдэл дунд зэрэг, 1 минутад 92 удаа тэмтрэгдэж байсан... автомат даралтын аппаратаа зүүн бугалгад хийж үзэхэд даралт нь 140/90  байсан. шархны дээгүүр хар хөх өнгийн уяагаар чангалуур тавьсан байсан. ... шархтай хэсэг дээр 6 ширхэг оёдол тавьсан. ...тухайн үед дусал тариа хийлгэх ямар ч боломжгүй гар хөл нь савчаад байсан...” /1хх-75-77х/,

3.3. М.Ганболдын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн: “... Талийгаач, Лхагвадорж хоёр явсны дараа овоолсон шорооны ард очиход Ариунболд, ******* хоёр байж байсан. *******  заазуур бариад сууж байсан...” /3хх-202-203х/, 

3.4. Х.Анхболдын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнийн 03 цаг орчимд Трэйд Энвестмэнт гурппийн гаалийн хяналтын талбайн харуул “манай хашааг нэг хүн давж орж ирсэн гар дээрээ шархтай хүн байна эмч дуудаад өгөөч гэж дуудлагын ...утас руу залгасан. Уг дуудлага дээр очиход харуулын байрны урд талд дөрвөн хөллөсөн согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй хүн бие заслаа гэж хэлэн хэвтэж байсан ба гар дээрээ юманд урсан байж болзошгүй ангайсан шархтай байсан. Хамт явж байсан 40 орчим насны эрэгтэй ...өөрийгөө Лхагвадорж гэж хэлж байсан хүн нь манай найзтай хэрэлдээд наашаа гүйсэн, гараа машины чиргүүлд юм уу хашаа давж байхдаа урчих шиг боллоо гэж хэлсэн. Дуудлага өгсөн харуулаас эмч дуудсан эсэх талаар асуухад эмнэлэг машингүй аваад ирээч гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр би цуг явсан хүнийх нь хамт тэр хүнийг хоёр талаас нь сугадаад албаны машиндаа суулгаадны эмнэлэг рүү хүргэж ...орон дээр нь хэвтүүлсэн. Эмч шархыг цэвэрлээд оёдол тавьж байхад тухайн хүн бөөлжих гээд байна, ус уумаар байна, бие засмаар гэх зүйлийг хэлж байсан...эмчилгээ хийлгэж дуусгаад ..машин байгаа газар нь буулгаж өгөөд явсан...”/1хх-106-107х/ гэх мэдүүлгүүдийн тэмдэглэлд авагдсан мэдээлэл,

3.5. Өмнөговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай “2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр... шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийв. ...Талийгаач С.гийн цогцост баруун шуунд шарх, дух, хамар, баруун, зүүн мөр, зүүн тохой, шуу, баруун бугалга, баруун шуу, хэвлий, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдоо. Талийгаач С. нь хурц цус алдалтын улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч аврах боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1хх-132х/,

3.6. Шинжээчийн /Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэсэн/ шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01 дугаартай “...өвчтөн шөнийн 02 цагийн орчимд гэмтэл авсан гэх боловч даруй эмнэлэгт хандаагүй, 1 цаг 40 минутын дараа буюу 03 цаг 40 минутад хугацаа алдаж оройтож ирсэн нь цус алдалтыг гүнзгийрүүлж, цус эргэлтийн хомсдолд оруулсан. Энэхүү цаг хугацааны хомсдолоос гэмтлийн гаралтай хурц цус алдалтын шокоор хүндэрч, улмаар олон эрхтний дутагдалд орж на баралтад хүрсэн байна. Иймд эмнэлгийн байгууллагаас эмчилгээ үйлчилгээг дүрэм зааврын дагуу бүрэн үзүүлснээр С.гийн амь нас аврагдах эсэхийг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг давхар нотолж байна.  Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар П.Номин-Эрдэнийн үйлдсэн гэх хэргийн нотолбол зохих байдал нотлогдсон, хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай үндэслэл  болсон гэж үзэх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

