Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 348

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн,

Улсын яллагч Н.Пүрэвтогтох,

Хохирогч Л.Б,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б-ийн Ц-д холбогдох 1710004970199 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоолны инженер, технологич мэргэжилтэй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *********** тоотод оршин суух, хувиараа гахайн ферм ажилуулдаг гэх,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Б-ийн Ц нь:

 

- 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *********** тоотод өөрийн гэртээ салсан нөхрийнхөө дүү Л.Б-ийг “ахыгаа дуудаж ирүүллээ” гэж хүзүү, мөр, гуянд нь заазуураар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тэгээд Б.Ц эгч “Чи яах гэж ахыгаа дуудсан юм” гээд надад уурлаж гал тогооны тавилга дээрээс заазуур аваад намайг түүгээрээ удаа дараа цохисон. ...Б.Ц эгчийн үйлдлээс болж миний зүүн хүзүү орчим газар мөн зүүн хөлний гуянд шарх үүсч, 103-ын эмчээр оёдол тавиулсан... “ гэжээ. / хх 9 /,

 

Гэрч Л.Алтангэрэл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Л.Б айсан байдалтай цамцтай гүйгээд гараад ирэхээр нь би автобуснаас буугаад Л.Б дээр яваад очтол хүзүүнийх нь зүүн хэсэгт зүсэгдээд цус гарч байсан. Ямар ч гэсэн дүүгээ аваад гэр рүүгээ очьё гэж бодоод таксинд суусан. Замдаа цус гараад тогтохгүй байсан. Мөн таксинд суугаад хартал зүүн гуяны хэсгээс нь цус гарч байсан ба зүүн мөрнөөс нь бас цус гарч байсан. Тогтохгүй байсан учраас 120 мянгатын автобусны буудал дээр буугаад 103 дуудсан чинь цагдаа хамт хүрээд ирсэн. ...Б.Ц эгч ийм болгочихлоо гэж хэлсэн...” гэжээ. / хх 15  /,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9243 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Б-ийн биед зүүн гуя, зүүн мөрөнд сорви, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэжээ. / хх 25 /,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Л.Б бид хоёр жижиг шилтэй архи уучихаад байж байтал Л.Б ах Л.Алтангэрэлийгээ дуудсан. “Яагаад ахыгаа дуудаж байгаа юм” гэдгээс болж бид хоёрын хоорондоо хэрүүл маргаан үүссэн. Би гал тогооны өрөөнд байсан ба жаахан уусан дээр нь маргаснаасаа болоод гарт тааралдсан заазуураа аваад Л.Б-ийг зүссэн.  Түүний зүүн мөр болон өвдөгний дээр нь зүсэгдсэн. Хийсэн гэмт үйлдэлдээ харамсаж байна. Харамсалтай үйлдэл болсон. Л.Б-т эм тариа авч өгсөн, мөн 2 удаа эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээний зардлын 650.000 төгрөгийг төлж барагдуулсан. Л.Б-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Надад гэм буруу байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэг шил хувааж уусан. Том ахыг  утсаар яриад дуудахад ах ирээд архи уулаа гэж загначихаад гараад явсан. Б.Ц намайг  “Ахыгаа дуудсан” гээд надтай маргаж, уурлаад миний  мөр, гуйя хэсэгт зүссэн. Одоо миний биеийн байдал сайн байгаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэв.

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41/, ял шалгах хуудас / хх 42/,  төрсний гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт / хх 45 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *********** тоотод өөрийн гэртээ салсан нөхрийнхөө дүү Л.Б-ийг “ахыгаа дуудаж ирүүллээ” гэж хүзүү, мөр, гуянд нь заазуураар зүсэж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12191 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ц нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэсэн болно.

 

 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Л.Б нь 650.000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 56/ гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                     

          1. Х овогт Б-ийн Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ц нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 500 / таван зуун / нэгж буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.ОЛЗОД