| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0348/Э |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 345
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
хохирогч Ц.Г,
шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Нарандолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-ийн О-т холбогдох эрүүгийн 1710000000027 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, боловсролгүй, тогооч мэргэжилтэй, “Экспанд” ХХК-ийн “Кудам” ресторанд тогооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ********* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт Д-ийн О,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кудам” ресторанд хохирогч Ц.Г-тай маргалдаж улмаар хавчаар төмөр шидэж, түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ц.Г өглөө ирээд “хувцасны өрөө ямар муухай үнэртэй юм бэ” гэхээр нь би дуугараагүй. Би мах гаргаад тавьж байхад Ц.Г “энэ юун мах вэ” гэхэд нь “маргааш өглөө бууз хийнэ” гэж хэлсэн. Гэтэл “чи юундаа уурлаад байгаа юм бэ” гээд эхлээд намайг цохихоор нь би зөрүүлээд хавчаар төмөр шидсэн. Ц.Г өрөөнөөс гараад 20-30 минутын дараа орж ирээд цагдаа дуудсан гэж хэлсэн гэв.
Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 02-ны өглөө ажил дээрээ ирээд хувцасны өрөө рүү ороход муухай үнэр үнэртсэн. Хувцасны өрөөнөөс яагаад муухай үнэр үнэртсэн бэ гэхээр Д.О, А.Б нар нь хувийн ариун цэврээ сахиагүйгээс бохир үнэр үнэртсэн. Манайх өндөр зэрэглэлийн ресторан учраас муухай үнэртэй байж болохгүй гэсэн шаардлагыг тавьсан. Учир нь би тэр өдөр ээлж ахлаж байсан юм. Д.О нь хоол хийх, А.Б нь хоол бэлтгэх үүрэгтэй. Гэтэл Д.О ширээ дэрлээд унтаж, А.Б нь төмс арилгадаг өрөөнд гар утсаараа тоглоом тоглоод сууж байсан. Би махаа нүдээд бэлтгэлийн өрөөнөөс гарч ирээд “та хоёр төмсөө арилгахгүй яаж байгаа юм бэ” гэхэд Д.О-ийн уур нь хүрч улмаар намайг элдвээр доромжилсон. Д.О гахайн стейкний мах авах гээд гахайн махны хөргөгч рүү явахдаа амандаа үглэхээр нь “чи юу гэсэн бэ” гэж хэлээд өөдөөс нь очиход миний урдаас мах хавчдаг хавчаараа шидсэн. Нүүрнээс цус гараад нүд хавдсан. Д.О-ийн ээж Н-, дүү Оюунтунгалаг нар нь “томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, таны 1 сарын цалинг чинь өгье” гэж хэлсэн. Иймд Д.О-аас нийт 595.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнээс надад 200.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 395.000 төгрөгийг Д.О-аас нэхэмжилж байна. Би гомдолтой байна гэв.
Мөн хавтаст хэргээс
1.Шүүгдэгч Д.О 2017.08.07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 10 цаг 30 минутанд ажилдаа ирээд байж байтал Ц.Г эгч “хувцасны өрөө муухай үнэртэй байна” гэж хэлэхэд нь тоогоогүй. Орой 20 цагийн үед би Ц.Г эгчид “та хөлдөөгчнөөс махаа гарга” гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гэснээ ирээд миний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Би гартаа барьж байсан мах хавчдаг хавчаарыг Ц.Г эгч рүү шидэхэд тэрээр “цагдаа дуудна” гээд гарснаа 1 цаг 30 минутын дараа “цагдаа дуудчихлаа” гээд буцаад орж ирсэн. Ц.Г эгчийн зүүн нүдний доор нь хавдаж цус гарсан байсан. Миний шидсэн хавчаар Ц.Г эгчийн зүүн нүдний доор оносон. Би Ц.Г эгчээс уучлалт гуйсан. Би хохиролд 200.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,
2017.09.29-ний өдөр мэдүүлэхдээ: 2017 оны сар өдрийг мэдэхгүй байна 10 цаг 30 минутад Ц.Г эгч ууртай орж ирээд “хувцасны өрөө яасан муухай үнэртэй юм бэ” гэхээр нь би юм дуугараагүй, гал тогооны өрөө рүү орж бэлтгэл ажлаа хийсэн. 11 цагийн үед би Ц.Г эгчээс “өдрийн хоол ямар хоол хийх вэ” гэхэд “дуугарахгүй” байсан. Ц.Г эгч махаа нүдээд дууссан ба хоолны захиалга орж ирсэн. Би хажуу талын ресторан руу ороод ирэхэд Ц.Г эгч “юун паарш юм бэ, юун мах вэ” гэж асуухаар нь “захирал наадахаар чинь маргааш бууз хийгээрэй гэж хэлсэн” гэсэн. Ц.Г эгч “чи яахаараа уурладаг юм бэ” гэхээр нь “уурлаагүй зүгээр хэлж байна, та яахаараа намайг уурлаж байна гэж хэлээд байгаа юм бэ” гэсэн. Ц.Г эгч “чи өөрөө хоолоо гаргахгүй юу, бичиг үсэг мэддэг юм байгаа биз дээ, чи тогооч юм байгаа биз дээ” гэхээр нь “би тогооч биш, таны хариуцсан гал тогоо” гэж хэлээд ар талын өрөө рүү ороод мах гаргасан. Ц.Г эгчид “хоолоо гаргалцаач хоол удаад байна” гэж хэлэхэд дуугарахгүй байсан. “Та саладаа гаргачихаад 2 хоолоо яагаад гаргаагүй юм бэ” гэхэд Ц.Г эгч “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд хоол гаргах гэтэл явуулахгүй хориод миний цээжний зүүн дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би хөргөгч рүү налж унасан. Би гартаа барьж байсан мах гаргадаг төмөр никель хавчаар шидэхэд түүний зүүн нүд орчим оносон. Ц.Г эгч “цагдаад хэлнэ” гээд гарсан. 20-30 орчим минутын дараа Ц.Г эгч “эмнэлэг дуудчихлаа” гээд орж ирсэн. Түүний зүүн нүдний доор нь цус болчихсон байсан. Би Ц.Г-д 200.000 төгрөг өгөөд 1 сарын цалин болон 120.000 төгрөг өгье гэж ярьж тохирсон юм. Ц.Г эгчийн 1 сарын цалин хэд байдгийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,
2. Хохирогч Ц.Г 2017.08.02-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдааны төвийн 2 давхарт байрлах Кудам зоогийн газар тогоочоор ажилладаг ба 2017 оны 08 дугаар сарын 02-ны оройн 19.30 цагийн үед нилээд захиалга ирээд 5 хоол гаргах байсан юм. Гэтэл Ганзориг “хоолоо авъя” гэхэд Д.О “ямар хоол” гээд уурласан. Ганзориг “үйлчлүүлэгч 5 хоол захиалсан” гэхэд Д.О “балай авгай гарнер дээр зогсож чадахгүй юм бол зайл” гээд уурлаад юмаа шидээд байхаар нь би араас нь ороод “чи юу гээд байгаа юм” гэхэд миний урдаас мах гаргадаг төмөр хавчаар шидэж, миний зүүн талын нүдний доод хэсгийг оносноор зүсэгдэж, хавдаж хөхөрсөн. Өөр намайг цохиж зодоогүй. Би гомдолтой байна. Надаас уучлалт ч гуйгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 3-5-р хуудас/,
2017.08.11-ний өдөр мэдүүлэхдээ: Кудам ресторанд ажиллаад 7 жил болж байна. Д.О миний дараа ажилд орсон. 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 19 цаг өнгөрч байхад 5 ширхэг хоол авах захиалга орж ирсэн. Д.О захиалганд орох хоолны материалаас өөр төрлийн материал гаргасан байхаар нь “бичиг үсэг мэдэхгүй юу, яагаад өөр материал гаргаад байгаа юм” гэхэд тэрээр уурлаж “балай тэнэг авгай” гэж хэлсэн. Д.О өөр мах гаргах гээд явсан ба би хойноос нь “чи юу гэнээ” гээд очиход тэрээр миний өмнөөс мах хавчдаг төмөр хавчаарыг над руу шидэхэд миний зүүн нүдний доор оносон. Тэр даруй хавдаж цус гарсан ба би тек рүү очоод түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Мөн охин руугаа залгаж хэлсэн. Манай охин Г.Х “та нар яагаад манай ээжийг ингэж байгаа юм бэ” гэхэд “би ээж рүү чинь шидсэн, гэхдээ оноогүй ээж чинь бултсан” гэсэн. Охин “яагаад ийм болчихсон юм” гэхэд “өөрийгөө ингэсэн юм байгаа биз” гэсэн. А.Б-гаас “чи харсан юм байгаа биз дээ” гэхэд тэрээр “би байгаагүй, мэдэхгүй” гэдэг. Тухайн үед А.Б шал угаагаад байж байсан. Би өөр өөртөө яах гэж гэмтэл учруулах юм бэ, тийм тэнэг хүн байдаг юм уу. Би өглөө ажилдаа зүгээр очсон болохыг хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Текэн дээр очоод утсаар ярих үед бармен Б.Э байхаар нь “миний нүд рүү Д.О хавчаар шидчихлээ” гэж хэлэхэд “мөс тавь” гэж хэлээд мөс авчирч өгсөн. Би өөрийнхөө зүүн нүдний доор гараараа цохих юм уу, яаж гэмтэл учруулах юм бэ, хэний ч санаанд орохгүй зүйл шүү дээ. Тухайн үед зүүн нүдний доор хавдсан ба маргааш нь хөхөрсөн. Тэр үед гар утсан дээрээ нүүрнийхээ зургийг авсан. Д.О шидээгүй гээд байхаар нь над руу шидсэн хавчаарыг би гэр рүүгээ аваад явсан. Би гомдолтой байна. Би томографид 120.000 төгрөгөөр зургаа авахуулсан. Би энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан. Тиймээс халагдсан сарын цалин болох 475.000 төгрөгийг Д.О-аас нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
2017.10.11-ний өдөр мэдүүлэхдээ: Намайг Д.О-ийн ээж Н-, дүүгийн хамт 1-р салбар дээр дуудаж уучлалт гуйсан. Дүү Оюунтунгалаг нь “манай эгч таныг хохироосон нь үнэн, танд 1 сарын цалинг чинь өгье, та өргөдлөө буцааж ав. Ээж, охин хоёр шиг салаач” гэхээр нь “та нар намайг бичиг үсэггүй гэж хэлсэн гээд хэсгийн байцаагчид өргөдөл өгсөн байна лээ, та нар тэгвэл адилхан өргөдлөө буцааж ав” гэж хэлсэн. Бид нар бүгдээрээ хэсгийн байцаагч дээр очиход намайг 100.000 төгрөгөөр торгоод “өргөдлийг чинь буцааж өгөхгүй хуулийн дагуу шийднэ” гэсэн. Тэр өдөр Д.О надад 200.000 төгрөг өгснөөс 100.000 төгрөгийг нь би торгуульд өгсөн. Би сард 475.000 төгрөгийн цалин авдаг. 1 сарын цалин дээр томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийг нэмж өгье гэж тохирсон. Ингээд би 595.000 төгрөг авахаас 200.000 төгрөг авлаа гэж бичсэн. 1 сарын цалинг чинь өгье гэсэн үгийг Д.О-ийн дүү Оюунтунгалаг, ээж Н нар нь хэлсэн. Би хэлснээр нь 395.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Д.О-т гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
3. Гэрч А.Б 2017.08.04-ний өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би ажилдаа 10 цагт ирэхэд хувцас солих өрөөнөөс Д.О эгч гараад явсан. Тэр үед Ц.Г эгч “хувцас солих өрөөнөөс юу үнэртээд байна” гэхэд Д.О эгч юм хэлээгүй. Би хувцсаа шүүгээндээ хийх гээд явахад эвгүй үнэр үнэртээгүй ба би гал тогоонд орж ажлаа хийсэн. 15 цагийн үед би төмс арилгаад сууж байтал Ц.Г-г захирал Мөнхөө утсаар яръя гэж дуудсан. Ц.Г утсаар ярьж орж ирчихээд “5 дахь өдөр бууз авна гэж байна” гээд хөргөгчнөөс мах аваад ширээн доор байх саванд хийснээ “өнөөдөр буузаа хийгээд хөлдөөнө, махаа сая гаргачихлаа” гэж хэлсэн. Д.О эгч “маргааш дөрвүүлээ ажиллах юм чинь маргааш буузаа хийчихье” гэхэд Ц.Г эгч “сая захиралтай ярьсан өнөөдөр буузаа хийж хөлдөө” гэсэн. Гэтэл Д.О эгч дахин “маргааш дөрвүүлээ хийнэ” гэж хэлэхэд Ц.Г эгч “чи юундаа уурлаад байгаа юм” гэж чанга хэлсэн. Д.О эгч “хэн уурласан юм, та яахаараа намайг дандаа уурлалаа гэж хэлдэг юм” гэхэд Ц.Г эгч “чам шиг бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй хүн энд ажиллаад хэрэггүй, бичиг үсэг мэдэхгүй байж яахаараа хэрэлддэг юм” гэсэн. Д.