Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0934/З |
Дугаар | 128/ШШ2024/0384 |
Огноо | 2024-04-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0384
2024 04 30 | 128/ШШ2024/0384 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “У С” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл
Гуравдагч этгээд: “Д С Н” НҮТББ
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/, Д.Н /цахимаар/, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах,
1.2. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч “У С” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар тушаалаар[1] ...12.45 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, ... дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”[2]-г 5 жилийн хугацаагаар олгосон байна.
2.2. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тушаалаар дээрх газрыг сэргээн олгож, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”[3]-г нөхөн байгуулж, ... дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”[4]-гээр газар ашиглах эрхийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгажээ.
2.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 586 дугаар албан бичгээр У С ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2-т заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн.
2.4. “У С” ХХК-иас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/16 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд “...үйл баримт болон хууль эрх зүйн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” тайлбар хүргүүлжээ.
2.5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт нэхэмжлэгч У С ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний ашиглалтын талбайн солбицолыг өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг явуулсан.
2.6. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталжээ.
2.7. Ингээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай”[5] тушаалаар У С ХХК-д олгосон 124498.0 м.кв газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар албан бичгээр[6] ирүүлсэн саналын дагуу орц, гарц нээж 1442.0 м.кв талбайг хэсэгчлэн цуцалсан байна.
2.8. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1037 тоот албан бичгээр[7] Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу мэдэгдэл хүргүүлсэн.
2.9. Нэхэмжлэгч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1037 тоот албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авсан гэж тайлбарласан.
2.10. Тус албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” тушаалаар У С ХХК-д олгосон 124498.0 м.кв газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу орц, гарц нээж 1442.0 м.кв талбайг хэсэгчлэн цуцалсан гэдгийг мэдэгдсэн байна.
2.11 Энэхүү шийдвэрийг У С ХХК эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
2.12. Нэхэмжлэгчийн зүгээс ...Нэхэмжлэгч байгууллага нь 2016 оноос хойш ... 124498 м.кв газар ашиглаж ирсэн бөгөөд хаана, хэний, ямар орц, гарцыг хаасан болон хаагуур хэрхэн орц гарц гаргах шаардлага үүссэн талаар ямар ч баримтгүйгээр, нэхэмжлэгчид энэ талаар огт мэдэгдэлгүйгээр газраас минь хэсэгчлэн цуцалсан нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн… гэх агуулгаар маргаж байна.
2.13. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч ... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн захиргааны төв байгууллага нь өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэснийг баримтлан ... газар ашиглагч ДС НҮТББ-д орц гарц гаргах шаардлагын хүрээнд У С ХХК-ийн ашиглаж байгаа газраас 1442 м.кв хэмжээ бүхий талбайг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг үндэслэн хэсэгчлэн цуцалсан… гэх агуулгаар тайлбарлаж байна.
2.14. Тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШЗ2024/0882 дугаартай шүүгчийн захирамжаар Д С Н НҮТББ-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “У С” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ... тушаалын дагуу ... газар ашиглах эрхтэй болсон бөгөөд өнөөдрийг хүртэл газраа тасралтгүй зохих журмын дагуу ашиглаж байна.
Бид ашиглах эрх бүхий газартаа нийслэлийн бүх иргэд ирж амарч, аялж, зугаалах боломжтой дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах эко аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөж өдөрт 300 гаруй ажилчин, 100 гаруй техник, тоног төхөөрөмж ажиллуулж 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад байна.
Үүнээс гадна дээр дурдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлсэн ба тухайлбал холбогдох техникийн нөхцөлүүд, байгаль орчинд нөлөөлөх байдлын болон геологийн үнэлгээ, дүгнэлтүүдээс гадна Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, Ерөнхий төлөвлөгөө буюу загвар зургийг батлуулсан. Мөн аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулахад шаардлагатай хамгийн эцсийн зөвшөөрөл болох Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр авч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Мөн бидний зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж барагдуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын төлбөрт 386,937,760 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тушаал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор хөндөж ашиглах эрх бүхий газрын хэмжээнээс 1442.0 м.кв талбайг хэсэгчлэн цуцалсан байна.
Ингэхдээ манай компанид сонсох ажиллагаа хийгээгүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, хөндөгдөж болзошгүй талаар зөвлөлийн зүгээс болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс мэдэгдээгүй, ядаж утсаар ч хэлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хөндөж байна. Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар саналыг нэхэмжлэгч байгууллага огт мэдээгүй байгаа нь Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг бүхэлд нь зөрчсөн байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хаагуур, ямар хэрэгцээ шаардлагын улмаас орц, гарц гаргах гэж байгаа талаар болон уг ажиллагаанд нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газраас 1442.0м.кв газрыг цуцлах зайлшгүй шаардлага үүссэн эсэх, өөр арга замаар шийдвэрлэх боломж байсан эсэх талаар тогтоогоогүй байна.
Орц гарц гаргаж өгсөн тухай: Нэхэмжлэгч “У С” ХХК нь 2016 оноос хойш уг газраа тасралтгүй ашиглаж ирсэн. Бидний ашиглах эрх бүхий газрын зүүн талаар биднээс хойш газар ашиглах эрхтэй бусад этгээдүүд зөвшөөрөлгүйгээр үерийн далан барьснаас үүдэн нийтийн эдэлбэрийн орц, гарц гаргаж өгөх шаардлага үүсэж өөрсдийн газрын солбилцлын цэгт өөрчлөлт оруулж орц гарц гаргаж өгсөн.
Тухайлбал Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №125 тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/264 тоот "Нэгж талбарын солбилцол өөрчлөх тухай" тушаалыг үндэслэн солбилцлоо өөрчлүүлж, орц, гарц гаргаж өгч байсан болохыг анхаарч үзнэ үү.
Бидний зүгээс дээр дурдсанаар солбилцлын цэгээ өөрчлүүлсэнтэй холбоотойгоор өмнө нь байгуулсан байсан гэрээ, мэргэжлийн байгууллагаар зуруулсан байсан зураг төсөл, төлөвлөгөө, зохих зөвшөөрлүүд бүгд шинэчлэгдэх шаардлагатай болж дахин шинээр хийхээс өөр аргагүй болсон. Бидний зүгээс дахин хөрөнгө мөнгө гаргаж, бүхий л зөвшөөрөл, бичиг баримтыг шинэчлэн авч, зураг төсөл хийлгэж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.
Нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1037 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авч маргаан бүхий актын хуулбартай танилцсан ба уг мэдэгдэл гарсан өдрөөс буюу 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хугацааг тоолсон болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
3.2. Нэхэмжлэгч “У С” ХХК 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа[8]:
“…Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 10 сарын 31-ний өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дээрх нэмэгдүүлсэн шаардлагын зүйл болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 9065 дугаар захирамжаар “...хурлаас гарсан захиргааны ямар акттай маргаж буй, уг актыг хэзээ хэрхэн мэдсэн, түүнд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх... тодорхойгүй үндэслэлээр захирамж гаргаж нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23/24 албан бичиг, 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 23/26 тоот албан бичгээр тус тус хандаж маргаан бүхий актын хуулбарыг гардаж авах болон, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр өргөдөл, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй, тодорхой шийдвэр гаргаагүй, уг зөвлөлөөс гаргасан шийдвэрийг нэхэмжлэгч нарт хуулбарлаж ч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймд нэгэнт хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэрлэхийг хүсэхгүй, бидний гаргасан өргөдөлд хариу өгөхгүй байсаар хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байх тул уг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргаж байгаа болно.
