Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00415

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00415

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                            

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б овогт Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М овогт Л.Б-д холбогдох

2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов. Хариуцагч Л.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийг зээлсэн юм. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй намайг хохироож байна. Хариуцагч Л.Бээс 2,000,000 төгрөг гаргуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би н.Бтэй хамт ажилладаг. 06 дугаар сарын 13-ны өдөр машины лизингээ төлөх шаардлага гараад байна гээд надаас 2,000,000 төгрөг хүүтэй зээлж авсан. Ингэхдээ 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил хийж байгаад бэлнээр нь өгнө гэж хэлж байсан. Тэгээд одоо хүртэл мөнгөө өгөөгүй байна. Утсаар залгаж хэлэхээр би чамд өгөхгүй, шүүх цагдаагаараа яв, надад хамаагүй гэж хэлсэн. Иймд би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би 2,000,000 төгрөг зээлүүлсэн. Буцааж авсан мөнгө байхгүй. Б мөнгө байхгүй гэж хэлдэг байснаа дараа нь тэр шүүхээрээ шийдүүл гэж хэлж байсан. Миний нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөг хүү тооцоогүй үндсэн мөнгө. 10 хувийн хүүтэй гэж тохиролцсон. Гэрээгээ бичгээр байгуулаагүй, аман гэрээ байгуулсан. Би үндсэн 2,000,000 төгрөгөө гаргуулах хүсэлттэй байна. Хариуцагч мөнгөө нэхэхээр мөнгөгүй байна, дараа өгье гэдэг байснаа шүүхээрээ шийдүүл гэдэг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа хэлэхэд чи өөрөө мэд, надад хамаагүй гэж хэлсэн. Би 2,000,000 төгрөгөө дансаар шилжүүлсэн. 3,390,000 төгрөг шилжүүлсэн баримтын 1,390,000 төгрөг нь Л.Б-ийн ажлын хөлс. 2,000,000 төгрөг нь зээлүүлсэн мөнгө гэв.

 

2. Нэхэмжлэгчээс:

- 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.Б-оос Л-ын Бд 3,390,000 төгрөг шилжүүлсэн Х ХХК-н Шилжүүлгийн мэдээллийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч Л.Б-д холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Би н.Б-тэй хамт ажилладаг. 06 дугаар сарын 13-ны өдөр машины лизингээ төлөх шаардлага гараад байна гээд надаас 2,000,000 төгрөг хүүтэй зээлж авсан. Ингэхдээ 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ажил хийж байгаад бэлнээр нь өгнө гэж хэлж байсан. Тэгээд одоо хүртэл мөнгөө өгөөгүй байна. Миний нэхэмжилж байгаа 2,000,000 төгрөг хүү тооцоогүй үндсэн мөнгө. 10 хувийн хүүтэй гэж тохиролцсон. Гэрээгээ бичгээр байгуулаагүй, аман гэрээ байгуулсан. Би үндсэн 2,000,000 төгрөгөө гаргуулах хүсэлттэй байна. 3,390,000 төгрөгийн гүйлгээний баримтын 1,390,000 төгрөг нь Л.Б-ийн ажлын хөлс бөгөөд 2,000,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн боловч эргэж төлөөгүй гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Б-д 3,390,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Х ХХК-н шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь “3,390,000 төгрөгийн гүйлгээний баримтын 1,390,000 төгрөг нь Л.Б-ийн ажлын хөлс бөгөөд 2,000,000 төгрөгийг хүүтэй зээлүүлсэн боловч эргэж төлөөгүй. Хүү нэхэмжлэхгүй, зээлүүлсэн 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн тайлбар гаргасан.

 

Шүүх хариуцагч Л.Б-д 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн Х ХХК-н шилжүүлгийн мэдээллийн баримтыг танилцуулсан бөгөөд түүнд нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэхийг мэдэгджээ. Хариуцагч Л.Б нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх тайлбар, нотлох баримт ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг маргахгүй байна гэж тооцлоо.  

Нэхэмжлэгч Д.Б-оос хариуцагч Л.Б-д 2 сая төгрөг зээлүүлсэн зээлийн гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан болох нь банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар нотлогдож байна, төлөгдөөгүй үндсэн зээл 2,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж хариуцагч Л.Б-ээс 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаж байх тул шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутад хийхээр зарлаж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасан журмаар хариуцагчийн 91503303 дугаарын утсаар шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хариуцагч Л.Б нь шүүх хуралдаанд ирээгүй.

 

Хариуцагч Л.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд мэдэгдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгохоор шийдвэрлэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-ээс 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН