Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 420

 

С.Н-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн

хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Х.Батсүрэн

                         Б.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэн Г.Т-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 000339171 дүгээр гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, С.Н-ын орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0422 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: С.Н, өмгөөлөгч Д.П,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э нар,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Г.Т-ийн нэр дээр бүртгэсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 1/б байрны 47 тоот 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцны Ү-2003015439 дугаар өмчлөх эрхийн улсын бүртгэл болон уг бүртгэлийг баталгаажуулан олгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000339171 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Н-д олгосон орон сууц өмчлөх эрхийн 0117455 тоот гэрчилгээг эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0422 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсангүй. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамж, Орон сууц хувьчлалын товчооны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоол зэргийг хөдөлбөргүй үнэн баримт гэж үзэн магадлалын хянавал хэсэгт “...хэргийн үйл баримтаас үзэхэд анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь орон сууцны маргаан дуусаагүй, хувьчлагдаагүй байх үед С.Н, Г.Т нарын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Дархан сумын 10 дугаар баг, 1/б байрны 47 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Г.Т-д шилжүүлэн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000339171 тоот гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” зарчим, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэж заасныг зөрчсөн талаар зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн алдаатай дүгнэлтийг хийсэн.

4. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Н нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг 1-б байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өмч хувьчлалын 60 дугаар тогтоолоор хувьчлан авч, өмчлөлөө 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015439 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулсан. Энэ өмчөө 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр /1,100,000 төгрөгийн үнийн дүнтэй/, 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдөр орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр /20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй/ иргэн Г.Т-д шилжүүлж, бүх мөнгөө хүлээн авснаар С.Н-ын өмчлөх эрх дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл С.Н нь өмчлөх эрхээ хүчинтэй байх үедээ бусдад хэлцлээр шилжүүлсэн. Харин тэрээр энэ байдлаа Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох үедээ нууж, шүүхэд худал тайлбар гаргаж, төрийн байгууллага, шүүхийг ашиглан залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, өмч хувьчлалын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг зөвшөөрч, хэлцлээр бусдад шилжүүлсэн байраа 2 дахь удаагаа хувьчилж авахаар өмч хувьчлалын 80 дугаар тогтоолыг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн мэтээр шударга ёсны зарчимд нийцэхгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргасан болох нь тогтоогддог.

5. Мөн хариуцагчийн “...иргэн С.Н нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай байгууллагад мэдүүлэг гарган өмчлөх эрхээ баталгаажуулахаар хүсэлт гарган эрхийн улсын бүртгэлийн Ү-22003015439 дугаарт бүртгэгдсэн... 52 дугаартай тойргийн нотариатч Ш.А-ийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ Г.Т-д шилжүүлэн бүртгүүлснээр иргэн С.Н-ын өмчлөх эрх дуусгавар болсон. Иймд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.9.1-д заасны дагуу иргэн С.Н-ын өмчлөх эрхийг дахин улсын бүртгэлд бүртгэх боломжгүй” гэсэн тайлбараар ч С.Н нь нэг өмчлөл дээр хоёр дахь удаагаа өмчлөлийг бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй болох нь, мөн орон сууц хувьчлалын товчооны 80 дугаар тогтоолыг бүртгээгүйгээс С.Н-ын ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхгүй болох нь тогтоогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй анхан шатны шүүхийн алдааг олж харж залруулалгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэсэн дүгнэлтийг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсэгт заасныг бас зөрчлөө.

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэж хууль зөрчсөн талаарх гомдолд дурдсан үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс хянаж, ямар ч дүгнэлт хийгээгүй талаар. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э би 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бэртэж, баруун гарын шууны ясаа хугалан, гарын сарвуунаас тохой хүртэл битүү гипсдүүлж хөдөлмөрийн чадвараа түр алдан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эмнэлгийн магадлагаагаар өвчтэй байсан ба хуульд заасан хүндэтгэн үзэх энэ шалтгааны улмаас 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Гэтэл өвчний учир эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байгааг шүүхээс “хүндэтгэн үзэх шалтгаан биш” гэж үзэн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангалгүйгээр 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хийж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөнийг давж заалдах гомдлын үндэслэлд дурдсан боловч давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “...нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх нь үндэслэлгүйгээр сэргээж, нэхэмжлэлийг хүлээн авч хууль зөрчсөн” гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс хянаж үзээгүй талаар. Нэхэмжлэгч С.Н нь Орон сууц хувьчлалын товчооноос 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 80 дугаар тогтоолыг гаргуулан авч, өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хандсан боловч бүртгэхээс татгалзсан тул тэрээр дээд шатны байгууллагад хандаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас С.Н-д 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 7/5854 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн. С.Н нь энэ хариуг авсан /буюу мэдэгдсэн/ өдрөөс хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор буюу 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор нэхэмжлэл гаргахаар байсан боловч тэрээр энэ хугацааг хүндэтгэн үзэх ямар ч шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Гэтэл анхан шатны шүүх хугацааг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас С.Н-д хариу өгсөн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаагаар тоололгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс ... эхлэн тоолно” гэснийг, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, С.Н-ын өвчтөн асарсан гэх 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж, өвчтөн нас барсан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, бурхан болоочийн 49 хоногийг өнгөрөөсөн гэх хугацаа зэргийг оруулан тоолж хуульд заагаагүй үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан алдааг хянаж үзсэнгүй.

8. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0422 дугаар магадлалыг хүчингүй болгож, С.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийн үйл баримтыг дутуу дүгнэснээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч С.Н-ын нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1б байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэл нь хэд хэдэн дугаартай байна. Тодруулбал, Ү-2003015437 /1 дэх хавтаст хэргийн 147, 149 дэх тал/, Ү-2003015439 /1 дэх хавтаст хэргийн 145, 155 дахь тал/, Ү-2003002552 /1 дэх хавтаст хэргийн 141-142/ гэсэн бүртгэлүүд байх бөгөөд эдгээрээс Ү-2003015439 дугаар бүртгэл нь гуравдагч этгээд Г.Т-ийн нэр дээрх бүртгэлтэй ижил байна /1 дэх хавтаст хэргийн 158-168/.

11. Иймд, ямар учраас нэхэмжлэгчийн нэр дээр нэг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн дугаар нь янз бүр байгаа, аль нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан бүртгэл болох, алийг нь хүчин төгөлдөр гэж үзэх, Ү-2003015439 дугаар бүртгэл нь нэхэмжлэгчид, эсвэл гуравдагч этгээдэд хамааралтай бүртгэл үү гэдгийг хариуцагчаас тодруулах, мөн нэхэмжлэгчээс Ү-2003015439 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулахыг шаардаж байгаа нь өөрт нь хамааралтай эхний бүртгэл үү, эсхүл гуравдагч этгээдэд шилжсэн бүртгэл үү, эсхүл аль алинд нь хамааралтай гэсэн агуулгаар шаардаж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй байна. Ингэснээр маргаан бүхий бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн, яаж зөрчигдөж байгааг тогтоох боломжтой.

12. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Н нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1б байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг “төрөөс үнэгүй хувьчилж өгсөн тул улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” гэсэн өргөдөл болон холбогдох бусад баримт /орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаар тогтоол гэх мэт/ өгсөнийг нь үндэслэн хариуцагчаас улсын бүртгэлийн Ү-2003015437 /эсвэл Ү-2003015439/ дугаарт анх бүртгэсэн, үүнийг нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан Орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлэн бүртгэсэн нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчсөн, эдгээр бүртгэлийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэр дээр дахин бүртгэл хийлгэх нь ямар ач холбогдолтой буюу түүний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх нь ойлгомжгүй байх бөгөөд эдгээр нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүх бүрэн тодруулж, дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

13. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр гарах үндэслэл нь маргаан бүхий акт, эсхүл эс үйлдэхүй хууль бус байхаас гадна түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаардана.

14. Түүнчлэн, маргаан бүхий Ү-2003015439 дүгээр бүртгэлийн үндэслэл болсон Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2011 оны 60 дугаар тогтоол /нэхэмжлэгч С.Н-д Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1б байрны 47 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгох тухай/ хүчингүй болж, мөн тухайн байгууллагын ижил агуулга бүхий 2016 оны 80 дугаар тогтоол гарсан үйл баримт нь нэгэнт нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг баталгаажуулсан, улмаар гуравдагч этгээдэд шилжүүлсэн хүчин төгөлдөр улсын бүртгэлийг зайлшгүй хүчингүй болгох үндэслэл болох эсэх, хариуцагчаас бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийх замаар алдааг залруулах боломжтой эсэхийг тодруулах, шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагатай.

15. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Г.Т-д хамааралтай улсын эрхийн Ү-2003015439 дугаар бүртгэлийг “хариуцагч нь орон сууцны маргаан дуусаагүй, хувьчлагдаагүй байх үед С.Н, Г.Т нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг үндэслэн шилжүүлэн бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” гэснийг зөрчсөн учир хууль бус гэж дүгнэсэн байх бөгөөд үүнийгээ үндэслэхдээ хариуцагч нь маргааны обьект болох орон сууц нь 2009 оноос эхлэн иргэний болон захиргааны хэргийн шүүхээр маргаан үүсгэн хянан хэлэлцэгдэж байгааг мэдэж байгаа бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн бүртгэх үед уг орон сууц нь хувьчлагдаагүй, төрийн өмчийн мэдэлд байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоол, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны албан тоот зэргээр тогтоогдож байна” гэжээ.

16. Гэтэл Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Д.Д, Р.Э нараас Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоонд холбогдуулан тус товчооны 2011 оны 60 дугаар тогтоолын С.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг “хариуцагч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлалын товчоо орон сууцны эзэмшилтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлсний дараа уг асуудлыг шийдвэрлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон”, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 540 дүгээр тогтоолоор С.Н-аас иргэн Р.Э, Д.Д нарт холбогдуулан “бусдын хууль бус эзэмшлээс орон сууц гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг ямар учир эдгээр хэргийн оролцогч биш Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс мэдэж байсан, эсхүл мэдэх ёстой гэж үзэж байгаагаа шүүх тодруулах шаардлагатай байна.

17. Мөн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр сэргээж, хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль бус талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байхад энэ талаар огт хянаагүй” гэсэн /Тодорхойлох хэсгийн 7/ гомдол үндэслэлтэй байх тул энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

18. Анхан шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тодруулах, хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

19. Иймд, шүүх бүрэлдэхүүн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0422 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