О эгч “бичиг үсэг мэднэ үү, байна уу танд ямар хамаатай юм” гээд тэр хоёр бие биетэйгээ муухай харьцаж байсан. 19 цагийн үед захиалгат хоолнууд орж ирээд нэг хоол гарах ёстой байсан ба Ц.Г нөгөө хоолыг нь Д.О эгчид хэлээгүй байсан юм. Гэтэл зөөгч ирээд “нөгөө хоолоо авъя” гэхэд Д.О эгч “юун хоол, надад хоол гэж хэлээгүй” гэсэн. Д.О эгч Ц.Г эгчид “та надаа энэ хоолоо хэлэхэд яадаг юм” гэхэд Ц.Г эгч “арчаагүй юм, наадахаа өөртөө аваа биз дээ, чиний хийх хоол” гэж хэлсэн. Дараа нь Ц.Г эгч “төмс шараад өгөөч” гэж Д.О эгчид төмс аваачиж өгөхөд Д.О эгч “намайг доромжилсон хүний юмыг хийж чадахгүй, наад төмсөө өөрөө шар” гэж хэлсэн. Би хөлдөөгчнөөс мах авах гээд хойд өрөө рүү явсан. Хойд өрөөнөөс Д.О эгч соус авах гэж ирэхдээ амандаа нэг юм хэлээд үглэхэд Ц.Г эгч “чи настай хүний өөдөөс юу яриад байгаа юм бэ” гээд Д.О эгчийн цээжний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Д.О эгч “би танд доромжлуулаад ажиллаж чадахгүй, битгий элэг бариад бай” гэж хэлээд гарах гэтэл Ц.Г эгч “гаргахгүй” гээд хаагаад зогссон. Ц.Г эгч Д.О эгчээс холдсон. Д.О эгч Ц.Г эгч рүү хавчигч төмөр шидсэн ба хавчигч төмөр газар унахыг харсан. Ц.Г эгч оногдсон эсэхийг бол анзаарч хараагүй. Би хавчигч төмөр хананд оноод уначихлаа гэж ойлгосон. Ц.Г эгч гараад явсан ба би аягаа хураагаад зогсож байтал Ц.Г эгч эргээд орж ирсэн. Харахад зүүн хацар нь хавдсан бага зэрэг цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
4. Гэрч Б.Э 2017.08.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... Намайг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 10 цагт ажилдаа ирэхэд Д.О, Ц.Г нар ирсэн байсан. “Өглөөний мэнд” гэхэд хэн ч дуугараагүй. Зөөгч Ганзориг “Ц.Г эгч, Д.О нарыг хоорондоо маргалдсан” гэж 14 цагийн үед хэлсэн. Би зааландаа ажлаа хийж байтал 21 цагийн үед Ц.Г эгч гарч ирээд утсаар цагдаа болон эмнэлэг рүү залгахад нь би “та яасан юм бэ” гэхэд онц юм хэлээгүй. Тэрээр нэг гараараа зүүн нүднийхээ доор дараад байсан ба тэндээс нь бага зэрэг цус гарч байсан. Утсаар яриад дууссаных нь дараа би “мөс авах уу” гэхэд “тэгье” гэсэн. Мөсөөр жин тавиад байж байтал түргэн тусламж ирсэн. Зүүн нүдний доор 1 см орчим хэмжээтэй зүсэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
5. Гэрч Г.Х 2017.09.14-ний өдөр мэдүүлэхдээ: Манай ээж Ц.Г нь Хан-Уул дүүрэг дэх Кудам ресторанд ажилладаг байсан ба 2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед ээж над руу залгаад “манай ажлын хүн над руу хоол гаргадаг хайч шидээд нүд маань хавдаад сонин болчихлоо, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Би эгч рүү залгахад “би хол байна, чи очиж бай” гэхээр нь такси бариад ээжийн ажил дээр нь очоод гал тогооны өрөө рүү ороход ээжийн зүүн нүд нь хавдчихсан байсан. Би “юу болоод байгаа юм” гэхэд Д.О “би танай ээжийг ингээгүй. Би юм шидсэн боловч танай ээж бултсан, би яаж мэддэг юм, нойлын өрөөнд ороод өөрийгөө ийм болгосон биз” гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж ирээд ээжийн шархыг цэвэрлэж өгсөн. Тэр үед 2 цагдаа ирээд хэлтэс рүү авч явсан. Ээжийг шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь бид үзүүлчихээд гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
6. Гэрч Д.Н 2017.10.04-ний өдөр мэдүүлэхдээ: Д овогтой О нь эхээс 4-үүлээ бөгөөд айлын 2 дахь хүүхэд юм. 1993 онд Төв аймагт төрсөн. Аав Д, ээж Н нар нь Төв аймгийн Эрдэнэсант суманд амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй. Д.О нь нөхөргүй, 9 настай хүүтэй. Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийтийн байртай ба Д.О тэнд оюутан дүү Оюунтунгалаг, хүүгийн хамт нэг өрөөнд нь амьдардаг. Д.О манай байранд 1 сар орчмын өмнөөс амьдарч байгаа. Өмнө нь 1998-2014 он хүртэл манай хашаанд гэрээ барьж амьдарч байсан. Д.О анх сургуульд ороход багш нь “юм бичиж чадахгүй байна” гэхээр нь удаагүй сургуулиас гарсан. Хамт амьдарч байх хугацаанд Д.О нь миний үгэнд ордог, төлөв даруу эмэгтэй. Д.О нь хар бор ажилдаа сайн, ажлын төлөө хүн юм. Хүүхэд нь ЕБ-ийн 46 сургуулийн 3-р ангид суурдаг. Д.О нь ажил хийхгүй байж байгаад Кудам ресторанд ажилд орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
7. Гэрч Г.Ч 2017.10.11-ний өдөр мэдүүлэхдээ: Ц.Г нь 2015 оны 10 дугаар сарын 20-нд бэлтгэгчээр ажилд орж, Хан-Уул дүүргийн Кудам ресторанд ажиллах болсон. Д.О-ийн хувьд 2014 оны 11 дүгээр сарын 25-нд бэлтгэгчээр ажилд орсон. Ц.Г-д шаардлага тавихаар заримдаа хүлээн авна, заримдаа хүлээж авдаггүй байсан. Ажилчдаас сонсоход Ц.Г эгч ажилчдын хоол хийх гэхээр “мөнгөө өгвөл хийж өгнө” гэж хэлдэг гэсэн. Ц.Г Д.О-ийг “бичиг үсэг сураагүй, юм хийж чадахгүй байна” гэж гоочилдог гэж сонсогдож байсан. Д.О-т шаардлага тавихаар дуугаа хураагаад юм хэлдэггүй. Тэр өдөр Ц.Г над руу залгаад “Д.О над руу төмөр хавчаар шидсэн, би цагдаа дуудаад ирлээ” гэхээр нь “юунаас болж муудалцав” гэхэд “бид хоёр хэрэлдэж муудалцаад төмөр хавчаар шидчихлээ” гэсэн. Харин Д.О “хажуугаар гарахдаа намайг цохьсон” гэсэн. Ц.Г, Д.О нар сард 422.500 төгрөгийн цалин авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9896 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ц.Г-гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 14-р хуудас/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10227 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Оюунтунгалагийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,
10. Шинжээч эмч М.Энхтайван 2017.08.23-ны өдөр мэдүүлэхдээ: Д.О-ийн үед цээжний зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гуянд учирсан гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цээжний томографийн шинжилгээгээр яснууд болон хий шингэн хуралт, уушигны гуурсан хоолойг үзэх боломжтой. Зөөлөн эдийн няцралыг тогтоох боломжгүй. Илэрсэн гэмтэл нь бодит үзлэгээр тогтоогдсон болно. Түүний цээжинд ил харагдах хөхрөл няцралт гэмтэл байгаагүй. Цээжний зүүн талд тэмтрэхэд хавдсан эмзэглэл ихтэй булчингууд чангарсан байсан. Тухайн үед зовиуртай эмзэглэлтэй. Тэр нь эрүүл мэндийг сарниулж байгаа тул гэмтлийн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №964 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.О-ийн биед цээжинд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус бүхий гэмтэл учиржээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
6. Шүүх эмнэлгийн №10227 тоот дүгнэлт үндэслэл муутай байна. /хх-ийн 49-р хуудас/,
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1247 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.О-ийн биед тухайн үед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учиржээ.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Д.О-ийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. . Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 105-106-р хуудас/,
13. Хохирол төлсөн баримт /хх-ийн 35-р хуудас/,
14. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл /хх-ийн 39-41-р хуудас/,
15. “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /Д.О-/ /хх-ийн 19-20-р хуудас/,
16. Шүүгдэгч Д.О-ийн урьд нь ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.О-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Экспанд” ХХК-ийн “Кудам” ресторанд хохирогч Ц.Г-тай маргалдаж улмаар хавчаар төмөр шидэж, түүний биед нь “...тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
1. Хохирогч Ц.Г-гийн “...19.30 цагийн үед нилээд захиалга ирээд 5 хоол гаргах захиалгатай байсан. Ганзориг “захиалсан хоолоо авъя” гэхэд Д.О “ямар хоол” гээд уурласан. Ганзориг “үйлчлүүлэгч 5 хоол захиалсан” гэхэд Д.О “балай авгай гарнер дээр зогсож чадахгүй юм бол зайл” гээд уурлаад юмаа шидээд байхаар нь би араас нь ороод “чи юу гээд байгаа юм” гэхэд миний урдаас мах гаргадаг төмөр хавчаар шидээд миний зүүн талын нүдний доод хэсэгт оносноор зүсэгдэж хавдаж хөхөрсөн. Өөр намайг цохиж зодоогүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 3-5-р хуудас/,
2017.08.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...Д.О захиалганд орох хоолны материалыг хөлдөөгчнөөс өөр төрлийн материал гаргасан байхаар нь “бичиг үсэг мэдэхгүй юу, яагаад өөр материал гаргаад байгаа юм” гэхэд тэрээр уурлаж “балай тэнэг авгай” гэж хэлсэн. Д.О мах гаргах гээд явсан ба би хойноос нь “чи юу гэнээ” гээд очиход тэрээр мах хавчдаг төмөр хавчаарыг над руу шидэхэд миний зүүн нүдний доор оносон. Тэр даруй хавдаж цус гарсан ба би тек рүү очоод түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Би томографид 120.000 төгрөгөөр зургаа авахуулсан. Би энэ асуудлаас болж ажлаасаа халагдсан. Тиймээс халагдсан сарын цалин болох 475.000 төгрөгийг Д.О-аас нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
2017.10.11-ний өдөр мэдүүлэхдээ: ...Д.О надад 200.00 төгрөг өгснөөс 100.000 төгрөгийг нь торгуульд өгсөн. Би сард гар дээрээ 475.000 төгрөгийн цалин авдаг. 1 сарын цалин дээр томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийг өгье гэж тохирсон. Ингээд би 595.000 төгрөг авахаас 200.000 төгрөг авлаа гэж бичсэн 1 сарын цалинг чинь өгье гэсэн үгийг Д.О-ийн дүү Оюунтунгалаг, ээж Н нар нь хэлсэн юм. Би хэлснээр нь 395.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би Д.О-т гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
2. Гэрч А.Б-гийн “...15 цагийн үед би төмс арилгаад сууж байтал Ц.Г-г захирал Мөнхөө утсаар яръя гэж дуудсан. Ц.Г утсаар ярьж орж ирчихээд “5 дахь өдөр бууз авна гэж байна” гээд хөргөгчнөөс мах аваад ширээн доор байх саванд хийснээ “өнөөдөр буузаа хийгээд хөлдөөнө, махаа сая гаргачихлаа” гэж хэлсэн. Д.О эгч “маргааш дөрвүүлээ ажиллах юм чинь дөрвүүлээ маргааш буузаа хийчихье” гэхэд Ц.Г эгч “сая захиралтай ярьсан өнөөдөр буузаа хийж хөлдөө” гэсэн. Гэтэл Д.О эгч дахин “маргааш дөрвүүлээ хийнэ” гэж хэлэхэд Ц.Г эгч “чи юундаа уурлаад байгаа юм” гэж чанга хэлсэн. Д.О эгч “хэн уурласан юм, та яахаараа намайг дандаа уурлалаа гэж хэлдэг юм” гэхэд Ц.Г эгч “чам шиг бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй хүн энд ажиллаад хэрэггүй, бичиг үсэг мэдэхгүй байж яахаараа хэрэлддэг юм” гэсэн. Д.О эгч “бичиг үсэг мэднэ үү, байна уу танд ямар хамаатай юм бэ” гээд тэр хоёр бие биетэйгээ муухай харьцаж байсан. Хойд өрөөнөөс Д.О эгч соус авах гэж ирэхдээ амандаа нэг юм хэлээд үглэхэд Ц.Г эгч “чи настай хүний өөдөөс юу яриад байгаа юм бэ” гээд Д.О эгчийн цээжний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Д.О эгч “би танд доромжлуулаад ажиллаж чадахгүй, битгий элэг бариад бай” гэж хэлээд гарах гэтэл Ц.Г эгч “гаргахгүй” гээд хаагаад зогссон. Ц.Г эгч Д.О эгчээс холдсон. Д.О эгч Ц.Г эгч рүү хавчигч төмөр шидсэн ба хавчигч төмөр газар унахыг харсан. Ц.Г эгч оногдсон эсэхийг бол анзаарч хараагүй. Ц.Г эгчийн зүүн хацар нь хавдсан бага зэрэг цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
3. Гэрч Б.Э-ын “...21 цагийн үед Ц.Г эгч гарч ирээд утсаар цагдаа болон эмнэлэг рүү залгахад нь би “та яасан юм бэ” гэхэд онц юм хэлээгүй. Тэрээр нэг гараараа зүүн нүднийхээ доор дараад байсан ба тэндээс нь бага зэрэг цус гарч байсан. Утсаар яриад дууссаных нь дараа би “мөс авах уу” гэхэд “тэгье” гэсэн. Мөсөөр жин тавиад байж байтал түргэн тусламж ирсэн. Зүүн нүдний доор 1 орчим см хэмжээтэй зүсэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
4. Гэрч Г.Х-гийн “...ээж Ц.Г-гийн ажил дээр нь очоод гал тогооны өрөө рүү ороход ээжийн зүүн нүд нь хавдчихсан байсан. Би “юу болоод байгаа юм” гэхэд Д.О “би танай ээжийг ингээгүй, би юм шидсэн. Танай ээж бултсан, би яаж мэддэг юм, нойлын өрөөнд ороод өөрийгөө ийм болгосон биз” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9896 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ц.Г-гий биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 14-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Экспанд” ХХК-ийн “Кудам” ресторанд хохирогч Ц.Г-тай маргалдаж түүн рүү хавчаар төмөр шидсэний улмаас бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Г-гийн мэдүүлэг /хх-ийн 6-7, 57-58-р хуудас/, гэрч А.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Г.Х-гийн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №9896 дүгнэлт, шүүгдэгч Д.О-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ц.Г нь “...томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, 1 сарын цалин, нийт 595.000 төгрөг нэхэмжилснээс Д.О 200.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 395.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байгаа хэдий ч хавтаст хэрэгт томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримтаас өөр баримтгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Улсын яллагч шүүх хуралдааны дүгнэлдээ: “...шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан хэдий ч шүүхээс шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн никель төмөр хавчаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. А овогт Д-ийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.О-т оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн никель төмөр хавчаарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шүүгдэгч Д.О нь хохирогч Ц.Г-д 200.000 төгрөг төлсөн, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР