Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/1044

 

                       Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй   

                       иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02836 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дүгээр магадлалтай,

            Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,

           “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох       

            Тэтгэмжийн зөрүү 10.735.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн       

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл “Автобус-1”, “Автобус-3” компанид кондукторын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөг хүртэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус-3 баазад кондуктороор ажиллаж, улсад нийт 19 жил 4 сар ажилласан. Намайг өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах хүсэлтээ өг гэж шахаж шаардсаны улмаас дээрх үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б/1155 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор надад хуулинд зааснаар ажлаас халсан тэтгэмжийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын хамтын гэрээний 2-ын Д-д зааснаар тэтгэвэрт гарсан ажилтанд ажилласан жилээс хамаарч үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасны дагуу миний бие тухайн байгууллагад 19 жил 4 сарын хугацаанд ажилласан байхад хамтын гэрээнд зааснаар 15 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн ажлаас халагдсаны тэтгэмжийг олгоогүй. Иймд Д.Долгорсүрэн миний бие тус байгууллагад 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийтдээ 19 жил 4 сар ажиллаад ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйл болон хамтын гэрээнд заасан үндэслэлээр ажилласан жилээс хамаарч 15 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн ажлаас халагдсаны тэтгэмж авах байснаас 1 сарын тэтгэмжийг авчихсан тул үлдсэн 14 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн ажлаас халагдсаны тэтгэмжийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү. Намайг 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ажлаас чөлөөлж, 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажилд эгүүлэн авсан байгаа. Энэ хугацааг би нийт ажилласан жилдээ оруулаагүй, хасч тооцсон. Хамтын гэрээнд тасралтгүй ажилласан гэж байхгүй зөвхөн ажилласан жилээс нь хамаарч гэж байгаа учир хариуцагч талын тайлбарыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 3 дугаар баазад 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 271 тушаалаар мөнгө хураагчаар орж ажиллаж байгаад 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/1155 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1304 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 766 855 төгрөг олгосон. Д.Долгорсүрэн нь манай байгууллагад тасралтгүй 19 жил 4 сар ажилласан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Д.Долгорсүрэн нь автобус-1 дүгээр баазад ажиллаж байгаад автобус-3 дугаар баазад 1997 онд мөнгө хураагчаар ажилд ороод 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 84 тоот тушаалаар шугамд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хувийн автобусны билет тасалж ажлын хариуцлага алдсан тул ажлаас халагдаж байсан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь Автобус-3 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулсан бөгөөд 2010-2012 онд хэрэгжүүлсэн хамтын гэрээ юм. Уг хамтын гэрээний 1.7-д аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх бөгөөд түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч ажилтны төлөөлөгчид хэлэлцээр хийж шийдвэрлэнэ гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдье, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01 албан тоотоор хамтын гэрээнд ҮЭ-ийн байгууллагыг төлөөлж оролцох төлөөлөгчдийн нэрсийг баталсан. Нэхэмжлэгчийн шаардлагаа үндэслээд байгаа хамтын гэрээг бид дотоод үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй талаар албан бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3155 тоотоор 3 дугаар баазын ҮЭХ-нд хүргүүлж мэдэгдсэн. Энэ маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадна урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх гэж заасныг баримтлаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автобус-3 ХХК-д Д.Долгорсүрэн нь 1995 онд ажилд ороод 1997 онд Автобус-3 ХХК-д шилжин ажиллаж байгаад 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 84 тоот тушаалаар өөрийнх нь алдаа гаргасны улмаас ажлаас халагдаад улмаар 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр буцаад ажилдаа орсон. Энэ нь ажил олгогчоос шалтгаалаагүй өөрийнх нь алдаанаас болж ажилласан жил нь тасарсан байдаг учраас үүнийг бид 19 жилээр тооцох боломжгүй, зөвхөн Автобус-3 ХХК-д орсон буюу 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Д.Долгорсүрэнг манай байгууллагад ажилласан гэж үзэж байгаа юм. Автобус-3 ОНӨҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 тоот захирамжаар татан буугдаж, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулагдсан юм. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасан заалтыг мөрдөж ажилласан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 тоот захирамжийг үндэслэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалт нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр үйлдвэрийн газрууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулсан нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 4 үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран ажиллаж байгаа учраас тус тусынх нь хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй юм. Ингээд эдгээр хамтын гэрээг баримтлах үндэслэлгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулиа баримтлаад өндөр настны тэтгэвэрт гарсан хүмүүстээ 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02836 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 18 дугаар зүйлийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 10 735 970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Долгорсүрэнд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 186 725 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дүгээр магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Д.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй “Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Тодруулбал давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Давж заалдах шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана. Нэгдүгээр үндэслэлийн хувьд: Анхан шатны шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарыг 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2013 онд мөрдөж байсан хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна. Цаашлаад Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус 1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазарууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл” болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэсэн заалтыг ажил олгогч мөрдөж ажиллаж байна. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуульд заасан зарчим зөрчигдөхөд хүрээд байна. Хоёрдугаар үндэслэлийн хувьд: Анхан шатны шүүх хамтын гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа бол тухайн хамтын гэрээний 2.2-ын “д” хэсэгт үндсэн цалинтай тэнцэх гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндсэн цалин /байгууллагаас цалингийн тодорхойлолт, цалингийн цэсийг хэрэгт хавсаргасан/ болох 437500*14=үүнээс байгууллага нэхэмжлэгчид олгосон 766.855 төгрөгийг хасаад үлдсэн 5.358.145 төгрөг гэж тооцох байсан. Гэтэл уг мөнгийг хасаж тооцолгүй архиметик алдаа гаргаж 766.855*14сар=10.735.970 төгрөгийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хамтын гэрээнд буцалтгүй тусламжийн хэмжээг ажилтны үндсэн цалингаас тооцож олгохоор заасан байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан цалин хөлснөөс тооцсонд гомдолтой байна Хамтын гэрээнд заагдсан буцалтгүй тэтгэмжийн хэмжээг ажилтны үндсэн цалингаас тооцож олгохоор заасан нь гэрээний чөлөөт байдалтай нийцэж байна гэж хариуцагч үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсонтой холбогдон ажил олгогчид үүссэн үүрэгтэй холбогдох маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн хамаарах зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-д холбогдуулан 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 10 735 970 төгрөг гаргуулна гэснийг хариуцагч нь “...энэ хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, гэрээг шинээр байгуулахаар хэлэлцэж байгаа, ...урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан..., тасралтгүй ажилласан байх ёстой тул 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш тооцох ёстой...” гэжээ.

“Автобус-3” компани нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/778 тоот захирамжаар татан буугдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 132 тогтоолоор “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон өөрчлөн байгуулагдсан, нэхэмжлэгч Д.Долгорсүрэнг 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/1155 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Харин хамтын гэрээг дагаж мөрдөх эсэх болон нэхэмжлэгчийн нийт ажилласан хугацааны нэмэгдэл тэтгэмж олгох талаар маргасан байна.

“Автобус-1” компанийн захирлын 1995 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 126 тоот тушаал, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/2418 тоот “Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс”-т хүргүүлсэн албан бичиг, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Б/1155 тоот тушаал болон түүний Нийгмийн даатгалын 552895, 007256 дугаартай дэвтрүүдийн хуулбараар нэхэмжлэгч Д.Долгорсүрэн нь Автобус-1 компанид 1995 оны 7 дугаар сарын 17-ны өдөр кондуктороор ажилд орж, улмаар Автобус-3, Зорчигч тээврийн нэгтгэлд 2015 ны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд кондуктор, мөнгө хураагчаар нийт 19 жил 21 хоног ажилласан болох нь тогтоогдож байна. /хх 8-19, 26, 36, 66, 67/

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/1155 тоот тушаалаар Д.Долгорсүрэнг өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн гэсэн үндэслэлээр 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон, хөдөлмөрийн гэрээг цуцалж, захирлын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1304 тоот тушаалаар Д.Долгорсүрэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж буюу 766 855 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. /хх-4, 5/

Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах буюу нийлүүлснээр шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд өмнөх байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө төдийгүй үүрэг, хариуцлага хамт шилжих учраас хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь хамтын гэрээнд заасан тэтгэмж олгох үүргээ биелүүлэх ёстой гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ  Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй “Автобус-3” НӨҮГ-ын 2010 оноос 2012 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2011 оны 05 дугаар сарын 25, 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус Сүхбаатар дүүргийн Тамгын газарт бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна. /хх 21-25/          

Дээрх гэрээний 2.2.Д-д “...15-аас 20 жил хүртэл ажилласан ажилтан 15 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг шаардах эрхтэй” гэж заасан байх тул “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/1304 тоот тушаалаар нэхэмжлэгчид дутуу олгогдсон 14 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх зүйлд заасан зохицуулалтад нийцсэн гэж үзнэ. 

Нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Анхан болог давж заалдах шатны шүүх “...хуулиар тогтоосон дундаж “цалин хөлс”-нөөс тооцох журмыг мөн хуулийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцээр хийхдээ өөрчлөн “үндсэн цалин” болгож, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан тохиолдолд уг хэлэлцээрийн заалтыг хуульд нийцүүлэн тайлбарлах нь зүйтэй”  гэж дүгнэснийг хуульд нийцсэн гэж үзэх тул “үндсэн цалингаас тэтгэмж тооцуулахаар” хариуцагчийн гаргасан хяналтын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагч “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186.725 /нэг зуун наян зургаан мянга долоон зуун хорин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                            Д.ЦОЛМОН