| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2017/0358/Э |
| Дугаар | 346 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 346
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
нарийн бичгийн дарга Л.Содномдорж,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Ц-ийн Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1710005630200 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, “Болдтөмөр, Ерөө гол” ХХК-д замчин, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, ******* тоотод оршин суух, Д овогт Ц-ийн Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******* тоотод оршин суух М.Ц-гийн гэрт иргэн Д.Э-ийн толгойн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.Т: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, торгуулиа хувааж төлмөөр байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө үүрээр 05 цагийн үед найз М.Ц-гийн гэрт очоод 0.75 литрийн нэг шил архи авч найз Ш.Ө М.Ц бид гурав хувааж уусан. Дараа нь Ш.Ө нэмж нэг шил архи аваад бид гурав хоол унд хийж идэнгээ архи уусан. Өдөр 13 цагийн үед М.Ц-гийн дүү гэх Ц.Т согтуу орж ирээд бид хэд юм яриад сууж байсан. Гэнэт миний хажуу талаас юмаар цохих шиг болоод хартал цус гарч байсан. Би уурлаад сууж байснаа бостол Ц.Т гараад зугтаасан. Би М.Ц-гийн гэрт мах идээд сууж байхад Ц.Т гаднаас хоёр цагдаатай орж ирээд энэ хүн хутга бариад агсам тавиад байна гэж хэлсэн. Цагдаа нар намайг аваад явсан. ...Намайг сууж байхад хажуу талаас юмаар цохисон, яг юугаар цохисныг мэдэхгүй, жижиг сандлаар цохисон байх гэж бодож байна. Өөрөөр зодож цохиогүй. ...Ц.Т гаднаас орж ирээд бид нартай суусан. Би чи хэний хүүхэд вэ?, хаана юу хийдэг вэ? гэж асуусан, ямар нэг маргаан бол гараагүй. ...Ц.Т миний толгой руу юмаар цохиж хагалаад гараад явсан учраас эргээд хаалга нүдэхээр нь би айгаад мах идэж байсан хутгаа аваад нуруундаа хийсэн юм. ...Би Ц.Т-гээс эмчилгээнийй зардлаа бүрэн авсан, одоо санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11-13, 16, 18/ гэсэн,
Гэрч М.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр урьд нь хамт ажиллаж байсан Д.Э манай гэрт ирсэн. Бид хоёр дэлгүүрээс архи авах гэж гараад найз Ш.Ө-ыг тосож авсан, гэрт орж ирээд нэг шил архиа хувааж уусан. Би Д.Э-ийг ирэхэд согтуу унтаж байсан учраас болсон асуудлыг ерөөсөө мэдэхгүй байна. Нэг сэрэхд хивс цус болчихсон, Д.Э толгойгоо бариад сууж байсан, Ц.Т байхгүй байсан. Удалгүй гаднаас Ц.Т цагдаатай хамт орж ирээд цагдаа нар Д.Э-ийг аваад явсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******* тоотод хоёр удаа дуудлагаар очсон. Эхний дуудлага нь Ц.Т гэх хүнээс 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 53 минутад “танихгүй, согтуу хүн хутга бариад дайраад байна” гэсний дагуу очиход уг тоотод дуудлага өгсөн Ц.Т гэх хүнээс гадна согтуу хоёр эрэгтэй хүн байснаас нэг нь унтаж байсан. Нөгөө хүний толгойноос цус гарч байсан бөгөөд өмднийхөө ар талд хутга нуучихсан байхад нь хутгыг нь аваад хутгаар яах гэж байгаа талаар асуухад “яах ч үгүй, юм хийх гэж байсан юм” гэж хэлсэн. Тэр хүний нэрийг Д.Э гэж байсан. Тэр хүнийг саатуулахаар Цагдаагийн хэлтэст авчираад биед нь үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж саатуулахын цагдаад хүлээлгэн өгсөн. ...Д.Э гэх хүний зүүн талын духны хажуу хэсгээс цус гарч байсан, өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, биед нь үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн саатуулах байрны цагдаад хүлээлгэн өгсөн бөгөөд Д.Э нь өөрөө ширээ мөргөж унаад толгойгоо хагалчихсан гэж хэлсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн,
Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 9 цагийн үед хамт ажиллаж байсан Д.Э, М.Ц хоёртой Нисэхэд уулзаад М.Ц-гийн гэрт ирсэн. Д.Э, М.Ц хоёр согтуу байсан. Гэрт нь ороод бид нар 1 шил архи хувааж уусан. Би нэмж 1 шил архи авч өгөөд дахиад уусан. Д.Э хэтэвчнээсээ 20.000 төгрөг гаргаж өгөөд дахиад 1 шил архи авсан. Ингээд байж байхад миний танил Хуягаа гэх залуу ирсэн. Бид нарыг байж байхад Ц.Т орж ирээд “Та нар айлд архи уулаа” гэж хэлэхээр нь Хуягаа бид хоёр гэрээс нь 12 цагийн үед гараад явсан. Хуягаа гэррүүгээ явсан, би цамцаа мартсан байсан учраас 2 цагийн дараа М.Ц-гийн гэрт буцаж очиход Ц.Т, М.Ц хоёр байсан. Гэрийнх нь хивс цус болчихсон байхаар нь юу болсныг асуухад Ц.Т “Д.Э ах намайг өдөөд, бид хоёр зодолдсон” гэж хэлсэн...” /хх-ийн 32-33/ гэсэн,
Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 11 цагийн үед өөрийн хүргэн ах М.Ц-гийн гэрт нь ирсэн. Тухайн үед М.Ц ахын гэрт Д.Э ах тасарсан байдалтай газар унтаж байсан. Мөн Ш.Ө эгч нэг танихгүй ахын хамт байсан. Би “Юу болж байгаа юм бэ, яагаад айлд архи уугаад байгаа юм бэ?” гэхэд Ш.Ө эгч одоо явлаа гээд нөгөө танихгүй залуутайгаа хамт гараад явсан. Тэгээд нэг мэдэхэд би Д.Э ахтай маргалдаж байсан. Би Д.Э ахыг нэг удаа түлхэхэд зурагтын тавиур мөргөж унах шиг болсон. Тэгээд Д.Э ах босоод өөрийн толгойноос гарч буй цусыг харснаа гал тогооны шүүгээнээс шар иштэй хутга авч над руу дайрсан. Би гарч зугтаагаад цагдаа дуудсан. Цагдаа нарыг дагуулаад М.Ц ахын гэрт ороход Д.Э над руу барьж дайрсан хутгаа өмднийхөө ар хэсэгт хийсэн байсан. ...Д.Э-ийн биед үүссэн гэмлтийг би учруулсан, түлхэж унагааснаас өөрөөр зодож, цохисон асуудал байхгүй...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №11666 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Э-ийн биед баруун чамархайн хуйханд шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун чихний урд хэсэг, баруун чихний ар хэсэгт, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн булан, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх-ийн 41/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Ц.Т-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Ц.Мөнгөнцэцэг, Ц.Содгэрэл нарын /хх-ийн 34-39/ мэдүүлгүүд,
- Шүүгдэгч Ц.Т-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 50-52/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******* тоотод оршин суух М.Ц-гийн гэрт иргэн Д.Э-ийн толгойд цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Амарбат, гэрч Ш.Ө, Б.Э нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11666 тоот дүгнэлт, шүүгдэгч Ц.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Э-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол, төлбөргүй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1710005630200 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ц-ийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Т торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710005630200 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР