Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

А.Н-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч А.Н-т холбогдох эрүүгийн 2113000170050 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын хамтран гаргасан болон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтох нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч А.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, Л.Баттогтох /цахим сүлжээгээр/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов. 

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн ** суманд төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл ** хүнтэй, *** хамт Баян-Өлгий аймгийн ** сумын ** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт  А Н /РД:БЖ0000000/ нь 1998 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Сейфуллиний нэрэмжит Ахмола Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоо-инженер мэргэжлээр төгсөөгүй атлаа уг сургуулийн **** дугаартай “Зоо-инженер” мэргэжлээр төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ашиглаж, 25.070.108 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн  2022/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолоор:  

3.1. Шүүгдэгч М овогт А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

3.4.  Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүйг дурдаж,

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Н-с 25.070.108 /хорин таван сая далан мянга нэг зуун найм/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баян-Өлгий аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан хуулийг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гэмт хэргийн улмаас бодит хохирол учруулсан гэх боловч хойшид үргэлжлэх цалинг иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломжтой гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

4.2. Шүүгдэгч А.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргаар сонгогдохдоо хуурамч диплом ашигласан гэх боловч энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн хууль үйлчлэх хугацаа буюу ашигласнаар гэмт хэрэг төгссөн үе гэж үзнэ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж тооцогдохоос хор уршиг гэж тооцохгүй бөгөөд хуурамч диплом ашигласан гэмт хэрэгт хор уршиг шаардахгүй.

4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийг эдийн засгийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хэрэглэгдэх хэлбэртэй зохицуулалт юм. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим алдагдаж мөн энэ хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзнэ.

4.4. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсгийн шаардлага хангаагүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

4.5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль зүйн дүгнэлтээ төсөөтэй хэрэглэх, хор уршиг гэхийг хэлэлцэхгүй орхиж болох буюу Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасан гэм хорын учралд тооцогдохоор хуулийн зохицуулалт байна.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

5.1. Шүүгдэгч А.Н миний бие Бүгд Найрамдах Казакстан улсын Астана хотын /тухайн үеийн Целинград хотын/ С.Сайфуллины нэрэмжит Агро техникийн Их сургуулийг Зоо инженер мэргэжлээр 1993-1998 оны хооронд суралцаж төгсөөд 0029942 дугаартай дипломоор “дээд бакалавр" эзэмшсэн болох нь тус сургуульд анх элсэн суралцсан болох нь сургуулийн ректорын 1993 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын хуулбар, элсэн суралцагчдын нэрсийн жагсаалт, гэрч И.Д.Х /ахлах багш/, Н.Б /оюутан үйлчилгээний төвийн менежер/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

5.2. Бүгд Найрамдах Казакстан улсын С.Сайфуллины нэрэмжит Ахмола агро техникийн их сургуулийг 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаартай төгсөгчдийн жагсаалт нь тухайн сургуулийг 4 жилийн бүрэн курсээр төгссөн, өөр курсийн оюутнуудын нэрсийн жагсаалт байх тул энэ нь А.Н намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримтад огт хамаагүй болно.

5.3. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 22/20 дугаартай дүгнэлт нь ;хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн учир нотлох баримтаас хасаж тооцох ёстой гэж гомдол гаргаж байна. Учир нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар шинжилгээний объект, баримт материалын зөвхөн эх хувьд криминалистикийн шинжилгээ хийх байтал, А.Н-т олгогдсон гэх 0029942 дугаартай дипломын хуулбар хувьд дүгнэлт гаргасан нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

5.4. Анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 дугаартай “Шийтгэх тогтоол”-ын дүгнэлт хэсэгт шүүгдэгч А.Н намайг 1996 онд 3 дугаар курсээс сургуулиас хасагдсан хэмээн дүгнэсэн нь цугларсан баримтын хүрээнд батлагдаагүй. Тухайлбал А.Н намайг тус сургуулиас хассан талаар сургуулийн удирдлагын эрх бүхий акт /тушаал, шийдвэр/ гараагүй байхад зөвхөн декан Ш гэх хүний сургуулийн удирдлагад гаргаж байсан хүсэлтийг үндэслэн, шүүгдэгч А.Н сургуулиас хасагдсан гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэхээр байна.

5.5. Шүүгдэгч А.Н миний тус сургуульд үргэлжлүүлэн суралцаж байсан болохыг гэрч М.С, X.М,  М.М нар баталсан байхад тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна

5.6. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022\ШЦТ\62 дугаартай “Шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгож А.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож егнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. А.Н-т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай яллах дүгнэлтээр тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсний үндсэн дээр шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

6.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаад байгаа боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

6.3. Энэ хэргийг шалгах явцад эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Казахстан Улсад даалгавар гүйцэтгүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнд А.Н нь тус сургуульд 1993 онд элсэн орсон боловч 1998 онд тус сургуулийг төгсөөгүй болох нь гэрч Б.Н-ийн мэдүүлгээр нотлогдсон. 1995 онд А.Н тухайн сургуульд суралцаж байхдаа сургуулиас хасагдсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байхад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй байна.

6.4. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийсэн ажиллагааны үр дүнд А.Н-г дээд боловсрол эзэмшээгүй гэж үзэх бүрэн үндэслэл тогтоогдсон тул шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй болжээ. Тиймээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгох талаар гомдлыг хангах боломжгүй.

6.5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4.8 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь хуурамч баримт бичгийг үйлдсэн үйлдлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан боловч хуурамч баримт бичиг буюу хуурамч дипломыг ашигласан үйлдэл үргэлжилж байгаа учраас уг үйлдлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зөвхөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдэд хохирол шаардагдана гэсэн агуулгатай тайлбар нь мөн адил үндэслэлгүй байна. Учир нь зөвхөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдэд хохирол яригдахгүй, гэмт хэргийн улмаас учирсан аливаа хохирлыг хохирол, хор уршигт тооцно. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн тайлбар, дүгнэлттэй байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын хамтран гаргасан болон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч А.Н-н ургийн овгийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

9. Шүүгдэгч А.Н нь их дээд сургуулийн дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 7/441 дугаартай “Тус яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд А.Н /БЖ********/ нь дээд боловсрол эзэмшсэн бүртгэлгүй байна” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 15 дахь тал/,

- гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа А.Н нь Бүгд Найрамдах Казахстан улсад дээд боловсрол буюу Зоо-инженер мэргэжлээр төгссөн гэж өөрөө ярьдаг бөгөөд сая сумын Засаг даргаар нэр дэвших санал авахад миний бие Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч хүний хувьд мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой, сумын Засаг дарга болох шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор төгссөн гэх Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сейфуллин гэх дээд сургууль руу нь хүсэлт өгч явуулахад уг сургуулиас 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1700/2230 дугаартай албан бичгийг мэйл хаягаар ирүүлсэн юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

- гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Тэгээд дараа нь таарахад дипломоо бүтээгээд авсан гэж надад хэлж байсан. Түүнээс биш 1998 оны төгсөлтөөр А.Н байгаагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

- гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...Намайг энэ оны 3 дугаар сарын 04-ний өдөр эмнэлэгт хэвтэж байхад А.Н-н ах нь болох А.М ирээд уулзаж цагдаагаас дуудаж асуусан уу, асуувал манай дүү А.Н-г сургуулийг хамт төгссөн гэж хэлээрэй гээд гуйгаад явсан. Тэгэхээр нь би тэгж хэлж чадахгүй гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 07 дахь тал/,

- хэрэг бүртгэлтийн 211300017 дугаартай хэрэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлсэн эрх зүйн харилцан туслалцааны хүсэлтийн гүйцэтгэл бүхий баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 101-184 дэх тал/,

- гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...А.Н нь 1993-аас 1995 оны хооронд суралцаж байсан, дараа нь түүнийг хассан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 115-118, 165-169 дэх тал/,

- Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сайфуллины нэрэмжит Ахмола газар тариалангийн их сургуулийн 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаартай тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 120, 173-179 дэх тал/, 

- Бүгд Найрамдах Казахстан Улсын Целиноград аж ахуйн их сургуулийн 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 807 дугаартай тушаалын хуулбар  /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,

- Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол эзэмшигчдэд үйлчилгээ үзүүлэх төвийн захирал Г.Ж-ийн “А.Н нь манай их сургуульд суралцаагүй, түүнчлэн манай төгсөгчдийн бүртгэл дээр байхгүй болно” гэх албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

- мөрдөгчөөс 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “ЖБ-II, №0186200 дугаартай диплом, хавсралт, ЖБ-II, №0029942 дугаартай диплом, хавсралт баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл”-д “...Харин яллагдагч А.Н-н гаргаж өгсөн ЖБ-II, №0029942 дугаартай дипломын хавсралт буюу дүнгийн хэсгийг харахад түр хураан авсан ЖБ-II, №0186200 дугаартай дипломын хавсралтын дүнтэй бүгд адилхан ба дипломын ажил хамгаалсан сэдэв нь хүртэл адилхан байв” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 246-250 дахь тал/,

- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 22/20 дугаартай дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 17-20 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хэрэгт ач холбогдолтой бусад нөхцөл байдлууд  эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.  Энэ талаар гаргасан шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Х.Зулхаш нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            10. Шүүгдэгч А.Н-т холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Бүгд Найрамдах Казахстан Улсын Сакен Сайфуллины нэрэмжит Ахмола газар тариалангийн их сургуулийн албан бичгүүд болон тушаалын хуулбарууд зэрэг нотлох баримтууд нь А.Н-г “хуурамч диплом болохыг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үед Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын албан тушаалд томилогдохдоо ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болжээ. Шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн 56.3.1 дэх заалтад “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь “дээд боловсролтой байх” шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан.

 

Энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь эрүүгийн эрх зүйн гэм буруугийн хийгээд шударга ёсны, хууль ёсны, бодит байдлыг тогтоох зарчмуудад тус тус бүрэн нийцжээ.

 

11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч диплом болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх тухайн үйл баримтад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шүүгдэгч А.Н-т шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Н-с гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох түүний сумын Засаг даргаар ажиллаж байх үеийн цалин хөлс 25.070.108 /хорин таван сая далан мянга нэг зуун найм/ төгрөгийг хохиролд тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд, тухайлбал шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч А.Н-н ургийн овгийг “М” гэж буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг хэрэгт авагдсан түүний хувийн байдлыг тодорхойлох баримт бичгүүдийг үндэслэж “М” гэж өөрчлөн зөвтгөх нь хууль ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч А.Н-н ургийн овог “М” биш, харин  “М” мөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаагаар тогтоогдов. /1 дэх хавтаст хэргийн 25, 145 дахь тал/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/62 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “М м овогт А.Н” гэснийг “М х овогт А.Н” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н болон түүний  өмгөөлөгч Х.Зулхаш нарын хамтран гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Баттогтохын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК