Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 514

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар “Г” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэрэлт-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нар шүүх хуралдаанд оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

“Галакси консалтинг” ХХК-ийн захирал Р.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн www.gogo.mn сайт дээр гарсан “Зүүн бүсийн аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг 2015 оны 08 дугаар сарын 24-нөөс олгож  эхлэх гэж байна. Засгийн газраас  энэ бүс нутагт нийт 11,94 сая га талбайд хайгуулын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна” гэсэн мэдээллийн дагуу  материалаа бүрдүүлж өргөдлөө онлайнаар илгээсэн. Анх 2015 оны 08 дугаар сарын 24-нд онлайнаар өргөдлөө амжилттай бүртгүүлж эхний 120 компанид багтсан боловоч дундаасаа бүртгэлд саатал гарч тэр өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр АМГ-т онлайнаар цахим өргөдлөө амжилттай бүртгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 15 цаг 54 минутанд   /*******/ дугаартай өргөдөлд холбогдох материалыг нь бүрдүүлж өгсөн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өргөдлөө амжилттай бүртгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний 08 цаг 44 минутанд ******* / *******/ дугаартай өргөдөл тус бүрт холбогдох материалыг бүрдүүлж өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 20-нд АМГ-ын Кадастрийн хэлтсийн дарга Н.Чрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1054 лугаар шийдвэрээр   /*******/ дугаартай өргөдөлд дурдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй гэсэн мэдэгдлийг өгсөн. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1065 дугаар шийдвэрээр ******* / *******/ дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.1, 17.2.2,17.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн усан сан бүхий талбайтай ******* / *******/хэсэгчлэн давхцалтай байна гэж үзэн манай компаний өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг бидэнд хүргүүлсэн. Тухайн талбайд усан сан бүхий газар байгаагүй учир бид солбицлоо өгсөн. Кадастрийн зургийг 250,000 төгрөг тушаасны үндсэн дээр хэвлэж өгдөг. Ингэж хэвлэхдээ манай солбицол хуульд нийцээгүйг яагаад хэлж болоогүй. Мөн бидний өгсөн өргөдлийн талбай нь нэг нь 6 өнцөгтэй, нөгөө нь 8 өнцөгтэй. АМГ-аас 8 өнцөгтэй талбайтай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. Жишээлбэл: Булган аймгийн Бүрэгхангай сумын Хаданд орших 411,77 гектар талбайл ******* тоот хайгуулын зөвшөөрлийг “Юнионголд” ХХК-д олгосон байна. Энэ нь бидний өргөдлийг шийдвэрлэхдээ АМГ нь “Тэгш эрхийн зарчим” алдагдуулсан гэж үзэж байна.

Бид 2 өргөдөлд ирүүлсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь бид 14 хоногийн эрхээр Даваа гараг бүрийн өглөө VPN төхөөрөмжийн тусламжтайгаар геологчийнхоо санал болгосон талбайн солбицлыг сайтар судалсны үндсэн дээр онлайнаар илгээж, шаардлага хангасан эхний 120 компанид багтаж чадсан. Өргөдлийг хүлээн авч буй ажилтан кадастрийн зургийг хянаж үзээд давхцал зөрчил байхгүй гэж үзэн манай өргөдлийг хүлээн авсан. Манай геологич зүүн бүсэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой ЗГ-аас зөвшөөрөгдсөн, санал болгож байгаа талбайгаас сонгодон учир  энэ олон төлбөр, зардлыг тушаалгаж, бүх холбогдох материалыг авсаны дараа хууль нийцээгүй байна гэдэг хариу өгсөнд гомдолтой байна. Бид Ашигт малтмалын газарт өргөдлийн дугаар авах 14 хоногийн эрхийн төлбөр  500,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 20, 2015.09.11,2015.10.02, 2015.10.23, 2015.11.06-ний өдрүүдэд нийт 2,500,000 төгрөг тушаасан.

“Шударга ёсны зарчим”-ийн дагуу шүүх бидний гомдлыг үнэн зөвөөр буюу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан  шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн”, 17.3-т улсын нөөцөд авсан талбайтай давхацсан гэсэн үндэслэлээр тус тус буцаагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэжээ.

 Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр гаргасан тайлбартаа: ““Г” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн дарга Н.Чрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний  өдрийн  1054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

““Г” ХХК 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдэн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт орших “Өндөр уул” нэртэй 1030 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ.

Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 зүйлийн 19.1 дахь хэсэгт заасан ажиллагааг хийхэд “Галакси консалтинг” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1” дөрвөн өнцөгт  хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхцсан чиглэлтэй давхцсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх” мөн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагуудыг хангаагүй байна. Энэ талаар Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний тодорхойлолтоос үзвэл “Галакси консалтинг” ХХК-ийн хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь дээрх шаардагыг хангахгүй байсныг тодорхойлсон байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2”Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасны дагуу 19 дүгээр зүйлийн 19.2.1. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18:2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрээр Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6/9260 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд “Галакси консалтинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Кадастрын хэлтсийн  дарга Н.Чрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“Галакси консалтинг” ХХК-ийн тус шүүхэд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаараа шийдвэр гаргалаа.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн болон тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул хариуцагчаас шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

“Галакси консалтинг” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дахь       Өндөр-Уул  нэртэй 1030 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс бүртгэлийн ******* /*******/ дугаарт бүртгэсэн байна.

“Галакси консалтинг” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс анхан шатны шүүлт хийж Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3 дахь хэсгүүдийг баримтлан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсч буй талбай нь дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун  шугамаар хүрээлэгдсэн байх шаардлагыг зөрчсөн мөн орон нутгийн тусгай  хэрэгцээнд авагдсан талбай тул хайгуулын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэж үзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д “дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун  шугамаар хүрээлэгдсэн”, 17.3-т “Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно”, 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх” гэж тус тус заажээ.

Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тогтоолоор сумын нутаг дэвсгэрийн 1320,16 га газрыг орон нутгийн хамгаалалтанд авсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр дээрх шийдвэрийг бүртгэж авсан байна. Харин “Галакси консалтинг” ХХК нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулахгүй байх үүднээс орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг тойруулан 6 эргэлтийн цэг бүхий 1030 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан нь хэрэгт авагдсан нотлон баримтуудаар нотлогдсон бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан шаардлагатай нийцэж байна. 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Галакси консалтинг” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэж буй талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн шулуун шугамтай хил залгаа биш 50м зайтай байгаа нь маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон гэж тайлбар гаргасан. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1054 дүгээр шийдвэр дээрх тайлбараас өөр үндэслэлээр буюу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар, хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж буй талбай нь 4 өнцөгт хэлбэртэй биш гэж гарсан байгааг дурдах нь зүйтэй. 

Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын газрын уул, уурхайн кадастрын системд шүүхээс үзлэг хийхэд нэхэмжлэгчийн өргөдөлд тусгасан газрын координатууд нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай 50м хиллэхгүй байгаа нь тогтоогдож байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж буй талбай нь бусдын эзэмшил газар болон тусгай хэрэгцээний газартай дундуураа зайгүйгээр хиллэх ёстой гэх шаардлага байхгүй юм. Түүнчлэн дээрх 50 м орон зайд ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг шууд тулган хиллүүлэн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс үзлээ.

Ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгжийн гаргасан өргөдөлд анхан шатны шүүлт хийсний дараа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан орон нутгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлэх, хариу авах зэрэг ажиллагааг хуульчилсан тул тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно.

Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “цацраг идэвхт  ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдлийг  хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасны дагуу “Галакси консалтинг” ХХК-ийн өргөдөлд анхан шатны шүүлт хийхдээ зохицуулалт бүхий хуулийн заалтуудыг буруугаар тайлбарлан хэрэглэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх тул ******* /*******/ өргөдлийг дахин хянаж үзэж шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар  түдгэлзүүлэх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.1.23, 12 дугаар зүйлийн 12.1.4,  13 дугаар зүйлийн 13.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.3, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.3-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1054 дүгээр шийдвэрийн “Галакси консалтинг” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ТӨМӨРБАТ