Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/1044/З |
Дугаар | 128/ШШ2024/0317 |
Огноо | 2024-04-10 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “И*******” ББН /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газар,
Гуравдагч этгээд: “С*******” ББН
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хорооны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах” Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Д*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1 Баянгол дүүргийн Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06/151 дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хандан 24, 26, 28 дугаар хороодод Өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна[1].
1.2 Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Н*******5 дугаартай тендерийн урилгыг нийтэлсэн байна.
1.3 Үүний дагуу тендер шалгаруулалт явагдаж, “С” ББН-ийг шалгаруулан, 014 дугаар “Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээ”[2]-г байгуулжээ.
1.4 Харин нэхэмжлэгч компанид “...шаардлагад нийцээгүй гэж үзсэн тул татгалзаж байна...” гэх хариуг захиалагчаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1998 дугаар албан бичгээр мэдэгджээ[3].
1.5 Нийслэлийн Эрүүл мэндийн газарт нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23/37 дугаар албан бичгээр “...“С” ББН-ийн баримт бичгийг дахин нягталж, ...холбогдох тендерийг хүчингүй болгож өгнө үү..”[4] гэх гомдлыг хүргүүлсэн ба “...гомдлыг хүлээн авах боломжгүй...” гэх хариуг захиалагчаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2053 дугаар албан бичгээр ирүүлсэн байна[5].
1.6 Мөн “И*******” ББН-с, Сангийн яаманд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23/36 дугаар албан бичгээр “...тендерийг хүчингүй болгож өгнө үү..” гэх гомдлыг[6] хүргүүлсэн ба Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03/7863 дугаар албан бичгээр “...захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдлийн хуулбарыг ирүүлээгүй...” хэмээн гомдлыг буцаажээ[7].
1.7 Гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23/39 дугаар албан бичгээр[8] дахин гаргасан боловч Сангийн яамнаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8029 дугаар албан бичгээр дахин “...захиалагчаас ирүүлсэн шийдвэр буюу мэдэгдлийн хуулбарыг ирүүлээгүй...” гэж буцаасан байна[9].
1.8 Нэхэмжлэгч “И*******” ББН-с “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хорооны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах” Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан болно.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ: “Тус шүүхэд хянагдаж байгаа "И*******" БНН-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг "Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хорооны "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" гэж шаардах эрхээ тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү шаардлагаа дэмжиж оролцох болно.
Нэгт: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 сарын 07-ны өдрийн 06/4357 тоот дугаартай албан тоотод "...Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/53 дугаартай тушаалаар "Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолоор Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулагдах хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо"-г байгуулжээ..." гэжээ.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 12/36 дугаартай тогтоолын "Шинээр байгуулагдах хороодын жагсаалт"-д буюу "Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" хавсралтад шинээр байгуулагдах хороодын жагсаалтад Баянгол дүүргийн 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороонуудад "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах тендер"-ийг зарлан хүсэлтийг хүлээн авах талаар тодорхойлсон бөгөөд Баянгол дүүрэгт 24-р хороо ороогүй байхад тус хороонд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Н*******5/01/01 тендерийн урилгыг олон нийтэд зарлаж 2023 оны 09 сарын 29-ний өдөр Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулсныг илт хууль бус гэж үзэж байна.
Хоёрт. Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн "06/151" дугаартай Баянгол дүүргийн 24-р хороонд "Өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах" хүсэлтийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Н*******5/01/01 дугаартай тендерийг зарласан.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно." Гэж заасныг зөрчиж Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь анхнаасаа илт хууль бус тендерийг зарлаж, зохион байгуулсан юм.
Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэл болгохоор хуульд заасан байхад Дүүргийн засаг даргын саналыг үндэслэл болгож тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийсэн нь илт хууль бус юм.
Гуравт. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 сарын 19-ний өдрийн А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам"-ын 1.2-т "Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр эсхүл ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийг нөхөн сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална" гэж заасны дагуу Баянгол дүүргийн 24-р хороонд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй "У" ББН болон Нийслэлийн засаг даргын дэргэдэх эрүүл мэндийн газар нарын хооронд байгуулсан 2023 оны 02 сарын 08-ы өдрийн "Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ"-г цуцлаагүй буюу хүчин төгөлдөр бус болох нөхцөл байдал бий болсон эсэх нь тодорхойгүй байхад өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар сонгон шалгаруулалт зарласан.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан 2022 оны 02 сарын 22-ны өдрийн А/104 дугаар бүхий "Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам"-ын 5 дугаар бүлэгт "У" ББН болон Нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох, цуцлах, гэрээг дүгнэх ямар нэгэн үндэслэлгүй, зөрчил гаргаагүй байхад буюу сонгон шалгаруулалт зарлах үндэслэл бий болоогүй байхад зарласан байдаг.
Иймд "Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Н******* дугаартай тендер нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан "илт хууль бус захиргааны акт байх тул" Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт заасны дагуу "илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно” гэжээ.
2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 24-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн тендерийг гаргахдаа нэгдүгээрт Нийслэлийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 06/4357 дугаартай албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2023 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/36 дугаар тогтоолоор шинээр байгуулагдах өрхийг заасан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/36 дугаар тогтоол нь Баянгол, Хан-Уул дүүргүүдийн шинээр хороо байгуулагдах жагсаалт буюу хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, хавсралтаар байгуулагдах Баянгол дүүргийн 26, 27, 28, 29, 30, 31, 32, 33, 34 дүгээр хороодын өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах тендерийг хүлээн авахаар тодорхойлсон. Дээрх хороодод Баянгол дүүргийн 24 дүгээр хороо байхгүй. Иймээс Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн тендер сонгон шалгаруулалт зарласан нь илт хууль бус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5.3-т “...өрхийн эрүүл мэндийн төвийг тухайн шатны эрүүл мэндийн газрын саналыг үндэслэж, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ...” гэж заасан. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тухайн өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах саналыг хүргүүлээгүй. Мөн тухайн Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах талаар тогтоол, шийдвэр гараагүй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар өрхийн эрүүл мэндийн төв байгуулахыг аймаг, нийслэлийн засаг даргаас тогтоодог. Үүнээс үзэхэд уг асуудалд Баянгол дүүргийн Засаг дарга “Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд өрхийн эрүүл мэндийн төв байгуулсугай” гэх захирамж гаргах ёстой байжээ. Гэтэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас санал хүргүүлээгүй. Тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлээгүй, аймаг нийслэлийн засаг дарга тогтоогоогүй байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5.3-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Маргаан бүхий үйл баримтын тухайд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн засаг даргын саналыг үндэслэн явуулсан бөгөөд иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй, Баянгол дүүргийн засаг даргаас тогтоол, захирамж, шийдвэр гараагүй байхад тендер явуулсан. Процессын дагуу хууль зөрчсөн. Тиймээс хариуцагч тендер зарлах эрхгүй байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа. Тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэлэлцүүлэх асуудал байтал Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өгч буй хариунд “Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12/36 тоот тогтоолыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулсан” гэдэг. Үндэслэл болгож байгаа тогтоол нь шинээр байгуулагдах хороодын жагсаалтыг гаргасан буюу хороодын бүтэц зохион байгуулалтыг л өөрчилсөн. Үүнд өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах талаар асуудал байхгүй. Мөн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо тухайн тогтоолд байхгүй. Гэтэл хариуцагч нь тендерийг зарлахдаа энэхүү тогтоолыг үндэслэн тендер сонгон шалгаруулалт зарласан нь илт хууль бус.
Дараагийн агуулга нь эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам” гэж бий. Тус журмын 1.2-т Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр, эсхүл ажиллаж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн сонгон шалгаруулалтад энэхүү журмыг баримтална гэж заасан. Хариуцагчийн зүгээс энэхүү журмыг үндэслэсэн гэж зааж байгаа. Гэтэл тус журмын 1.2-т үндэслэх хуулиудыг заасан бөгөөд үндэслээгүй гэдэг нь 5.3-т зааснаар нотлогдож байгаа. Мөн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан эсхүл шинээр байгуулагдах тохиолдолд энэхүү журмыг ашиглана гэж заасан. Гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан эсэх асуудалд хариуцагчаас гүйцэтгэлийн гэрээг дүгнээгүй, нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, гүйцэтгэлийн гэрээтэй холбоотой этгээдэд мэдэгдээгүй асуудал байгаа. Тодруулбал тухайн 24 дүгээр хороонд 2016 оноос хойш гүйцэтгэлийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан “У өрхийн эрүүл мэндийн төв” ББН байсан. хамгийн сүүлд “У өрхийн эрүүл мэндийн төв” ББН-тэй байгуулсан 2024 оны 02 дугаар сарын гэрээ байгаа. Тус өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээ одоо хүртэл цуцлагдаагүй, хүчин төгөлдөр байгаа. Тухайн хүчин төгөлдөр гэрээний дагуу үүргээ биелүүлж байхад гэрээг цуцалсан талаар мэдэгдсэн. Шинээр өрхийн эрүүл мэндийн төв ажиллуулах гэж байгаа бол Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Гэтэл Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шийдвэрлэсэн зүйл байхгүй. Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэх гэж байгаа бол түүнд 24-р хороо байхгүй. Иймээс Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/137 дугаар журмын 1.2-т заасныг зөрчиж өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулсан гэж үзэж байна. Мөн тус сайдын тушаалаар батлагдсан 2022 оны А/104 дүгээр “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээг байгуулах, дүгнэх, дуусгавар болгох журам” гэж бий. Тус журмын 5 дугаар бүлэгт зааснаар “У өрхийн эрүүл мэндийн төв” ББН нь Нийслэлийн эрүүл мэндийн газартай байгуулсан гэрээг дуусгавар болгох, цуцлах, дүгнэх зөрчил гаргаагүй, тендер зарлах үндэслэл болоогүй байхад зарласан нь хууль бус гэж үзэж байна. Гэрээг сунган ажиллуулах шаардлагагүй гэж үзлээ, шинээр өрхийн эрүүл мэндийн төв байгуулна гэж хариуг өгөөгүй. Хоёрдугаарт тухайн гэрээг дүгнэх болон дуусгавар болгох талаар мэдэгдэл өгөөгүй үйл ажиллагаагаа явуулж байхад зохих этгээдээр шийдвэрлүүлэлгүйгээр дүүргийн засаг дарга захирамж шийдвэр гаргаагүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга саналаа хүргүүлээгүй байж сонгон шалгаруулалт зарласан нь илт хууль бус юм” гэжээ.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1 Хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “Ивээлт У" ББН-ийн гаргасан Баянгол дүүргийн 24-р хорооны "Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах" Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зарласан Шинээр байгуулагдах Өрхийн Эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах /Баянгол дүүрэг, 24 хороо Н******* тоот тендерт ирүүлсэн тендерийн санал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй тухай мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1998 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно.
Иймд “И*******” ББН-ийн гаргасан илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/367 дугаар журмыг баримтлан тендер сонгон шалгаруулах ажиллагааг явуулсан. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар нь өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр, эсхүл ажиллаж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн сонгон шалгаруулалтад энэхүү журмыг баримтална” гэж заасныг бид зөрчөөгүй. Яагаад гэвэл “И*******” ББН-ийн гурван талт гэрээ хэвээр байгаа бөгөөд үйл ажиллагаа нь хэрэгжиж явж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журмын 1.2-т “шинээр эсхүл хуучин эрүүл мэндийн төвийн гэрээ цуцлагдсан тохиолдолд сонгон шалгаруулалт явагдана” гэж заасан. Гэтэл хуучин өрхийн эрүүл мэндийн төвийн гэрээ цуцлагдаагүй, шинээр байгуулагдсан учир тус журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.
“У өрхийн эрүүл мэндийн төв” ББН нь салбараар ажиллаж байсан. 1 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төв. Гүйцэтгэлийн гэрээ 1 дүгээр хороонд байдаг. Үндэслэлийн тухайд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12/36 тогтоолыг үндэслэсэн. Тухайн тогтоолд 24 дүгээр хороо багтаагүй гэж тайлбарлаж байгаа боловч 2019 оны 08/28 дугаар тогтоолд Баянзүрх дүүрэгтэй хэсгийг хүчингүй болгож Баянгол дүүргийг хэвээр үлдээж тухайн 24 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 5.3-т заасны тухайд иргэдийн хурлаар тогтооно гэж байгаа боловч дүүргийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт нь батлагдсан учир хороо нь эмнэлэг, цагдаатай байх ёстой. Тиймээс мөн хуулийн 5.5-т “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн хэрэгжүүлсэн. Тухайн хорооны хүн ам 8000-аас дээш тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах ёстой. Тэр үндэслэлээр тухайн дүүргийн Засаг даргын тамгын газраас шинээр өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулах саналыг авсан байгаа. Иргэдийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын тухайд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2021 оны 12/36 тогтоол батлагдсан учир бид тендер сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулсан” гэжээ.
Дөрөв.Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
4.1 Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: "И*******" ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан "Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.
Учир нь Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зарласан "Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Н******* дугаартай тендерийг дахин /2 дахь удаагаa/ зарласан байдаг бөгөөд "И*******" ББН-өөс энэхүү тендер шалгаруулалтад оролцож ялагдсан ба уг тендер шалгаруулалттай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 "Тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана." гэснийг болон мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 "Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно." гэснийг тус тус зөрчсөн.
Өөрөөр хэлбэл Н******* дугаартай тендерт оролцогч "И" ББН нь зөвхөн захиалагчийн 2023.10.16-ны өдрийн 1998 дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" шийдвэртэй л холбогдуулж хуульд заасан хугацаанд багтаан гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохоос нэгэнт өөрөө уг тендер шалгаруулалтад оролцсон, түүнчлэн уг тендерт шалгарч чадаагүй хасагдсаныхаа төлөө 2023.08.30-ны өдөр дахин зарлагдсан /2023.09.29-ний өдөр нээгдсэн/ тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар олгогдоогүй болно.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.", 3 дугаар зүйлийн 3.1.3 "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиулан хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг," ойлгоно гэж заасны дагуу Н******* дугаартай тендерийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт сэргэхгүй, өөрөөр хэлбэл "И*******" ББН нь Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд Өрхийн эрүүл мэндийн төвийн буюу эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ явуулах эрх олгогдохгүй, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй, зөрчигдөөгүй учир тендер зарласныг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох ч хууль зүйн боломжгүй юм.
Нэхэмжлэгч "И*******" ББН нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ухай хуулийн 14.1-14.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээ, дээрх хугацааг баримтлах боломжгүй болсноо мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлснээ "захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар зөвтгөх, хугацаа хожих, захиргааны хэрэг үүсгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг царцаах, удаашруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд "И*******" ББН-өөс Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан "Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалт "Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хуулийн 54.1.8 "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл мөн хуулийн 106 дугаар зүйлийн 103.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: “...Тухайн тендер нь 2 дахь сонгон шалгаруулалт. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуучин хууль үйлчилж байсан үе. Хуучин хуулийн 30.4 дүгээр зүйлийн 30.4.1-т заасны дагуу тендер сонгон шалгаруулах ажиллагааг судлаад дахин нээлттэй сонгон шалгаруулалт явуулж болдог. Үүний дагуу 2 дахь удаагаа Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтыг 2 дахь удаагаа зарласан гэж бид үзэж байгаа. Хуулийн дагуу явагдсан. Тус сонгон шалгаруулалтад “С*******” ББН нь орж шаардлагыг хангасан нь хуралдааны тэмдэглэл болон дүгнэлтээр тогтоогдож байгаа. Тиймээс гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлээ хүлээн авч гэрээгээ байгуулсан байгаа. Тус Нийслэлийн эрүүл мэндийн газраас зарласан 01/02 дугаар тендерийн хувьд тус тендерийг зарласан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан хуулийг зөрчөөгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Үүнийг нь дэмжиж байна. “У өрхийн эрүүл мэндийн төв” ББН-ийн хуралдаанд хэлж байсан. Өөр хэрэг ч гэсэн тайлбарын хувьд ижил. Нэг зүйлийг хэлэхэд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол сэргэхгүй. Өөрөөр хэлбэл “И*******” ББН-д өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрх олгогдохгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй учир тендер зарласныг хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс хуралдаанд гаргасан хүсэлтэд “”И*******” ББН-ээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д заасан хамаарч байна” гэж хэлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байсан, мөн хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргах эрх нь олгогдсон, тухайн эрхээ эдэлсэн. Гэтэл сонгон шалгаруулалтад ялагдаад, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарлаагүй, Нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл өгөөгүй, гэрээг дүгнээгүй байсан гэх мэт хэт ерөнхий байдлаар яриад байна. Үүнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор баталсан тухай тайлбарласан. Баянгол дүүргийн засаг дарга захиалга өгсөн. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тухайд Нийслэлийн засаг даргын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг агентлаг. Нийслэлийн Засаг даргаас гомдол шаардлага хангахгүй, гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг өгч байсан. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тав.Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
5.1 “И*******” ББН-өөс, “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хорооны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах” Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
-эрүүл мэндийн газраас санал хүргүүлж, тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлээгүй, Засаг даргын шийдвэр гараагүй байхад тендер зарлаж, зохион байгуулсан,
-өмнөх “Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гэрээ”-г цуцлаагүй байхдаа сонгон шалгаруулалт зохион байгуулсан гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
5.2 Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршил, үйлчлэх хүрээг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлтийн хүрээнд тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно”, 5.5-т “Энэ хуулийн 5.4-т заасан журам, бусад үйл ажиллагааг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлнэ”, 5.4-д “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгох журам, гэрээний загвар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалаар[10] баталсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.7-т “Өрхийн эрүүл мэндийн төвд ногдох иргэний доод хязгаар нь аймаг, орон нутагт 6000-аас, нийслэлд 8000-аас доошгүй байна”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам”-ын 1.2-т "Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр эсхүл ажиллаж буй өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийг нөхөн сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална" гэж тус тус заажээ.
5.3 Дээрхээс үзвэл Нийслэлд 8000-аас дээш өрхтэй болсон хороонд Өрхийн Эрүүл мэндийн төвийг шинээр эсхүл өмнө ажиллаж байсан төвийн гүйцэтгэлийн гэрээ цуцлагдсан тохиолдолд нийслэлийн эрүүл мэндийн газрын саналыг үндэслэн тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэлэлцэн шийдвэрлэж, Засаг дарга шийдвэр гаргах ба сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн газар хэрэгжүүлж ажиллахаар зохицуулжээ.
5.4 Баянгол дүүргийн 24 дүгээр хороо байгуулагдахаас Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/406 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг эрхэлдэг У өрхийн эрүүл мэндийн төв ББН-ээс өөрийн салбарыг өмнө түр байгуулан ажиллаж байсан.
5.5. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08/28 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороог хуваан шинээр 24-р хороог байгуулсан байх ба тус хороо нь 8000-аас дээш өрхтэй болсон тул бие даасан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байх шаардлагын хүрээнд “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хорооны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах” Н******* дугаартай тендер зарласныг буруутгах боломжгүй юм.
5.6.Учир нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/212 дугаар тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийн 1.7-д төвд ногдох иргэний доод хязгаар нь нийслэлд 8000-аас доошгүй байна гэж заасны дагуу шинээр байгуулагдсан 24 дүгээр хорооны иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ үүссэн тул Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/367 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах журам-ын 2.2-т Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар багийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу шинээр байгуулагдах Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан байна.
5.7.Уг маргаан бүхий нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан[11] захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч руу шууд чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй, энэхүү үйл ажиллагааныхаа талаар Ивээлт У өрхийн эрүүл мэндийн төв ББН-д давуу байдал олгож урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээгээгүй.
5.8.Мөн хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл нэхэмжлэгчээс тус тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг эс зөвшөөрч, түүнийг хүчингүй болгуулахаар эсхүл илт хууль бусад тооцуулахаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасны дагуу захиалагчийн шийдвэрт гомдол гаргаагүй.
5.9.Харин ч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хорооны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах” Н******* дугаартай тендерт оролцож материалаа ирүүлэн өрсөлдсөн.
5.10.Тус төвийн ирүүлсэн тендерийн санал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14,16 дугаар зүйлд заасан тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагчаас татгалзаж шийдвэрлэсэн аж[12].
5.11.Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасанчлан Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх зэрэг үндэслэл байгаагүй, тухайн захиргааны акт огт эрх зүйн үндэслэлгүй гарах зэргээр “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байхыг ойлгоно.
5.12.Гэтэл хэргийн үйл баримтаас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/36 тогтоолын[13] Тогтоох хэсгийн 2-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 8/28 дугаар тогтоолын Баянзүрх дүүрэгтэй холбоотой хэсгийг хүчингүй болсон тооцсугай” гэж зааснаас үзвэл Баянгол дүүргийн 24 хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны “Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 8/28 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан бөгөөд хорооны оршин суугч 8000 хүрсэн тохиолдолд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24-р хороонд бие даасан өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулахаар сонгон шалгаруулалтыг зарлах нь зүй ёсны үйл ажиллагаа юм.
5.13.Иймд хариуцагчийн тендер сонгон шалгаруулалт зарласан үйлдлийг илт хууль бус гэж үзэхгүй төдийгүй дээрх үйлдэлд илт хууль бус гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрыг маргаан бүхий тендер, сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн зарласан гэж үзэн “И*******” ББН-өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “И*******” ББН-өөс, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны “Өрхийн эрүүл мэндийн төвийг сонгон шалгаруулах” Н******* дугаартай тендер зарласныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтаст хэргийн 16 хуудас,
[2] Хавтаст хэргийн 78-80 хуудас,
[3] Хавтаст хэргийн 72 хуудас,
[4] Хавтаст хэргийн 10-12 хуудас,
[5] Хавтаст хэргийн 13-14 хуудас,
[6] Хавтаст хэргийн 17-19 хуудас,
[7] Хавтаст хэргийн 20 хуудас,
[8] Хавтаст хэргийн 21-23 хуудас,
[9] Хавтаст хэргийн 24 хуудас,
[10] Хавтас хэргийн 183-189 хуудас
[11] Хавтас хэргийн 25-26 хуудас
[12] Хавтас хэргийн 27 хуудас
[13] Хавтас хэргийн 64-66 хуудас