| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2023/1091/З |
| Дугаар | 128/ШШ2024/0232 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2024/0232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С*******ийн Н******* /РД:*******/,
Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1 Улаанбаатар хот дахь Гаалийн газрын “АБТЭМА” дахь Гаалийн хяналтын бүсэд 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.******* 02-2111001-23-I31581 дугаартай мэдүүлгээр бараагаа мэдүүлжээ. /1 х.х-ийн 112-130/
1.2 Тухайн өдөр бичиг баримт хариуцсан Гаалийн улсын байцаагч Л.С******* “АБТЭМА” дахь гаалийн хяналтын бүсэд ажил үүргээ гүйцэтгэж иргэн Д.*******ын мэдүүлсэн 39 нэр төрлийн барааны баримт бичгийг шалгаж, гаалийн үнэлгээг Гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******гоос /тухайн гаалийн хяналтын бүсэд хуваарьгүй байсан/ өгсөн чиглэлийн дагуу интернэтэд байршуулсан үнээр нэмж үнэлэн 11.320.799.45 төгрөгийн татварыг ногдуулсан байна./1 х.х-ийн 92-93/
1.3 Тус барааг шалгахаар хуваарилагдсан Гаалийн улсын байцаагч Э.Б******* нь бараагаа гүйцэд шалгаагүй /тухайн бараа нь эмзэг хагарах магадлалтай гэх шалтгаанаар/ чингэлгээс буулгаагүй байхдаа “гааль зөвшөөрөв” төлөвт шилжүүлснийг Гаалийн улсын ахлах байцаагч Б.Т******* зөвшөөрсөн байна.
1.4 Гэтэл Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албанаас “..барааны нэр төрөл, онцлог шинжийг худал мэдүүлсэн байх эрсдэлтэй...” гэж үзэн 2023 оны 04 дүгээр сарын 25, 05 дугаар сарын 04-ний өдрүүдэд Гаалийн улсын байцаагч С.С*******, Ш.Ж******* нар гаалийн дахин шалгалтыг зохион байгуулж, 53 нэр төрлийн бараа /суудлын болон дунд оврын автомашинуудын салхины шил болон марк/-ийг огт мэдүүлээгүй зөрчил илрүүлсэн./1 Х.х-ийн 134-170/
1.5 Иргэн Д.*******т Зөрчлийн тухай хуулийн 11.21.1.1-р зүйлийг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 0089752 дугаартай шийтгэлийн хуудсаар 17,130,353.45 төгрөгийн торгууль, гаалийн болон бусад татварт 34,260,706.90 төгрөгийг нөхөн төлүүлжээ./2 Х.х-ийн 100-161/
1.6 Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын даргаас Авлигатай тэмцэх газарт хандан 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01-2/2505 дугаар албан бичгээр Улсын ахлах байцаагч С.Н*******, Б.Т*******, улсын байцаагч Э.Б******* нарын хийсэн дээрх үйлдлүүдийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж харьяаллын дагуу шалгуулахаар шилжүүлжээ. /1 Х.х-ийн 75/
1.7 Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дээрх улсын байцаагч нартай холбоотой асуудлыг хэлэлцэж сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргасан байна./2 Х.х-ийн 68-79/
1.8 Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсны ахлах байцаагч С.Н*******д тус газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.2 дахь заалт, 284.4 дэх хэсэг, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 2011 оны 345 дугаар тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/64 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын зөрчлийг хянан шалгах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалт, 2022 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.11, 16 дугаар зүйлийн16.1 дэх хэсэг, 2019 оны А/142 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хорооны дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.7, 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.4, 4.3.8 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 01-2/2535 тоот албан бичиг, Удирдлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн, албан үүргээ хэрэгжүүлэхдээ “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-д заасан “хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх”, “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан “бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх” зэрэг заалтуудыг зөрчсөн гэж үзэн зэрэг дэвийг 3 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ./1-р х.х-ийн 18/
1.9 Улсын байцаагч С.Н******* үүнийг эс зөвшөөрөн хүчингүй болгуулахаар Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан./ 1-р х.х-ийн 20-22/
1.10 Үүний дагуу Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас, Улаанбаатар хот дахь гаалийн газарт хандан 2023 оны 11 дүгээр сарын сарын 06-ны өдрийн 01-2/3962 тоот албан бичгээр “...С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй байна, ....Б/74 тушаалын үндэслэл хэсэгт дурдсан бичвэрийн алдааг зөвтгөх нь зүйтэй...” гэх агуулга бүхий чиглэлийг хүргүүлжээ./1-р х.х-ийн 23/
1.11 Дээрх Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газар 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалдаа өөрчлөлт оруулсан ба өөрчлөлт оруулахдаа тус огноог солилгүй, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.2 дахь заалт, 284.4 дэх хэсэг, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 2011 оны 345 дугаар тогтоолоор батлагдсан “Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/226 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.11, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 2019 оны А/142 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хорооны дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2.7, 4 дүгээр зүйлийн 4.3.2, 4.3.4 дэх заалт, Удирдлагын зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр албан үүргээ хэрэгжүүлэх явцад албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардсан, хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж зэрэг дэвийг 3 сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулан өөрчилжээ./ 1-р х.х-ийн 9/
1.12 Улмаар Улсын ахлах байцаагч С.Н******* дээрх Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч С.Н******* миний бие Монгол улсын гаалийн байгууллагад 28 дахь жилдээ ажиллаж байна.
Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалаар албан үүргээ хэрэгжүүлэхдээ Гаалийн улсын байцаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр зэрэг дэвийг 3 сар бууруулах сахилгын шийтгэлийг надад ногдуулсан. Дээрх тушаалыг хүлээн авч танилцаад, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газарт гомдол гаргасан.
Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас миний гаргасан гомдлын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан материалыг хянаад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-2/3962 тоот албан бичгээр Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.т чиглэл хүргүүлсэн. Тухайн албан бичигт -сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь Улаанбаатар хот дахь гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэр, гомдол гаргагчийн өгсөн тайлбаруудаар тогтоогдож байх тул Гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй байна" гэж дурдсан бөгөөд гомдол гаргагч надад бичгээр хариу өгөөгүй болно. Дээрх албан бичгийн дагуу Улаанбаатар хот дахь гаалийн газраас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалд өөрчлөлт оруулах болсон талаар надад 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулсан бөгөөд шинээр гарсан захиргааны актыг надад өгөөгүй, би танилцаагүй болно. Дээд шатны байгууллагаас миний гомдлын шаардлагыг хүлээн авахаас татгалзсан гэж үзэн нэхэмжлэл гаргав.
Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалын үндэслэлд Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. дахь заалт "бусдад хууль бус үүрэг, даалгавар өгөх, хүсэлт гаргах, гүйцэтгэхийг шаардах;" гэснийг баримталсан атал Тушаах нь хэсэгт мөн дүрмийн 2.1.2. "хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх" заалтыг зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл гаалийн байцаагчийн ямар үйлдэл хууль, дүрэм, журмын аль заалтыг зөрчсөнийг хөтөлбөргүй шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулахаар хууль тогтоомжид заасан. Миний бие бусдад хууль бус үүрэг даалгавар өгсөн, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн үйлдэл хийгээгүй болно.
2023 оны 04 сард Улаанбаатар хот дахь Гаалийн газарт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ахлах байцаагчийн үүрэг гүйцэтгэсэн. АВТЭМА гаалийн хяналтын бүс дээр бүрдүүлэлт хийх иргэн автомашины салхины шил гэх барааг хэлцлийн үнээр буюу гэрээний үнээр үнэлүүлнэ гэж ирсэн. Тухайн өдөр тус хяналтын бүсийг хариуцаж байсан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч Ш.Н бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор гаалийн хяналтын бүсүүдэд ажиллахаар томилогдсон байсан. Иймээс би хилээс дагалдаж ирсэн бичиг баримтыг шалгаж үзээд хэлцлийн үнээр үнэлэх боломжгүй, Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 15.2.2.4. интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр нэмж үнэлэх гэсэн шийдвэрийг гарган Гаалийн улсын байцаагч Л.С*******д утсаар мэдэгдсэн.
2023 оны 4 дүгээр сарын 25-нд АБТЭМА гаалийн хяналтын бүсэд мэдүүлсэн Д ******* хүлээн авагчтай 02-2111001-23-131581 мэдүүлэг бүхий салхины шил гэх барааны зөрчил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илэрсэн. Аж ахуйн нэгж, иргэд гаальд бараа материалаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нар тухай ачааны бичиг баримтыг үндэслэн үнэлгээ хийдэг бөгөөд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаггүй.
Тухайн сард баталсан ажлын хуваарийн дагуу гаалийн улсын байцаагч Л.С*******ыг хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч Ш.Н гадуур ажилд томилогдон явсан тул ажлын байрны тодорхойлолтын дагуу гэрээний үнээр бус харин хуульд зааснаар гаалийн татварыг нэмж төлүүлэх чиглэл өгсөн.
Миний бие Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4 дэх хэсэг, Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журмын 2.1, 2.2, 3.1 дэх хэсэгт заасны дагуу ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 382 тогтоолоор батлагдсан "Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолт"-ын 3 дугаар зорилтын 2 дахь заалтуудыг удирдлага болгон өөрийн албан тушаалд шууд харьяалан удирдуулах гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийг гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан гэж үзэж байна.
2. Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалын 1 дэх заалтад "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан "бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.
Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3 дугаар бүлэг Гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 3.1.1-т "бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцох, эрх мэдлээ ашиглан бусдыг басамжлах, нэр төрийг гутаах, дарамт шахалт үзүүлэх" гэж ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг тус тусад нь / таслалтай / тодорхойлсон.
Гэтэл Б/74 тушаалд дээрх ёс зүйн зөрчлүүдийг нэгтгэн бичиж Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд байхгүй хэм хэмжээгээр буруутган "бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлсэн" гэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4 дэх хэсэг, Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журмын 2.1, 2.2, 3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн үйлдэл гэж маргаж байна.
3. Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй бөгөөд Гаалийн улсын байцаагчийн сахилгын Дүрэм, Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж буруутган шийдвэр гаргасан.
Монгол улсын гаалийн байгууллагад тусгайлан, нарийвчилсан зохицуулалт бүхий сахилгын болон ёс зүйн дүрэм, сахилга, ёс зүйн зөрчлийг шалгах журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тухайн дүрмүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон шалгах ажиллагааны журмыг баримтлах ёстой гэж бодож байна.
-Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.6. дугаар зүйлд Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй;
-Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 5.4 дүгээр зүйлд "Иргэд, байгууллагаас гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг харьяалах гаалийн байгууллагын удирдлага шалгаж ажлын 10 хоногийн дотор дүгнэлт гаргана;
Мөн Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.3 дугаар зүйлд "сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно" гэж тус тус заасныг зөрчин сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан.
Гаалийн улсын байцаагчийн гаргасан зөрчил нь гэмт хэрэг эсэх, захиргааны зөрчил эсэхийг үл харгалзан дээрх хугацааны дотор эрх бүхий албан тушаалтан заавал шалгаж шийдвэрлэх ёстой бөгөөд зөрчлийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хууль, дүрмээ хэрэгжүүлэн ажилтан алба хаагч нарынхаа эрхийг хангахад анхаарч ажиллах ёстой.
Гэтэл дүрэм, журмын заалтуудыг зөрчин тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 5 сарын дараа хэн, хэзээ, хэрхэн шалгасан тодорхойгүй. /Улаанбаатар хот дахь гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас ямар шийдвэр гарсан талаар танилцуулаагүй/ ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, эрх бүхий албан тушаалтны дүгнэлт гараагүй байхад ёс зүйн зөрчил гаргасан гэсэнд гомдолтой байна. С.Н******* надад сахилгын шийтгэл ногдуулсан автомашины салхины шилтэй холбоотой зөрчил нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр илэрч Улаанбаатар хот дахь гаалийн газар болон Гаалийн ерөнхий газраас шалгаад 2023 оны 08 сард Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг.
4. Гаалийн ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01-2/3962 тоот албан бичигт тус тушаалд баримталсан хууль, журмын бусад заалтууд нь үндэслэлтэй, сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь Улаанбаатар хот Дахь гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24- ний өдрийн хурлын шийдвэр, гомдол гаргагчийн өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна" гэжээ.
2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн хурлаар Д.******* хүлээн авагчтай автомашины салхины шил гэх бараанд УБГТ-ын харьяа АБТЭМА дахь гаалийн хяналтын бүсэд 2023 оны 4 дүгээр сарын 25-нд бичиг баримтын бүрдүүлэлт болон хяналт шалгалт хийсэн Гаалийн байцаагч нарын асуудлыг хэлэлцсэн. Миний бие бичиг Баримтын бүрдүүлэлт хариуцсан байцаагч Л.С*******д чиглэл өгсөн ахлах байцаагч тул тухайн хуралд орсон. АБТЭМА гаалийн хяналтын бүс дээр бүрдүүлэлт хийх иргэн автомашины салхины шилийг хэлцлийн үнээр буюу гэрээний үнээр үнэлүүлнэ гэж ирсэн. Тухайн өдөр тус хяналтын бүсийг хариуцаж байсан Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан Гаалийн улсын байцаагч Ш.Н бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор гаалийн хяналтын бүсүүдэд ажиллахаар томилогдсон байсан. Иймд би хилээс дагалдаж ирсэн бичиг баримтыг шалгаж үзээд хэлцлийн үнээр үнэлэх боломжгүй, Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 15.2.2.4 интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр нэмж үнэлэх гэсэн шийдвэрийг гарган гаалийн улсын байцаагч Л.С*******д утсаар мэдэгдсэн талаар хуралд оролцохдоо тайлбар хийсэн.
Бүрдүүлэлтийн үе шатанд улсын хилээс дагалдаж ирсэн бичиг баримтад үндэслэн, Гаалийн тариф, гаалийн татварын хуулийн 15.2.2.4-д заасны дагуу интернэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр үнэлэн татварыг нэмж төлүүлсэн.
Тухайн барааны бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар ахлах Ш.Н болон надаас өмнө нь ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй бөгөөд уг хурал дээр тухайн барааны марк, модель, нэр төрөл зөрсөн зөрчлийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлээгүй, зөрчлийн албаны дахин шалгалтаар өөр нэр төрлийн өндөр үнэтэй бараа илэрсэн, үүнтэй холбоотойгоор барааны үнэлгээ болон гаалийн татварын тариф өөрчлөгдсөн байхад хуулийн дагуу чиглэл өгсөн бүрдүүлэлтийн Гаалийн улсын ахлах байцаагч надад болон Гаалийн улсын байцаагч Л.С*******, өөр ажилд томилогдон ажиллаж байсан тухайн бүрдүүлэлтэд огт оролцоогүй Гаалийн улсын байцаагч Ш.Н бид нарыг бүгдийг хамруулан арга хэмжээ авна гэсэн тул буруугүй хүмүүст арга хэмжээ авхуулахгүй, шалгаж тогтоогоод надад ав гэж" хэлснийг Гаалийн ерөнхий газрын албан бичигт "...гомдол гаргагчийн өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна" гэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн хурал дээр асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, тайлбарлах боломж олгоогүй, хоорондоо маргалдаж, ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй үлдсэн.
Гаалийн ерөнхий газарт гаргасан гомдолд бичсэн 4 асуудал нэг бүрд хууль зүйн үндэслэлтэй хариуг бичгээр өгөлгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам" -ын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Мөн Улаанбаатар хот дахь гаалийн газраас зөрчлийг шалгасан материалыг надад танилцуулаагүй, Б/74 дугаар тушаалд гомдол гаргахаар тушаалын үндэслэл, нотлох баримт, зөрчлийг шалгасан материалтай танилцах хүсэлт гаргахад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01-716 тоот албан бичгээр Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны эрх бүхий албан тушаалтныг байлцуулан танилцаж болно." гэсэн хариу өгч хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.
Иймд Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэл гаргагч, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай С.Н******* нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ "Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм"-д заасан хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх", "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм"- д заасан бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт, шахалт үзүүлэх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл гаргаж, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан доод шатны албан тушаалтны шийдвэр эцэслэн гараагүй, гаалийн байгууллагатай харилцагч иргэн, хуулийн этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр гомдол мэдээлэл ирүүлээгүй байхад өөрт хамааралгүй асуудалд эрх мэдлээ хэтрүүлэн оролцож, нэр бүхий иргэний улсын хилээр импортолж байсан "олон нэр төрлийн салхины шил" барааны гаалийн нэгж үнийг хэт багаар тооцож, татвар авах үүргийг доод шатны албан тушаалтанд өгч, бусдад давуу байдал олгоход чиглэсэн илт хууль бус үйл ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэл гаргагч С. Н******* нь гаалийн мэдүүлэгчийн гаргаж өгсөн гадаад худалдааны бичиг баримтыг хуурамч, эсхүл үнэн зөв болохыг тогтоох бүрэн боломжтой ажиллагааг хийх, эсхүл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан импортын барааны гаалийн үнийг тодорхойлох 6 аргыг дэс дараалан хэрэглэх чиглэл өгөх байтал хууль зөрчиж, 6 дугаар аргыг хэрэглэн интернэтийн орчны үнийг шууд авч ашиглах чиглэл өгсөн нь өнгөц харахад үнийг анх мэдүүлснээс нэмүүлсэн мэт боловч бодит байдалд тухайн барааны онцлог, нэр төрөл, марк зориулалт, шинж чанараас илт бага гаалийн нэгж үнэ тогтоолгосон нь шалгалтын явцад нотлогдсон болно. Дотоод шалгалтын үр дүнд 91 нэр төрлийн, нийт 45.6 сая төгрөгийн татвар ногдох тансаг зэрэглэлийн автомашины салхины шилийг 39 нэр төрлийн гэж, 11.3 сая төгрөгийн татвар ногдох байдлаар гаалийн нэгж үнэ тогтоолгосон илт хууль бус үйлдэл гаргасан болох нь нотлогдож, тухайн зөрчилд холбогдсон этгээд гадаад худалдааны луйврын шинж, сэдэл бүхий зөрчлөө хүлээн зөвшөөрч зайлсхийсэн татвар, торгуулийг бүрэн төлж барагдуулсан.
Иймд ...Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаартай тушаалаар тус газрын гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******д зэрэг дэвийг 3 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Нэхэмжлэл гаргагч нь Төрийн албаны тухай хуулийн 48.9, Захиргааны Ерөнхий хуулийн 92.1 дэх заалтуудыг үндэслэн дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөл, Гаалийн ерөнхий газрын даргад хандан гомдол гаргасныг тухайн байгууллагуудаас хянан үзэж Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаартай тушаал нь хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай С.Н*******гийн нэхэмжлэл, түүнд дурдагдсан үйл баримттай танилцаад дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчин төгөлдөр болох хүртэлх захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хууль хэрэглээний алдаагүй явуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийг шалгах явцад оролцогчийн эрхийг хангаж, зөрчлийн шинж, нөхцөл байдлыг бодитой тогтоосон, сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль болон "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.4-д заасан зарчмыг баримталсан тул нэхэмжлэл гаргагчийн илт хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасан байна.
Шүүх дээрх заалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дахин шинэ акт гарах хүртэл “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй 2 /хоёр/ сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан үндсэн зарчмын хүрээнд захиргааны бүх байгууллагаас үйл ажиллагаандаа нийтлэг баримтлах найман тусгай зарчмыг Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон тул хариуцагч байгууллага мөн адил үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; зарчмыг баримталсан байх ёстой.
Хэрэгт авагдсан баримт болон маргаан үйл баримтаас үзвэл хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга анх 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дүгээр актаар нэхэмжлэгч С.Н*******д хариуцлага ногдуулахдаа “...гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1.2, 284.4 дэх хэсгийг баримтлан, ...албан үүргээ хэрэгжүүлэхдээ “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-д заасан хуулиар олгосон эрхийг үл хэтрүүлэх” , Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан “бүрэн эрхэд хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх” зэрэг заалтуудыг зөрчсөн... хэмээн буруутгасан бол түүнээс даруй 3 сарын дараа ижил огноо бүхий актаар “...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1...заасныг баримтлан....2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр албан үүргээ хэрэгжүүлэх явцад албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардсан, хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлсэн зөрчил гаргасан...хэмээн үндэслэлийг агуулгын хувьд өөрчлөн тодорхойлсон байна.
Гэвч хариуцагчийн хувьд сүүлд гаргасан актыг нэхэмжлэгчид гардуулаагүй, энэ талаар мэдэгдээгүй[1] байхаас гадна нэхэмжлэгч нь дээр дурдсан хоёр үндэслэлийн алиныг нь гаргасан болох нь тодорхойгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Төрийн албан хаагч дараах нийтлэг эрх эдэлнэ: гээд 38.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах; эрхийг нь зөрчсөн байна.
Хэрэв төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 тушаалаар баталсан журмыг мөрдсөн эсэх нь тодорхойгүй.
Түүнчлэн Гаалийн улсын ахлах байцаагч С.Н******* нь өөрийн хуваарьт ажлын байран дээрээ байхдаа чөлөөтэй байсан гэх Гаалийн улсын ахлах байцаагч Ш.Нийн ажлыг түр орлон гүйцэтгэж байсан эсэх, улмаар түүний хяналт тавих гаалийн хяналтын байцаагч Л.С*******, С.А нарт утсаар чиглэл өгөх эрх хэмжээ олгосон талаар тодорхойгүй.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулах ажиллагааг явуулсан хэдий ч талуудын хэн аль өөр өөрийн үндэслэл ямарваа нэг баримтгүйгээр тайлбарлаж байсан тул энэ талаар тодруулах шаардлагатай бий болсон.
Учир нь дээрх үйл баримтыг тодруулснаар нэхэмжлэгч С.Н*******г маргааны үйл баримтад дурдагдсан ...хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн зөрчил гаргасан эсхүл Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрмийг зөрчсөн... эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой юм.
Энэ тохиолдолд шүүх Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: гэж заасныг мөрдсөн эсэхэд шууд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд хариуцагч нь дээрх нөхцөл байдлуудыг шалган тодруулсны дараа Гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******д дээрх хуульд заасан шийтгэл ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ акт гаргах нь хариуцагчид хуулиар олгогдсон бүрэн эрх юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан байна.
Дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга нь шүүхээс тогтоосон 2 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлээгүй тохиолдолд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс огноологдсон Б/74 дүгээр актууд нь тус тус хүчингүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 48 дугаар зүйлийн 48.1 -д тус тус баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын дарга энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан асуудал тус бүрийг шалган тодруулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргаас захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/74 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] 2 Хавтас хэргийн 211-212 хуудас