4.  Шүүгдэгч П.Номин-эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймаг, Ханбогд сум, *******, гэх газарт үйл ажиллагаа явуулах Петролиум шатахуун түгээх станцын зүүн талд зогсож байсан улсын дугаартай SНАСМАМ маркийн тээврийн хэрэгслийн кабины буруу талын хаалганы орчимд С.гийн баруун гарын тохойн дотор хэсэгт заазуураар цохиж, эрүүл мэндэд баруун тохойн дотор хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг анхан шатны шүүхээс “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч П.Номин-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 10 /арав/ жилийн хорих ял оногдуулсныг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар нь хамтран “ мөрдөн байцаалтын талаар:...2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 129-130-р тал/ ...баруун тохойн үеэр маарал бүхий боолт хийгдсэн, боолтыг авахад тохойн үений дотор хэсэгт 7x1 см хэмжээтэй, оёдол тавигдсан шархтай, оёдлыг авахад булчин давхрыг тасалсан 3,5 см гүн зүсэгдсэн шархтай..., судас мэдрэл, булчин тасалсан хатгагдаж зүсэгдсэн шарх гэсэн нь Э.Дөлгөөний мэдүүлгийг үгүйсгэж байна..., ... Бүтцийн шинжилгээ /задлан/ -ний дүгнэлт болон цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлд амь хохирогчийн биед /цус тогтоох/ тарилгын ул мөр байсан талаар дурдаагүй нь эмч болон цагдаагийн ажилтан нар мөрдөн байцаалтын ажиллагааны явцад, хууль сануулсны дараа худлаа мэдүүлэг өгсөн байж болохыг анхаарч шалгах шаардлагатай, ...гэрч Ч.Лхагвадоржийн үйлдлээс үүссэн гэмтэл байж болох, ...амь хохирогчийг бүлэглэн зодож бие мах бодид нь гэмтэл учруулсан үйлдэл байгаа эсэхэд мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй ...дээрх гэрчүүдийг тус хэрэгт зохих зүйл ангиар холбогдуулан мөрдөн байцаалт явуулж шалгах шаардлагатай.

Иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийн талаар: Анхан шатны шүүхээс дээрх цалингийн дунджийг олгохдоо амь хохирогчийн нийт ажиллаж нийгмийн даатал төлсөн хугацааг хамааруулж тооцсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй..., амь хохирогч нас барах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж ажил олгогчоос олгосон цалингийн хэмжээнээс тооцож тэтгэмжийн зөрүүг олгохоор шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд бүрэн нийцнэ гэж үзэж ...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

6.1. Анхан шатны шүүх нь яллагдагчийн өмгөөлөгч Д.Энхбаатарын хүсэлтээр тухайн гэмт хэрэг гарсан гэх газар байсан гэрч Ч.Лхагвадорж, Г.Ариунболд, М.Ганболд нарыг  анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж тэдний мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон  байх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /3хх-133-135, 191-213х/

Шүүгдэгч П.Номин-Эрдэнийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь дээрх гэрч нарын мэдүүлэгтэй зөрүүгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нар нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад давж заалдах гомдолд дурдсан агуулга бүхий хүсэлтийг Прокурорт гаргаж байсан ба уг хүсэлтийн дагуу П.*******д холбогдох хэрэгт гэрч Э.Дөлгөөн, Ч.Лхагвадорж, Х.Анхболд болон шинжээчээс мэдүүлэг авах” зэрэг нэмэлт ажиллагаа явуулж,  С.гийн амь нас хохирох шалтгаан нь заазуураар гарыг зүсэж хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч П.Номин-Эрдэнийн үйлдэлтэй шууд холбоотой талаар тогтоосон нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 07 дугаар, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаар тогтоол, мөрдөн шалгах ажиллагаа явуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэргээр тогтоогдож байна. /3хх-53, 56-90х/

Иймд П.Номин-Эрдэнийн гэм буруугийн талаар шүүхийн шийдвэрт эргэлзээтэй гэх байдал тогтоогдохгүй байх тул мөрдөн байцаалтын ажиллагаа, хэргийн үйл баримтыг тогтоож чадаагүй гэх давж заалдах гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

6.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үндсэн үүрэгтэй...” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт  “Гэрлэгчид нь ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, ... тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх ... үүргийг адил хүлээнэ.” гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт “Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.” гэж, мөн тэтгэлэг олгох хэлбэр, хугацааг  Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т мөнгөн хэлбэрээр, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т нэг удаа гэж тус тус заасан байна.

П.Номин-Эрдэнийн гэм буруутай гэмт үйлдлийн улмаас С.гийн амь нас хохирсноор түүний төрсөн хүүхдүүд болох насанд хүрээгүй Б.Одгэрэл, Б.Элбэгзаяа, Б.Уранбилэг нар нь өөрийн эцгээр тэжээн тэтгүүлэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлөө бүрдүүлэх эрхээ эдлэх боломжгүй болж хохирч байна.

Иймд шүүгдэгч П.******* нь Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасан  арга, хэлбэрээр хохирлыг арилгах үүрэгтэй.

Харин анхан шатны шүүх нь нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн а/192 дугаартай тушаалаар батлагдан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баримталж,          Нийгмийн даатгалын Ерөнхий газрын цахим тодорхойлолтод  бичигдсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаагаар тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. /2хх-91-93х/

Иймд гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д “... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр;..тооцно” гэснийг баримталж дундаж цалин хөлсийг тооцох нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул гэм хорын хохирол хүлээж эрх нь зөрчигдсөн этгээдээс гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэнэ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэхдээ тэтгэмж хэрхэн тогтоогдсон тухайг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба харин тэтгэмж авч байгаа банкны харилцах дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн. /3хх-174-182х/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно гэж заасан.

Иймд банкны хуулгад бичигдсэн мэдээллийг үндэслэн тэтгэмжийн зөрүүг тооцох боломжтой гэж үзэж, шийтгэх тогтоол уншин сонсгосон өдрөөс насанд хүрээгүй хүүхдүүдийг 18 нас хүрэх өдөр хүртэл тооцож нэг удаа олгохоор тооцвол 2008 оны 11 дүгээр сарын 05-нд төрсөн, Б.Одгэрэл, 2012 оны 8 дугаар сарын 02-нд төрсөн Б.Элбэгзаяа, Б.Уранбилэг нарт тус бүр 364568 төгрөг буюу нийт 1093704 төгрөг оногдож байгаагаас халамжаас олгосон тэтгэмж 382000 төгрөгийг хасаж нэг хүүхдэд 237234 төгрөг буюу нийт 711704 төгрөгийг П.*******эс гэм хор учруулсны төлбөрт тооцон гаргуулж хүүхдүүдийн эх Д.Молор-эрдэнэд олгуулах нь хууль зөрчихгүй гэж үзэж шийтгэх тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт орууллаа.

6.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулахаар,  мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлүүлж” болохоор хуульчилж, хүний амь насыг мөнгөөр үнэлэх тухай хуульчлаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцжээ.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;” гэсэн заалт нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон бөгөөд уг хуульд дагаж мөрдөх хугацааг тусгайлан заагаагүй.

Харин Монгол улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно”, Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ” гэж тус тус заасан. 

2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаарт нийтлэгдсэн тул энэ өдрөөс хойш арав хоногийн дараа буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгааг дурдах нь зүйтэй байна

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасны дагуу П.*******д шийтгэх тогтоол уншиж танилцуулсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 89 /наян ёс/ хоногийг түүний  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын хамтран гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: 6 дугаар заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаас...” гэснийг “... нэхэмжлэлээс...”, 7 дугаар заалтын “...нэхэмжлэлийн шаардлагаасаа...”гэснийг “...нэхэмжлэлээсээ...”, 8 дугаар заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар шүүгдэгч П.*******эс 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Одгэрэл, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Элбэгзаяа, 2016 оны 05 дугаар сарын 28-нд төрсөн охин Б.Уранбилэг нарын тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 26.534 төгрөг /гурав хүүхдийн нийт 79.602 төгрөг/-ийг гаргуулж, 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл гаргуулж, сар болгон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгосугай” гэснийг  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар шүүгдэгч П.*******эс 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Одгэрэл, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.Элбэгзаяа, 2016 оны 05 дугаар сарын 28-нд төрсөн охин Б.Уранбилэг нарын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд нэг хүүхдэд 237234 төгрөг буюу нийт 711704 төгрөгийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Номин-Эрдэнийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                      Ш.ТӨМӨРБААТАР