Нэхэмжлэгч компаний зүгээс Байгаль орчин, аялап жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот тушаалын үндэслэл болсон дээрх зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд чухал ач холбогдолтой бөгөөд уг шийдвэрийг мөн хүчингүй болгуулснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх бодитой сэргэх нөхцөл үүснэ гэж үзэж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн маргаан бүхий тушаалын гол үндэслэл нь тухайн зөвлөлийн хурлын шийдвэр байсан ч хариуцагчийн тайлбараас үзэхэд тушаал гараагүй гэж тайлбарласан. Тухайн ...дугаар тушаал нь иргэн хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг судлаад хүчингүй болгуулах тушаал байдаг. Гэтэл тус тушаалын дагуу тухайн зөвлөлөөс шийдвэр гарч байж сайдын ... дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл болох ёстой байсан. Гэвч анхнаасаа тухайн хянан шийдвэрлэх зөвлөлөөс шийдвэр гараагүй талаар хариуцагч талаас тайлбарладаг. Үүнээс харахад маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ... дүгээр тушаал нь эрх зүйн үндэслэлгүй гэдгийг хариуцагч талаас тайлбарлаж байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4.2.2, 4.2.5-д заасан зарчмуудыг хангаагүй, зөрчсөн байна.
Үүнээс гадна маргаан бүхий ... дүгээр тушаалын үндэслэлд ... гэх Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал байгаа. Гэвч тухайн албан бичгийг маргаан бүхий ... дүгээр тушаалын үндэслэл болгож, тухайн газрыг хэсэгчилж цуцалсан гэж харахгүй байгаа. Харин жинхэнэ хууль зүйн үндэслэлийг тухайн газар ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэр гэж байсан боловч тухайн шийдвэр нь гараагүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт маргаан бүхий ... дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэгэн үндэслэл нь сонсох ажиллагааг хийгээгүй. Тухайлбал 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 586 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэж байгаа ч тухайн албан бичиг нь нийтийн эдэлбэрийн орц, гарцыг гаргах тухай албан бичиг байсан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35.2.5 гэх байхгүй хуулийн заалтыг үндэслэж албан бичиг явуулсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас тайлбар өгсөн. Гэтэл энэ талаар дурдаагүй. Байхгүй хууль үндэслэж ирүүлсэн сонсох ажиллагааны мэдэгдлийг сонсох ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэж боломжгүй байна.
Гуравдугаарт захиргааны байгууллагаас гарсан шийдвэр нь зайлшгүй нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Гуравдагч этгээд талаас тайлбарлаж байгаа хавтаст хэргийн 138 дугаар талд Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас дүгнэлт гаргаж ирүүлэх тухай баримт ирсэн байгаа. Тухайлбал 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тухайн орц гарцын давхцалтай холбоотой дүгнэлт гаргуулж ирүүл гэсэн боловч тухайн дүгнэлт гараагүй. Хавтаст хэргийн 139 дүгээр талд авагдсан гуравдагч этгээд болон иргэн н.Ч нарт хариу хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Тухайн албан бичигт бусад иргэн, хуулийн этгээдийн газартай давхцуулахгүйгээр орц, гарцыг шийдвэрлэх боломжтой гэсэн болохоос нэхэмжлэгчийн газар нь давхцаж байгаа гэх агуулга бүхий албан бичиг биш. Мөн эдгээр албан бичгүүдийн нэг нь ч нэхэмжлэгч компанид ирээгүй.
Хамгийн чухал нь нэхэмжлэгчийн газраас хэсэгчлэн цуцлах хууль зүйн үндэслэл юу байсан талаар тодорхойгүй бөгөөд тухайн нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ь хангаж өгнө үү…” гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…нэхэмжлэгч компанид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас ...д 12.45 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон байдаг. “ДС” ТББ-аас орц гарцын асуудал яригдаж, түүний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа хийж, улмаар Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар газрыг хэсэгчлэн цуцлахаар шийдвэрлэсэн. Тухайн зөвлөл нь тусгай хамгаалалттай газар ашиглах хяналтыг сайжруулах зорилготой ажлын хэсэг байсан. Ажлын хэсгийн гишүүдээс гарсан шийдвэр нь ямар нэгэн эрх зүйн харилцааг зохицуулдаггүй, эрх үйн шууд үр дагавар бий болгодоггүй. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ... дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн 1442 м.кв газар хэсэгчлэн цуцлагдсан. Ингэж тухайн компаниудын орц, гарцын асуудлыг шийдвэрлэсэн…” гэв.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “У С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны ... дугаар тушаалаар “У С” ХХК-д Аялал жуучлалын зориулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын ... нэртэй газарт 12.45 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглуулах эрх олгосон.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” ... дугаар тушаалаар хэсэгчлэн цуцалсан байдаг.
Тус тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан Төрийн захиргааны төв байгууллага нь өөрт олгогдсон бүрийн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэснийг баримтлан ...ны газар ашиглагч ДС НҮТББ-д орц гарц гаргах шаардлагын хүрээнд У С ХХК-ийн ашиглаж байгаа газраас 1442 м.кв хэмжээ бүхий талбайг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг үндэслэн хэсэгчлэн цуцалсан.
Сонсох ажиллагааны мэдэгдлийн хувьд Богдхан уулын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг хийсэн болно.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан зөвлөл нь компаниудаас ирсэн хүсэлт, өргөдлийг хурлаар шийдвэрлэж байгаа. Тиймээс шийдвэр гараагүй гэж хэлж болохгүй. Хурлын шийдвэр бичгийн бус аман хэлбэрээр гарсан байдаг. Энэ нь хэн нэгний эрх ашгийг хөндөж, асуудлыг шийдвэрлэсэн шууд эрх зүйн харилцаа үүсгэхгүй байгаа. Хурлаар асуудал шийдвэрлэж, сайдад танилцуулах агуулгаар үйл ажиллагаа явж байгаа… Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” ... дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь тусгай хамгаалалттай БХУДЦГ-ын Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо богино аманд Улсын дээд шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоол, мөн Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын .... тушаалаар .... тоот газар ашиглах гэрчилгээ, .... тоот газар ашиглах тухай гэрээгээр тус газарт ХБХГ-ын МЗХ-2022/20-008 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ... тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулж байна.
Тус газарт газар ашиглагч нарын зүгээс орц гарц, нийтийн зорчих хэсгийн зам талбайн газар чөлөөлүүлэх талаар 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл маргаан үл тасарч эцэслэн шийдэгдэхэд У С компанийн зүгээс саад учруулсаар бусад газар ашиглагчдын хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөөр ирсэн болно. Гэвч шүүхээс “У С” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, манай байгууллагыг гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа нь хуульд нийцэж байна ….бид 2015 онд тухайн газрыг ашиглаж байсан.
Гэтэл “УТ” ХХК-тай давхцалтай гэж 6 жил шүүхээр явж байж 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн … дугаар тогтоолоор тухайн газрыг ашиглаж эхэлсэн. Тус газрыг ашиглаж байхад байсан замын талаар л өнөөдөр ярьж байна. Тус 2020 оны шүүхийн шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам биелүүлэлгүй 3 жил явсныг хавтаст хэрэгт авагдсан баримт болон Авлигатай тэмцэх газрын бичиг байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчид хандаж хэлэхэд “ДС” НҮТББ нь 2015 оны … дүгээр захирамжаар Тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж байсан нь 2016 оноос захиргааны маргаан болж хувиран, 2020 онд эцэслэн шийдвэрлэгдээд, уг хугацаанаас хойш Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэх гэж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа болохоос гэнэт гарч ирсэн зүйл биш. Мөн тухайн замын асуудал нь удаа дараа “давуу байдал олгосон байна..., замыг хаасан байна..., нээж өг” гэх зүйлс Авлигатай тэмцэх газар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын их хурлын гишүүн Ц.Н хүртэл сонгогчдынхоо хүсэл зоригийг хангах үүднээс уг асуудал яригдаж байсан.
Зураг дээр 2 зам зурагдсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худал хэлж байна. Шүүхэд худал хэлж болохгүй. Яагаад худал хэлж байгаа талаар хавтаст хэргийн 137 дугаар хуудаст авагдсан зургаар нотлогдож байна. Зүүн талаар зам байгаа гэдэг нь зам байгаа л гэсэн үг. Үүнийг зоригтой хэлчхэж чадахгүй яагаад гацаж, түгдрээд байгаа юм. Энэ Хот байгуулалт, хөгжлийн газраас зам дээр барилга зурахгүй. Өмнө хардаггүй юм уу? гэж скиз зурагт их ач холбогдол өгөөд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь мэргэжлийн зураг төслийн багтай биш, шинжээч хийх байгууллага биш. Мэргэжлийн компаниуд хийдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Яамнаас зураг зураад өгдөггүй. Барилга байгууламж ямар дэд бүтцээр хангагдах талаар тус тусдаа зургаа зуруулаад явдаг. Яам тухайн зурсан зургийг хуулийн хүрээнд баталж, гарын үсэг зурдаг. Дахин зураг хийхэд 200-300 сая төгрөгийн зардал гардаг гэж байна. Хэзээ ч зурагт өөрчлөлт оруулахад тийм их мөнгө орохгүй. Тэгвэл баян төртэй болно. Төлбөр нь бага байдаг шүү дээ. Ингэж шүүхэд буруу ойлголтыг өгч болохгүй. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага орц, гарцын тухай асуудал яригдана. Сонсох ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарлаж байна. Тухайн ажиллагаа хийгдсэн болоод хариу тайлбар хүргүүлээгүй юм уу. Шүүх хуралдаанд ийм ёс зүйгүй байж болохгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.
4.2.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “У С” ХХК нь гаргасан нэхэмжлэлийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэр хэрхэн өөрийнх нь субъектив эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон маргааны үйл баримтаас үзвэл Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл” нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаж, ...У С ХХК-ний ...ашиглаж буй 124498.0 м.кв газраас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу орц, гарц нээх зорилгоор 1442.0 м.кв талбайг хэсэгчлэн цуцлах... шийдвэрийг хамтын зарчмаар гаргасан гэх боловч тус зөвлөл энэхүү маргааны бүхий шийдвэрээ бичмэл хэлбэрээр гаргаагүй.
4.5.Хэдийгээр амаар гарсан шийдвэр гэх боловч Захиргааны ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.захиргааны актыг хойшлуулшгүй гаргах шаардлагатай бол; 41.1.2.хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой хэлбэрийг заасан бол; 41.1.3.эрх зүйн ялимгүй үр дагавар бүхий асуудлыг шийдвэрлэх бол; 41.1.4.захиргааны актыг бичгээр гаргах боломжгүй, эсхүл тохиромжгүй бол” заасан Захиргааны актыг бичмэл бус хэлбэрээр гаргах нөхцөл шаардлагыг хангахгүй байна.
4.6.Нөгөөтээгүүр маргааны үйл баримтад дурдсан асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байхын сацуу Монгол Улсад Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн, 8 дахь жилдээ болж байхад хариуцагч энэ хуулийн үзэл баримтлалыг төдийлөн бүрэн дүүрэн ойлгож, захиргааны үйл ажиллагаандаа хэвшээгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
4.7.Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Захиргааны актыг бичгээр гаргах хэлбэрийн шаардлагыг хангаагүй боловч дээрх акт нь нэхэмжлэгчид чиглээгүй, түүнд ямар нэгэн үүрэг бий болгоогүй, тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр биш байна.
4.8.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: гээд мөн зүйлийн 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; гэж заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тав: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
5.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.2. Маргаж буй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалын эрх зүйн голлох үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх заалт байна.
5.3.Тус хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхийг нэрлэн заасан байх бөгөөд мөн зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэжээ
5.4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/3820 “хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “......, ...анд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны ... дугаар тушаалаар У С ХХК-д 12,45 га газрыг Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн 2022 оны мэргэжлийн зөвлөлийн хуралд хэлэлцүүлэн Аялал жуулчлалын цогцолбор зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Аялал жуулчлалын цогцолборын зориулалттай загвар зураг батлагдсан байна. Тус загвар зурагт зүүн тийш нийтэд үйлчлэх орц, гарцтай байхаар төлөвлөн батлуулсан...”[9] болох, мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 09/6399 “Санал авах тухай” албан бичгийн дагуу[10] “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд Богд хан уулын дархан цаазат газар, ...анд газар дээр нь очиж ажиллан, ...Д С Н НҮТББ,-н орц гарцыг “У С” ХХК-ийн ашиглалтын талбайн зүүн талаар өгсөж байгалийн үерийн усны жалгатай хэсгийг суваг шуудуу болгон тохижуулж бусад газар ашиглагч нарын газартай давхцал үүсгэлгүйгээр шийдвэрлэх боломжтой болохыг газар дээр нь зөвлөлдөж шийдвэрлэсэн болох нь Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1649 албан бичгээр[11] тус тус тогтоогдож байна.
5.5.Улмаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ... албан бичгээр “Д С Н” НҮТББ-ийн ашиглаж байгаа газарт орц гарц гаргах шаардлагыг харгалзан үзээд “У С” ХХК-ийн ашиглалтын талбайн солбилцолыг өөрчлүүлэх, талбайн хэмжээг хэсэгчлэн цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байна[12] .
5.6.Шүүхээс талуудын маргаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхийн тулд маргаан бүхий газар дээр шүүхээс үзлэг хийх байдлаар нөхцөл байдлыг тодруулахад гуравдагч этгээд болох “Д С Н” НҮТББ-д бодит байдал дээр төв замтай холбогдох орц, гарц гаргах зайлшгүй шаардлага үүссэн, цаашилбал, гал, онцгой байдал болон яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах боломжгүй буюу тухайн учрах гамшгийн эрсдэлээс хамгаалах аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад хүндрэл учрах эрсдэлтэй байна.
5.7.Уг асуудлыг зөвхөн нэхэмжлэгчийн ашиглаж буй газраас хэсэгчлэн цуцлах байдлаар шийдвэрлэхээс өөр байдлаар шийдвэрлэх боломжгүй байх ба гуравдагч этгээдийн объект руу тээврийн хэрэгсэл нэвтрэх орц, гарцыг нээж өгснөөр цаашид түүний хувьд бодитойгоор газар ашиглах эрхээ эдлэх боломж нээгдэж байгаа юм.
5.8.Хариуцагчийн энэхүү үйл ажиллагаа нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх” хуулийн зүйл заалттай нийцэж байх бөгөөд тус хуулийг хэрэгжүүлэх байдлаар маргаан бүхий актыг гаргасан нь зөв байна.
5.9.Хэдийгээр нэхэмжлэгчээс “...сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй…” хэмээн тайлбарлан маргах боловч үүссэн нөхцөл байдал, захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажиллагааг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан У С ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 23/16 дугаар албан бичгээр Богдхан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан баримтаар[13] тогтоогдсон тул энэхүү Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлан гаргасан захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хэрэгт авагдсан баримтуудын дагуу орц гарц гаргахад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дугаар зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “У С” ХХК-иас гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ...дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалтын нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан “У С” ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1]1 Хавтас хэргийн 237 хуудас
[2] 1 Хавтас хэргийн 236 хуудас
[3] 1 хавтас хэргийн 12 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 9 хуудас
[5] 1 хавтас хэргийн 39 хуудас
[6] 1 хавтас хэргийн 40 хуудас
[7] 1 хавтас хэргийн 17 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 48 хуудас
[9] Хавтас хэргийн 137 хуудас
[10] Хавтас хэргийн 138 хуудас
[11] Хавтас хэргийн 139 хуудас
[12] Хавтас хэргийн 142 хуудас
[13] Хавтас хэргийн 223 хуудас