| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00470/И |
| Дугаар | 129/ШШ2024/00412 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 129/ШШ2024/00412
| 2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 129/ШШ2024/00412 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Б.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
350,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б 350,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь 2023 оны 06 дугаар сарын 31-ний өдөр надтай холбогдон үйлчлэгчээр ажиллах ажлын санал тавьсан. 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 53 дугаар байранд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. 2023 оны 12 дугаар сар хүртэл ажилласан цалинг тасралтгүй өгч байгаад 2024 оны 1, 2 дугаар сарын цалинг огт өгөөгүй болно. Иймд 2 сарын ажлын цалин болох 350,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цалингаа өгөхдөө 350,000 төгрөг дутуу өгсөн. Би Б эгчид та 2024 оны 02 дугаар сарын цалингаас 350,000 төгрөг дутуу өгсөн, та энэ дутуу цалингаа өгчихөөч гэхэд Б эгч надад одоо өгөх боломж байхгүй байна, хавар өгье гэж хэлж байсан. Би 2 сард ажиллахдаа 9 байр цэвэрлэдэг байсан. Б эгчээс мөнгөө нэхээд өгөхгүй, өдийг хүргэсэн болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Б эгч миний утасны дугаарыг кодолчихсон. Анх 60 айлын орон сууцанд цэвэрлэгээ хийдэг байсан. Энэ давхар ажилласан гээд байгаа байр нь 39 дүгээр байрны ар талын 2 байр буюу 54 дүгээр байрыг цэвэрлэж байсан. Анх хүлээж авахад их заваан бохир байсан. Би граж 2 удаа цэвэрлэсэн. Уг нь 3 удаа цэвэрлэх байсан. Гэхдээ нэг удаагийн цэвэрлэгээгээ хийж чадаагүй. Учир нь би хүүхдийн эцэг эхийн хуралд суусан юм. Би чийгтэй цэвэрлэгээ 2 удаа хийсэн. Би хүүхэд ханиад хүрсэн, өвдсөн гэж Б эгчид хэлдэг байсан. Хүүхдээ өвдсөн байх үед нь чийгтэй цэвэрлэгээ хийж чадаагүй юм. Надад 2 удаа шаардлага тавьж байсан. Би тэгэх болгонд л цэвэрлэгээ хийсэн. Он гаргаад 660,000 төгрөг гэж тохироод үүнээсээ 350,000 төгрөгийг нь өгөөгүй, үлдсэн мөнгийг нь өгсөн. Дараа нь дутуу өгсөн мөнгөө өгнө гэж хэлж байсан гэв.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б сууц өмчлөгчдийн холбоо нь .... дугаар байрны үйлчлэгч Б-т 2024 оны 01, 02 дугаар сарын цалинг өгсөн байгаа /1-4 сарын баримтуудыг хавсаргав/. Байрны оршин суугчдаас цэвэрлэгээ муу хиртэй усаар угаадаг, усаа сольдоггүй, зууралдуулаад шудардаг, өглөө ирээд шударчхаад яваад өгдөг. Орцны хаалга, хана, шат хиртэй булангийн шороо тоосоо ирж хар, грашийн цэвэрлэгээ хийгээгүй машин орж гарахаар бөөн шороо бужигнаад зогсоолд байгаа машин дээрх шороог хар цэвэрлэгээ муу хангалтгүй байхад Сууц өмчлөгчдийн холбооны мөнгө өгөхгүй цэвэрлэгээгээ сайн болго гэсэн гомдол сар бүр их гардаг байсан. Энэ гомдлыг Бт өөрт нь олон удаа утсаар болон уулзаж хэлсэн за за гээл хэвээрээ цэвэрлэгээ сайн болохыг их харсан. Байрыг өдөр болгон угаана, байрны гаднах 2 талын хогийг өдөр болгон цэвэрлэнэ, 14 хоноод байрны их цэвэрлэгээ хийнэ сард 2 удаа /хана, шат, паар, орцны хаалга/, 7 хоногт 1 удаа грашийг угаахгүй нойтон үртэсээр шүүрдэж цэвэрлэнэ, хүүхдийн тоглоомын талбайн хогийг өдөр бүр шүүрдэж цэвэрлэнэ. 2024 оны 01 дүгээр сард байрны их цэвэрлэгээ, граш, тоглоомын талбайн цэвэрлэгээг огт хийгээгүй өөрөөс нь асуухад хийгээгүй гэж хэлсэн. Ингээд ажлаа дутуу хийгээд цалингаа 100% авна гэж байхгүй шүү гэж би хэлсэн. 2022 оны 02 дугаар сард ашиглалтад орсон шинэ байрны хана ямар ч өнгөгүй, шал угаахдаа хиртэй даавуугаараа хана руугаа хүргээд дагтаршуулсан хар хир тогтоосон, шал шатан дээр бохь их наалдсан муухай байсан. Оршин суугчид шинэ байрыг цэвэрхэн өнгөтэй цэвэр орчинд амьдармаар байгаа гэсэн санал гомдлыг их хэлж ярьдаг болсон. Коридорын паар, цонхны тавцан дээр байсан ундааны сав, тамхины иш 2-3 хоноод очиход байж л байна, тийм юм тэнд байна цэвэрлэ гэж заавал хэлүүлж цэвэрлэдэг байсан. Цэвэрлэгээ муу, чанаргүй байна гэдгийг өөрт нь сануулж, олон удаа хэлж байсан гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б 9 байр цэвэрлээгүй, 5 байр цэвэрлэж байсан. Манай сууц өмчлөгчдийн холбоо 3 үйлчлэгчтэй. Үүнээс тухайн үед 2 үйлчлэгч нь ажиллаж байсан, нэг нь бага насны хүүхэдтэй байсан. Бага насны хүүхэдтэй үйлчлэгч маань хүүхдээ түлээд эмнэлэгт хэвтсэн. 1 дүгээр сараас эхлээд ажиллаагүй. Ингээд тухайн үед ажиллах хүн олдохгүй байсан тул Аийг давхар хийгээд өгөөч гэхэд за гэж хэлж байсан. Ингээд давхар ажиллаж байхдаа А цэвэрлэгээгээ дутуу хийдэг байсан. Оршин суугчдаас заваан байна, муухай байна, дутуу цэвэрлээд байна гэх мэтээр гомдол гарж байсан. Бт би энэ талаар хэлэхэд за л гэж хэлж байсан. Уг нь юм хэлэхээр үгүй гэж хэлдэггүй байнга л за гэж хэлдэг юм. Мөн тухайн үед ээж маань сэхээнд байж байгаад нас барсан тул би тэр 1 сард завгүй байсан. Би Ат энэ талаар хэлээд одоо сайн цэвэрлэгээгээ хийгээрэй, чамд итгэлээ шүү гэж хэлж байсан. Тэгээд буяны ажлаа дуусгачхаад иртэл байрнууд үнэхээр заваан байсан, мөн гражаа цэвэрлээгүй байсан. Би Атэй уулзаад яагаад байрнуудаа дутуу цэвэрлээд байгаа юм бэ гэж хэлсэн. Анх би давхар ажиллаад өгөөч гэхдээ цалинг мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Гэтэл А маш муу ажлаа хийсэн. Би ажлаа чанартай 100% хийчихсэн байсан бол цалингийн бүтэн өгөх байсан. А 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл буюу ганцхан сар ажилласан. Манайх 7 хонгийн 6 өдөр ажилладаг, 1 өдөр амардаг. А 5 өдөр амардаг ээлжтэй байсан. Манай СӨХ байрнууддаа өдөр болгон чийгтэй цэвэрлэгээ хийдэг, гражаа шороо босгохгүйгээр үрдсээр шүүрддэг, 14 хоногт 1 удаа их цэвэрлэгээ хийдэг. Тухайн үед би Аийг ажиллаж байхдаа жоохон сэтгэл гаргаагүй юм уу даа гэж харсан. Ингээд байрны цэвэрлэгээ муу байсан гээд оршин суугчид тэр сарынхаа СӨХ-ын мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа. Надад уг нь А цалин дутуу байна гэж хэлж байсан. Тэр үед нь би дансанд мөнгө орохоор өгнө гэж хэлсэн. Гэтэл оршин суугчдаас үйлчлэгчээ соль, цэвэрлэгээ үйлчилгээ муу байна гэж гомдол гаргаад, СӨХ-ын мөнгөө өгөхгүй байсан. Оршин суугчид Ат “шудардаг” гэдэг хоч өгчихсөн байсан. Ингээд би Атээ өрөөндөө уулзаад чи их цэвэрлэгээ хийгээгүй байна, гражаа шүүрдээгүй байна, байрнуудынхаа хана, шат булан, гарнизаа цэвэрлээгүй байна гэж хэлээд дутуу цэвэрлэгээ хийсэн болохоор цалинг чинь дутуу өгнө шүү гэж хэлж байсан. Анх А 100 дугаар байранд цэвэрлэгээ хийдэг байсан. Цалин нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 660,000 төгрөг болсон. Энэ үндсэн өөрийнх цалин дээр хүний оронд ажиллаж байсан цалинг нь 660,000 төгрөгөөр буюу цалингийн хэдэн хувь гэхгүйгээр бүтэн өгөхөөр тохирсон. 1 сард Ат 1,070,000 төгрөгийн цалин өгсөн. А 51,53 дугаар байрыг өөрийн 100 дугаар байр дээрээ нэмээд цэвэрлэсэн юм. Нэхэмжлэгч нь цэвэрлэж байсан бүх байраа муу цэвэрлэсэн тул бүх байрны цэвэрлэгээний мөнгөнөөс нь хассан. А цэвэрлээгээгээ муу хийсэн, шудраад л яваад байсан байгаа юм. Хавтаст хэрэгт татварын тайлан авагдсан. Надад одоо байхгүй болохоор сайн хэлж чадахгүй байна. 1 дүгээр сар дуусаад 2 дугаар сараас эхлээд Ат 100 дугаар байрыг нь л үлдээсэн. Өөрөө хийсэн гэдэг ч надад цэвэрлэсэн юм харагдаагүй. Их заваан байсан. Би тухайн үед ийм шалтгааны улмаас цалингаас чинь суутгасан гэж бол хэлээгүй. Дараа нь 350,000 төгрөг нэхээд байхаар нь чи байрнуудаа муу цэвэрлэсэн болохоор цалингаас чинь суутгасан гэж хэлсэн. Өөрийг нь дагуулж яваад дутуу хийсэн цэвэрлэгээг нь харуулж байсан. А заавал хүнээр хэлүүлж байж юм хийдэг хүн. Өөрөө санаагаараа юм хийдэггүй. Би Аийг хүний оронд ажиллаж байх хугацаанд хамт байгаагүй. Гэхдээ дараа нь харахад цэвэрлээгүй байсан. Байрны оршин суугчдаас гомдол ирээд байсан гэв.
2. Хариуцагч байгууллагаас:
- Банд ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
- Банд ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
- Банд ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 03 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
- Банд ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 04 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,
- 2024 оны 01 дүгээр сарын цалингийн хүснэгт,
- 2024 оны 02 дугаар сарын цалингийн хүснэгт,
- 2024 оны 03 дугаар сарын цалингийн хүснэгт,
- 2024 оны 04 дүгээр сарын цалингийн хүснэгт,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн депозитын хуулга,
- Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн депозитын хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Цалингаа өгөхдөө 350,000 төгрөг дутуу өгсөн. Би Б эгчид та 2024 оны 02 дугаар сарын цалингаас 350,000 төгрөг дутуу өгсөн, та энэ дутуу цалингаа өгчихөөч гэхэд Б эгч надад одоо өгөх боломж байхгүй байна, хавар өгье гэж хэлж байсан. Би 2 сард ажиллахдаа 9 байр цэвэрлэдэг байсан. Б эгчээс мөнгөө нэхээд өгөхгүй, өдийг хүргэсэн болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Б эгч миний утасны дугаарыг кодолчихсон. Энэ давхар ажилласан гээд байгаа байр нь 39 дүгээр байрны ар талын 2 байр буюу 54 дүгээр байрыг цэвэрлэж байсан. Анх хүлээж авахад их заваан бохир байсан. Би граж 2 удаа цэвэрлэсэн. Уг нь 3 удаа цэвэрлэх байсан. Гэхдээ нэг удаагийн цэвэрлэгээгээ хийж чадаагүй. Учир нь би хүүхдийн эцэг эхийн хуралд суусан юм. Би чийгтэй цэвэрлэгээ 2 удаа хийсэн. Би хүүхэд ханиад хүрсэн, өвдсөн гэж Б эгчид хэлдэг байсан. Хүүхдээ өвдсөн байх үед нь чийгтэй цэвэрлэгээ хийж чадаагүй юм. Надад 2 удаа шаардлага тавьж байсан. Би тэгэх болгонд л цэвэрлэгээ хийсэн. Он гаргаад 660,000 төгрөг гэж тохироод үүнээсээ 350,000 төгрөгийг нь өгөөгүй, үлдсэн мөнгийг нь өгсөн. Дараа нь дутуу өгсөн мөнгөө өгнө гэж хэлж байсан гэжээ.
3. Хариуцагч байгууллага доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:
... Б сууц өмчлөгчдийн холбоо нь 100 дугаар байрны үйлчлэгч Бт 2024 оны 01, 02 дугаар сарын цалинг өгсөн байгаа /1-4 сарын баримтуудыг хавсаргав/. Байрны оршин суугчдаас цэвэрлэгээ муу хиртэй усаар угаадаг, усаа сольдоггүй, зууралдуулаад шудардаг, өглөө ирээд шударчхаад яваад өгдөг. Орцны хаалга, хана, шат хиртэй булангийн шороо тоосоо ирж хар, грашийн цэвэрлэгээ хийгээгүй машин орж гарахаар бөөн шороо бужигнаад зогсоолд байгаа машин дээрх шороог хар цэвэрлэгээ муу хангалтгүй байхад Сууц өмчлөгчдийн холбооны мөнгө өгөхгүй цэвэрлэгээгээ сайн болго гэсэн гомдол сар бүр их гардаг байсан. Энэ гомдлыг Бт өөрт нь олон удаа утсаар болон уулзаж хэлсэн за за гээл хэвээрээ цэвэрлэгээ сайн болохыг их харсан. Байрыг өдөр болгон угаана, байрны гаднах 2 талын хогийг өдөр болгон цэвэрлэнэ, 14 хоноод байрны их цэвэрлэгээ хийнэ сард 2 удаа /хана, шат, паар, орцны хаалга/, 7 хоногт 1 удаа грашийг угаахгүй нойтон үртэсээр шүүрдэж цэвэрлэнэ, хүүхдийн тоглоомын талбайн хогийг өдөр бүр шүүрдэж цэвэрлэнэ. 2024 оны 01 дүгээр сард байрны их цэвэрлэгээ, граш, тоглоомын талбайн цэвэрлэгээг огт хийгээгүй өөрөөс нь асуухад хийгээгүй гэж хэлсэн. Ингээд ажлаа дутуу хийгээд цалингаа 100% авна гэж байхгүй шүү гэж би хэлсэн. 2022 оны 02 дугаар сард ашиглалтад орсон шинэ байрны хана ямар ч өнгөгүй, шал угаахдаа хиртэй даавуугаараа хана руугаа хүргээд дагтаршуулсан хар хир тогтоосон, шал шатан дээр бохь их наалдсан муухай байсан. Оршин суугчид шинэ байрыг цэвэрхэн өнгөтэй цэвэр орчинд амьдармаар байгаа гэсэн санал гомдлыг их хэлж ярьдаг болсон. Коридорын паар, цонхны тавцан дээр байсан ундааны сав, тамхины иш 2-3 хоноод очиход байж л байна, тийм юм тэнд байна цэвэрлэ гэж заавал хэлүүлж цэвэрлэдэг байсан. Цэвэрлэгээ муу, чанаргүй байна гэдгийг өөрт нь сануулж, олон удаа хэлж байсан гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.А нь 2024 оны 01-04 дүгээр саруудад Б сууц өмчлөгчдийн холбоонд үйлчлэгчээр ажиллаж байсан,сар бүр 660,000 төгрөгийн цалин авдаг, 2024 оны 01 сард түр эзгүй үйлчлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн, хавсран гүйцэтгэсэн хугацааны цалинг үндсэн цалин дээр нэмж 1 сарын цалин бодож олгохоор тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ 2024 оны 1,2 сарын цалингаас 350,000 төгрөг дутуу өгснийг гаргуулна гэж нэхэмжилсэн, хариуцагч байгууллагын төлөөлөгч 2024 оны 2 сарын цалинд маргаан байхгүй, 1 сарын цалингаас дутуу өгсөн, цэвэрлэгээ хангалтгүй хийж байсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Хэрэгт авагдсан 2024 оны 01, 02 сарын цалингийн хүснэгт / хх-ийн 14,15х/, Б сууц өмчлөгчдийн холбооны 2024 оны 01, 02 дугаар сарын депозитийн хуулганы 2024 оны 01 дүгээр сарын 16, 2024 оны 01 дүгээр сарын 31, 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гүйлгээгээр /хх-ийн 28-30х/ хариуцагч Б СӨХ нь нэхэмжлэгч Б.Ат 2024 оны 01 сарын цалин 660,000+660,000=1,320,000 төгрөг бодож үүнээс 1,070,000 төгрөгийг гарт олгожээ. 1,320,000 төгрөгийн цалингаас Нийгмийн даатгалын шимтгэл 151,800 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 116,820 төгрөг тус тус суутгаж хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт 18,000 төгрөгийг нэмж тооцоход ажилтанд гарт олгох мөнгө 1,067,380 төгрөг олгогдоно. Б СӨХ нь хариуцагч Б.Ат 2024 оны 01 сарын цалин 1,070,000 төгрөгийг олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд уг сарын цалинг бүрэн олгосон тул 2024 оны 01 сарын цалинг дутуу олгосон гэж нэхэмжлэх үндэслэлгүй.
Харин 2024 оны 02 сарын цалин 660,000 төгрөг бодож үүнээс гарт 200,000 төгрөг олгосон байна. 2024 оны 02 дугаар сарын цалин 660,000 төгрөгөөс Нийгмийн даатгалын шимтгэл 75,900, хувь хүний орлогын албан татвар 58,410 төгрөгийг тус тус суутгаж татварын хөнгөлөлт 18,000 төгрөгийг нэмж тооцоход гарт олгох мөнгө нь 543,690 төгрөг болж байна. Хариуцагч Б СӨХ нь нэхэмжлэгч Б.Ат 2024 оны 02 сарын цалин 200,000 төгрөг олгосон, 343,690 төгрөгийг олгоогүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч талаас 2024 оны 01-04 сарын цалингийн хүснэгт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн, уг баримтаар хариуцагч Б.Аийн цалингаас 2024 оны 02 сард 200,000 төгрөг, 2024 оны 03 сард 220,000 төгрөг, 2024 оны 04 сард 264,000 төгрөг тус тус суутгасан, 2024 оны 04 сарын цалинд 543,690 төгрөгийн цалин гарт олгохоор бодсон боловч 887,390 төгрөг олгосон талаар тэмдэглэгдсэн байна. Нэхэмжлэгч 2024 оны 01,02 сарын цалин дутуу олгосон гэж маргаж байгаа, хариуцагч тал баримтаар ирүүлсэн цалингийн хүснэгт болон дансны гүйлгээний суутгал, илүү олгосон талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй тул шүүх 2024 оны 03, 04 сарын баримтуудад дүгнэлт хийгээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана”, 104.6-т “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч цалин хөлсийг ажилтанд өөрт нь олгоно” гэж хуульчилжээ.
Б сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч Б.Ат 02 дугаар сарын цалин болох 343,690 төгрөгийг өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.6-д заасныг баримтлан хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбооноос 343,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгож нэхэмжлэлийн шаардлагаас 6,310 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 10,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Ат олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.6-т заасныг баримтлан хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбооноос 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамж 11,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН